Сонгуульд дөхөөд ойрд Фэисбүүк дээгүүр аймаар юмс их болж байна. Харвал, хятадууд ер нь монголчуудыг алж хүчиндээд хулгайлаад нэгмөсөн сөнөөхөөр шийдсэн бололтой. Аймхай хүн 10 үхдэг гэсэн монгол үг бий. Шууд үгчлэхээс гадна далд утга ихтэй, нэлээн өргөн агуулгатай. Хэдхэн жишээ нүдээдхэе. Уншаад жаал эргэцүүлнэ биз. Анхааруулахад, энэ бичвэр бол улстөржилт, талцал нтр огт биш юм байгаан. Зүгээр л энд тэндээс уншиж байсан түүхэн жишээнүүдээ сонирхуулжуугаа малдаа.
1. Цайны худалдаа наймаа өргөжсөнөөр 1833 онд Английн “East India Company” цайны зах зээл дээрх монополио алджээ. Тэгээд Хятадад хар тамхи зарах нь хэдэн 10 нугалсан ашигтай бизнэс болохыг олж харжээ. Энэ бизнэс Манж /хятадыг эрхшээж байв/улсыг мөхөөж эхлэв. Ердөө 10-хан жилийн дотор нийт хүн амын гуравны нэг /120 сая хүн/ нь ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсны зэрэгцээ эдийн засаг нь бүрэн утгаараа сүйрч. Энэ 10 жилийн хугацаанд Манж улс 7 сая мөнгөн долларын орлого олсон бол, 56 сая долларыг зөвхөн хар тамхинд зарцуулсан байна. Хувь хүн дээр жишээлбэл: 700 мянгын цалинтай хүн 5 сая 600 мянгаар архи уучжээ гэсэн үг. Цалингаас нь давсан 4 сая 900 мянгыг яаж олов гэхээр эцгийн үлдээсэн буянг барсаан гэсэн үг.
Ингээд хаан сандарч хар тамхинд хориг тавьж хүртэл үзээд барсангүй. Эцэст нь халдвал хар халзанд нь гэж. Шууд англичуудын хар тамхийг хурааж, наймаачдыг нь шоронд хийлээ. Үүнд эгдүүцсэн англичууд цэрэглэн дайрч манжийн ядруу армийг сөнөөж орхив. Нум сум, сэлэмнээс бүрэн салаагүй дундад зууны шахуу армийг тухайн цагийнхаа шилдэг зэвсгээр зэвсэглэсэн арми яаж бавах нь тодорхой. Үүнийг түүхэнд Хар тамхины I дайн, Хар тамхины II дайн /Францтай байлдсан гэдэг байхаа/ гэхчлэн нэрлэдэг. Дайнд ялагдсан Манж улс Англид дайны төлбөр төлөхөөс гадна Хонконгийг бас нэмж өглөө. Ингээд зогссонгүй, Гуанжоу, Самэнь, Фучжоу, Нинбо, Шанхай гэсэн 5 боомтоо барууныхны мэдэлд бүрэн өгсөн тул хар тамхины наймаа хууль ёсны болсон төдийгүй Хятад орон гадаадын бараа бүтээгдэхүүнд бүрэн нээлттэй зах зээл нь болон хувирчээ.
Ингээд хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг, нийтийн жорлон болсон тул хятадуудын барууныг үзэн ядах сэтгэл багтарсаар 1899 онд бослого болон дэлбэрлээ. Хятадууд юу гэж нэрлэдгийг мэдэхгүй байна. Барууны түүхэнд үүнийг “Боксерын /нударган зодоончдын- тэдэнд зэвсэг байсангүй/бослого” гэнэ. Цөс нь хөөрсөн гарууд хятадад байсан хэдэн мянган загалмайтны шашны номлогчдыг толгойг нь тасдах, амьдаар нь өвчих зэргээр хэрцгийгээр алж хэдэн арван мянган христэд итгэгч хятадуудыг алж хядсан үйлдэл хийснийг төр нь нүд анин өнгөрөх байдлаар өөгшүүлэн дэмжиж байв. Давраад 1901 онд Германы элчин сайдыг алж орхисон тул 25.000 хүний бүрэлдэхүүнтэй 8 улсын цэргийн хүчин Бээжинг эзлэсэн ба зугтан гарсан Манжийн засаг захиргаа Барууныхны шаардлагыг хүлээн авч их хэмжээний мөнгөөр төлбөр хийн Бээжинг эргүүлэн авчээ. Аваад нэмэр болсонгүй. Манж Дайчин гүрэн гэж байсан маш том улс үндсэндээ мөхөж алга болов. /Харин үүнээс Монголчууд хожсонд их баяртай байдгаа нэмэн дурдсуу/
2. 1877-1878 оны Орос Туркийн дайнаар Османы эзэнт гүрэн нурж, Болгарчууд Туркийн 500 жилийн дарлалаас чөлөөлөгдөн улсаа байгуулж авлаа. Ганц Болгар ч биш, Балканы хойг дээр Серб, Румын, Грек, Черногори, Босни, Герцеговина зэрэг олон жижиг улсууд үүссэн юм. Нэг том улсын хармаанд багтаж явсан тул үндэстнүүд их холилдсон, энд тэндгүй суурьшсан маягтай байсан юм. Шашин шүтлэгээр л хоорондоо ялгарч байсым болов уудаа.
