Нийтлэл 03 сарын 22, 2017

Мэдлэг: ЦАГ АГААР, ЦАГ УУР, УУР АМЬСГАЛ ГЭЖ ЯЛГААТАЙ ОЙЛГОЛТУУД

Цаг агаар, цаг уур, уур амьсгал нь хоорондоо маш ялгаатай ойлголтууд. Манайхан, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр адилтгаж хэрэглэх нь бий.

 

 

Цаг агаар бол тодорхой богино хугацааны агаар мандлын байдал юм. Температур, салхи, үзэгдэл, чийг, даралт, үүлшил, алсын бараа зэрэг олон элементүүдийг хамарна. Цаг агаар байнга өөрчлөгдөж байдаг.

Уур амьсгал бол тодорхой газар нутгийн удаан хугацааны дундаж цаг агаар. Элементүүдийн гучаас дээш жилийн давтагдал, өөрчлөлтийг авч үзнэ.

Цаг уур бол цаг агаарын үзэгдэл, элементүүдийг судалдаг шинжлэх ухааны салбар. Синоптик цаг уур бол цаг агаарын процессуудыг судалж цаг агаарын мэдээ гаргахад чиглэгдэнэ.

 

 

Харин агаар мандлын шинжлэх ухаан бол дэлхийн агаар мандал, түүний процессууд, газар, далай зэрэг бусад системийн харилцан үйлчлэл зэргийг өргөн хүрээгээр судалдаг шинжлэх ухаан. Дэлхийн агаар мандалтай холбоотой физик, хими, динамикийн бүхий л процессуудыг хамардаг бөгөөд цаг уур, динамик цаг уур, уур амьсгал, агаар мандлын хими, агаар мандлын физик, далай судлал зэрэг олон салбар шинжлэх ухаантай.

Нэр томъёог буруу хэрэглэвэл өөр санааг илэрхийлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар яригдаж буй үед “цаг уурын өөрчлөлт”, “цаг агаарын өөрчлөлт” гэсэн хэллэгүүдтэй таарах нь элбэг. “Цаг уурын өөрчлөлт” гэвэл цаг уурын шинжлэх ухааны өөрчлөлт гэж ойлгогдоно, “цаг агаарын өөрчлөлт” гэвэл тухайн богино хугацааны өөрчлөгдөж л байдаг цаг агаарыг, харин “уур амьсгалын өөрчлөлт” гэвэл жинхэнэ санаа илрэх жишээтэй.

Цаг агаар, байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай оршсоор ирсэн манай монголчууд цаг агаарын байдал, өөрчлөлт, давтагдлыг ажиглаж, туршлага дээр үндэслэж дүгнэлт гаргаж амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирсэн. Олон жишээ байдаг ч энд цөөнийг дурдвал, (1) салхи нар буруу чигтэй эргэж байвал тэнгэр муухайрахын шинж, (2) нар улайж жаргавал маргааш тэнгэр сайхан байна, (3) үүл хойшоо урагшаа зөрөлдөж нүүж байвал цас бороо орохын шинж гэх мэт. Эдгээрийг товчхон тайлбарлавал, (1) салхины нар буруу чиглэл циклонлог цаг агаарыг; (2) манай газар нутагт цаг агаарын процесс ихэнхдээ баруун-баруун хойноос чиглэлтэй тул улайж жаргах нар нь баруунаас үүлгүй, агаар тогтуун их даралтын орон айсуйг; (3) зөрөлдөж нүүж буй үүлс нь өндрийн салхины чиглэл өөр өөр буюу агаар тогтворгүй, салхины босоо шилжлэг (wind shear) хүчтэй үед хүчтэй бороо орох, магадгүй хуй салхи гарах нөхцлийг илтгэнэ. Мөн зүйр үг хүртэл байна – “Борооны өмнө шороо, Боохойн өмнө хэрээ” гэдэг нь дулаан агаартай байсан тухайн газар нутагт хүйтэн агаар ирсэнээр салхилж, хүйтэн фронтын улмаас бороо орохыг илтгэнэ.

Ардын аргыг адилтгаваас хүний хамраас нус гоожоод эхлэхэд ханиад хүрч, гэдэс дуугарвал өлссөний шинж, ууц нуруугаар өвдвөл бөөр эсвэл нуруу нугасны асуудал гэж таамагладаг шиг таамгууд юм. Гэтэл хамрын нус харшлаас уу үрэвслээс үү, гэдэсний симфони ходоод гэдэсний асуудалтай болсон эсэхийг, нурууны өвчин чухам булчин шөрмөсний суналтаас уу мөгөөрсөн диск хатуурснаас уу гэдгийг мэдэхгүй ч олон жилийн ажиглалт таамаг, уламжлалт мэдээлэл болох ч шинж тэмдгүүд нь бусад олон шалтгааны улмаас хүн хүнээс хамаарч өөр байна. Давтан хэлэхэд, байгаль цаг агаарыг шинжих уламжлалт аргууд монголчуудын олон жилийн ажиглалт, туршлага дээр үндэслэсэн таамаг, ажиглалт таамгийн зарим нь үндэслэлтэй, оновчтой байж болох ч, аливаа хугацаанд бүх газарт таамаг зөв байхгүй нь мэдээж.

Монголчууд од гаригийн байрлалыг шинжиж, цаг тооны бичиг зохиож өнөөг хүртэл өргөн ашигласаар ирсэн уламжлалтай. Дэлхийн аль цэгт байгаагаас, жилийн аль өдрөөс хамаарч нар, дэлхий хоёрын харилцан байрлал өөрчөгддөг. Нар мандах, жаргах цагийг манайхан “малчны” гэгдэх календариас харж мэддэг. Календарь зохиогчид монгол орны чухам аль цэгээр тооцоолсныг мэдэхгүй юм. Манай орны өргөн уудам нутагт нар мандах, жаргах агшин адилгүй, тухайлбал, энэ өдөр Дорнод аймгийн Халхгол, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумдад нар мандах агшин 1 цаг 8 минут, нар жаргах агшин 2 цаг 10 минутын зөрөөтэй байна. Уншигч танд нарийн тооцоолол хийх хэрэг гарвал NOAA-н гаргасан албан ёсны тооцоолуурыг эндээс татаж ашиглахыг зөвлөе.

Жил бүрийн 3-р сарын 22 – Усны өдөр, 3-р сарын 23 – Цаг уурын өдөр. Дэлхийн Цаг уурын байгууллагаас (WMO) Дэлхийн Цаг уурын өдрийг жил бүр тодорхой сэдвээр тэмдэглэн өнгөрөөдөг ба энэ жилийн хувьд Understanding clouds буюу цаг агаар, уур амьсгалд чухал үүрэг гүйцэтгэгч үүлийг онцолсон.

Судар бичгийн хүрээлэнгийн бүтцэд “Огторгуйн одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” нэртэйгээр (1924 он), ус, цаг уурын тогтмол ажиглалт явуулах цаг уурын станцууд байгуулагдсан нь (1925-1927 он) Монгол улсад ус, цаг уур, орчны шинжилгээний салбар үүсч хөгжих эхлэл байсан гэдэг. Харин системтэй ажиглалтын станц суурилуулж хэмжилт, ажиглалт хийгдэж эхэлснээр тус салбарын эхлэлийг тодорхойлбол ус, цаг уур, орчны шинжилгээний салбар аль 1879 оноос эхтэй байх нь. Учир нь, Америкийн Monthly Weather Review сэтгүүлийн 1926 оны дугаарт Монгол улсад цаг уурын ажиглалтыг 1879-80 онд Улиастайд, 1895-1897 онд Ховдод, 1894-1903 онд Өргөө (өнөөгийн Улаанбаатар) хотод хийж байсан талаар өгүүлсэн байдаг (энд).

1924 оноос Ленинградын (одоогийн Санкт-Петербург) ГГО-ын дэмжлэгтэйгээр Өргөөгөөс гадна 7 газарт цаг уурын ажиглалтын станц суурилуулж байжээ. Өргөөд барограф (даралт хэмжих), термометр (температур), гигрограф (чийг), гелиограф (нарны үргэлжлэх хугацаа), актинометр (нарны цацраг) зэрэг багаж суурилуулж хэмжилт хийж байж. 1926 оны 10 сараас өндөр дэх агаарын хэмжилт хийх бөмбөлөг хөөргөж эхэлсэн байна.

