Нийтлэл 05 сарын 31, 2017

МААМУУ НААШ ИР манайд хоёулаа тоглоё

“Маамууг нааш ир” дууг хүн болоод дуулаагүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Монгол дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав аяыг нь зохиож, яруу найрагч Ч.Лхамсүрэн үгийг нь бичин 1956 онд анх олны хүртээл болгож байжээ. Хүүхдийн дууны нэрт мастер Ч.Лхамсүрэн “Маамуу нааш ир” дууны шүлгийг бичиж ая оруулж өгөхийг хөгжмийн зохиолч Д.Лувсаншараваас хүссэнээр “Маамуу нааш ир дуу” мэндэлсэн түүхтэй. Тухайн үедээ хөгжмийн зохиолч  Д.Лувсаншарав ОХУ-д сурч байсан бөгөөд амралтаараа ирээд дууны шүлгийг хүлээн авч санаандгүй бяцхан охин Л.Халиунсүрэнгийнхээ тоглож байхдаа амандаа шулганасан авианаас санаа аван аяыг нь бичжээ.“Маамуу нааш ир” дуу дуулагдсанаас хойш эдүгээ 61 жил өнгөрсөн ч монгол хүний хамгийн хайртай дуу болж Монгол Улсын хөшөө зориулан бүтээсэн хоёр дахь дуу болжээ. “Маамуу нааш ир” дуунд зориулсан хөшөөг 2011 онд Хүүхдийн төв ордны баруун талд уран барималч Б.Эрдэнэбатын зохиомжоор бүтээсэн юм.

“Маамуу нааш ир”-ийг хүүхдийн дууны цагаан толгой гэдэг бөгөөд энэ богинхон дуу маш урт түүхтэйг хөгжим судлаач тэмдэглэсэн байна. “Маамуу нааш ир”-ийг хүүхдүүд төдийгүй биш томчууд ч дуулах дуртай.  Мөн бүүвэйн дууны дараа хамгийн олон дуулагдсан дууны тоонд ордог. Хамгийн анх дуулж олонд хүргэсэн МУГЖ В.Долгор энэ дуугаа 3000 гаруй удаа дуулжээ.  “Маамуу нааш ир”-ийн үг хүнд төвөггүй цээжлэгддэг,  аяыг нь шууд дагаад дуулж болдогоороо хамгийн амархан сурдаг дуу болжээ. Зохиогдсоноосоо хойш 61 жилийн хугацаанд үгийг нь андуурч буруу дуулдаггүй цөөн дууны нэг бөгөөд хамгийн олон түүхэн эзэнтэй дуу юм байна. Анх амандаа аялсан охиноос эхлээд дууны хөшөөг урлаачид хүртэлх  “Маамуу нааш ир” дууны түүхтэй холбогддогоороо эзэнтэй гэгддэг. Тиймээс л тус дууг зохиосон нэрт мастеруудыг Монгол түмэндээ маамуу болж төрөхийг хүлээсээр тэдний бүтээлүүд амьдарсаар байгаа юм. 

 

 

Маамуу нааш ир 

Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё

Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү

Морь унаж давхия, машин барьж явъя

 Ном сонин уншъя, ногоон модоо тарья  

Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё

Ах, эгч хоёрын авчирсан тоглоом бий шүү

Хүрэн баавгай хөтлөе, хүчит заанаа тууя

Хүүхэлдэйтэйгээ хамт хөөрхөн тоглоом тоглоё 

 Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё

Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү

Морь унаж давхия, машин барьж явъя

Ном сонин уншъя, ногоон модоо тарья

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon