Нийтлэл 04 сарын 07, 2017

Чагтлагдсан сэдэв: ТРАМПЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Сенат буюу парламентын дээд танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдтэй хамтран эрүүл мэндийн хуулийн төслөө өргөн барилаа. Энэ төслөөр түүний өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн үед хэрэгжүүлж байсан Patient Protection and Affordable Care Act буюу Обамакэйр хөтөлбөрийн хуулийг хүчингүй болгох ба шинэ хуулийн хүрээнд хэд хэдэн суурь өөрчлөлтүүд хийгдэх юм. Гэвч хуулийн төсөл Сенатад хангалттай дэмжлэг авахгүй байх магадлал ихэссэн учир хуулийн төслийн санал хураалтыг нэг өдрөөр хойшлуулсан байна. Учир нь Бүгд найрамдах нам Сенатад олонхи болсон ч хуулийн төслийг эсэргүүцэх гишүүд тус намд байгаа юм.

Шинэ хуулийн төслөөр хүчингүй болгох зарим заалтуудыг дурдвал:

  • Томоохон компаниуд ажилчдаа заавал эрүүл мэндийн даатгалд хамруулах ёстой эсбөгөөс торгууль төлнө
  • Эрүүл мэндийн даатгалд хамрагдах санхүүгийн боломжтой хүн бүр заавал хамрагдах ёстой.

Хуулийн төсөл хэрэгжсэнээр олон сая хүн эрүүл мэндийн даатгалаас хасагдах буюу төлж чадахаа больж, чинээлэг хүмүүст  илүү таатай үйлчлэх болно гэж олон хүн үзэж байгаа аж. Хуулийн төсөлтэй холбоотой асуудлуудаар жиргээчид #SavetheACA гэсэн хаштагтай жиргэж байгаа бөгөөд олон жиргээчид төслийг үл сайшааж байгаа юм.

Сенатийн гишүүн Ben Cardin Сенат дахь Бүгд найрамдах намын гишүүдэд хандан “Та нарт Аffordable Care Act-аас өөр хувилбартай орж ирэх 7 жил байсан. Та нарын хамгийн сайн чинь энэ үү?” гэжээ. Тэрээр жиргээний зургандаа 24 сая хүн эрүүл мэндийн даатгалаас хасагдаж, төр чинээлэг иргэд болон олон компаниудаас татвар авахаа болих тухай харуулсан байна.

Steve Hirsch “Обама эмчтэйгээ үлдэж болно гэж хэлж байсныг санаж байна уу? Би санаж байна. Гэхдээ ийм зүйл огт болоогүй. Affordable Care Act-ыг бүү авар” гээд Обамагийн бодлогыг шүүмжилсэн зураг тавьсан байна. Үүндээ 41 сая хүн даатгалд хамрагдаагүй хэвээрээ байгаа, даатгалын үнэ, зардал өсч байгаа, ажлын байр устгаж байгаа зэргийг оруулсан байна.

Цагаан ордны хэвлэл мэдээллийн нарийн бичиг Жэймс Бради хэрвээ хуулийн төсөл батлагдахгүй байвал яах талаар асуухад “Заавал батлагдана” гээд өөр хувилбар байхгүй гэж хариулсан юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon