“Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээний хүрээнд “Инновацийн форум-2017” төрийн ордонд зохион байгуулагдлаа. Форумд их сургуулийн судлаач, эрдэмтэд, бизнес эрхлэгчид болон инновацийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөлөгчид зэрэг олон төлөөлөл оролцлоо.
Энэ жилийн Инновацийн форумыг Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь нээж үг хэлэв. Тэрээр Монголын инновацийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн хууль, бодлогын баримт бичгүүд батлагдсаныг дурьдаж ба тэдгээрт үндэслэн зарим бодлогыг хэрэгжүүлж буйг тэмдэглэв. БСШУ-ны яамны зүгээс шинжлэх ухаан, технологийн парк байгуулах, гарааны бизнесийг дэмжих чиглэлд ажиллаж байгааг мэдэгдэв. Мөн форумд зориулж Монголын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нарын илгээлтийг төлөөлөгчдөд нь танилцууллаа.
УИХ дахь Инновацийг дэмжих лобби бүлгийг төлөөлөн УИХ-ын гишүүн Н.Учрал форумд оролцон инновацийн хөгжилд тулгарч буй асуудлуудын тухай ярилаа. Тэрээр 2007 онд батлагдсан Үндэсний Инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүн хангалтгүй, сурталчилгаа муу хийгдсэн гэв.
Форумд оролцогчид Монголын инновацийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн асуудлаар саналаа хэлэв. Үүнд Монгол дахь гарааны бизнесийн хөгжил, санхүүжилт, төрийн бодлогоор инновацийг дэмжих хэрэгтэйг сануулж байв. Цаашлаад банкуудын татварын хүү өндөр байгааг зарим оролцогчид онцлов.
Форумын панелистуудад УИХ-ын гишүүн Н.Учрал, МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Лодойравсал, Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, БСШУ-ны Инноваци, Өндөр технологийн хэлтэсийн дарга Д.Одгэрэл, Алибаба группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал В.Мөнхбаяр, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал зэрэг хүмүүс оролцов.
Форумд оролцохоор ирсэн Юнескогийн Ази Номхон Далайн бүсийн Шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал Шахбаз Хан “Инновацийн хөгжлийн олон улсын туршлага” нэртэй илтгэл танилцуулан Монгол улс Юнескотой инновацийн чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг хэлэв. Тодруулбал Юнескогийн GO-SPIN хэмээх шинжлэх ухаан, технологи болон инновацийн хөгжлийн төсөл, төлөвлөгөө боловсруулах, бодлого хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр юм.
Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал төрийн худалдан авалт инновацийг дэмжих нэг чухал хөшүүрэг гэдгийг онцлон одоогийн байдлаар худалдан авалтад инновацийн 52 төсөл цуглуулан үнэлгээ хийж байгаа гэв.
МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Лодойравсал Монголын инновацийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг тайлбарлан “бизнес эрхлэгч, судлаачдын хооронд ойлголцол үүсэхгүй байгаа” болон хоёр тал ашгаа булаацалдах хандлага байна гэлээ. Тэрээр энэ асуудлыг шийдэхэд инновацийг бодит амьдрал амжилттай нэвтрүүлж чадсан “Үндэсний баатар” хэрэгтэй гэдгийг тэмдэглэв.
Форумын төгсгөлд оролцогчид хамтдаа зургаа дарууллаа.
Сэтгэгдэл бичих