Нийтлэл 04 сарын 19, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Брэттон Вудын хурал буюу Британичууд долларыг хэрхэн ноён болгосон тухай

Америк доллар дэлхийн хоёрдугаар дайны дараа ямар нөхцөл байдалд дэлхийн валютын нөөц болсон талаар Ричард Хуровицын (Richard Hurowitz) 2016 онд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Тэрээр санхүү, улс төр, гадаад бодлогын талаар нийтлэл бичиж Wall Street сэтгүүл, Лондоны Times, CNBC, Jerusalem Post зэрэг сонинуудад хэвлүүлж байсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайн түүхэн эргэлт болсон маш олон өөрчлөлтийг авчирсны нэг нь олон улсын санхүүгийн системийг дахин бүтээсэн явдал юм. 1944 оны Брэттон Вудын хурлаас Олон улсын валютын сан болон Дэлхийн банкыг байгуулж дэлхий дахинд Америк доллар олон улсын валютын нөөц болсон гэдгийг зарласан юм. Энэ үйл явдлыг АНУ Британийг даван гарч дэлхийн санхүүгийн тэргүүлэгч улс болсон гэж хардаг. Хэдий егөөтэй ч доллар хаан болсонд АНУ Британий эдийн засагчид талархах хэрэгтэй юм.

Фашизм болон Их Хямралын суурь шалтгаан болсон валютын эмх замбараагүй байдлаас зайлсхийхийн тулд 1941 оны эхээр АНУ болон Британи дайны дараах эдийн засгийн дүр зурагт анхаарах хэрэгтэй болсон юм. Британи улс агуу эдийн засагч Жон Мейнард Кейнсийн санаачилсан валютын тэнцвэргүй байдлыг цэгцлэх санааг урдаа барьж байв. Санаачилсан системийн гол нь “банкор” (bancor) гэх олон улсын шинэ валют үүсгэх байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үед энэ утопи санаа өнөө үетэй харьцуулахад харьцангуй аядуу мэт сонсогдож байсан учир Атлантын хоёр талд буй орнуудын сэтгэлийг татаж байв. Энэ валютад бүр долфин, бэзант, дарик, юнитас, юникорн (ганц эвэрт), орб зэрэг нэр өгөх санаанууд хөвж байсан. Франклин Рузвельт өөрөө демос, ялалт (victory) гэдэг нэрийг санал болгож байв. Нэг зүггүй нөхөр винфранк (winfranks) гэх нэрийг дэлхийн хоёр удирдагчийн хүндэтгэн зохиож байсан юм.

Дэлхийн шинэ валют бий болох нь баяртай үйл явдал байсан ч улс төрийн нөхцөл байдал шийдвэрлэх байв. Британи дайнд соёл иргэншлийг аврахад оролцсон боловч өртэй үлдсэн юм. Харин эсрэгээр АНУ дэлхийн эдийн засгийн 40%-ийг эзэлчихсэн байсан нь дэлхийн түүхэнд онцгой үйл явдал болсон. Америкчууд Брэттон Вудын хурлаар дамжуулан дайны дараа ноёрхох систем тогтоохыг хүсэж байв. Хурлын үеэр АНУ-ын Сангийн яамныхан ОУВС-ийн талаар Конгрессыг ятгах хэрэгтэй байсан ба валютыг зохицуулах эрх мэдлийг олон улс дамнасан институтэд өгнө гэдэг бүтэхүй зүйл байв.

