Хятадын эдийн засаг “замбараагүй” их өсөлтийнхөө үеийг дуусгаж өсөлтийн шинэ шатанд шилжиж байна. Хятадын төрөөс “Хятадын үйлдвэрлэл 2025” гэсэн стратегийг хэрэгжүүлж олон тэрбум ам.долларын хөрөнгөтэй “аварга” хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулж байна. Тэд технологийн дараагийн шатанд шилжин эдийн засгийн өсөлтийн шинэ замналын эхийг тавина гэж буй аж. Энэхүү нийтлэлийг Ричард Козул-Врайт (Richard Kozul-Wright), Даниэл Пүүн (Daniel Poon) нарын НҮБ-ын эдийн засагчид бичсэн бөгөөд Монголын эдийн засгийн хөгжил, бодлого боловсруулагчдад сургамж, жишээ болж чадна хэмээн орчуулан хүргэж байна.
Дэлхий дахин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын Хятадын тухай дараагийн шийдвэрийг санаа зовнин ажиглаж буй энэ үед Хятадын удирдагчид эдийн засгийн өөрчлөлтийн дараагийн шатандаа төвлөрсөн хэвээр байна. Энэ бол бүх хүний сонирховол зохих зүйл бөгөөд ялангуяа АНУ-ын бодлого боловсруулагчдын хувьд.
Хятадын үйлдвэржилтийн үйл явц Зүүн Азийн бусад эдийн засгууд шиг ашигт чиглэсэн хөрөнгө оруулалт, идэвхитэй үйлдвэрлэлийн бодлого болон экспортийн чиглэлийг хослуулсан. Гэвч энэ хандлага тодорхой хязгаартай ба хэд хэдэн хөгжиж буй орнууд энэ хөгжлийн шатаар замнаж зарим нь дундаа гацаж зарим нь ухарсан байдаг. Харвардын их сургуулийн эдийн засагч Дани Родрик үүнийг “яаруу аж үйлдвэрлэлээ бууруулах” (premature deindustrialization) хэмээн тодорхойлсон.
Хятад дээрх замналаас зайлсхийхийн тулд 2015 онд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцяний дэвшүүлсэн “Хятадын үйлдвэрлэл 2025” хөтөлбөрийн хүрээнд улс орны үйлдвэрлэлийн модернизацийг зохицуулах гэж байна. Үүний стратеги нь өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд чиглэхээс гадна үйлдвэрлэлийн үйлчилгээ, үйчилгээнд чиглэсэн үйлдвэрлэл болон ногоон технологи энэ үйл явцийг хэрхэн дэмжих вэ гэдгийг харгалзаж байна.
“Хятадын үйлдвэрлэл 2025”-ын бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэсэг технологийн арван салбарын үсрэлтийг дэмжинэ. Үүнд: мэдээллийн технологийн дараагийн үе, өндөр чадалтай компьютер удирдлагатай багаж болон робот, сансрын болон агаарын технологи, шинэ үеийн эрчим хүч ашигладаг машин, био эм болон өндөр чадалтай эмнэлгийн багаж хэрэгсэл зэрэг багтаж байна.
Энэ хөтөлбөрийг заримдаа хуучин цагийн дээрээс доош чиглэсэн мерканталист арга хэрэгсэл болон импортийг орлуулах бодлого гэж үздэг. Гэвч ингэж үзэх хандлага Хятадын үйлдвэрлэл, санхүүгийн бодлогын идэвхитэй туршилтыг орхигдуулдаг. Тодруулбал эдгээр туршилтууд бодлогын үнэлгээ болон инновацид үнэ цэнэтэй сургамж үлдээж болно. Зөвхөн хөгжиж буй орнууд үйлдвэрлэлээ шинэчлэх, төрөлжүүлэх стратегийг зохиож байгаа юм биш, АНУ мэтийн зарим хөгжингүй эдийн засаг үйлдвэрлэлийн сууриа сэргээх гэж оролдож байна.
Одоо үйлдвэрлэлийн бодлогыг танилцуулъя. 2025 он хүртэлх Хятадын стратегийн дагуу дэлхийн зах зээлд байр сууриа дээшлүүлсэн, олон улсад өрсөлдөхүйц хэд хэдэн үндэстэн дамнасан корпорацитай болох ёстой. Цаашлаад тэр үед Хятадын гол үйлдвэрлэлүүд эрчим хүч, түүхий эдийн хэрэглээ, бохирдлын олон улсын стандартыг мөрддөг болох ёстой. 2035 он гэхэд Хятадын эдийн засаг бүрэн үйлдвэржинэ гэж таамаглаж буй.
Эдгээр томоохон зорилтууд дотоодын болон гадаадын тодорхой салбаруудын зах зээлд нэвтрэхэд үндэслэсэн. Жишээ нь 2015 онд микросхемийн[1] дотоод зах зээлийн 41%-ийг хангаж байсан бол 2030 он гэхэд дотоодын хэрэглээний 75%-ийг хангахаар зорьж байна.