Одоо дэлхий даяар хуурай газрын болон далайн хөвөгч 40000 гаруй станц байдаг ба тогтмол цагт хийсэн цаг агаарын хэмжилт хэдхэн минутын дотор сүлжээгээр дэлхий даяар тархаж байна. Барууны орнуудад цаг агаарын хэмжилтийн станцын дундаж зай 50 км байдаг бол ядуу буурай орнуудынх 75-100 км байна. Хот суурин газруудад станцын тоо олон байх учиртай. Цаг агаарын ажиглалтын (газрын, өндрийн, радарын гэх мэт) мэдээ судалгаанд ашиглагдахаас гадна цаг агаарын прогноз гаргахад хэрэглэгдэх өгөгдөл болох тул ажиглалтын станцын нягтшил багасах тусам цаг агаарын мэдээний чанар тааруу байна гэж ойлгоход ерөнхийдөө буруудахгүй. Манай орны өргөн уудам нутагт 3, 6 цаг тутамд цаг агаарын ажиглалт хийдэг нийт 135 станц, 185 харуултай. 2-3 сумын дунд ганц станц байгаа, хүн амын тал нь амьдардаг нийслэлд гуравхан (Буянт-Ухаа, 1-р хорооллын Улаанбаатар, Амгалан) станц, улсад ганц радар ажилладаг зэргийг бодох л асуудал. Эдийн засгийн хөгжлийн түвшин ойролцоо орнуудаас нэг алхам түрүүлж яваа нь хэдийгээр “мини” тодотголтой ч улсдаа л ганц байх суперкомпьютер.

Дэлхий дээр 800 гаруй цэгт хоногт 2 удаа (Гринвичийн цагаар 00 ба 12 цагт) цаг агаарын зонд хөөргөдөг. Радиозонд гэж нэрлэгдэх төхөөрөмжөөр агаарын даралт, температур, чийг, салхины хурд хэмжин цаг уурын сүлжээгээр дэлхий даяар мэдээллээ үнэгүй солилцож, цаг агаарын прогноз, судалгаа, тоон загваруудад ашиглана. Манай улсын хувьд гарын 10 хуруунд багтах цөөхөн газарт зонд хөөргөдөг. Бөмбөлөг дээшээ 30 км хүртэл “аялж” өндрийн хэмжилт хийдэг. Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах тоон загварт хиймэл дагуулын мэдээ ихээхэн үүрэгтэй.  

Агаар мандлын шинжлэх ухааны үр шимийг бид өдөр тутамдаа хэрэглэдэг бөгөөд цаг агаарын мэдээ нь бидэнд сонголт хийх олон боломж олгож бидний ажил амьдралд тусалдаг юм.

АГААР МАНДАЛ нь ЭРТНЭЭСЭЭ ГЛОБАЛЬЧЛАГДСАН ба ямар ч нийгмийг ялгалгүй дэлхий нийтийг “өөрийнхөөрөө удирдаж, хөдөлгөж” байдаг том систем юм. Сэтгүүлч хүн үйл явдлын орчинд нь орж, хүнээ мэдэрч харьцаж ажлаа хийдэг, эмч хүн ч мөн адил өвчтөнтэй тулж, барьж харж ажилладаг бол цаг уурчид жишээ нь уулсын дээр үүлсийн доор хүрэх шаардлагагүй, стратосфер тийш нисэх ч хэрэггүй, америк хүн ч манай агаарын бохирдлыг судалж болно, орос хятад хүн ч манай агаарыг “барьж авч” болно, бид ч өөрсдөө хойд Африкийн Шарав циклоныг судалж шинжлэх ухаанд цучил өргөж болно. Агаар мандлын судлагдахуун эртнээсээ даяаршсан, хавтгайрсан!

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2022-04-25

    Үнэхээр таалагдлаа

    • Энх
    • 2017-07-22

    Онцын ойлголтгүй байсан үг хэллэгийг нарийн тодруулж авлаа. Маш их баярлалаа.

arrow icon