Монгол улсын ардчилал, эдийн засгийн хөгжил Америкийн амжилтын түүх буюу Америкт ашигтай эргэсэн эсвэл Хятадын талд ашигтай эргэсэн талаар Стивен Ноерпер (Dr. Steven Noerper) болон Жеффри Рийвэс (Dr.Jeffrey Reeves) гэх хоёр эрдэмтэний маргааныг орчуулан хүргэж байна. Стивен Ноепер Korea Society судалгааны байгууллагад ахлах судлаачаар ажиллаж байсан ба МУИС-д зочин профессороор ажиллаж байсан юм. Жеффри Рийвэс Аюулгүй байдал судлалын Ази номхон далайн төвийн дэд профессороор ажилладаг бөгөөд Монголд хоёр жил АНУ-ын Энхийн корпуст багшилж байсан юм. Доорх хоёр өгүүлэл 2012 онд АНУ-ын Стратеги, олон улс судлалын төвийн форумаас хэвлэгдсэн ба Монголын эдийн засгийн тогтворгүй үе эхэлсэн, гадаадын зээл хайж байсан үетэй давхцаж буй юм. Хоёр эрдэмтний хэн нь Монголын бодит байдлыг зөв зүйтэй тайлбарласан талаар шүүж болох ч маргаанаас цааш Монголын нөхцөл байдлын тухай лавшруулан бодох нь илүү чухал юм.
Стивен Ноерпер: Америкт ашигтай Монголын 10 зүйл
- Америкийн (олон улсын) амжилтын түүх: Ирак, Афганистанд олон сорилтууд тулгарч ямар ч сайн сайхангүй арван эхэлж байх үед Монголд оргилуун ардчилал болон хөгжин цэцэглэж буй эдийн засгаараа гайхуулж байв. Рейганы удирдлага 1986 оны Дөлгөөн санаачлагын(Modest Initiative) хүрээнд анх Монгол руу хандаж байв. Беркели их сургуулийн ази судлаач Роберт Скалапино Монголыг Америкийн оюуны газрын зурагт оруулахын тулд академик үйл ажиллагаа санаачилсан нь энэ байв. АНУ-тай харилцаагаа сайжруулсаны 20 жилийн дараа Монгол улс ардчилал болон хөгжилд бодит, баялаг хувь нэмэр оруулснаа харуулж байна. Сонирхолтой нь Клинтон, Жорж В.Буш болон Обамагийн удирдлага Монгол улстай “онцгой” харилцаатай гэдэг байв. Клинтон тэргүүн хатагтайн хувьд айлчилсан, Жорж В.Буш Монголд айлчилсан ба Монгол улсын ерөнхийлөгчийг Вашингтон хотод урьж Мянганы сорилын үйл ажиллагаанд нэгтгэсэн, дэд ерөнхийлөгч Байдэн өнгөрсөн жил айлчилсан, энэ жил төрийн нарийн бичгийн дарга Клинтон айлчилж буй нь хоёр талын хамтын ажиллагааний түвшинг харуулж буй юм.
- Төрийн нарийн бичгийн дарга Клинтоны онцолсоноор Ардчилалд шилжих Азийн загвар эрх чөлөө, хүний эрхийн универсал хандлагыг илтгэж байна. Клинтоны санаа Сингапурын ерөнхий сайд асан Ли Куан Югийн ардчилал Азийн үнэт зүйл биш гэсэн 1990-ээд оны санааг авсанд хийх хадаас болж буй юм. Солонгосын улс төрийн идэвхитэн хожим ерөнхийлөгч болсон Ким Дэ Жун тухайн үед Лигийн эсрэг маргаж ардчилал ба эдийн засгийн либералчлалыг нэг тэрэгний хоёр дугуй, зоосны хоёр тал шиг зүйл гэж байв. Монголын удирдагчид энэ хүрээг сонгож харин Клинтон үүнд тохирсон анхаарлаа хандуулсан юм.
