Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид хуулийн дагуу өнөөдрөөс мөрийн хөтөлбөрөө сонгогчдодоо танилцуулж, сурталчилгаагаа эхлүүллээ. Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр нэр дэвшигчдийн хэлсэн онцлох эшлэлээс хүргэж байна.
Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболд:
-Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн гарааны зурхай дээрээс Монголын ард түмэнтэйгээ мэндчилж байна. Та бүхнийхээ итгэлийг тээн, улс орныхоо төлөө би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Улс эрх орныхоо төлөө хичээн зүтгэхээ би андгайлж байна. Монгол Улс бол нэг айл өрх юм.
- Монгол Улс бол нэг айл өрх юм. Айл гэр дотроо хагарч эвдрэхийг би тэвчихгүй.
- Бид нэг буурин дээрээ мэтгэлцэж, маргалдсаар хэтэрхий уджээ.Тиймээс одоо нэгдмэл байр суурьтайгаар урагшлан зүтгэх цаг болсон. Болохгүй бүтэхгүй, буруу хазгай бүхнээ буурин дээрээ орхиод урагшилцгаая.
- Монголчууд нэг зорилго, нэгдмэл эвтэй байсан цагтаа л хүчирхэг байсан. Энэ цаг үе биднээс зөвшилцөл ойлголцлыг, эв нэгдлийг, улс гэрийнхээ дотор үймж бужигнахгүй, тогтвортой тохинуун байхыг шаардаж байна. Ингэж чадвал бид ирээдүйн сайн сайханд түүртэх юмгүй хүрнэ.
-Ээдрээ төвөгтэй нийгмээ илааршуулж, унаж доройтсон эдийн засгаа сэргээж, сөргөлдөж талцсан улс төрийг эвд нь оруулах явдал энэ цагийн Монгол Улсын, Монголын ард түмний захиа даалгавар болоод байна.
- Миний өрсөлдөгч бол хямрал, хагарал
- Улс төрийн бүх нам, хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагынхан, байгууллага, иргэн бүр нь эвтэй, эх орныхоо амин эрх ашгийн аливаа асуудал дээр нэгдэж чаддаг НЭГ СЭТГЭЛТЭЙ МОНГОЛ-ыг бий болгохын төлөө би нэр дэвшиж байгаа юм.
- Даяаршсан дэлхийд Монгол өөр замаар, ганцаараа явна гэвэл хаа ч хүрэхгүй.
Тиймээс хоёр хөрш болон дэлхийн улс түмэнтэй эрх тэгш, найрсаг харилцааг улам хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ ээ.
- Монголын хууль, монголчуудын эрх ашигт нийцэж, шинэ технологи, инновацийг ашиглах, эх байгальд хор хөнөөлгүй аливаа хөтөлбөр, төслийг бүрэн дэмжинэ. Хяналт, шаардлагыг маань биелүүлж, хөгжлийн зорилгод хамтрагч болж буй хэнийг ч бид хөөж туух учиргүй. Тиймээс би гацаах зогсоохыг биш, гарц шийдлийг зөв олдог, Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Ерөнхийлөгч байна
Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга:
- Би сонгуулийн сурталчилгааны нээлт дээр өөдрөг дэврүүн, омогшил огшил төрүүлэх зүйлс ярьж чадахгүй нь. Гашуун ч гэсэн үнэнийг хэлэх цаг болсоон. Хоосон магтаал, хийрхэл ярих цаг одоо биш. Олон бүгдээр үнэнийг хэлэлцэж, бодит байдалд дүгнэлт өгч, гарц хайж, өвчилсөн төрийн үнэн төрхийг эмчлэх цаг болсон.
- МАН-ын 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцсан, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдох үг, үйлдэл гаргасан хэргийг шалгаж, үнэн мөнийг тогтоохоос хууль бусаар зайлсхийсээр байна. Нэмэлт нотлох баримт, гэрч гаргаж өгье гэж хэлээд ч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зүтгэсээр байгаа тухай мэдээ гарч байна. Энэ бол Монголын төр бүхэлдээ ялзран доройтож байгаагийн ноцтой шинж тэмдэг.
-Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.
-Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон.
-Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна.
-Монголын заяа их, монгол хүний ухаан уужим, сэтгэл цэлмэг. Монгол гэх гайхамшигт эх орныг бидэнд өгсөн өвөг дээдсийнхээ гэгээн үйлсийг үргэлжлүүлж, Монголын төлөө монголчууд намайг дэмжинэ, Монгол ялахын төлөө нэгдэн нягтарна гэдэгт би бүрэн итгэж байна.
- Энэ хугацаанд би нэг л зүйлийг ойлгосон. Дээрээ л болохгүй байна. Надад ард түмэн ажил хийх боломж олговол би үүнийг засч чадна.
-Бидэнд эрх мэдэл, хөрөнгө мөнгө, гадаадын зөвлөхүүд бүгд байхгүй ч эгэл монголчууд, ардчилагчид байна. Тиймээс энэ сонгуульд бид ялна, монголчууд, Монгол ялна”.
Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар:
- Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Улс орноо цэгцтэй, хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл бий.
-МАН, АН-ын дарангуйллыг хазаарлахаар нэр дэвшиж байна.
- Өөр гарц байна, Бидэнд итгэ.
-Мөнгөний сонгууль хийхээ больё.
- Жирийн ажилчин хүмүүсийн төлөөлөл, эздийн холбоо, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллагын хүчирхэгжүүлнэ. Барьцаалагдсан УИХ-ыг хазаарлана.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгосон МАХН-ын дарга Н.Энхбаярт талархал илэрхийлж, түүний хийсэн үйл хэргийг үргэлжлүүлэх болно.