Нийтлэл 02 сарын 21, 2017

2035 онд устаж үгүй болох мэргэжлүүд

Би том болоод тань шиг банкинд ажилладаг мундаг хүн болно гэж 1-р ангийн хүү аавдаа хэлж байна. Энэ жилийн 1-р ангийн хүүхэд их сургуулиа 2035 онд төгсөнө. Гэвч тэр 2035 онд үнэхээр банкир болохыг хүсэх болов уу. Мэдээж хүүгийн бодол өөрчлөгдөж болно. Эсвэл 2035 онд банкны ажилтнууд хэрэггүй ч болж мэднэ. Америкийн Дүке их сургуулийн судлаач Кэти Дэвидсон Нью-Йорк Таймс сэтгүүлд

“2011 оны Америкийн бага сургуульд элссэн сурагчдын 65% нь их сургууль төгсөөд ажилд орохдоо өдийг хүртэл зах зээлд байгаагүй шинэ мэргэжилтнүүд болно”

гэсэн сонирхолтой ярилцлага өгчээ.

Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Эмч ээжтэй охин том болоод эмч болдог шиг, залгамжлагдан явах тохиолдол олон. Өөрөөр хэлбэл хүүхдүүд том болохоороо яг тэр ах шигээ, эгч шигээ тийм хүн болно гэж мөрөөддөг. Гэвч бидний амьдарч буй нийгэм өөрчлөгдөх явцад, тухайн нийгмийг бүтээх хүний хөдөлмөрийн үнэ цэнэ мэргэжил чадвараас хамаарч хувьсан өөрчлөгддөг. Одоо үед машинтай бүхэн жолооч байх жишээний. Харин суут ухаантнууд цоо шинэ зүйлийг бүтээж, урьд өмнө байгаагүй мэргэжил, бас баялгийг бий болгодог. Тэд нийгэмд асар их өөрчлөлтийг авчирдаг. Өөрчлөлтийн давлагаанд мэргэжлүүд шинэчлэгдэж хэлбэрээ өөрчилж байдаг. Тиймээс нийгмээ мэдэрч сонгосон, эсвэл сонгох гэж буй мэргэжил тань хир эрэлттэй байна гэдэгт соргог байхгүй бол энэ хурдацтай хөгжиж буй дэлхийн хомрогонд өртөх болов уу.

Дэлхийн хөгжлөөс авч үзвэл хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа гал ноцоосноор том өөрчлөлтийг авчирсан гэж судлаачид үздэг. Гал бол хувьсгалын эхлэл байсан. Гал боломжгүй бүхнийг боломжтой болгож,  аж ахуй хувьсан өөрчлөгдөх хлэлийн цэг болсон. Цаашлаад нүүрсээр дотоод шаталтын хөдөлгүүр бүтээж, аажимдаа цахилгаан бий болж, хүний амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн. Үүнээс хойш хүн төрөлхтний хөгжлийн хурд нэмэгдсэн. Уурын зуухаас авахуулаад үйлдвэрийн том том машинууд хүн төрөлхтний морь мал шиг зүтгэдэг хөдөлмөрийг хэд дахин нугалж өгснөөр 21-р зуун харилцаа холбоо, интернет зэрэг хэдэн зууны өмнө төсөөлж үл чадах хязгааргүй хөгжилд хүрсэн. Хувьсгал хаанаас эхлэхээс улс орны хөгжил хамаардаг. Аливаа хувьсгалуудыг үргэлж шинийг бүтээгч, гайхамшигт нээлтийн эзэд эхлүүлдэг бол түүнд тохируулж өөрийн ур чадварыг уран чадамгай ашиглах  мэргэжилтнүүд түүхийн бас нэгэн гол эзэд болдог билээ.

