Монголд зөвлөхөөр ажиллаж байсан доктор багш “Танай монголчууд яагаад мэдлэгийг хянадаг юм бэ?” гэж асуухад нь тэр үедээ тулгамдаад юу ч хариулж чадаагүй юм. Үнэхээр бодоод үзэхээр мэдлэгийг хянахдаа бид гаргуун юм байна.
1. Надад зөвлөгөө өгөөч, туслаач гэж байгаа хүмүсийн дийлэнхи нь мэйл хаягаа үлдээдэг бөгөөд мэдээллийг зөвхөн өөртөө зориулж тусгайлан авах сонирхолтой.
2. Ойр дотны найз нөхөд биш бол хамт ажиллагсад ажлын шугамаар олж авсан мэдэллээ өгнөө гонж. Захын жишээ: хаа нэг газар сургалт, семинарт суугаад гарын авлага материалыг бусаддаа хувилаад өгдөг хүн танай ажил дээр хэд вэ? Олж ирсэн зүйлээ өөртөө хав дарж хадгалсаар цаг хугацаа өнгөрөхд уг материал ач холбогдол, үнэ цэнээ алддаг
3. Номын санд, эсхүл интернет ухаж яваад танил, найз нөхөд судалгаа хийж буй сэдвээр холбогдогдох материал олдвол 10 хүний хэд нь энэ тухай тэр хүнд хэлдэг бол?
Ерөнхийлөн хэлбэл бид зөвхөн аминчхан үзэлдээ хэт баригддаг учраас мэдээлэл, мэдлэгээ эргэлтэд оруулж, баяжуулж чаддаггүй гэж бодох юм. Аливаа мэдлэг, мэдээллийг зөвхөн өөртөө хав дарснаар бусдаас давуу байдалтай болж, өөрт ашигтайгаар уг мэдлэгийг ХЭЗЭЭ НЭГЭН цагт ашиглана гэж боддог. Маш сайн инженер байлаа гэж бодоход зөвхөн тэр хүн нэг төрлийн тооцоог гайхамшигтай сайн хийдэг. Гэхдээ бүх тооцоог тэр хүн хийж чадах уу, амжих уу? Өрсөлдөөн байхгүй юм чинь өөрчлөлт байхгүй учраас тодорхой хугацааны дараа уг аргачлал нь үнэ цэнэ алдана. Түүнийг орлохуйц илүү хялбар сайн аргыг хэн нэгэн бодоод олно. Ингэснээр зах зээлээ алдаж эхэлнэ. Харин бусадтай тэр аргаа хуваалцсанаар бүх хүмүүс өөр өөрсдийнхөөрөө баяжуулсаар инженерийн тооцоололд хөгжил дэвшил гарна.
Knowledge-Мэдлэг гээд байгаа энэ зүйлийг онолоороо soft буюу уян мэдлэг, hard буюу мэдээлэл гэж хоёр хуваагаад байгаа юм. Мэдээллийг бичиж тэмдэглэж болдог, гаднаас шууд авах боломжтой байдаг. Аливаа техник хэрэгсэл ашиглах заавар нь энэ төрлийн мэдлэгт ордог. Гэтэл үгээр илэрхийлэх аргагүй уян мэдлэгүүд нь дамжуулахад хамгийн хүнд бөгөөд шинээр нэмэгдэж буй hard мэдлэгтэйгээ уялдан өөрчлөгдөж байдаг эд юм байна. Жишээлбэл, яаг адилхан орц, найрлагатай мөртлөө зарим хүний хийсэн бантан сайхан амттай
, зарим нь хачин заваан юм болдог доо. Технологи нь ихэнхидээ энэхүү софт мэдлэгийг агуулдаг. Тийм болохоор hard мэдлэг буюу илэрхийлж тайлбарлаж болохуйц мэдлэгийг бусдад харамгүй дамжуулснаар тэр хүн мөн таньтай мэдлэг мэдээллээ хуваалцаж, таны дотоод уян мэдлэг ямагт баяжиж, улам чамбай болж байдаг байх нь байна. Япончуудын хөгжлийн нэг нууц нь мэдлэгийг системчлэн хард мэдлэгийг хялбаршуулсанд байгаа юм.