Болгарууд энэ түүхэн нөхцөл байдлыг ойлгож байсан эсэх нь тун эргэлзээтэй. Ямартай ч, тэд хүний ачаар хүлээснээс ангижирснаа үл ойлгон, өөрсдөө улс байгуулж чадсан юм чинь цаашлаад энд тэнд “дарлагдан зовж буй ахан дүүсээ нэгтгэн” Агуу их Болгар улс бий болгох мөрөөдөлд автцан байв. Өчигдөрхөн өөрийг нь дээрэлхэж байсан туркууд их дорой харагдаж нтр. Чөлөөлөгдсөн жижиг улсуудтай нийлж Туркийг нүдсэн явдал хүртэл гарч. Түүхэнд Балканы нэгдүгээр дайн гэж тэмдэглэсэн байна.
Ингээд омогшил нь багтахаа байсан Болгарууд 1914 оны 6 сард гэнэт Македони руу дайрчээ. Санаанд нь багтсан хэрэг. Энэнд нь Балканы хойг дахь бусад улсууд нь дургүйцлээ. Өчигдөрхөн зовж байж нэг торноос гарчаад, өнөөдөр ижилхэн нэгнээ дээрэлхэв гэж үзэн тал талаас нь дайрчээ. Ганцхан сарын дотор Болгар шившигтэйгээр ялагдсан ба Болгарт шунаж байсан эргэн тойрных нь улсууд чадах чадахаараа мужуудаас нь хэсэглэж авав. Туркээс салж байсан үеэсээ жижгэрч дордсон Болгарууд дотроо хорсол тээгээд үлдсэн байна. Үүнийг Балканы 2 дугаар дайн гэдэг.
1914 онд Дэлхийн 1 дүгээр дайн эхлүүт Болгар шууд Германчуудтай холбоотон болов. Хүчирхэг улсыг дагаж нөгөөдүүлээсээ хонзонгоо авах гээд байгаа хэрэг. Гэвч Германчууд ялагдан Болгар ахиад л шившиг боллоо. 1918 оны 11 дүгээр сард Болгарын ерөнхий сайд Стамболийский ялагч гүрнүүдтэй энхийн гэрээ хийв. Энэ гэрээгээр Болгар Эгейн тэнгист хүрч байсан цорын ганц гарц болох Струмици нутгаа алджээ. Армийг нь 20 мянган хүнээс хэтрэхгүй байх, тэнгисийн цэргийн флоттой байх эрхгүй болгон асар их дайны төлбөр ногдуулав. Харин энэ нь Болгарын үндсэрхэг үзэлтнүүдийн өшөөг бүүр гааруулав. Алдагдсан газар нутгаа эргүүлэн авч, доромжлогдсон нэр төрөө сэргээхээр тэчяадан байтал аз гийн Герман хүчирхэгжиж Дэлхийн 2-р дайныг өдөөлөө. 1923 онд Болгарын фашист, үндэсний үзэлт намууд нь нэгдэн “Ардчилсан Зөвшилцөл” гэгч нам байгуулсан ба тэд үг сүггүй фашист Германтай нэгджээ. 1941 оны 4 сард “Кладиус-Поповын гэрээ”-гээр Балканы хойг дахь Германы гишгэж өнгөрсөн газруудыг өөрийн нутаг гэж зарлан “Агуу их Болгар улсаа” бараг байгууллаа. Гэвч Германууд ялагдаад ирэхийн алдад Болгарт фашистууд нь алга болж, энд тэндгүй баахан коммунистууд бий болсон бөгөөд тэд Оросуудыг уухайлан дэмжиж угтлаа. Ингэж долоосны ачаар Болгар улс бүрмөсөн алга болчилгүй бяцхаан улсанцар болон үлдэв. Оросууд тэднийг 2 удаа улс болгосон ч, одоо тэд Оросоо нулиман баруун тийшээ ханарч байгаа. “Өмнөд хийн хоолой” гэсэн алдартай том төслийн хувь заяаны талаар нэг сонирхвол энэ талаар дэлгэрэнгүй байгаа.