Тэгэхээр бидний амьдарч буй  21-р зуунд эдэлж хэрэглэж буй бүхэн маань ухаалаг болж, хүний оюуны бүтээл маш үнэд хүрч, гайхалтай санаанууд ар араасаа ундарч, хүний хийж чадахгүй, бүтээх боломжгүй бүхэн техник, технологийн хүчээр гайхамшгийг бүтээсээр байна. Техник технологи, хүний оюун ухаан хамтдаа боломжгүй мэт зүйлсийг боломжтой болгодог. Тиймээс хүний сэтгэлгээний хүч чадал, оюун ухаан гэдэг хязгааргүй нөөц бололцоотой. Харин хүний оюун ухааныг орлох AI (Artificial Intelligence) буюу “Хиймэл оюун ухаан” гэж нэрлэгдэх энэхүү цоо шинэ хувьсгал асар их өөрчлөлтийг авчрах нь дамжиггүй. Хиймэл оюун ухаанаар ажиллах робот, машин зэргүүд нь хүчин чадлаасаа хамаарч хүний хийх ажлыг гүйцэтгэж байна. Түүгээр ч зогсохгүй асрагч роботоос авахуулаад Google компанийн жолоочгүй машин нээлтээ хийсэн. Мөн операторын ажил болох харилцагчийн гомдол саналыг авч, цуглуулан, мэдээ мэдээлэл боловсруулж тайлан хийж дээд удирдлагад мэдээллэдэг хүртэл чадвартай болоод байна. Энэ бол зүгээр л жирийн жишээнүүд бөгөөд хараахан дэлгэгдээгүй асар олон туршилтууд буй биз ээ.

Хиймэл оюун ухаанд хэдий хир хэмжээний чадал нуугдаж байгааг тааварлашгүй. AI нь хүний хийж чадах бүхнийг бүрэн гүйцэтгэхэд 50-аад жил зарцуулагдана гэж үздэг ч түүнээс хурдан байхыг ч үгүйсгэхгүй. Саяхан сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг робот Японд гарч багагүй шуугиулсан. Хүний л зөвхөн хийж чадах болов уу гэсэн сэтгэл зүй, харилцан яриа, хүн хүнээ ойлгох мэдрэмж зэргийг үнэхээр орлох боломжгүй. Гэвч өнөөх робот нь сэтгэл зүйчээс илүү хүнийг сонсоод хариу үйлдэл үзүүлж, тэр ч бүү хэл маш сайн зөвлөгөө өгөөд эхлэвэл сэтгэл зүйч хэрэггүй ч болж мэднэ. Тэгвэл  хүний өөр нэгэн капитал бол яалт ч үгүй ажлын туршлага байдаг. Гэвч AI бол өөрийн гэсэн санах ойтой, үйлдлийн систем нь байнга шинэчлэгдэж, өөртөө мэдээлэл цуглуулж, өөрөө анализ хийх боломжтой нь ажлын туршлагыг ч орлож болох юм. Иймд 21-р зуунд хүн төрөлхтний хийж чадах ажил гэвэл талаас дээш нь устаад өгөх нь. 2014 онд Америкийн хөдөлмөрийн биржийн судалгаанаас нийтдээ 702 төрлийн ажлаас AI гүйцэтгэж чадахыг тооцоолсон судалгаа гарчээ. Үүний үр дүнд 10-20 жилийн дараа нийт хөдөлмөр эрхлэгчдийн ойролцоогоор 47% нь машинжих магадлалтай гэдгийг таамаглажээ. Энэхүү судалгааг Английн Оксфордын их сургуулийн AI дээр суурилан судалгаа хийдэг Майкл Осбоүрнэ (Michael Osbourne) профессор хийжээ. Майкл мөн нэг сургуулийн профессор Фүрайтай хамтран судалсан “Компьютерийн эрин зуунаас үүдэж  хүн төрөлхтөн ажлаа алдах уу?”  судалгааны ажил нь дэлхий даяар нэлээн цуурсан. Үнэхээр ирээдүйн хөдөлмөрийн бирж одоо байгаагаас эрс өөрчлөгдөх биз. Тэгэхээр устаж үгүй болох мэргэжилд банкний зээлийн ажилтан, кредит картын шинжээч, теллэр зэрэг багтжээ. Үүний хариулт “Финтек-ийн хөгжилтэй шууд хамааралтай. Мөн спортын шүүгч, үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, ресторан болон буудлын хүлээн авагч, даатгалын судалгаа хариуцагч, эрсдэлийн менежер, оператор, тэтгэвэр тэтгэмжийн газрын ажилтан, дэлгүүрийн худалдагч, үзвэр үйлчилгээний цэгийн мэдээлэгч, тасалбар борлуулалтын ажилтан, казиногийн дилер, хуульчийн туслагч, цаг засварчин, татварын газрын ажилтан, дата өгөгдөл оруулагч, номын санч, сийлбэрчин, камер гар утасны засварчин, нүдний шил линз-ний мэргэжилтэн, хорхой шавьж устгагч, инженер, зураг зүйн техникч, газар зүйн зохион байгуулагч, барилгын тоног төхөөрөмжийн оператор зэрэг багтжээ.

Харин ирээдүйд огт устгагдахгүй ажлын байрууд бол урлаг уран сайхан, бүтээлч байдлыг дэмжсэн мэргэжил илүү эрэлттэй болно гэж үзжээ. Учир нь хүн төрөлхтөн илүү загвар, бүтээлч байдал зэрэгт анхаарлаа төвлөрүүлэхтэй холбоотой. Мөн шинэ төрлийн техник технологийг хөгжүүлэгч, дижитал мөнгөн дэвсгэртийн мэргэжилтэн, боловсролын ажилтан, бага сургуулийн багш, гал сөнөөгч, цагдаа, хүнс тэжээлийн мэргэжилтэн, мэс заслын эмч, дотрын эмч, нүүр эрүү амны эмч, сэтгэл зүйч, сонсголын эрүүл мэндийн ажилтан, хар тамхи мансууруулах бодисын хэрэглээний зөвлөгч зэрэг мэргэжлүүд хараахан устахгүй бололтой. Гэвч эдгээр мэргэжлүүд хэрхэн өөрчлөгдөх нь сонирхолтой. Жишээ нь бүжигчин хамтрагчаа роботоор сонгодог шоу гарч болохыг үгүйсгэхгүй. Бүжгийн багш нь заавал хүн байх ч албагүй. Мөн ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эд эрхтнийг нь дэмжих төхөөрөмж гарахтай холбогдуулан хүмүүс бүжгээр хичээллэх хандлагатай гэж үзэж байгаа юм байна. Мөн загвар зохион бүтээгчийн мэргэжил ч хувьсан өөрчлөгдөх биз.
Харин ойрын жилүүдэд AI-ийн хөгжлөөс хамаарч хүмүүс ажлын байргүй болохтой зэрэгцэн одоогийн компаниудын байр суурь ч өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл өнөөдөр ашиг орлоготой компани маргааш тэр хэвээрээ байна гэдэг хууль хаана ч байхгүй. Тиймээс юу ч тохиолдож болно. Японы “Мэдээлэл технологи”-ийн тэргүүлэгч компани болох Софтбанк (Softbank) үргэлж шинэ зүйлд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Софтбанкны робот, IOT, AI зэрэг олон төслүүд маш амжилттай явагддаг ч, бас их хэмжээний алдагдлыг жил бүр хүлээдэг. Мөн Тоёота (Toyota) компани энэхүү хувьсгалын шуурганд өртөхгүйн тулд, хиймэл оюун ухаанаар удирдагдах үйлдвэрийг барихаа зарласан. Энэ мэтчилэн хөгжлийн дараагийн шат хором бүр дээшилж байна. Японд IOT (Internet of Things) болон AI холбогдсон жишиг үйлдвэр баригдах гэж буй талаар саяхан мэдээ уншсан. Аливаа юмс интернетээр дамжуулагдан холбогдохыг IOT гэж нэрлэж байгаа юм. Компьютернээс гадна маш олон төрлийн тоног төхөөрөмж усан цахилгаан станц, халаагуурын систем, гэр ахуйн цахилгаан төхөөрөмж, гэрлэн дохио, хяналтын камер, эмнэлэг, үйлдвэрүүд гээд бүхий л төрлийн үйлчилгээнд энэхүү үйлдлийн системийг суулгаснаар бүх зүйл өөр хоорондоо холбогдож байгаа юм. Харин IOT-н гол удирдлагыг хүн биш AI гүйцэтгэвэл олон зүйл өөрчлөгдөнө. Одоогийн байдлаар үйлчилгээний компани, үйлдвэрүүдэд М2М (Machine to Machine) хэрэглээ олон. М2М гэдэг нь 2 төхөөрөмж холбогдож, нэг нь нөгөөх үрүү мэдээллийг дамжуулахыг хэлнэ. Хүн хоорондохыг Human to Human гэдэг. Яамамура судалгааны газраас үзвэл, М2М-ийн 2015 оны япон дахь хэрэглээний цар хүрээ 518 тэрбум 5 зуун сая иен, 2020 оны Токио Олимпын үед 1 триллион 645 тэрбум 5 зуун саяд хүрч, жилийн дундаж өсөлт 29.6%-д хүрнэ гэсэн эдийн засгийн тооцоог гаргасан байна. М2М нь жишээ нь газ болон ус, цахилгааны метр хэмжигч, автомат борлуулагч төхөөрөмж, машины зогсоол болон цахилгаан шатны удирдлага зэрэг том төхөөрөмжүүдээс авахуулаад жижиг хүртэлх бүхий л төхөөрөмжүүд хоорондоо холбогддог байна. Мөн түүнчлэн автоматаар мэдээлэл цуглуулах үйлдэл боломжтой учраас Big Data зэрэгтэй холбогдох нь олон хүмүүсийн хүлээж буй дараагийн том алхам билээ.
Ихэнх хүмүүс өөрсдийн мэргэжлээрээ аль нэг салбартаа тогтвортой ажиллаж, тушаал дэвшдэг жишиг үгүй болж, ажлын байрны өрсөлдөөн ч ширүүсэж магадгүй. Нөгөөтэй гүйгээр дийлэнх мэргэжил устсанаар ажилгүйдэл ихэснэ. Эдийн засгийн гол үзүүлэлтэд ажилгүйдлийн төвшин маш их нөлөө үзүүлдэг. Ажилгүй иргэд орлогогүй байх нь мэдээжийн асуудал. Үүнээс үүдэж зах зээлд худалдан авалтын бууралт, түүнээс тооцоологдох хувьцааны үнийн уналт зэрэг нь эдийн засагт шууд нөлөөлнө. Тиймээс ажилгүй иргэдийн орлогыг дэмжих үүднээс BI (Basic Income) буюу Суурь орлого гэх бодлого нь эдийн засгийн уналтаас сэргийлж чадна гэж үзэж байгаа юм. BI нь тухайн улсын бүх иргэдэд хамгийн доод хэмжээний орлогыг ямар ч нөхцөлгүйгээр олгохыг хэлдэг. 2016 оны 6-р сард Шведэд бүх нийтийн санал асуулга явагдсаны үр дүнд 76%-иар дэмжигдээгүй нь төсөвт хөрөнгө хүрэлцэхгүй, мөн цагаач иргэдийн тоо өснө гэсэн шалтгаанууд байгаа гэж тайлбарлажээ. Гэхдээ суурь орлого гэх бодлого нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад олон жилийн турш яригдаж буй бөгөөд Голланд, Финландад хэрэгжиж эхэлсэн. Япон, Америк, Англи, Канад, Герман, Франц зэрэг улсуудын улс төрийн зарим нам бүлгүүд дэмжиж, цаашдын бодлогодоо тусгадаг.

Ийнхүү хүний амьдралын хэв маяг сөргөөр өөрчлөгдөж, магадгүй мөхөл үрүүгээ ойртож буй гэх урлаг уран сайхны бүтээл цөөнгүй. Заавал тийм хөгжил үрүү тэмүүлэхийн оронд зүгээр тааваараа хүн хүнээрээ амьдрая гэх энгийн санаа ч бий. Гэвч нөгөө талаас хөгжлийг хэн ч хорьж чадахгүй. Гэхдээ хиймэл оюун ухаан, төр засгийн бодлого хамтдаа нийгмийн эмзэг давхаргад, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст, олон цагаар өдөр шөнөгүй ажиллах аав ээжүүдэд, дэлхий ертөнцийг илүү таньж мэдэх хүсэлтэй залуучуудад том боломжийг олгохоос гадна хүний оюуны бүтээлийг илүү шимтэн үздэг өөр нэгэн соёл иргэншлийн эхлэл болохыг хэн ч таашгүй.

2017  оны  2-р сарын  14
Шиншү   их сургууль
Өсөхбаярын Үүлэн

Ашигласан материал
1. 5, 10 жилийн дараах “Оршин тогтнох болон устах Компани”
http://gendai.ismedia.jp/articles/-/48649
2. Никкэй сонингийн хэвлэн гаргадаг “Түлхүүр үгс 2016”
3. Оксфордын их сургуулийн Майкл Осбоүрнэ судалгааны ажлын тойм
4. Суурь орлого
https://en.wikipedia.org/wiki/Basic_income

arrow icon