Нийтлэл 05 сарын 09, 2017

ТҮҮХ: Ленинградын хар талх

Эдгээр өдрүүдэд Аугаа их Эх орны дайны ялалтын баярыг тэмдэглэж байна. Дайнд үрэгдэгсдийг хүндэтгэн хойд хөршийн олон хотод сүрт парад, том жагсаал хийж, концерт тоглодог уламжлалтай. Дайны жилүүдэд Монголчуудаас гаргасан сэтгэлийн дэмжлэг, өгсөн тусад талархаж, монгол морьдын хөшөө саяхан сүндэрлэлээ (энд).

Берлинд 1945 оны 5-р сарын 8-ны орой (Москвагийн цагаар 5-р сарын 9 болчихсон) Герман болзолгүй (үг дуугүй) бууж өгөх баримтанд гарын үсэг зурснаар ЗХУ Дэлхийн 2-р дайнд ялсан. Энэ өдөр зөвхөн Зөвлөлт ялсны баярын өдөр биш, их аймшиг, их гарз хохирол, гай зовлон дагуулсан дайн дуусаж, энх тайван цаг эргэн ирсэн баярт өдөр. Дайны үр нөлөөг амсч, хохирч, зовсон бүх ард түмний “Баярын өдөр”.

Орчин үеийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бүслэлтэнд байж, хүнд хэцүүг урт хугацаагаар туулсан нь Ленинград (одоогийн Санкт-Петербург) хот. Тэнд амьдарч байсны хувьд, Ленинград, Ленинградчуудыг Оросын бусад хотуудаас өөр гэдгийг мэдэхийн хувьд энэ өдөр миний хувьд энгийн биш өдөр.

1941 оны намраас 1944 өвөл хүртэл 872 хоногийн бүслэлтийн хугацаанд хотын 2.5 сая иргэдээс 1.5 сая нас барснаас 97% нь өлсгөлөн, өвчнөөс, 3% нь бөмбөгдөлтөнд амь эрсэджээ. Бүслэлт эхлэнгүүт хүнсний нөөц дуусч, талоноор олгож эхэлжээ. Жирийн иргэд өдөрт 125 гр, ажилчид 250 гр хар талхны нормтой. Эргэн тойрны бүх хуурай газрыг бүсэлж, хот руу орох гарах зам, төмөр замыг бүгдийг хаажээ. Бүслэлт эхэлснээс 3 сарын дараачаас гудамжинд өлсгөлөнгөөс болж нас барсан хүмүүсийн цогцос харагдаж эхэлжээ. Агаараар, усаар гэсэн хоёр аргаар хүнс залгуулах боломжтойгоос онгоцоор хүнс тогтмол зөөгөөд байх аргагүй тул хотын зүүн хэсгээр Ладога нуурын ус хөлдөнгүүт хот руу маш бага хэмжээгээр хүнс нууцаар оруулдаг, эргээд хүүхдүүдийг бүслэлтээс зөөж гаргана. Олон хүний амьдралыг залгуулж “гадна” ертөнцтэй харьцах ганц жим байсан болохоор түүнийгээ “амьдралын зам” гэж нэрлэж байж. Идэж болох бүх л зүйлийг иддэг байж, муур нохойг идэж, сүүлдээ хулгана харх ч харагдахаа больсон гэдэг. Цавуу, мод, холтос, арьсан гутал, ширэн бүсийг буцалгаж шөл болгоно. Өвлийн хүйтэн, тог цахилгаангүй, түлэх түлээгүй, идэх хоолгүй, олон хоног сарын өлсгөлөнт тарчлаанд юу ч хийхээс сийхгүй мэт санагдавч тэд оюунт хүн хэвээрээ байсан.

Ленинградын газар тариалангийн хүрээлэнд Зөвлөлтөд төдийгүй дэлхийд цор ганц байх үр тарианы фондод олон тонн үр тариа, төмс, будаа бүтнээрээ үлдсэн байдаг. Өлссөн хотынхон ширхэг ч төмс, атга будаанд гар хүрсэнгүй, хүрээлэнгийн 28 ажилтан өлсгөлөнгөөс болж нас барсан байдаг. Дайны дараа чухам энэ фондын ачаар газар тариалан, хөдөө аж ахуй эргэн сэргэж олон сая хүнийг хүнстэй залгуулж, амьдрал бэлэглэсэн ачтай газар гэдэг. Бидний өнөөдрийн идэж буй төмс, ногоо, гурил ч энэ фондоос эхтэй болов уу хэмээн бодно.

