Нийтлэл 06 сарын 08, 2017

Биднийг алцхаймерийн өвчтэй гэж боддог юм биш байгаа даа?

Биднийг эгээтэй л алцхаймерийн өвчтэй гэж боддог юм биш байгаа даа энэ Ардчилсан намынхан?

Миний бие 2012 оны УИХ-н сонгуульд ч тэр, Ерөнхийлөгчийн сонгуульд ч тэр Ардчилсан намынхныг комоор нь гаргахын төлөө сошиал дээр бууны нохой мэт идэвхийлэн зүтгэж явснаа бодохоор даанч гутмаар бас ичмээр.

Гэтэл Ардчилсан нам Оюу Толгойн гэрээний үр ашгийн өрөмөн дээр давхиж ороод, түүхэндээ байгаагүй өндөр орлогын төсөвтэй засаг хүлээн авч, дээр нь Эзэн Чингисийн нэрийг худалдан бонд босгож аваад жинхэнэ хэний ч төсөөлж байгаагүй шуналын галзууралд эх захгуй унасан билээ.

Дэлхийд байхгүй 17%-ийн өсөлттэй эдийн засагтай манай улсад хэн түрүүлж хөрөнгө оруулалт хийсэн нь вагонд амжиж сууна, чадахгуй нь чацга царайлаад наанаа үлд хэмээн Олон улсын Хөрөнгө оруулагчдын чуулганы индэр дээрээс том дугаран пээдэлзэж байсан Золжаргал өнөөдөр Монгол банкийг 837 тэрбум төгрөгийн найдваргүй зээл, 3.8 ИХ НАЯД төгрөгийн алдагдалд унагачихаад, хил даван арилж өгчээ.

Засаг авснаас хойш ердөө ганцхан жилийн дотор буюу 2013 оны 2 дугаар хагасаас манай улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, 600 гаруй ААН хаалга үүдээ хааж, 130 гаруй гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг хаяж одсон билээ.

Доллар 1-хэн жилийн хугацаанд даруй 800 төгрөгөөр өсөж, иргэдийн гар дээрх орлого жорлонгийн цаас болон хувирч, улс төдийгүй хамаг л өөдтэй явсан бизнесийнхэн валютын зээлийн зөрөөнд дөрөөлөгдөн арай хийж босгосон өмчөө банкуудад алдаж эхлэв.

Оюу толгойн төслийн хүрээнд Монголын нэр хүнд хөрөнгө оруулагчдын дунд өсөж, дагалдаж орж ирсэн жижиг том төслүүдийг дагасан над мэтийн ТҮЦ-ний хэмжээний бизнесс эрхлэгчид зах зээлд хэрэндээ л хөөрхөн боломжийг үүсгэн, бөөн идэвхи, урам зоригоор дүүрэн ажиллаж эхэлсэн. Эдийн засгийн "бүүм" үүсэхэд барилгын мэргэжилгүй туслах ажилтан л гэхэд өдөрийн 80,000-гаар ч олдохгүй, хүний нөөцийн хомсдолд орж байсныг санаж байгаа биз дээ? Мөнгө нь байгаад ажиллах хүн олддоггүй, бараг бүх үйлчилгээний газруудын цонхон дээрээ худалдагч, угаагч, зөөгч авна гэсэн бичиг наалттай байсан бол ганцхан жилийн дараа Үйлчилгээний нэгж тутмын 3/1 нь зарна, түрээслэнэ гэсэн том том зар тавьж, дампуурч эхэллээ.

Оюу толгой 1000-д ажилчнаа цомхотгож, гэр бүлээ дагуулж ирэх 500 гадаад мэргэжилтнийхээ тоог цөөрүүллээ. Таван толгой ажилчдынхаа цалинг тавьж чадахаа байж, ажилчдаа хөрс хуулалт хийдэг Хятад компани руу шилжүүлснээр тухайн компани, Монгол ажилчдын дунд маргаан тасрахаа байж, ажил хаялт болтлоо эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн...

Энэ мэт жишээг дурдвал барагдашгүй. Гагцхүү яахаараа ийм амархан дампууруулав? Юуг буруу тооцчихов? Ямар алдаа гарав гэхээр жишээ байхгүй.

Ердөө л Эби, Баярцогт, Алтанхуяг, Баттулга нарын хооронд үүссэн баялаг булаацалдах зодооноос л болж Монгол Улс алдагдсан боломжийн алдагдал бүү хэл ЭЗ-ийн сүйрэлд хүрч, ард бид л арьсаа хуулуулж сууна. Нэг нь ичих ч үгүй Баттулга надад Таван толгойг өгчих гэж гуйж орж ирсэн ч гэх шиг, нөгөөх нь чи яасан цадахаа мэдэхгүй шуналын хүүдий вэ хэмээн Их хурлын танхимд хэрэлдэж ч байх шиг, гуравдах нь би Таван толгойг гацаасандаа баяртай байна гэж тавлах, Женко өөрөө би Төмөр зам, Сайншандын АУП, Таван толгойг бүгдийг нь авахгүй бол хэн ч хүртэхгүй шүү хэмээн ил тод заналхийлж, эрлийз хурлийзын кино ч хийж, ард олноо байхгуй мангасаар айлган турхирч ч үзэж байх шиг.

Шанд нь гэнэн цайлган дэврүүн залуус хоорондоо хэд хуваагдаж, биенээ танай манай банхар, эрлийз хужаадаа тулан хагаралдаж, бизнесийнхэн үхэх ч биш сэхэх ч биш өлгийдөн авсан компанийнхаа ирээдүйд итгэхээ байж, боолын хөдөлмөр эрхлэлт рүү аль эрүүл чийрэг баялаг бүтээх насныхан дахиад урсан, бэл бэнчин болон боловсролтой хэсэг нь дүрвэж, үндэсний тархи гоожилт дахин эхэлсэн.

За одоо яахав, тэр өнгөрсөн баларсныг шүүхээ больё, тэртээ тэргүй өнгөрсөн сонгуулиар ард түмэн дүнгээ тавьж МАН-ыг үнэмлэхүй ялалтаар гаргалаа. Одоо үүссэн нөхцөл байдлыг засаж залруулж, энэ сүйрсэн эдийн засгаа босгож, амьдралыг цааш нь хэвийн явуулья гэж бага ч гэсэн найдвар өвөртлөн зүтгэж эхэлтэл өнөө л хэд ахиад эрх мэдэл рүү улайран зүтгэж, Ардчилсан намын увайгүйчүүд дотроос бүүр хамгийн увайгүйг нь Ерөнхийлөгчид дэвшүүлэн тавлаж эхлэх нь тэр.

Тэгээд тэд одоо яана гэж? Женко Ерөнхийлөгчид залрахад өнгөрсөн 8 жилд хийсэн хэрүүл зодоон дахин дэвэрч, бүүр ч хурцдан, бидний хэдэн бизнесменүүдийн өнгөрсөн 10 жилийн зүтгэл зүгээр л хог шаар болох юм уу? Их юм хийгээд өгдөггүй юм гэхэд бусниулж үймүүлээд байдаггүй тогтвортой төрийн нүүрийг нэг үзчихвэл бид яаж ийгээд л эдийн засгаа эргэлдүүлээд л, татвараа бүрдүүлээд л явчих юм байгаамшд. Ямар гачлантай тамын тогоо вэ энэ хэд?

 

arrow icon