Нийтлэл 02 сарын 19, 2017

ОЮУТНУУДАД: Өөрийгөө олоход тань туслах Хятадын ГҮН УХААН

“Өөрийгөө ол. Энэ 4 жилд өөрийгөө хэн болохыг нээн илрүүл. Хөгжим сур, бүжигэнд яв, вааран эдлэл сонирх. 19-р зууны Английн уран зохиол сонирх. Өөрийгөө нээн олох нь насанд хүрч буйн шинж”

. Энэ бол орчин үеийн дээд боловсролын нэгэн зорилго. Тэр ч утгаараа оюутан залуус иймэрхүү сургаалиудыг багш, эцэг эх, ах эгч нараасаа олонтаа сонссон байх.

Харамсалтай нь оюутнууд хэдий хичээлээс гадуурх олон нийтийн ажилд хангалттай оролцоод, олон төрлийн хичээл сонгон судлаад судлаад өөрийгөө хэн болохыг, мөн ирээдүйд юу хийхээ мэдэхгүй л байсаар эргэлзээ дүүрэн их сургуулиа төгсөцгөөдөг.   эргэлзээгээ тайлахад нэмэр болох зорилгоор 2,000 жилийн өмнө амьдарч байсан Хятадын агуу гүн ухаанчид болох Күнз, Менз, Жуанцзы болон Шүнцзы нарын сургаалиудаас толилуулж байна.

 

Күнз

Хэн болохыгоо хайх гэж хэрэггүй. Жинхэнэ өөрийгөө олсон гэж бодолгүйгээр, эсрэгээрээ, өөрийгөө ондоо хүн мэтээр төсөөлөн “эвдэх”.

Жинхэнэ үнэн зөв “би”-г хайж олохын тулд хаанаас эхлэхийг мэдэх боломжгүй тул, зөнд нь орхих хэрэгтэй. Хүн гэдэг өөрөө их замбараагүй, харилцан зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөл дунд үргэлжид хөглөгдөж байдаг, байнгын хөдөлгөөнт орчинд хувьсаж байдаг амьтан. Жишээ нь, бид чинь өдөр тутам л тааралдсан хүн бүрийнхээ ямарваа нэгэн нөлөөнд өөрчилөгдөж л байдаг тийм хувьсамтгай чанартай. Тийм тогтворгүй шинж чанартай биетээс жинхэнэ өөрийгөө олно гэдэг маш хэцүү бөгөөд аюултай.

Өөрийгөө олохын тулд бид өөрсдийгөө “эвдэж” байх хэрэгтэй. Тэгэхийн тулд “тийм байсан бол” гэсэн хандлагыг өөртөө төлөвшүүлэх нь чухал. Бид буруу замаар яваад байгаагаа мэдмэгцээ замаа сольдог шиг, өөрийнхөө өдийг хүртэл хийж ирсэн зуршлаасаа “хэрэв тийм байсан бол” гээд салах хэрэгтэй.  Хэрвээ хаалганы чинь гадаа найз охин чинь байсан бол, утсаа гөлрөөд байлгүйгээр шууд л хаалгаа онгойлгон мэндчилнэ. Энэ бол өөрийгөө эвдэж буйн шинж. Ээж нь үглээд байхыг сонсоод юу ч хийхгүй байлгүйгээр “би сайн хүү байсан бол” хэмээн бодоод ээжийнхээ үгийг дагаад гэрийнхээ ажлыг хийвэл бас л өөрийгөө эвдэж буйн шинж. Жинхэнэ өөрийгөө хайхаас илүүтэйгээр өөр хүн шиг царайлан аливаа зүйлийг хийх нь бидэнд өсч дэвших боломжийг бий болгодог.

 

Мэнз

Өдөр тутмын амьдралын туршлага л биднийг улам цааш нь чиглүүлж байдаг.

Амьдралд тохиолдох эрээвэр хураавар зүйлс биднийг үргэлж өөрчилж байдгийг тэрээр онцолсон. Үүнийг жишээгээр тайлбарлая.

Дипломатч болохыг хүссэн нэгэн оюутанг төсөөлцгөөе. Тэрээр найз нөхдийн хоорондох аливаа зөрчил маргааныг эвлэрүүлэхдээ сайн. НҮБ-ын модел хөтөлбөрийг ахлах сургуульдаа хэрэгжүүлдэг байсан. Сургуулийн сонингийн гадаад мэдээг хөтөлж явуулдаг бөгөөд гадаад хэлэндээ маш сайн. Тэрээр гадаад харилцаагаар мэргэших нь өөрт нь тохирно гэж үзэн Испани уруу сурахаар явав. Испанид очоод сурж байтал, амьсгалын замын өвчин тусч эмнэлэгт хэвтэж. Анх удаагаа эмнэлэгт хэвтэж үзэж байгаа бөгөөд энэхүү анхны туршлага нь түүнд ертөнцийг өөрөөр харах боломж олгосон юм. Түүний хувьд хэрхэн эмч нар хүнийг эмчилдэг, яагаад тэд энэ мэргэжлээрээ явах болсон нь маш сонирхолтой байв.

Түүний амьдрал 2 замаар эргэж болно. Нэг нь, өөрийн олон жилийн турш мөрөөдсөн дипломат мэргэжлээ сонгон, эрүүл мэндийн сонирхлоо хаях. Эсвэл шинэ сонирхолдоо хөтлөгдөн, өөрийн чадах бүхнээ уншин, эмнэлгийн эмч нартай найз болон тэд нараас суралцан улам цаашаа суралцах. Түүний зүгээр л нэг эмнэлэгт хэвтсэн ганцхан туршлага л түүнд урьд өмнө нь тооцож байгаагүй шинэ ертөнцийг нээж өгч байгааг уг жишээ харуулж байна. Уншигч танд ч ийм явдал тохиолдсон л байх.

Яг ийм мэргэжилтэй болно, ийм ажил хийнэ хэмээн яс гаргасан амьдралын төлөвлөгөө нь их өрөөсгөл ойлголт юм. Учир нь бид ирээдүйд хэн болохоо зөвхөн одоогийн байгаа өөрийнхөө түвшиндөө тааруулж л харж байгаа тул их өрөөсгөл юм. Бид зөвхөн одоогийн л өөрийн сонирхож байгаа юмандаа л хөтлөгдөн ирээдүйг харж байгаа болохоос биш, ирээдүйд хэн болж болохоо бодон төлөвлөгөө гаргахгүй байгаа.

Магадгүй Мэнз өнөөгийн оюутнууд болон тэдний эцэг эхчүүдэд, “Үргэлжид хувьсан өөрчлөгдөж байдаг дэлхий ертөнцийг бодонгоо амьдар. Түүнийгээ дагаад хувь хүн өөрөө ч өөрчлөгдөнө. Бодол санаагаа нээлттэй байлгахад төвлөрүүл. Өөрийгөө төвөгтэй ойлгоход хэцүү гэдгээ мэд” гэж захих байсан байх.

Тэгвэл хэрхэн өөрийгөө нээлттэй байлгахыг дараах гүн ухаантнаас суралцая.

 

Жуанцзы

Олон төрлийн арвин туршлага нь биднийг бүтээж байдаг. Өдөр бүр өөрийгөө хязгаарладаг ухаан бодлоо “эвдэх ” хэрэгтэй. Хором мөч бүрийг зөнгөөр нь өнгөрүүл.

Магадгүй та гайхаж магадгүй, “өдөр бүрийг л зөнгөөрөө өнгөрүүлдэг шүү дээ” хэмээн. Бид бүх юмыг урьдчилан тааварлах дургүй. Бид дүрэм журманд баригдах дургүй. Бид чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй байхыг эрмэлздэг. Бид сургуулиа хаян, хувийн компаниа байгуулаад амжилтанд хүрсэн алдартнууд шиг бусдаас өөр байхыг хүсдэг.

Жуанцзыгийн хувьд зөнгөөрөө байх гэдэг харин өөр зүйл юм. Юу дуртайгаа хэзээ дуртайдаа хийх биш. Тэрээр үүнийг “дадлагажсан зөнгөөрөө байх явдал” гэдэг. Жишээлбэл, тансаг хүлээн авалтан дээр Моцартын сонатыг тоглохын төлөө өөрийгөө дайчлан төгөлдөр хуурын бэлтгэл хийх. Тэр гайхамшигтай агшинг мэдрэхийн төлөө төгөлдөр хуур сурч байна. Амьдралыг улам баялаг болгох тэр шилжилтийг бий болгох гайхамшигт мөчийг мэдрэхийн төлөө бэлтгэл хийж байна гэдэг бол дадлагажсан зөнгөөрөө байх явдал.