3. 1938 онд Гитлер Англи, Францтай тохиролцсоны үндсэн дээр Чехээс эхлээд Судет, дараа нь Богеми, Моравийг зүгээр айлгаад л авчлаа. Гэтэл энэ нь Польшуудад Чехээс аль дуртайгаа авч болохым байна гэж ойлгогдов. Тэгээд 10 сард Чехээс Силези нутгийн Тешин мужийг авч орхилоо. Силези хавийн нутаг Герман, Чех, Польшийн нутаг дамнан оршдог, түүхийн урт хугацаанд аль алинд нь хамаарч байсан, бас энэ гурван үндэстэн холимог амьдардаг нутаг байсан юм. Тиймээс Дэлхийн 1 дүгээр дайнаас хойш Герман суларсныг далимдуулан Польшууд Силезийг тэр чигт нь авахыг мөрөөдөж байжээ. Германууд Польшийн энэ санаархлыг мэддэг, бас тэдэнтэй үзвэл Силезийг алдаж магадгүй гэж болгоомжилж байсан тул Силезийн польшуудыг бослого тэмцэл гаргуулахгүйн тулд /польшдоо нэгдэнээ гэх вий гэж/ тэдний тархийг угаах зорилготой явуулын радио станцыг 1925 онд Глейвицед байгуулсан юм. Үүний хариуд 1927 онд Польш “Катовице дэх Польшийн радио” нэртэй станц байгуулжээ.
Тешиныг авахад нь Германчууд юм хэлээгүй тул Польшууд өөртөө урамшив. Тэгээд “Катовице дэх Польшийн радио”-гийн суртал нэвтрүүлгийг улам өргөжүүлсэн бөгөөд “-Өлсгөлөн герман цэргүүд цадтал хоол идэж үзэхийн тулд Польшийг эзлэх гэж байна. -Хөөе, нацистуудаа, манай бургасанд ороолгуулах бөгсөө бэлдээрэй. ... Германчууд хэрэв манай нутаг руу орж ирдэг л юм бол бид тэднийг цус болсон хурц хумсаараа тасар татан хаяна... Германчууд бидний орж ирэхэд өгзөгөө нуухын тулд хилийн дагуу хамгаалалт барьж байна” гэх мэт үгс хэвийн болжээ.
Польшийн үндсэрхэг үзэлтнүүдийг уриа, сүржин мэдэгдлийн хариуд дуугүй суух, үүнийг нь ашиглах бодит шалтгаан нацист Германд байсан юм. Зүүн зүгт тэлж Польшийг авахад нь Англи, Франц дургүйцэж байсан тул Польшийн зүгээс эхний өдөөн хатгалгыг хийлгэх хэрэгтэй байв. Гэтэл Польшийн Силезийн захирагч Михаил Гражински нь 1939 оны 7 дугаар сард Силезид гурван ч удаа зэвсэгт бослого гаргаад ялагдсан “Звёнзек повстаньцув” бүлгэмийн гишүүдэд зориулсан хөшөөг Германы хилээс ердөө 200 метрийн зайнд босгожээ. Хөшөө босгох ажиллагааг “Катовице дэх Польшийн радио” шууд дамжуулж байсан бөгөөд Михаил Гражински үг хэлэхдээ “Гурав дахь бослогын баатруудын дуусгаж чадаагүй ажлыг бид дуусгах болно” буюу Германы талд үлдсэн Силезийг бид булаан авна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байдаг. Ийм боломжийг Германчууд алдалгүй ашиглахаар шийджээ. Наймдугаар сарын 31-нд польш цэргийн хувцас өмссөн Германы цэргийн тагнуулын тусгай бүлэг Глейвиц дэх германы радио станц руу дайрч гал нээн, ажилтнуудыг нь хонгилын өрөөнд түгжиж байгаад радиогоор нь Польш хэл дээр уриа цацжээ. Явахдаа польш цэргийн хувцас бүхий урьдчилан бэлдсэн үхдлүүдийг радио станцын орчим үлдээсэн байна.