- Баруун талдаа буй Төв Азийн автократ орнуудад загвар болно. Хэдийгээр Монгол улс төр, эдийн засгийн хувьд Зүүн Хойд Азитай ойрхон ч түүхэн утгаар Төв Азид нэвтрэх хаалга юм. Өнгөт хувьсгалуудын үр нөлөө буурсан, Орос сэргэж эхэлсэн, Афганистаны тэсвэртэй оршин тогтнолыг харгалзаж үзвэл энэ нь жижиг асуудал биш юм. Хэрвээ Төв Ази дахь баазууд болон Пакистаны хангамжийн корридор баталгаагүй болж эхэлвэл Монгол улс материалын, бүр чухал нь оюун санааны хувьд өөр нэгэн хувилбар болох боломжтой.
- Хойд Солонгосын тухай мэдээллийн эх сурвалж, түүний эдийн засгийн хөгжил цаашлаад ардчиллыг түүчээлэгч. Улаанбаатар Сөүл, Пхеньянтай хоёулантай нь харилцаатай байдгаарай онцгой юм. Хойд Солонгосын хувьд Монгол улс коммунист түүхтэй жижиг улс, он удаан итгэл даасан харилцаатай гэдэг. Улаанбаатарын хувьд Пхеньян ямар байр суурьтай вэ гэдэг нь онцгой ойлголт өгдөг. Хятадаар дамжин гарсан Хойд Солонгосын дүрвэгчид Монголд хамгийн олон тоотой байдаг нь тохиолдлын зүйл биш. Монгол тэдний хувьд Өмнөд Солонгос руу гарах гүүр болж онцгой оролцоотой байдаг. Харин илүү чухал нь тусгаарлагдсан, гөжүүд Хойд Солонгос хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлын загвар хайж буй үед Монгол хамгийн сайн сонголт юм (Хятад хэтэрхий том, Вьетнамчуудад Хойд Солонгос итгэдэггүй). Эцэст нь цөмийн зэвсэггүй бүс болохыг сонирхож буй орны хувьд цөмийн зэвсэггүй Солонгосын хойгийг дэмжиж чадах юм.
- Хятадад тавих чих. Хүйтэн дайн үе дан ганц Баруун-Зүүний хагаралын биш бас Хятад болон ЗХУ-ын 1962 оны халуун зөрчилд хүргэсэн өрсөлдөөний үе байв. ЗХУ Монголыг Хятадад чих тавихаар ашиглаж байсан. Орчин үеийн утгаар Монгол АНУ-ын (болон олон улсын хамтын нийгэмлэгийн) хувьд өөр аргаар Хятадад тавих чих болж чадна. Хятад хөрш орнууддаа хэрхэн хандаж байна вэ? Эдгээр орнууд Хятадын зээлийн амлалт болон хариу солилцоог хэрхэн тэнцвэржүүлж (Монгол улс 300 сая ам.долларын зээлээс нэг удаа татгалзаж байсан) байна вэ? Хятадыг тойрон хүрээлж буй орнууд дахь Клитоны айлчлалын гол зорилго нь эдгээр орнуудын бодит нөхцөл байдлыг ойлгон эдийн засаг, худалдаа болон улс төрийн харилцааны стратегийн гарцыг санал болгох юм. Хэдийгээр Хятадын хэвлэлүүд айлчлалыг АНУ-ын бүслэлт хэмээн ширүүхэн шүүмжилж байгаа ч хэрвээ үүнийг бүслэлт гэх юм бол хамгийн эелдэг хэлбэр нь юм.
- Орост тавих нүд. Клитон Хятад-Оросын дунд хавчуулагдсан Монголчуудын “эр зоригийн” тухай ярив. Энэ зоригийг Оросын тухай бодит ойлголт руу хөрвүүлж болно. Орос-АНУ харилцаагаа шинээр эхлүүлэх оролдлого царь/ерөнхийлөгч Путины хатуу тактикаас үүдсэн Зөвлөлтийн үеийн хагарал руу явж байгаа үед Оросын сэтгэлгээ рүү өнгийх нь чухал юм. Митт Ромнэй бидний хамгийн их аюул, заналхийлэл гэж Оросыг тодорхойлсоноор Монгол улс материаллаг болон оюун санааны утгаар Орос руу нэвтрэх хаалга болж чадна. Гол нь бидэнд аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн шалтгаанаар Орос хэрэгтэй, Орост АНУ хэрэгтэй юм. Оросын Ази дахь хамтын ажиллагаа Солонгосын Хойг дахь аюулгүй байдлын хандлага, эрчим хүчний корридорууд эсвэл өөр ямар нэг арга хэрэгсэлээр урагшилж байна (мөн Сири болон Европ дахь пуужингаас хамгаалах систем зэрэг мухардсан асуудалд хувилбар гаргаж буй зэрэг). Баруунтай ойртсон буюу Монголын олонхи ахмад удирдагчид Орост сургууль төгссөн, Оросоор ярьдаг, Оросыг ойлгодог. Үүнийг ашиглаялдаа .
- Олон улсын хариуцлагатай оролцогч. Монгол улс Ирак, Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон бас Хааны эрэлд хэмээх энхийг сахиулах бэлтгэлийг зохион байгуулдаг. Ардчилсан орнуудын хурлыг олон удаа зохион байгуулсан, НҮБ-ийн хүний аюулгүй байдлын санаачлагуудыг хэрэгжүүлж ТББ-ууд цөмийн зэвсэггүй бүсээс эмэгтэйчүүдийн эрх хүртэл олон асуудлаар идэвхитэй ажилладаг. Монгол улс олон улсын форумуудад маш идэвхитэй оролцдог. Идэвхитэй гуравдагч хөршийн бодлогоор дамжуулан Монгол улс энэ форумуудын олон асуудлуудыг зохицуулах туршлагатай бөгөөд үүнд байгалийн гамшиг, халдварт өвчин, эрчим хүчний аюулгүй байдлын хямрал гээд олон асуудлууд багтана.
- Соёлын чухал дэмжигч. Хэдийгээр одоогийн хүн ам нь цөөн ч түүхэн болон соёлын өвөөр Монгол улс маш их нөлөөтэй. Одоогоор Британи, Франц, Германийг нийлүүлсэнтэй тэнцэх газар нутагтай ч 800 жилийн өмнө Монголын эзэнт гүрэн хамгийн том эзэнт гүрэн байсан. Монголчуудын угсаа эсвэл соёлын ул мөр Ази, Еврази даяар олдож магад. Түүхэн хийдүүдээс сэргэн мандалтын үеийн уран барилга, Занабазарын бүтээлээс орчин үеийн урлаг гээд Монгол улс өнгөлөг, баялаг соёлоороо гайхуулж байна.
- Оргилуун залуучуудын соёл болон боловсролтой ажиллах хүчин. Хийхээр амалсан эсвэл хийгдсэн гэрээнүүд дээр төвлөрсөн бизнесийн амьдралын дуулианд хэвлэл мэдээлэлийнхэн төвлөрч буй ч хүн амийн хэсэгт хөгжлийн боломжийн суурь бий. Монгол бол залуу орон (New York Times сонинд 1990-ээд онд бичсэнээр дэлхийн хамгийн залуу орон) бөгөөд олон хэлтэй, глобалчлагдсан, оргилуун залуу мэргэжилтэн, манлайлагчидтай орон юм. Ерөнхийлөгч Элбэгдорж өндөр-технологийн корридор, комьпютерт суурилсан үйлчилгээг (Энэтхэгтэй ижил) удаан хугацааны турш дэмжиж ирсэн. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн шавь нар маань хэдийгээр шинэ үеийн өнгөцхөн итгэл найдвартай байсан ч дунджаар гурван хэлтэй, гайхалтай сэтгэлгээтэй байсан юм. Зөвлөлтийн үеэс үүдэн бичиг үсэг тайлагдалт өндөр түвшинд хүрсэн нь төрийн хэвлэлийн газар идэвхитэй ажиллаж, түвшингээ хадгалж чадаж байсантай холбоотой.
- Байгалийн эрдэс баялаг. Хамгийн их яригддаг Монголын өсөн буй үндэсний баялгийн эх сурвалжийг хамгийн сүүлд үлдээсэн юм. Монгол улс нүүрс, төмөр, зэс, алт, газрын ховор эрдэсүүд, байгалийн хий цаашлаад газрын тосны маш их талбайнуудтай. Гадны туслалцаатай олборлох чадавхитай болж хэрэгцээтэй тээврийн шугамууд байгуулж байна. Энэ шинэ баялгийг зохицуулах нь Монголын удирдлагуудад сорилт болж нийтийн болон үндэсний баялгийг хэрхэн үр дүнтэй зохицуулах талаар Чили, Норвеги зэрэг орнуудын жишээг сонирхож байна. Төрийн нарийн бичгийн дарга Клинтон Гэгээн Луис (St.Louis) хотод суурилсан Пибоди Энержиг Таван Толгойн нүүрсний төсөлд (Хятадын төрийн компани түүний гол өрсөлдөгч) зүтгүүлж байсан. Economic Intelligence Unit уул уурхайн хөрөнгө оруулалт дээр суурилсан 2011 оны Монголын ДНБ-ний өсөлтийг 17,3 хувьтай гэж тооцлоо.
Энэ жагсаалт Монгол улсын давуу талыг харуулж байна. Ядуурал, өсөн буй тэгш бус байдал, замбраагүй хотжилт, дэлхийн дулаарал болон хотын орчны бохирдол зэрэгт анхаархаа болиогүй. Өмнөх ерөнхийлөгчийг баривчилж Монголын олон улсын нэр хүндийг унагасан явдлыг Клинтон олон нийтийн өмнө онцлон тэмдэглээгүй (өөрийн дүгнэлтээ албан бусаар тайлбарласан). Одоо засгийн газар шинэ эвсэл байгуулахаар ажиллаж байна. Гэвч залуу ардчилал хувь хүмүүсийн мөргөлдөөнд өртдөг (19-р зууны эхэн үеийн болон түүнээс хойшхи АНУ-ын түүхийг үзнэ үү ). Бүхэлд нь харвал Монгол гайхалтай сайн байна.
Доктор Жеффри Рийвэсийн (Dr.Jeffrey Reeves) хариу мэтгэснээ таван гол дүгнэлтээр танилцуулсан байна.
- Монгол бол Америкийн биш Хятадын амжилтын түүх. Ямар ч утгаар авч үзсэн Монголын эдийн засаг бараг бүхэлдээ Хятадаас хамааралтай. 2011 онд Монголын худалдааны хамгийн том хамтрагч Хятад болж нийт экспортийн 91%, импортын 32%-ийг бүрдүүлж байв. Хятад Монголын хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулагч (ГШХО) болж ГШХО-ын 51%-ийг бүрдүүлж байв. Канад болон Недерланд 8% болон 6% хувьтай хоёр, гуравдугаар байрт жагсаж байна. АНУ-ын Монгол дахь ГШХО маш бага. Ноерпер Монголыг Хятадын 300 сая ам.доллараас татгалзсан гэж буй ч Хятад улс Монголын үндсэн зээлдүүлэгч байсан хэвээр байна. 2009 онд Хятадаас 3 тэрбум ам.долларын яаралтай зээл хүсэж байсан нь Улаанбаатарын хувьд Хятад ганц гуйх зээлдүүлэгч нь гэдгийг харуулж байна.
Хятадын бизнесүүд Монголын дотоодын секторыг эзэлж албан ёсоор бүх гадаад компаниудын 50%, албан бусаар үүнээс ч их хувь эзэлж байна. Хятад компаниудын тоо 18%-ийг эзэлж буй Өмнөд Солонгосын компаниудын урд байна. Хятад ажилчид хууль ёсны болон хууль бусаар нийт гадаад ажилчдын үлэмж хувийг бүрдүүлж байна. 2010 онд албан ёсны тоо 16,675 байв. Маш олон хүн бодит тоо хоёр эсвэл гурав дахин их гэж байв. Хэдийгээр Хятадын гадаад тусламжийн хэмжээ Япон мэтийн орнуудтай харьцуулахад бага байгаа ч Монголчууд тусламжийг хэрхэн ойлгодог, хэрэглэдэг байдлыг өөрчилж байна. Хятадын тусламж “нөхцөлгүй” байдаг. Энэ тусламж USAID шиг адилхан зорилттой ч USAID шиг хариуцлага нэхдэггүй. Хятадын тусламж USAID эсвэл Дэлхийн банкны тусламжид найдахаа болиход хүргэж уламжлалт доноруудын Монголтой харилцах харилцааг сууриар нь өөрчилж байна. Монголын олон өндөр албан тушаалт улс төрчид нэртэй бизнесменүүд байдаг ба Хятадтай шууд болон шууд бус холбоотой байдаг. Энэ холбоо Монголын улс төрийн үйл явцад Хятад шууд бусаар (магадгүй шууд) нөлөөлөх боломж олгож байна.
- Монгол бол Азийн ардчиллын загвар биш. Монгол бол авилга, непотизм, үр нөлөөгүй байдал, бэртэгчин занд идэгдсэн сул ардчилалтай улс. “Залуу ардчиллын” эдгээр бүтээгдэхүүнүүдийг үл тоон Монголын хөгжлийг 19-р зууны Америктай адилтгасанаараа Ноерпер дараах дөрвөн баримтыг орхигдуулж байна.
Нэгдүгээрт. Монгол улс ЗХУ-ын нөлөөнд 70 гаруй жил авторитари дэглэмд байсан. Үүний албан тушаалтан, институти болон бюрократууд бүгд авторитари идеологийн шинж, ул мөрийг тээж явдаг.
Хоёрдугаарт. Олонхи Монголчууд Зөвлөлтийн дагуул улс байсан үеийн таатай дурсамж ихтэй ба авторитарианизмыг үр дүнтэй, эгалитари систем гэж үздэг. Олон хүн нийгмийн сайн сайхныг бүтээх ардчиллын хүчинд итгэл алдсан.
Гуравдугаарт. Монголын олон улс төрч авилгачаараа олонд танигдсан. Үүнээс үүдэн ардчилал болон либерал эдийн засаг ядууст биш чинээлэг, холбоо сүлбээтэй хүмүүст үйлчилдэг институт гэх сэтгэгдэл төрүүлэх юм..
Дөрөвдүгээрт. Барууны санхүүгийн институтууд хүчилсэн учраас Монгол ардчилсан улс байгаа юм. Тэдний нөлөө буурч Хятадын авторитари загвар амжилт үзүүлсээр байвал Монгол улс ардчилсан загвар хэр зохистой талаар дахин авч үзэж магад. Монголын ардчиллын системийн сул дорой байдалтай хамт эдгээр дөрвөн баримт ардчиллын ирээдүйн хөгжил маш бүрхэг байгааг харуулж байна.
- Монгол бол АНУ-ын Хятад, Орос дахь нүд, чих болно. Ноерпер Монгол улс АНУ-ын Хятад дахь чих, Орос дахь нүд болж чадна гэж мэтгэж байна. АНУ Монголоос стратегийн ямар нэг давуу тал олох тутам Монгол улс АНУ-тай бусад харилцаагаа хөгжүүлэх хөшүүрэг хүнд байдалд орох болно. Ялангуяа Монгол улс Хятад, Оростой хоёр талын болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан улс төр, эдийн засаг, цэргийн хамтын ажиллагаагаа хөгжүүлж буй үед.
- Гуравдагч хөршийн бодлого бүтэлгүйтсэн. Ноерперийн гол санаа нь АНУ Монгол улс гуравдагч хөршийн бодлогоор дамжуулан бат харилцаа тогтоосон буюу Улаанбаатар Хятад эсвэл Оросын хэт их хамаарлаас зайлсхийн газар зүйн хувьд хол орших орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх явдал гэсэн юм. АНУ-Монголын харилцааг зөвхөн гуравдагч хөршийн бодлогын өнцгөөс харвал Америкийн “амжилтын” түүх гэж харж болно. Гэвч бүх тоон болон чанарын үзүүлэлтүүд Монголын гуравдагч хөршийн бодлого бүтэлгүйтсэнийг харуулж байна. Монгол одоо Хятадаас эдийн засгийн хувьд бүрэн хамааралтай. Энэ хамаарал нөлөөлөл болон хувирч Монголын эдийн засаг, байгаль орчин, улс төрийн систем болон нийгмийн хүрээнд АНУ-ыг (эсвэл Орос) ардаа хаяж байна.
- Байгалийн эрдэс баялаг. Монголын эрдэс баялгийн салбар хурдацтай өсөлтийг бий болгосон ч энэ нь бүхнийг чадагч биш юм. Түүхий эдээс үүдсэн өсөлтөөс хэт хамаарах нь эдийн засаг, улс төр, нийгмийн ноцтой үр дагавартай. 1990-ээд оноос хойш Улаанбаатар уул уурхайн салбарыг эдийн засгийн хөгжлийнхөө тэргүүлэх чиглэлд оруулсан юм. Олон талаар энэ нь амжилттай байж 1999-2008 оны хооронд ДНБ дунджаар 6% өсөв. Засгийн газар уул уурхайн салбарт онцгой анхаарснаар дотоодын бусад үйлдвэрлэлүүдээ орхигдуулж нийт эдийн засгийн чадавхиа хохироов. Монголын газар тариалангийн салбар бол үүний тод жишээ юм. 2009 оны ургац хураалтын өсөлтийн жилд Монгол 250,000 га-хүрэхгүй газраас ургац хураасан нь 1990 оны 300,000 га-гаас бага тоо юм. Энэ доройтол бол хавсарга үйлдвэрлэл гэгдэж дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт дутсаны үр дүн юм. Мөн Монголын үйлдвэрлэлийн салбар ч унав. 2001-2008 оны хооронд үйлдвэрлэл 30-20% хүртэл буурч уул уурхайн үйлдвэрлэлийн нийт гарц 50-70% хүртлээ өсөв. Энэ бол “Голланд өвчний” сонгодог шинж тэмдэг юм.
Энэ эдийн засгийн гажуу хөгжлийн загварын сул тал нь 2009 онд Хятадын эрэлт буурсанаар Монголын эдийн засгийн 1,9%-иар буурч үйлдвэрлэлийн салбар 4,1%-иар агшиснаар илрэв. Энэ бууралт ажилгүйдлийг ихэсгэж (10.5-12.8% болов) гурав дахь том банкыг дампууруулав, Монголын валют үнэгүйдэв, хугацаа нь хэтэрсэн зээлүүд өсч эхлэв. ОУВС Монголыг 2009 онд “санхүүгийн хямралд өртөх шахсан” гэж дүгнэв. Энэ уруудал нийгмийн асуудлуудыг хүндрүүлж хүүхэд, эхийн эндэгдэл ихсэв. Ядуурал 2009 онд 1% нэмэгдэж анхан болон дунд сургуулийн хүүхдүүдийн сургуулийн элсэлт 2.4%-иар буурав. 2010-2011 оны Хятадын түүхий эдийн гэнэтийн эрэлт хүний хөгжлийн эдгээр уруудалыг арилгасан юм. Дээрх асуудлууд Монголын өнөөгийн байдалд чухал бөгөөд “Америкийн олон улс дахь амжилтын түүх” гэсэн том зүйлийн жижиг хэсэг болж болохгүй юм. Илүү нарийн өнцгөөс харвал Монгол бүхэлдээ “аймшигтай сайн” байна.
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: www.csis.org
Та зээл авах талаар бодож байна уу? Өөрийн бизнесээ эхлэхэд яаралтай зээл хэрэгтэй байна уу? Энэ бол таны хүссэн зорилгод хүрэх боломжийг олгодог бөгөөд хувийн зээл, бизнесийн зээл, аж ахуйн нэгжийн зээл, илүү их мэдээлэл бүхий 2% -ийн хүүтэй зээлийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлнэ үү ([email protected])