Жишээлбэл, гадуур алхахдаа өөр хэн нэгэнтэй цуг алхаад үз. Жишээлбэл, хүүхэдтэй, эмээтэйгээ эсвэл нохойтойгоо цуг. Тэдэнтэй алхах нь ямар өөр болохыг анзаараарай. Хүүхэд бүхий л чулууг анзааран зогсоно. Цэцэрлэгч эмээ чинь магадгүй цэцэгс бүрийг нэрлэнэ. Нохой чинь бүхий л үнэрийг мэдрэн үнэртэн алхана.

Бид хэрхэн ертөнцийг өөрийнхөө өчүүхэн нарийхан өнцгөөр хардагийг дээрх жишээнээс харж байгаа байх. Магадгүй тэрхүү нарийхнаар харж буй ертөнцөд тань, таны юунд сайн болох, ирээдүйн амьдралаа бүтээхэд тань хэрэгтэй зүйлс байхыг үгүйсгэхгүй.

Танд өмнө нь яагаад олон Нобелийн шагналтангууд хөгжимчин, урлагийн бүтээлчид, жүжигчид, бүжигчид, бичээчид байдагийг гайхсан удаа бий байх. Стив Жобс л гэхэд коллеждоо сурсан каллиграфын мэдлэгээ ашиглан, Apple компьютер дээр гайхалтай фонтуудаар бичиж, олон түмнийг гайхшруулж, хит бүтээгдэхүүнийг гаргасан. Энэхүү олон төрлийн туршлагууд нь тэдний өдөр тутмын замыг нь эвдэж, туршлага бүрээс олж авсан мэдрэмж, сонирхлоо хооронд нь холбож байж шинэ боломжийг бий болгосон юм.

Иймэрхүү зарчмаар, өөрийнхөө туршлагуудыг холбох замаар шинийг гаргаж ирэх боломжтой. Амьдрал гэдэг бол олон боломжуудаас тогтдог, түүнийг өөрийнхөө туулсан арвин туршлагуудаас гаргаж ирэх боломжтой.

 

Шүнцзы

 

Байгалиас заяасан юм гэж үгүй. 

Тоондоо сайн, биеийн тамирдаа сайн, хийл дарахдаа сайн гээд л бид бүхэн авъяасаа улам хөгжүүлэхийн төлөө хичээллэцгээдэг. Төрмөл авъяас гээд л түүнийхээ араас мөшгөдөг. Авъяас байхгүй бол би чадахгүй гээд бид зөнд нь хаядаг.

Гэвч бурхнаас заяагдсан бэлэг эсвэл алдаа дутагдал гэж байдаггүй хэмээн тэрээр онцолдог. Бие хүн гэдэг бол үргэлжид хувьсаж байдаг амьтан юм. Туршлагаар хүнийг өөрийнх нь бодож байснаас илүү хүн болгож болдог. Байгалиас заяасан, төрмөл юм гэж үгүй. Өөрийгөө дадлагажуулаад л байвал улам сайжирна.

Эцэст нь хэлэхэд, би өөрийгөө олсон гэж бодолгүйгээр, өөрийнхөө харах өнцгийг хязгаарлалгүйгээр, өчүүхэн ч атугай харах өнцгөө өөрчлөх нь чухал. Амжилттай, сайхан амьдралтай байхыг хүсвэл, жинхэнэ өөрийгөө хайлгүйгээр, өөр хүн шиг царайлан, зуршлаа эвд. Өөрийгөө ийм ч юманд дуртай, тийм ч юманд авъяастай, ийм мэргэжилтэй болно гэж бүү хязгаарла.  Би чадахгүй, надад өгөгдөл алга гээд хойш суугаад байлгүй өөрийн тэр сөрөг тогтсон үзэл бодлоо хаяад, хөдөлмөрлө. Ялангуяа өнөө цаг шиг асар хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд өнөөдрийн мэдлэг, сонирхолдоо найдалгүйгээр үргэлжид хувьсаж байх тийм чанар л оюутан залууст төдийгүй нийгмийн бүхий л давхаргын хүмүүст хэрэгтэй байгаа билээ.

 

2017 оны 2 сарын 5 өдөр

О. Баярсайхан

 

Ашигласан материал:

The Wall Street Journal, “The College of Chinese Wisdom”, paper from April 2-3, 2016

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-02-20

    Авууштай зөвлөгөөнүүд байна. Баярлалаа

arrow icon