Ач холбогдол нь хүн бүр дор бүрээ илжиг шиг мугуйдлан зүтгэх биш хүний хэлж буй зүйлсээс өөрт хэрэгтэй, тустайг авч, мэдлэг, чадвараа баяжуулснаар хөгжил дэвшилд дөт замаар хүрдэг байна. Зүйрлэн хэлбэл уулын оргилд гарахтай адил. 1000 төгрөгний шагналын сантай уулын оргил булаацалдах тэмцээн биш учир мачийтлаа зүтгэж, үйл тамаа үзэж хамаг цагаа барж оргилд хүрэх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Хүний явсан мөрөн дээр эвтэйхэн гишгээд халтирч ойчилгүй шиг түмний бараанаас хоцролгүй шиг явсаар байгаад яаж ийгэд оргилд гарахтай чанарын ялгаа алга байгаа биз дээ?
Сургамжтай байх болов уу гээд хэдэн түүх өгүүлье.
Солонгост амралтаараа очиж ажиллаад ирсэн залуугийн яриа
Арбайтын ажил хятад, монгол хүмүүс хийжээ. Ажлын агуулга. Машинаас тоосго буулгах. 2 цаг Эхлээд манай 5 залуу яах ийхийн зуургүй пир хийтэл тоосгоо буулгачихна. Дараа нь өнөөхөө өрөх, талбайг цэвэрлэх гээд бөөн ажил. Хятадууд эгнэж зогсож байгаад тоосгоо нэг нэгээр нь буулгаж өрнө. Ажлын цаг дуусахаас өмнө дууссан тул сууж тамхилцгаах ба эзэн солонгос шалгахаар ирэхэд хятадуудын ажилласан хэсгээс хаягдал бага гарна. Үр дүн: Солонгос эзэн дараагийн удаа ижил цалин өгөх учраас хятадуудыг авч ажиллуулна.
Бөмбөгөрийн хажууд харсан дүр зураг
Бөглөрөл. Нэгэн сэргэлэн нөхөр зам товчлохоор шийдэж замын хашлага даван давхив. Ахын араас хэдэн машин давхилаа. Ингээд 2 биш 3 эгнээ үүсэв. Гэтэл уулзвар дээр очоод эгнээнд орж чадахгүй тул алдарт “хошуугаа хийх” аргыг хэрэглэв. 2-р эгнээний машиныг эсрэг урсгал руу түлхэв. Гэсэр сүмээс баруун эргэж байсан машинууд түгжрэв. Шулуун явж байсан машинууд түгжрэв. Үр дүн нь бүгд гацав. Цагдаа дуудав. Энэ бол ердөө л 100 м товчлох гэсэн ганц жолоочоос болж 47 машин хамарсан түгжрэл үүсч байгаа дүр зураг. Гэрэл дохио номоороо ажиллаж байсныг хэлэх хэрэгтэй. Үр дүн: Бүгд түгжрэв, зорьсон газартаа цагтаа хүрсэнгүй
Онгоцны буудал, бүртгэлийн хэсэг
Аль ч улсын нислэгийн бүртгэл бусдад хүндрэл учруулахгүй түргэн шуурхай байх үүднээс груп жуулчдыг тусад нь бүртгэдэг. Аяллын хөтөч бүртгүүлэхээр монгол жуулчдын бичиг баримтыг өгөв. Нэгэнт нэрийг нь дуудаад ачааг нь авах учраас зайтайхан зогсож байгаад нэрийг нь дуудахаар очиж болноо. Үгүй, соц үеэсээ сурсан алалцах инстинктээ зад ажиллуулаад тэрхүү өчүүхэн зайд арваад залуучууд дайрлаа. Монголчуудын бүртгэлд 40 минут зарцуулав. Японы гучин хүний бүрэлдэхүүнтэй багт 23 минут зарцуулав. Учир нь паспортоо хураалгасан дарааллынхаа дагуу япончууд жагссан учраас ямар нэг түлхэлцээн, зүтгэлцээн гарсангүй. Үр дүн: Бүгд бүртгүүлэв. Аяллын хөтөч хүүхний царай минчийлттэй, манайхан бие бие рүүгээ хялалзалттай.