Маргааш нь буюу 9-р сарын 1-нд Гитлер ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Польш нь Германы нутаг руу дайрсан тул өнөөдрөөс эхлэн Польшид дайн зарлалаа” гэжээ. Германы Гадаад хэргийн сайд Риббентроп Францын Элчин сайдтай уулзахдаа “Польшийн арми гурван газраар Германы хилийг давж орж ирлээ” гэж мэдэгдсэн байна. Ингээд Германы сонин хэвлэлүүд Польшийн түрэмгийллийн тухай бичсэн сүржин нийтлэлүүдээр дүүрч, 1939 оны 9 дүгээр 2-нд Германчууд “Польшийн эсрэг өөрийгөө хамгаалах” байлдааны ажиллагаа эхлүүлсэн нь Дэлхийн 2-р дайны шүдэнзийг зуржээ. Ийнхүү дайн эхэлснээр Польшууд тэнэглэл, хийрхэлийнхээ төлөөсөнд газар нутаг, тусгаар тогтнолоо алдсан бөгөөд үй олон ард иргэдийнхээ амь насыг хөнөөлгөн, асар их гай зовлон туулсан юм.
4. Хаант Орос улс 1917 онд нуран унаснаар бүрэлдэхүүнд нь орж байсан Финлянд 1918 онд бие даасан улс болж тусгаар тогтнолоо зарласан билээ. 1920 онд Тартусын хэлэлцээр ёсоор ЗХУ-Финляндын хилийг тогтоосон бөгөөд түүний урт нь 1400 км-т хүрч байлаа. Үндсэндээ нэг улсын дундуур татчихсан учир тэрхүү хил нь ЗХУ-ын улстөр болон эдийн засгийн төв цэгүүдийн дэргэдүүр зурагдсан байв. Ленинград хот гэхэд л хилээс ердөө 32 км-ийн зайнд оршиж байлаа. Энэ нь Оросуудад таалагдахгүй байсан тул хилийг Ленинградаас хэдэн километр хойшлуулж, Койвисто-Тайпале шугам дээр тогтоох, Финны хоолойн баруун хойд хэсэгт байрлах Ханко боомт болон Финляндын өмнөд хэсэгт орших ойр хавийн арлуудыг удаан хугацаагаар Зөвлөлтөд түрээслүүлэх, Зөвлөлтийн талд Загасны ба Хойд Мөсөн далайн эрэг хавьд байрлах Дундад гэх хошууг шилжүүлэн өгөхийг хүслээ. Үүнийхээ хариуд хоёр дахин илүү нутаг дэвсгэрийг өгч, 1932 онд байгуулсан үл довтлох тухай хэлэлцээрийн зарим нэгэн заалтыг баталгаажуулахыг санал болгосон юм. Энэ хэсэгтээ хилээ татчуул өөр газар илүү том газар өгье, бас та нар луу дайрахгүй баталгаа гаргая гэж л дээ.
Харин өөрсдийг нь эрхшээж байсан гээд Оросыг үзэн яддаг болсон Финнүүд энэ саналыг нь зөвшөөрсөнгүй. Угаасаа “хэзээ хэзээгүй Оросууд дайрах гэж байна” гэж бүгд боддог байсан тул Финляндын засгийн газар төсвийнхөө 25 хувийг цэргийн бэлтгэл ажилд зарцуулдаг байлаа. Замын сүлжээ, зэвсэгт хүчний бааз, нисэх буудал зэргийг барих ажиллагаа маш идэвхтэй явагдаж байжээ. Финны хоолойгоос Ладог нуур хүртэл үргэлжлэх 90 километр урттай, "Маннергеймын шугам" гэж нэршсэн мундаг бэхлэлт байгууламж хүртэл барьсан байдаг.
Оросууд Зөвлөлт-Финляндын харилцаа хүйтрээд байгааг сайжруулах шаардлагатай талаар нэг бус удаа санал гаргаж байжээ. 1938 оны 4 сард ЗСБНХУ болон Финляндын Засгийн газар хооронд Хилийн тухай хэлэлцээр Оросын талын санаачилгаар хийж байснаас хамгийн сүүлчийн хэлэлцээр 1939 оны аравдугаар сарын 12-нд болж өнгөрчээ. Арван нэгдүгээр сарын 13-нд Финляндын талын санаачилгаар хэлэлцээр тасалдлаа. Үг хэлээр ойлголцохоо больж, өөдөөс нь буу зэвсгээ бэлдээд гөжүүдлээд байсан тул Оросууд 11 сарын 28-нд “Үл довтлох хэлэлцээр” үйлчлэхээ больж байгааг мэдэгдээд Финляндид байх өөрсдийн дипломатчдыг татан авлаа.
Сталины нууц тушаалаар тусгай бэлтгэгдсэн анги Финляндын хилийг нууцаар нэвтэрч, тэндээс Ленинградын цэргийн тойргийн анги нэгтгэлүүд рүү миномётоор баахан харважээ. Ингээд “дайтахаар бэлтгэн халдлага үйлдсэн финляндын түрэмгийлэлд хариу өгөх” зорилгоор 1939 оны 11 сарын 30-нд Улаан армийн анги нэгтгэлүүд Финляндийн хилийг давжээ. Ийнхүү Зөвлөлт-Финляндын дайн эхэлсэн ба үүнийг түүхэнд "Өвлийн дайн" хэмээн тэмдэглэсэн юм. Финчүүд хэдийгээр газар нутгийн онцлог, давуу талаа ашиглан эрэлхэгээр тулалдаж Улаан армид маш их хохирол учруулж байсан ч, ар араасаа нөмрөх их хүчний өмнө аргагүй мөхөсдөн ялагдсан юм. Энэ дайнаар Финлянд улс нийт нутаг дэвсгэрийнхээ талыг буюу Карелийн хойгийг тэр чигт нь үүрд алдсан юм. Мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн бууч “Цагаан үхэл” хочит домогт Симо Хаяха энэ дайнаар тодрон гарсан байдаг.
5. Одоо сүр сүр геополитикоо зогсоож орчин цагт манайханд юу тохиолдсон талаар ганц жишээ дурсаадхая.
Манайд Оюутолгой гээд агуу баялаг байлаа. Ер нь Лусын сан гээч юм бодитоор оршин байдгийн тодорхой илрэл байсан хэрэг. Ингээл Монгол улс шууд Саудын Араб, Катар, Бруней гэх мэтийн эгнээнд шууд харайгаад орох бололцоотой болж. Харин энэ их баялгийн эзэн нь Монголчууд боловч, олсон нь Роберт Фрийдланд гэж нэг зальтай нөхөр байв. Компанийг нь Айвенхоу Майнз гэнэ.
Монголчуудын хувьд “баялаг манайхаа” л гээд байхаас, яаж баялгаа халбагадах аргаа олохгүй байв. Харин Фрийдланд муу зальтай нохой тэр баялгийг хүрздэх нь байтугай халбагадах ч бодолгүй байв. Мань эр манайхны бодсноос шаал өөр аргаар Оюутолгойн баялгийг шанагадаж байлаа. Бүүр эксковаторын шанагаар шүү.
Яаж гэхээр, мань эр эхлээд дэлхийгээр нэг зарлана “энд үнэхээр их баялаг байнаа” гээл. Тэгэнгүүт гадныхан бирж дээрээс Айвенхоугийн хувьцааг амандаа орсон үнээр алалдаал авна. Хувьцаа өсөөд чинээндээ хүрэнгүүт Монголд гэнэт Айвенхоугийн эсрэг жагсаал цуглаан бужигнаж гарна. “Хайран сайхан баялгийг минь харийн дээрэмчин авчлаа. Буцааж авъяа” гэсэн гол уриатай. Бараг бүх монголчууд үүнд үнэмшинэ. Жагсаалд оролцоно, хүчээ, үгээ нэмэрлэнэ. Харин жагсаалын санхүүжилт Фрийдландын хармаанаас гардаг ба гадаад улсад энэ жагсаал цуглааны мэдээллийг тараах ажлыг тэрний хүмүүс зохион байгуулдаг гэх. Бүр компанийх нь гадаа байсан машиныг ч шатаасан явдал бий. Ингээд ажил явахгүй нь тодорхой болохоор хувьцааных нь үнэ навс унана. Тэгэнгүүт Фрийдланд гуай бүгдийг нь хамаад авна. Дараа нь дахиад энэ улсын хамгийн бүдүүн дарга нартай уулзаад л, өр мөрийг нь төлж өгөөд л, нөгөө жагсаал нтр ч сураггүй. Ер нь юу юугүй Оюутолгой урагшлах шинжтэй болонгуут хувьцаа дахиад үнэд орно. Галзуурна. Тэгээл хувьцааны үнэ чинээндээ хүрэхээр дахиал үнэт баялгаа алдаж байгаагаа ухаарсан монголчууд жагсана. Тэмцэнэ.
Өөр дээрээ боддоо. Хөөрөг байсан гэе. “Заяын гэгээн барьж байсымаа” гээл 20 саяар нэг гард нухчиж. Дараа нь өөр хүн сэмхэн гүйлгээл “өө, үхссс... наа чинь орчин цагийн хулхи хийцтэй эд” байна гээл шивнүүлчнэ. Гутраад 1 саяар зартал нь үг дайлгана. Зарахаар нь аваад, ахиад өөр хүнд “Заяын гэгээнийхээ хө” гээл 20 саяар хусчина. Нэг хөөргөөр хэдийг олж болохоор байна. Цаад Фрийдланд чинь 8 жил ингэж алга хоорондоо бөмбөрүүлж. Хэдийг олсон болохыг нь төсөөлөх аргагүй.
Дараа нь Рио Тинтод жинхэнээсээ зарж орхисон. Үнэхээр хүрздэх бодолгүй хүн байж дээ.
Дараа нь Риогийнхонтой бид яриа хийх боллоо. Дахиад л ижилхэн дүр зураг. “Монголчууд баялгийнхаа талыг авнаа” л гэнэ. Ингэж уриалаад, жагсаад байгаа хүний дүү нь Оюутолгойд гайгүй алба хашдаг гэх. Ингээд Рио Тинтогоос зүтгүүлсээр байгаад монголчууд баялгийн 34 хувийг авахаар болгов. Бүр шуудхан хэлвэл, тэд өгье гэдгээ өөр хүмүүсийн амаар бахируулсаар байгаад бидэнд 34 %-ийг өгч орхисон хэрэг
. Нөгөө олон мянган хувьсагч нтр бол зүгээр л тэдний найруулсан жүжгийн нэг л үзэгдэл.
Ингээд 34%-ийг авч хамтарч бизнес хийж байгаа учраас нөгөөгөөсөө татвар нтр гэж шогтохгүй, зардлыг Рио зохицуулж бид төлнө гэхчлэн баахан ам шүд өгсөн гэрээ хүртэл бичиж өгчээ. Одоо эргээд харсан чинь лав л энэ баялаг манайх биш болсон нь тов тодорхой болжээ. Яахав, хиам зөөсөн ачигчийн гар тос болдог физик хуулийн дагуу алганы тосоо долоогоод хэхэрч суухаас өөр зам үлдсэнгүй. Нарантуулын өргөтгөл дээрх гурилын ачигч нар өдөрт хичнээн кг гурил зөөдөг бол? Харин хувцсандаа шингэсэн гурилыг хараад хоолтой л байна даа гэж баярладаг болов уу?
Эцэст нь:
Тэмцэл бүхэн зөв байдаггүй
. Энд авсан хэдхэн жишээ бол заримдаа эсэргүүцэн тэмцэж байгаа эсрэг тал маань биднийг албаар тэмцүүлээд байдгийм шдээ гэдгийг л харуулах гэсэн юм.
Эртээд би чонын талаар бичихдээ бас л энэ санааг цухуйлгасан. Чоно зугтахгүй, бужигнахгүй байгаа амьтан руу дайрч чаддаггүй. Тийм учраас зугтахаа мэддэггүй эргүү туссан хонь хээр хэд ч хоносон амьд байж л байдаг. Сүрэг амьтад, адуу гэх мэтийг бөөгнөөд зогсоод байвал яаж ч чаддаггүй. Тиймээс худлаа дайрах, тойрч гүйх зэргээр аль болох бужигнуулахыг оролддог. Бас ийм л учраас чоно дандаа цойлох давхих чадалтай тарган, тамиртайгаас нь барьж иддэг юм. Энэ бол байгалийн хууль.
Ойрд
чамд зэвүүн муухай юм үзүүлээд, чи тэднийг үзэн ядахаас аргагүй болоод байна уу
? Зөвөө зөв. муухай юм муухай. Харин яагаад ийм юм болоод байгааг чи тунгааж байв уу? Чамайг хөдөлгөх гээд л байна даа. Тэгээд баадууг чинь тасартал мушгиад тавьчихад чи хаана үсэрч очиж, юунд хутгалдцан байх бол?
2, 3 жилийн өмнө фэйсээр вьетнамуудыг үзэн ядахаас аргагүй баахан пост явсан
. Охидуудтай зугаацаж байгаа, зүй бусаар мал гаргаж байгаа гэх мэт. Энэнд олон ч хүн эгдүүцсэн. Байгаа газарт нь алах шулах юм ярьцгаагаад л. Эцэст нь цөс нь хөөрсөн хэдэн залуу вьетнамуудыг зодож дээрэмдсэн хэргээр ял авсан. http://www.medee.mn/mobile.php?eid=... энэ линкийг уншаад үзээрэй. Тэд “Өнгөрсөн долоо хоногт сошиал сувгаар тарсан вьетнам иргэдийн зураг, бичлэгтэй холбоотойгоор, уур нь хүрсэндээ энэхүү үйлдлийг хийсэн” хэмээх анхны мэдүүлгээ өгч эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. гэсэн өгүүлбэр байгаа.
Ойрд ангийн грүүпүүдээр бууны зураг тавиад “энүүгээр хужаа алах хүн байна уу” гэж их бичих болж. Өөрөө гараад нэг хужаа няслачих зүрхгүй бааснууд бусдыг ингэж шордох ямар шалтгаан байна? Мөрөөрөө амьдарч байгаа монголчуудыг мангасын ам руу босгох ямар шалтгаан байна? Дээр дурдсан улсуудыг нэг бодоод үз дээ. Монголд хятадууд олон муухай юм хийдэг байх. Гэхдээ тэдний хэн нь ч монголчуудыг хорлоё гээд өөрөө гүйгээд орж ирээгүй шүү. Бүгдийг нь манайхан, монголчууд л оруулж ирдэг. Үнэхээр л эх орноо гэж бодоод сэтгэл зүрх чинь оволзоод байгаа бол хужаа алах гэж тачаадаж суухаар өөр хэрэгтэй юм хий
.
Өнөөдөр дэлхий харьцангуй дэг журамтай болсон. Улаан цайм буу агсаад нэгнийхээ хилийг даваад ордог юм байхгүй. Тийм учраас дандаа дотроос нь хагалдаг, бужигнуулдаг. Өнөөдөр арабын хойгийг хар. Сири, Ливи, Ирак.... “Арабын хавар” хувьсгалыг хүсэгчид өнөөдөр эх орноо ингээд хөнтөрчинө гэж санаагүй тэмцэж эхэлсэн. Өнөөдөр тэр хүмүүс ихэнх нь үхсэн. Үхээгүй нь үхэхгүйн төлөө амь тэмцэж, айж, дүрвэж яваа. Дарлаад байгаам биш үү? гэж шордсоор байгаад тэдэнд зэвсэг атгуулан босгосон. Ингэж дотроос бужигнуулж хаячаад, дээрээс нь бөмбөгдөн ардчилж байна.
Тайвшраад эргэн тойрноо нэг хар. Энэ улсаа сөнөөхөд арай хайран биш үү?
1600-аад оны хавьцаа Бага хаадын үед Монголчууд дотроо бужигнаад өвгөдийн тэлсэн нутгийг бүгдийг нь буцаагаад алдцан. Дараа нь 1910-аад оны үед бас бужигнаад өвөрлөгч хошуудаа үүрд алдсан. Дараа нь 1920-оод онд бужигнахдаа хойшоо тува, буриадыг алдцан. Одоо бужигнавал бид юугаа алдах вэ? Бидэнд юу үлдсэн байгаа вэ?
Эх сурвалж: https://www.facebook.com/migga.as
Сэтгэгдэл бичих