Нийтлэл 05 сарын 31, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Хятадын хөгжлийн загварыг экспортлох нь

Хятадын Ши Жинпин даргын санаачилсан “Нэг бүс, Нэг зам” санаачлага дэлхийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлох төсөл болоод байна. Энэ бол ямар нэг сүржин мэдэгдэл биш бөгөөд өнгөрсөн 14-15 өдрүүдэд Бээжин хотод болсон “Нэг бүс, Нэг зам” форумын үеэр Хятадын Ши Жинпинь дарга санаачлагад 124 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт хийхээ мэдэгдэв. Евразийн олонхи орнууд энэ санаачлагад оролцон эдийн засгийн “шинэ” сүлжээ үүсгэх хүсэлтэй байна. Хэдийгээр сая болж өнгөрсөн “Нэг бүс, Нэг зам” форумын үеэр Ши Жинпинь дарга Хятад “хөгжлийн загвараа экспортлохгүй” гэж мэдэгдсэн ч санаачлагын эцсийн үр дүнг бүрэн таах боломжгүй юм. Ингээд Хятадын “Нэг бүс, Нэг зам” санаачлагын улс төр, эдийн засгийн үр нөлөөний талаар бичсэн Фрэнсис Фукуямагийн (Francis Fukuyama) нийтлэлийг орчуулан хүргэж байна. Түүнийг “Түүхийн төгсгөл”-ийн тухай бичсэнээр нь уншигчид сайн мэдэх байх.

2016 оны эхээр Хятад, нөгөө талаас АНУ болон Европын бусад орны хооронд эдийн засгийн өсөлтийг бий болгох стратеги буюу хөгжлийн загварууд өрсөлдөж эхэлсэн түүхэн үйл явдал эхлэв. Хэдийгээр энэ өрсөлдөөн олон нийтийн анхаарлаас хөндий байгаа ч энэ өрсөлдөөний үр дүн Евразийн хэдэн арван жилийн хувь заяаг тодорхойлох юм.

Олонхи Барууныхан Хятадын өсөлт 10%-иас 7% хүртэл буурсаныг мэдэж байгаа. Хятадын удирдагчид гар хумхин суулгүй экспортод чиглэсэн, хүнд үйлдвэрт суурилсан байгаль орчинд хортой өсөлтийн загвараа дотоодын хэрэглээ, үйлчилгээнд суурилсан загвар руу шилжүүлэх арга зам хайж байна.

Гэхдээ Хятадын төлөвлөгөөнд том хэмжээний гадаад хэсэг бий. 2013 онд Ши Жинпинь дарга Евразийн эдийн засгийн үндсийг өөрчлөх “Нэг бүс, Нэг зам” хэмээх аварга санаачлагыг зарлав. Санаачлагын “Нэг бүс” гэсэн хэсэг нь Баруун Хятадыг  Төв Азиар дамжуулан Европ, Ойрхи Дорнод, Өмнөд Азитай төмөр замаар холбоно. Содон нэртэй “Нэг зам” нь Зүүн Азийн далайн боомтуудыг “Нэг бүс”-ийн орнуудтай холбож хоёр тэнгисийг гатлахын оронд хуурай замаар бараа тээвэрлэх зам бий болгох юм.

Хятадын ахалсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк “Нэг бүс, Нэг зам” санаачлагыг тодорхой хэсгийг санхүүжүүлэхээр байгуулагдсан. Гэвч энэ шинэ институтийн нөөц төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтын өчүүхэн хувьд хүрч байна.

Цаашлаад “Нэг бүс, Нэг зам” санаачлага Хятадын бодлогын өөрчлөлтийг тод харуулж байна. Хятад анх удаа бусад оронд өөрсдийн хөгжлийн загвараа экспортлох гэж оролдож байна. Өнгөрсөн арванд Хятадын компаниуд Латин Америк, Хойд Африкийн орнуудад маш идэвхитэй ажиллаж, түүхий эд, олборлох үйлдвэрлэл болон тэдгээрийг Хятад руу зөөх дэд бүтцэд хөрөнгө оруулсан.

Гэвч “Нэг бүс, Нэг зам” бол дээрхээс өөр: үүний зорилго нь Хятадаас бусад орны үйлдвэрлэлийн хүчин чадал, хэрэглэгчдийн эрэлтийг нэмэгдүүлэх явдал юм. Өөрсдөө түүхий эд олборлохоосоо илүүтэй Хятад хүнд үйлдвэрлэлээ буурай хөгжилтэй орнууд руу шилжүүлэхийг зорьж, тэдгээр орнуудыг илүү чинээлэг болгож, Хятад бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх гэж байна.

Хятадын хөгжлийн загвар Баруунд “моод” болж буй загвараас өөр. Энэ загвар авто зам, боомт, цахилгаан, төмөр зам, нисэх буудал зэрэг үйлдвэрлэлийн хөгжлийг дэмждэг дэд бүтцүүдэд чиглэсэн төрийн аварга хөрөнгө оруулалтад суурилсан. Америкийн эдийн засагчид барь-тэгээд-бусад нь аяндаа ирнэ гэсэн аргаас татгалздаг нь төр хэтэрхий их оролцсоноор авилга, хувийн сонирхлын асуудал үүсгэнэ гэдэгтэй холбоотой. Харин эсрэгээр сүүлийн жилүүдэд АНУ, Европын хөгжлийн стратеги нийтийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн хөгжил, дэлхийн иргэний нийгмийн байгууллага болон авилгын эсрэг хөтөлбөрүүдэд төвлөрсөн.