Хөтөлбөрийн анзаарагдалгүй үлдсэн нэг хэсэг нь илүү дэвшилттэй санхүүгийн бодлогын зохицуулалт юм. Үйлдвэрлэгч компаниудын зардлыг бууруулахын тулд санхүүгийн шинэ суваг үүсгэх стратеги санаачлан Хятадын хөгжил-санхүүгийн институтиудийг тодорхой зорилгод чиглэсэн үйл ажиллагааг илүү дэмжих талаар ажиллана. Ялангуяа Хятадын Экспорт-Импорт банк үйлдвэрлэгч компаниудаа гадаадын зах зээлд нэвтрэхийг дэмжин хөрөнгө оруулна. Харин Хятадын Хөгжлийн банк вентур капитал, хувийн хөрөнгө оруулалтын сан зэрэг бусад санхүүгийн институтийн санхүүжилтийг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэлийн компаниудад өгөх зээлээ нэмэгдүүлэх хэрэгтэй.
Энэ аргыг Хятадууд нийтийн хөрөнгө оруулалтын хуваарилах үүрэгтэй засгийн газрын зохицуулалтын сан (government guidance fund-GGF) хэмээх зориуд байгуулсан санхүүгийн хэрэгсэлүүдээр дамжуулан шинэчлэл, дэвшлийн зорилгыг биелүүлнэ гэж найдаж байна. Макинзэйн судалгааны дагуу энэ “зах зээлд илүүтэй суурилсан хөрөнгө оруулалтын хандлага” бол “амжилтанд хүрэх боломжоо ихэсгэх зоригтой туршилт” юм хэмээн тодорхойлжээ.
Энэ хандлагыг Хятадын төрийн дэмжлэгтэй Цинхуа Юнигрупп 150 тэрбум юанийг (21.8 тэрбум ам.доллар) Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг сайжруулахад зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ санхүүжилтийн 100 тэрбум юань нь Хятадын Хөгжлийн банкнаас, үлдсэн 50 тэрбум юанийг 2014 онд байгуулагдсан Үндэсний Микросхем Үйлдвэрлэлийн Хөрөнгө оруулалтын сан хариуцаж аж.
Засгийн газрын зохицуулалтын сангуудын үүрэг өссөөр байх болно. 2015 онд 297 ийм сан байгуулсан ба нийт хөрөнгө нь 1.5 триллион юань байсан нь 2014 оныхоос тав дахин өссөн үзүүлэлт юм. Орон нутгийн хэмжээний зохицуулалтын сангууд хамгийн олон тоотой байсан боловч олонхи нь сангийн чиглэлд зохион байгуулагдсан байсан.
Өнгөрсөн жил нэмж хоёр үндэсний хэмжээний зохицуулалтын сан байгуулсан. Үүнд 30 тэрбум ам.долларын хөрөнгөтэй төрийн вентур капитал хөрөнгө оруулалтын сан болон 50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй төрийн бүтцийн өөрчлөлтийн сан (эдийн засгийн бүтцийн өөрчлөлт Орч.) байгаа юм. Энэ хоёрын үндсэн хувьцааг төрийн өмчийн Хөрөнгө зохицуулалт, удирдлагын хороо эзэмшдэг. Энэ оны нэгдүгээр сард Хятадын Торгоны Замын сан Хятад, Сингапур, Японы зарим хөрөнгө оруулагчтай хамтран 800 сая ам.долларын хөрөнгөтэй Хоуан Инновацийн санг (Hou"an Innovation Fund) байгуулан автомат жолоодлоготой машин, ухаалаг төхөөрөмж, үүлэн тооцоолол (cloud computing), том дата (Big Data), хиймэл оюун ухаан зэрэг салбарын технологийн старт-апуудад хөрөнгө оруулах болов.
“Хятадын үйлдвэрлэл 2025” хөтөлбөрийн үйл явц болон дээрх янз бүрийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлүүдийг ашиглах талаар цаашид харах зүйл олон байна. Хэдийгээр Хятад (Хятадын төр Орч.) стратегийн салбаруудын шинэ, өндөр технологид хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлж буй ч хөгжиж, зах зээлд холбогдохын хэрээр өмч, хөрөнгөө хадгалж үлдэхийг хүсэж байна. Хэрвээ амжилттай хэрэгжвэл өсөлтийн шинэ эх сурвалжийн институционал суурийг тавьсан гэсэн үг юм. Мөн инновацийн үр өгөөж эдийн засагт нэвчиж эхэлснээр Хятад өндөр орлоготой улс болох зорилгодоо илүү ойртоно.
Хятадын үйлдвэрлэл, санхүүгийн бодлогын туршилтууд өндийж буй эдийн засгуудад дунд хэмжээний орлогын урхинаас яаж зайлсхийх талаар чухал ойлголт өгч магадгүй. Харин АНУ-ын хувьд доройтож буй үйлдвэрлэлийн сууриндаа анхаарч байгаа ба сургамж нь ч ойлгомжтой байна. Брад Делонг болон Стифен Кохен нар тайлбарласанчлан АНУ одоо прагматик үйлдвэрлэлийн бодлогын уламжлалаа сэргээж жинхэнэ эдийн засагт санхүүгийн урсгал нээн, дундаж ангийг өндийлгөх шинэ үйл ажиллагаануудад хөрөнгө оруулах хэрэгтэй юм.
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: www.project-syndicate.org
Энэ нийтлэлийг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-нд www.project-syndicate.org вэбсайтад нийтлэжээ.
[1] Өөрөөр хэлбэл микрочип. Цахилгаан барааны үйлдвэрлэлд өргөн ашигладаг (Орч.).
Сэтгэгдэл бичих