Гэвч АНУ хамтын дэлхийн дэг журам бүтээх боломжтой гэдгийг харуулахыг хүсэж Британид таатай орчныг бүрдүүлэх талаар тохиролцохыг зорив. Харри Декстер Вайт Америкийн талыг зохион байгуулж долларын ноёрхолыг тогтоон бэхжүүлэнэ гэж найдаж байв. Гэхдээ АНУ өөрсдийн валютаа дэлхийн албан ёсны валютын нөөц болгоно гэдэг нь дипломатийн хувьд хэтэрхий ширүүн алхам болно гэж үзэж байв. 1944 оны долоон сард Нью Хэмпшайрт (New Hempshire) 44 орны төлөөлөгчид цугларах үед АНУ “алт руу хөрвөдөг валют” (алтан долларын стандарт) гэх тодорхой бус санал танилцуулав. Энэ санал Кейнс шиг нарийн ажиглагч нарыг хуурч чадсангүй, тэрээр үүнийг “тэнэглэл” гэж нэрлэв. Хэрвээ тухайн үеийн АНУ-ын алтны нөөцийг харгалзаж үзвэл Америк доллар алтан гулдмай болж хөрвөх боломжтой ганц валют байсан юм. Гэвч АНУ-ын төлөөлөгчид үүнийг баталгаажуулж дипломат хямрал үүсгэхээс айж байв.

Кэмбрижийн эдийн засагч Деннис Робертсон Британийг төлөөлж[1] дээрх асуудлыг хариуцсан. Тэрээр Кейнстэй олон чухал хэлэлцээ хийсэн ба Кейнсийн хурц ухаан, тэвчээртэй, бүх нарийн асуудлууд дээрх хянамгай, тууштай чанарыг хүндэтгэж байв. ОУВС-г байгуулах эцсийн хэлэлцүүлэг дээр Британий Энэтхэгийн (British India) төлөөлөгч АНУ-ыг “алт руу хөрвөдөг валют” гэдгээ нарийн тодорхойлохыг шаардав. Гэтэл Робертсон өндийн босч “алт ба Америк доллар” гэж солих саналыг дэвшүүлсэн нь гайхмаар явдал болж Америкчууд баярлаж долларын ноёрхолыг амжилттай эхлүүлэв. Толгой нь эргэсэн Вайт шөнийн гурван цаг хүртэл Робертсоны саналыг заалт болгон төсөлд тусгалаа. Ингээд үлдсэн түүх нь мөнгөний түүхэнд хамаарна.

Робертсоныг юу идэвхжүүлсэн нь тодорхойгүй. Тэрээр бусад сэхээтнүүдийн адилаар дэлхий 15 жилийн турш де факто “долларын стандарт”-д байсан гэж эргэн дурсдаг. Түүний хувьд доллар онцгой валют байв. Сэтгүүлч Эд Конвэй үүнийг “зориудын алдаа” гэж үздэг. Кейнс үүнийг ноцтой алдаа гэж үзсэн ба зөрөлдөөн хоёр хүн дээр төвлөрсөнийг мэдээд уурлаж байсан юм. Гэхдээ Робертсон явцуу боловч санхүүгийн тулгамдсан шаардлагыг онцолж байв. Тэр нь Британи дайны үеэр Энэтхэг, Египет зэрэг колониуддаа асар их стерлингийн өртэй үлдэж харин тэд бусад валют руу төлбөрөө шилжүүлэхийг шаардаж байв. Үр дүнд нь стерлинг үнэгүйдэх (1947 онд болсон шиг) байв. Долларыг дэлхийн валютын нөөц гэж зарласнаар хөрвөх чадвар нээж өгч Маршалын орнуудад нөөц баялгаа хэзээ нэг өдөр хөрвүүлэх орон зай үүсгэнэ гэдэгт Робертсон итгэж байв.

АНУ дэлхийн хамгийн том зээлдүүлэгчээс хамгийн том зээлдэгчдийн нэг болсон. Доллар алтан зангуугаа хаясан ч долларын ноёрхол үүссэнд түүний тэнгисийн цаадах найзууд болон Кэмбрижийн эрхмийн үйлдэл үлэмж хамаатай.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.historytoday.com

 

[1]  Британий төлөөлөлд Деннис Робертсон, Жон Мейнард Кейнс нар багтсан.

Сэтгэгдэл бичих

arrow icon