Үр тарианы фондын ажилчдын дурсгалд зориулсан дурсгалын самбар.  

Үр тарианы фондын хэсэг.

Бүслэлтийн үеэр сургууль, үйлдвэрүүд ч ажилласаар л байсан гэдэг. Кировын завод гэх бүслэлтээс хэдхэн километрийн зайтай үйлдвэрт танк, зэвсгийн үйлдвэрлэл явагдаж л байсан. Урлаг, соёлын амьдрал зогсолгүй, радио чанга яригчаар Шостаковичийн 7-р симфони эгшиглэж, хотынхон ч германы цэргүүд ч сонсож, иргэд театр, музейд очсоор л байсан гэдэг. Бүслэлтийн дараа, дайны үед ч музей, музейн үзмэрүүдийг сэргээн засварлах ажил эхэлсэн байдаг.

Москвагийнхан Ленинградчуудыг “тосгоныхон”, “хөдөөнийхөн” гэцгээдэг юм. Аймшигт зовлон амссан Ленинградчууд бусад хотын иргэдээс тэс өөр, эелдэг, хөгшчүүд нь дотроосоо гэрэлтсэн, харьцаа сайтай, найрсаг, тусархаг. Шинжлэх ухаан, түүх, урлаг соёлын уурхайд амьдрахаас гадна зовлонг биеэрээ мэдэрсэн улсууд болохоор бүр илүү боловсорсон санагддаг. Магад, өлсөх, даарах, өвдөхийн зовлон туулаагүй, соёл, урлагаас хөндий, хал пал харьцаатай, хаяг асуухад дайрчих шахам өнгөрөх, бухимдуу, ширүүн улсууд тэдэнд “хөдөөнийхөн” мэт санагдавч тоолгүй өнгөрөөх өрөвч сэтгэлтэй гэгээлэг улсууд. Ленинградад анх очоод дэлгүүрт тал талх, талын тал талх зүсүүлж авч болохыг хараад их сонин санагдаж билээ. Зүсэм талх хүний амьтай дүйсэн хэцүү цаг үеийг туулсан болохоор талх их үнэ цэнэтэй. Хөгшин залуу хэнбугай ч талхны үйрмэгийг ч хаяхгүй, талхыг бүтнээр авчихаад идэхгүй удаачихаад үлдсэн хэсгийг хаяна гэсэн ойлголт үгүй. Тэр зуршил гадныханд ч сууж, би одоо ч талхны үйрмэг хаядаггүй, хүнс хоол үлдээж хаяхгүйг хичээдэг.

Германчууд Ленинградыг газрын хөрснөөс арчих бодолтой байсан гэцгээдэг ч би хувьдаа өөр байгаасай гэж боддог. Германчууд өөрсдөө соён гэгээрлийн их түүхтэй улс учир өв соёлын өлгий Ленинградад байх их соёл, түүхийн өвийг сөнөөх, газартай тэгшлэх харгис санаа байхгүй байсан болов уу. Ленинградын ойролцоох түүх соёлын дурсгалт олон газрыг эзэлсэн ч газартай тэгшлээгүй үлдээсэн. Тиймдээ ч түүх, соёлын үнэлж баршгүй өв хадгалагдах олон ордонг сэргээж болох хэмжээнд үлдээж, одоо дэлхийн олон сая хүний нүд сэтгэлийг баясгаж байна. Балтийн тэнгисийн флотын бааз байрладаг, Ленинградын үйлдвэрүүдэд дайны зэвсэг техникийн 30 хувийг хангаж байсан, алдарт Катюша харвагчийг хүртэл тэнд хийж байсан. 10 гаруй үйлдвэрт цэргийн онгоц үйлдвэрлэж байж. Үйлдвэрлэлийн том төв байсныг дагаад шилдэг мэргэжилтнүүд олноороо ажиллаж байсан. Газартай нь тэгшилж эзлэн авахад 3 сарын хугацаа хэрэгтэй байсан гэдэг ч стратегийн ийм чухал газрыг 3 жил бүслэлтэнд байлгаж, хүн ардыг нь хүнс хоолоор тасалж, өлсгөлөнгөөр л буулгах санаатай байсан болов уу.

Дэлхийн хүн амын 80 хувийг хамарсан Дэлхийн 2-р дайнд 60 гаруй улс орон оролцож, 70 сая хүн амь үрэгдсэн, дэлхийн хамгийн их хохирол дагуулсан дайн гэдэг.

Невскийн өргөн чөлөө.

Зуны ордон Петергоф.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon