Сингапурын удирдагч Ли Куан Ю бол улс орноо удирдах ур чадвар, түүхэн зүтгэлээрээ олон улсад хүндлэгдсэн удирдагч юм. Түүнийг 2015 онд нас барснаас хойш Испани, Энэтхэг зэрэг улсуудад олон хөшөө, нэрэмжит цэцэрлэгийг нь байгуулжээ. Тэрээр Сингапуртаа асар их хүндлэгддэг ч гэсэн хөшөөгөө босгуулахыг хүсээгүй аж. Гэвч түүний хүү одоогийн Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун зөвхөн цээж баримлыг нь музейн хамт босгожээ. Ли Куан Югийн үлдээсэн гурван өвийн тухай ярьсан Кишор Мабубанигийн (Kishore Mahbubani) яриаг орчуулсныг хүргэж байна. Кишор Мабубани Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн захирлын алба хашихаас гадна Азийн улс төр, эдийн засгийн асуудлаар хэд хэдэн ном бичсэн. Тэрээр Сингапурын гадаад харилцааны албанд цөөнгүй жил ажиллаж, НҮБ-д хүртэл Аюулгүйн зөвлөлийн дарга хийж байсан юм.
Шударга байх
Эрхэм Ли болон түүний хамтран зүтгэгч Сингапурыг үндэслэгч нар үнэнч, шударга байх соёлыг бүтээсэн нь Сингапурт үлдээсэн хамгийн том бэлэг юм.
Эрхэм Ли авилгын аюулын тухай үргэлж анхааруулж байсан. 2005 онд Куала Лумпурын "Дэлхийн ёс зүй, шударга байдал"-ын форумд тэрээр: Одоогийн Сингапурын Засгийн газар 1959 онд засгийн эрхэнд гарах үед цэвэр, ёс зүйтэй Засгийн газар байгуулахыг зорьж байсан. Бид ёс зүйтэй, авилгач бус манлайллыг сонгуулийн кампанит ажлын үндсэн асуудал болгосон. “Энэ бол коммунист Барисан Сосиалис (Barisan Sosialis) болон түүний холбоотнуудын гүтгэлэгийн эсрэг сөрөлт байв.”
Эрхэм Ли 1987 онд амиа хорлосон Үндэсний хөгжлийн яамны сайд Тэ Чэанг Ваны асуудлаар парламентад хэлсэн үгэндээ: Авилгач хүмүүсийг хязгаарладаг олон нийтийн хамгийн хүчирхэг хориглолт буюу авилгыг үл зөвшөөрөх хандлагыг шоронгийн ялаар бүтээхгүй.” гэжээ.
Сингапур бол дэлхий дээрх авилгагүй цөөн орнуудын нэг. Гэхдээ саяхан өндөр түвшний авилгын хэрэг гарсан. Трансперенси интернешнлын Авилгын индексээр 2013 онд тавдугаар байранд байсан бол 2015 онд наймдугаар байр руу ухарсан. Тиймээс бид бардамнах хэрэггүй
.
Олон Сингапурчууд ойлгомжгүй асуудал үүсэх хүртэл шударга байх соёлыг цэвэр агаар заяасан шиг анхнаасаа байсан мэтээр хүлээж авдаг. Бид ойлгомжгүй байдал үүсэхээс сэргийлэх талаар идэвхитэй бодох хэрэгтэйгээс гадна шударга байх соёлыг бэхжүүлэх аргыг эрэлхийлэх хэрэгтэй. Бид бусад улсуудаас суралцаж чадна.
Сингапурын хамгийн том давуу талуудын нэг нь дэлхийн хамгийн том гадаад валютын нөөцтэй орнуудын нэг юм. Энэ бол бидний үнэмлэхүй нөөцийн бодлого юм. Хэрвээ байдал буруугаар эргэвэл бид байгалийн баялаггүй учраас цуглуулсан нөөцөндөө найдах болно
. Хэдийгээр бидний олонхи нь хичнээн нөөцтэйгөө мэдэхгүй ч маргааш юу болохоос айлгүй унтдаг. Олон шударга хүн нөөцийг хамгаалж байдгийг бид мэднэ. Энэ бол эрхэм Лигийн үлдээсэн өв юм.
Эсрэгээр маш олон газрын тос олборлогч орнууд баялгаа үрэн таран хийжээ
. Муу жишээ авах нь Сингапурчууд хэт бардамнаж буй мэт харагдана. Тийм учраас “нэр оноож ичээх” зүйл хийхгүй байя. Гэхдээ газрын тос олборлогч Норвегийн жишээнээс суралцаж болно. Хадгаламжаа хамгаалах гайхалтай ажлыг хийсэн. Хадгаламжаа хамгаалах арга нь ил тод байдал байсан. Хэрвээ та www.nbim.no гэсэн вэбсайт руу орвол Норвегийн баялгийн сангийн орлого, зарлагыг харж болно. Вэбсайтад хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын стратеги зэрэг хөрөнгө оруулалтын олон мэдээллүүд бий.
Институти
Эрхэм Ли Сингапурт хүчирхэг институти бүтээхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Тодруулбал Харвардын их сургуулийн улс төр судлаач Самуэл Хантингтоны таамаглал биелээгүй гэсэн үг юм. Профессор Хантингтон 1995 онд “Сайд Лигийн Сингапурт авчирсан шударга, үр дүнтэй байдал түүнийг булшинд нь дагаж орох болно”
гэж байсан.
Эрхэм Ли нас бараад нэг жил болж байна. Гэвч түүний байгуулсан олон институти цагийн шалгуурыг давах нь тодорхой байна. Цөөн хэдэн институтийг нэрлэхэд төрийн алба, боловсролын систем, гадаад харилцааны алба, тагнуул, шүүх болон цэрэг зэрэг багтаж байна. Эдгээр институтуудын хүчин чадал нь олонхи Сингапурчууд аюулгүй гудамж, цахилгаан болон усны найдвартай хангамж, цэвэр орчин, сайн дунд болон их сургууль, хүчирхэг хуулийн засаглал, гадны цэргийн довтолгооноос айх аюулгүй орчинд амьдарч байгаагаар илэрнэ. Эдгээр шинжүүд бидэнд өгсөн бэлэг юм. Гэвч бид заяагдсан мэт хүлээж авдаг.
Цаашдаа манай олон институтууд сайжрах боломжтой. Миний нийтлэлээс энгийн уншигчид манай төрийн албанд эрсдэлээс зайлсхийх соёл тогтсоныг анзаарсан байх. Эрхэм Хове Юүн Чонг, эрхэм Пиллай, эрхэм Сим Ки Бүүн, эрхэм Нгиам Тонг Дов болон эрхэм Филип Ео зэрэг манай улсын үндэслэгч эцгүүд том эрсдэл хүлээж хатуу саналуудыг дэмжихэд бэлэн байдаг байсан. Өнөөдөр үүн шиг жишээ олоход хэцүү. Үүнтэй зэрэгцээд бид өнгөрсөн 50 жилийн эдийн засгийн өсөлтийн жор дараагийн 50 жилд таарахгүй байх гэж зовинож буй
. Бид хайрцагнаас гаднах сонголтуудыг оролдож үзэх хэрэгтэй. Гэвч эрсдэлээс зайлхийсэн төрийн алба үүнийг хийхэд зориулагдаагүй. Бид энэ соёлыг хэрхэн өөрчилж чадах вэ? Энэ амаргүй байх болно. Түүхээс харвал эрсдэлээс зайлсхийсэн компани, байгууллагууд урт хугацаандаа амжилттай байдаггүй
. Тэгэхээр бид өөрсдийгөө хойш татах үр жимсээ суулгасан гэж үү? Эрхэм Ражаратнамаас ишлэвэл бид ”сэтгэшгүйг сэтгэх” ёстой болжээ.
Тусгаар тогтнол
Өөр нэгэн бидэнд үлдээсэн бэлэг бол тусгаар тогтнол. “Тусгаар тогтнол”-д итгэх итгэл үнэхээр гайхалтай. Эрхэм Ли бидэнд Сингапурын заяагдмал сул талыг үргэлж анхааруулж байсан. Гэсэн хэдий ч түүний хүчирхэг зан чанар болон олон улсын нэр хүнд нь Сингапурын геополитикийн орон зайг тэлж Сингапурыг маш хүчирхэг, тогтвортой харагдуулж чадсан
.
Түүнийг албан тушаалаа орхивол би Сингапур шиг 719 км2 газар нутагтай жижиг улс одоогийн олон улсын дэг журамд эзлэж байгаа геополитикийн орон зай нь багасна гэж итгэж байсан. Манай удирдагчид, институтуудын хэлсэнээр манай геополитикийн орон зай багассангүй.
Эрхэм Ли болон түүний хамтран зүтгэгч эцгүүд Сингапурын тусгаар тогтнолд итгэх улс төрийн үлэмж итгэлийг иргэдийн дунд бий болгосон. Бид Индонезийн ерөнхийлөгч асан Хабибиэ Сингапурыг “жижиг улаан цэг” гэдэгт өөрсдөө хариу өгч чадсан. Бид одоо нэр төрийн одон зүүж, цээжээ дэлдэж энэ жижиг улаан цэг оршин тогтнох болно гэж хэлэх болно. Энэ жижиг улаан цэгийн амьдрах чадварт итгэх үлэмж итгэл нь бахархмаар зүйл юм. Гэхдээ санаа зовох зүйл байна. Жижиг улсууд ирээдүйнхээ тухай хэтэрхий итгэлтэй байх хэрэггүй. Харин тэд үргэлж паранойя байх хэрэгтэй. Энэ бол Сингапурын оршихуйн мөнхийн дилемм байх болно. Бид паранойя байхын хамт өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Товчоор хэлбэл бид оршин тогтнохын тулд содон мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хэрвээ бид үүнийг дараагийн зуун жилд хадгалж чадвал бид эрхэм Лигийн өв цагийн шалгуурыг давсан гэдгийг харуулна.
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: www.mahbubani.net
Сэтгэгдэл бичих