Нийтлэл 04 сарын 27, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? “Цэвэр” Монголын төлөө

“Цэвэр” Монгол хэлээрээ ярих буюу “илүү” гадаад үг ашиглалгүй унаган Монгол хэлээрээ ярих уриалга зөвхөн Ар Монголд дэлгэрч байгаа биш аж. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголд ийм уриатай нийгмийн хөдөлгөөн үүсч Өвөр Монголчууд дунд ноцтой асуудал болж, бүр “бохир” үг орсон толь бичгүүдийг шатаасан тохиолдол гарсан аж. Өвөр Монгол дахь энэ үйл явцыг тайлбарласан Байяудын Гэгээнтуулын нийтлэлийг орчуулан уншигчдадаа хүргэж байна. Тэрээр Австралийн Маккуорийн их сургуулийн докторт суралцаж буй Өвөр Монгол оюутан юм.

Шинэ жилийн өдөр дэлхий даяар хүмүүс галын наадам (салют буудах Орч.) үзэн баярлаж байсан бол Алс Өвөр Монголын хэсэг Монголчууд толь бичиг шатааж өөр нэгэн “галын наадам” хийж байв. Тэдний уурыг хүргэсэн зүйл нь Монгол-Хятад толь бичиг (1999, Өвөр Монголын их сургуулийн хэвлэх үйлдвэр) болон Монгол зөв бичгийн толь (1998, Өвөр Монголын ардын хэвлэх үйлдвэр) байжээ. Толь бичгүүдийг устгасан (толь бичгүүдийг шатаасан, норгосон) зураг, видео нийгмийн сүлжээгээр өргөн түгсэн байна.

Монгол-Хятад толь бичигт Хятад хэлнээс зээлсэн үгнүүдийг оруулсан нь тэдгээр хүмүүсийн уурыг хүргэжээ. Нийгмийн сүлжээнд маргаан үүсгэсэн зарим үгнүүдийг танилцуубал: жинтүү, даамин, лэү (барилга), еэеэ (өвөө), иентай (донтсон) зэрэг үгнүүд байсан аж. Хятад хэлнээс зээлсэн эдгээр үгнүүд WeChat группүүдэд ширүүн маргаан өрнүүлжээ. Дээрх үгсийг илэрхийлэх Монгол хэллэг байдаг. Үүнд: дэр-жинтүү, үүд-даамин, асар-барилга, өвөг-еэеэ, шуналтай-иентай зэрэг үгнүүд бий.

Өвөр Монголын зүүн хэсэгт амьдардаг Хорчин Монголчууд үг хольж ярьдагаараа алдартай” ба өдөр тутмын харилцаандаа Хятад хэлний үг ашигладаг аж. Ямартай ч ийм үгнүүдийг толь бичигт “Монгол” үг хэмээн оруулсан нь олон Монголчуудад зөвшөөрч боломгүй байгаа аж.

Гэхдээ ном шатаахаас өмнө Хятад үгнүүдийг толь бичигт оруулсан явдал Монголчуудын уур бухимдлыг хүргээд байсан юм. Тодруулбал Цэвэр Монгол хэлээр яриач гэсэн WeChat хуудас өмнө жилийн 12-р сарын 21-нд Монголчуудад “чанартай толь бичиг” алга гэж мэдэгдэж байсан юм. Энэ хуудас Монгол-Хятад үг холилдсон харилцан яриаг өдөр бүр постлодог байв. “Буруу” хувилбарыг “зөв” хувилбарын зургийн хамт постлоно. Дараа нь Хятад хэлнээс зээлсэн үгнүүдийг тодруулж Монгол үг, Хятад ханзаар тусад нь солин дарааллуулан бичиж постлодог байна.

Монгол болон Хятад хэлний урт удаан харилцаатай ба Монгол-Хятад үг солилцох явдал нь шинэ зүйл биш юм. Тэгвэл яагаад өнөө үед ийм уур бухимдал хүргэж хүмүүсийг мэдрэмтгий хандахад хүргэнэ вэ? Яагаад хэлний цэвэр байдлын тухай онцолж “хор уршигтай” толь бичгүүдийг шатаана вэ? Яагаад Монголчууд нийгмийн сүлжээнд “цэвэр” Монголын тухай хэлэлцэнэ вэ?  Яагаад Хөх хотод Монголчууд банкны маягт дээр Монголоор (Хятадаар биш) нэрээ бичихийг уриална вэ? 1990-ээд онд хэрэглээнд нэвтэрсэн толь бичгүүд одоо уур бухимдал үүсгэнэ вэ?

Миний харж буйгаар Өвөр Монгол дахь өнөөгийн хэлний хувирал Монголчуудыг хэлээ хамгаалах мэдрэмжийг дэвэргэж “цэвэр” Монголын төлөө байхад хүргэж байна.

Өвөр Монгол хурдацтай хотжиж, Монголчууд нутагтаа цөөнх болж залуу Өвөр Монголчууд хурдацтай Хятадчлагдаж байна. “Монгол хэл их хямралтай тулгараад байна” гэсэн гарчигтай WeChat постд бичсэнээр дунд сургуулийн сурагчдад зориулсан Монгол хэлээр бичсэн сурах бичиг 1992 онд 68,000 байсан бол 2012 онд 21,000 хүртэл буурчээ гэж Бээжин дэх Үндэстэнүүдийн төв их сургуулийн судлаач Хишигтогтохоос эшлэжээ.

Залуу үеийнхний хэлний хувиралыг илтгэсэн өөр нэг үзүүлэлт нь их сургуулийн Монгол хэлний элсэлтийн шалгалтын дундаж оноо 2000 оны эхэн үеийнхээс буурсан байна. 2016 оны эхээр Өвөр Монголд хийсэн хээрийн судалгааны үеэр ахлах ангийн нэгэн багш ингэж хэлж байв:

“Өнөө үед сурагчид хангалттай сайн эссэ бичих нь ховор байна; ахлах ангийн зарим төгсөгчид Монгол хэлээр зохих дүрмийн дагуу эссэ бичиж чадахгүй байна.”

Төрөлх хэл доройтож эхэлсэн нь хотжилттой үлэмж хамаатай гэж Өвөр Монголын их сургуулийн Этнологи, Социологийн тэнхимийн мастерын оюутнуудын судалгаанд дүгнэжээ. Тэд Хөх хот дахь Монгол хүүхдүүдийн нийгэмших үйл явц уламжлалт хэв байдлаас өөр байгааг тогтоожээ (Sachirengui, 2013). Мөн тэд 2001 оны “Суурь боловролын шинэчлэл, хөгжлийн шийдвэр”-ээр (Uyanga, 2014) хөдөө нутаг дахь дунд сургуулиудыг хааснаас үүдсэн асуудлууд болон Үзэмчин хошуу “үүдээ нээсэн”, нүүдлийн мал аж ахуйд ямар нөлөө үзүүлсэн зэргийг судалсан байна (Bai, 2007). Эдгээр судалгаанууд хотжилт, үйлдвэржилт Хятаджилтыг хэрхэн хурдасгаж буй ба Монгол соёл, хэлийг дамжуулах Монголчуудын хүй холбооны задралыг янз бүрийн өнцгөөс харуулсан байна.

Дүгнээд хэлбэл нийгмийн өөрчлөлт нь дээр тайлбарласан хэлээ цэвэршүүлэх оролдлогуудын тайлбар ба ойлгох боломж олгож байна. Хэдийгээр нийгмийн өөрчлөлтийн гол хүчин зүйл нь хэлний хурдацтай хувирал, хэлээ цэвэршүүлэх сөрөг хөдөлгөөн мөн боловч эдгээрээс гадна Гадаад Монголын нөлөө болон нийгмийн сүлжээг үзэл суртал дэлгэрүүлэхэд ашиглах зэрэг нь нөлөө үзүүлэх юм.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.languageonthemove.com 

Ашигласан материал

Bai, F. (2007). Neeltiin yabch deh übür mongoliin maljih oroni soyol-in hobiralt [Cultural Change in a Pastoral Region in the Process of Development]. (Masters thesis), University of Inner Mongolia, Hohhot.

 Sachirengui (2013). Mongol nüüdel hüühediin niigemchileltiin tuhai sudalal [A Study on the Socialization Process of Mongol Migrant Children in Hohhot] Masters thesis, University of Inner Mongolia, Hohhot.

 Uyanga. (2014). Hüdee-gin surguulii nigetkhen tüblürülsenii daraa üüsen asuudaliin tuhai sudalal [A Study on the Regulation of Primary Schools in a Pastoral Region]. (Masters thesis), University of Inner Mongolia, Hohhot

  

Сэтгэгдэл бичих

arrow icon