Барууны ийм зорилгуудыг магтан хэлвэл ямар ч орон зөвхөн эдгээрт хөрөнгө оруулсанаар чинээлэг болж байгаагүй. Нийтийн эрүүл мэнд тогтвортой өсөлтийн чухал суурь нөхцөл боловч эмнэлэг найдвартай эрчим хүч, цэвэр ус эсвэл эмнэлэгт хүрэх сайн замтай байхгүй бол ямар ч хэрэггүй юм.

Дэд бүтцэд тулгуурласан стратеги Хятадад өөрт нь гайхалтай сайн зохицсон ба энэ нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг Зүүн Азийн орнуудын хэрэгжүүлсэн стратегийн чухал хэсэг байсан.

Ингээд ирээдүйн дэлхийн улс төрийн том асуулт тодорхой боллоо: Хэний загвар ноёрхох вэ? Хэрвээ “Нэг бүс, Нэг зам” Хятадын төлөвлөгчдийн хүлээлтэд хүрвэл Индонезиэс Польш хүртэл Еврази бүхэлдээ дараагийн үед хувиран өөрчлөгдөх болно. Хятад загвар Хятадаас бусад оронд дэлгэрэн тэдгээр орнуудын орлогыг нэмэгдүүлж, дэлхийн зогсонги зах зээлүүдийн оронд Хятад барааны эрэлт үүснэ.

Хүрээлэн орчин бохирдуулдаг үйлдвэрлэлүүд дэлхийн бусад хэсэгт мөн адил тохоогдож үлдэх болно. Төв Ази дэлхийн эдийн засгийн зах хязгаар биш төв нь болно. Цаашлаад Хятад маягийн авторитари төр асар их нэр хүндтэй болж дэлхий даяарх ардчилалд үлэмж сөрөг нөлөө үзүүлнэ.

Гэхдээ “Нэг бүс, Нэг зам” амжилтанд хүрнэ гэдэгт эргэлзэх чухал шалтгаанууд бий. Хятадын Засгийн газар улс төрийн орчныг хянаж чадаж буй учир дэд бүтцэд тулгуурласан өсөлт өнөөг хүртэл амжилттай байна. Энэ кэйс хилийн чанадад амжилт олохгүй байж болно. Тодруулбал тогтворгүй байдал, зөрчил, авилга газар авсан улсад Хятадын төлөвлөгөө саад тотгортой учирна.

Цаашлаад Хятад аль хэдийн Экуадор, Венесуэл зэрэг үлэмж хөрөнгө оруулчихсан орнуудынхаа үндсэрхэг хууль тогтоогч, хувирамтгай найзууд, ууртай хөрөнгө оруулагч нартай тулгараад байна. Шинжаан мужийн омголон Лалын шашинтнуудыг асуудлыг Хятад нухчин дарах, эсэргүүцэх замаар шийдвэрлэсэн. Харин Пакистан эсвэл Казакстанд ийм тактик ашиглах боломжгүй.

Ингэж бичсэнээрээ АНУ болон Барууны бусад орны Засгийн газар маадайн Хятадыг бүтэлгүйтэхийг хүлээ гэсэнгүй. Хятадын дотоодод дэд бүтцийн аварга хөгжлийн стратеги хязгаартаа тулсан байж болно, бас гадны орнуудад ч энэ бүтэхгүй байж болно. Гэхдээ энэ стратеги дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал юм.

1950, 60-аад оноос хойш моодноос гарах хүртлээ АНУ аварга далан, авто замын сүлжээ барьдаг байсан. Өнөөдөр энэ хүрээнд АНУ хөгжиж буй орнуудад санал болгох зүйл харьцангуй бага. Ерөнхийлөгч Барак Обамагийн “Power Africa” санаачлага сайн зүйл байсан боловч хэрэгжих нь удаан байсан бөгөөд Гайтийн Форт Либерте боомтыг байгуулах оролдлого бүтэлгүйтсэн.

АНУ Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч гишүүн болох ёстой байсан. Ингэснээр Хятадыг хүрээлэн орчин, аюулгүй байдал, хөдөлмөрийн олон улсын стандартад илүү зохицуулах боломжтой байсан.

Үүнтэй зэрэгцээд АНУ болон Барууны бусад улсууд хөгжиж буй орнууд гэлтгүй өөрийн улсдаа дэд бүтэц барих нь яагаад хэцүү болсон талаар бодох хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол бид Еврази болон дэлхийн бусад чухал хэсгүүдийг Хятад, түүний хөгжлийн загварт алдах эрсдэлтэй учрах болно.           

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.project-syndicate.org

Сэтгэгдэл бичих

arrow icon