Нийтлэл 01 сарын 28, 2025

Л.Оюун-Эрдэнийн өөрийн сайндаа биш муудаа тогтсон дөрвөн жил

Үзэл суртал залруулах ажлаа хийх хэрэгтэй боллоо. Өчигдрөөс хойш Оюун-Эрдэнийг өөрийн сайндаа 20 жилд анх удаа 4 жил тогтвортой засагласан Ерөнхий сайд мэтээр баахан сурталдлаа. Өөрийн сайндаа биш юм. Энэ талаар би нэгдүгээр биеэс буюу хувийн туршлагаас өгүүлж чадна. Учрыг өгүүлэх ину.

Нэг. Үндсэн хуулийн хамгаалалт

2019 оны есдүгээр сарын 6-нд юмсан, гэртээ оройхон харьж ирээд нэг видео бичлээ. Засгийн газрын тогтвортой байдлыг хангах өөрчлөлт Үндсэн хуульд оруулахыг дэмжиж бичсэн видео юм. Харваас нойрмог тэр бичлэг одоо ч нийтэд ил байж байна. Маргааш өглөө нь Засгийн газрын тогтвортой байдлыг хангах заалтуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс хасуулахгүйн тулд #140сек чалленж зарлаж, нэр нөлөө бүхий хүмүүс мөн сэдвээр бичлэг бичиж, үзэл бодлоо илэрхийлцгээсэн. Энэ мэтээр ажилласаар 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг Үндсэн хуулиар хамгаалж өгсөн. 2021 онд У.Хүрэлсүх өөрийн санаачилгаар огцорсон тул ерөөсөө 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш Монголд УИХ-аас гүйцэтгэх засаглалын тогтвортой байдалд нөлөөлөөгүй гэсэн үг. Оюун-Эрдэнэ ийм бат бэх Үндсэн хуулийн хамгаалалт дор 4 жил тогтсон нь миний сайнд биш юм гэхэд тухайн үеийн спикер Занданшатар, судлаач Мөнхсайхан, сайн дурын залуус гээд өчнөөн олон хүний хүч хөдөлмөрийн үр дүн юм.

Хоёр. Клиентелизм

Мөн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайд кабинетээ өөрөө мэдэж бүрдүүлэх болсноор гүйцэтгэх засаглалын УИХ-ын лоббигоос бие даасан байдлыг хангаж өгсөн. Энэ эрх хэмжээг Оюун-Эрдэнэ хоёр удаа эдлэхдээ Монголын 35 жилийн ардчилсан улстөрийн түүхэнд хамгийн клиентелист, хамгийн мөнгөний буюу эрх ашгуудад төрийн бүтцийг хувааж зарах хэлбэрээр тогтвортой байдлаа хангасан. Тариалантай Ж.Энхбаяр ХАА-н сайд, телевизтэй Номин Соёлын сайд, төмөрзамтай Дэлгэрсайхан Зам тээврийн сайд гэх мэтээр үргэлжилнэ. Тэр утгаараа энэ тогтвортой байдал бол сайн засаглалын гэхээсээ Үндсэн хуулиар өөрт нь ард түмнээс өгсөн боломжийг клиентүүдэд жижиглэн худалдаалах замаар оршин тогтносон арга хэлбэр байлаа. Өөрөөр хэлбэл нийт ард түмэнд нээлттэй хүлээн зөвшөөрөгдөх бус ашиг сонирхлын хаалттай бүтэц, дэд систем дотор Монгол төрийн жижиглэн худалдаалах замаар тогтох болсон тул

  1. Яам, сайдын тоо 16аас 23
  2. Төрийн албан хаагчийн тоо 200 мянгаас 230 мянга
  3. Улсын төсвийн зардал 15 их наядаас 30 их наяд болж даруй хоёр дахин нэмэгджээ.

 

Гурав. 2022 оны Үндсэн хуулийн дахин нэмэлт, өөрчлөлт

2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын бие даасан байдлыг ингэтэл хангаж өгсөн атал энэ хангалттай байсангүй. 2022 онд дахин Үндсэн хуульд гарч хүрч, ингэхдээ УИХ-ыг 126 суудалтай болгох, үүндээ 48 жагсаалтын суудал нэмсэн. Ингэж нэмэхдээ УИХ-ын хяналт, бие даасан байдлыг хангах өөрчлөлтийг хамт хийлгүй (санаатай) орхигдуулснаас болж 2024 оны сонгуулиар шинээр бүрдсэн парламентын шийдвэрүүд жагсаалтын гишүүдийн ирцээр шийдэгдэх нь олон болж, төрийн эрх барих хууль тогтоох байгууллага намын удирдлагуудаас хамааралтай болж ирсэн. Хууль тогтоох институцийн дээгүүр нам, намын дарга нар гарна гэдэг бидний 35 жилийн өмнө орхисон тэр коммунизмын дүрс хувирсан хэлбэр мөн. Ганц хоёр жишээ дурдахад Засгийн газраас цахилгааны үнэ нэмэхдээ Гантөмөрийн жагсаалтын гишүүдээр пиардуулж, мега төсөл нэрийн дор Богд уулыг нүхэлж туннел татах асар өндөр өртөгтэй төсөл ороход үндсэндээ А.Ундраагаас өөр эсэргүүцэж дуугарах хүнгүй болсон зэргийг дурдаж болно. Хамгийн марзан нь Засгийн газраас оруулсан 3 их наядын алдагдалтай төсвөөс танах болоход төсвийн алдагдалд УИХ буруутай гэж УИХ-ын гишүүд өөрсдөө дайрч байсан явдал. Ийнхүү Оюунэрдэнэ Монголд юу нь парламент, хэн нь нам, аль нь гүйцэтгэх засаглал болох нь ойлгомжгүй болгож бантан хутгах замаар мөн тогтвортой байдлаа хангаж энэ хүрлээ.

Дөрөв. Ардчилсан сонгуулийг залгисан нь

Эрх мэдлийн шуналд дээрх гурван алхам мөн хангалттай байсангүй ээ. Миний бие өөрөө энд тэнд далдаганаж оролцож явах тул тэр нь аливааг туршлагаасаа өгүүлэх боломж бүрдүүлдэг. 2024 оны сонгуулиар Ардчилсан намын нэр дэвшигчийн штабт ажиллахдаа мөн л намын дарга Лу.Гантөмөр намаа сонгуульд ялуулах амбицгүйгээр сонгуульд орж байгааг биеэр гэрчлэх завшаан гарсан. Оюунэрдэнэ намын даргагүй удсан Ардчилсан намыг даргатай, тамгатай болгохдоо сонгуульд сугандаа хавчуулж орох, сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулах дүрмээ тохирч орсон. Ингээд төрийг улам нүсэр болгон хавагнуулж АН, ХҮН намуудад суудал хуваарилах замаар сөрөг хүчингүй кабинет байгуулж өнөөдрийг хүртэл эрх мэдлээ хадгалж чадлаа. Үеэл Нямбаатартаа нийслэл рүү улсын бодлогод зарцуулагдах ёстой төсвөөс өм цөм хуваарилж шилжүүлж байгаа асуудлаар тусад нь жич бичнэ.

Тав. Нийгмийн оюун санааг залгисан нь

Би Оюунэрдэнийг эрх мэдэлгүй жирийн залуучууд хамт ууж суухдаа хэлсэн ярьснаасаа эсрэг эргээд явах хүртэл бүх чадлаараа дэмжсэн. Тэр дундаа 5060аад оныхон хамаг капитал, эрх мэдлийг хувааж өмчилсөн байсан тэр хүнд үеэс улстөрд үе солигдохын төлөө өчнөөн жил бичсэн. Энэ тухайд мөн л нэгдүгээр биеэс хүүрнэн өгүүлэх болно. Бид юун төлөө улстөрд үе сольё гэж явсан билээ? Даргын бодлогоор амаа үдүүлэх гэж солиогүй. Нүүрсний гол ордоо Чаина Энержигийн аманд хийх гэж солиогүй. Уул хангайгаа ухуулж цемент булуулахын тулд солиогүй. Эхэндээ шинэчлэлийн төлөө үе солих гэж буй мэт харагдсан үйл явц сүүлдээ бол зүгээр л хэнд ч хамаагүй, ямар ч хамаагүй албан тушаал өгч, амьтай сүнстэй болгоны амыг хаах зорилго руу эргэж бөгс толгой урвуу харсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд юуг ч билээ шинэчлэх хороо, шуурхайлах хороо, тэдгээрийн уялдааг хангах хороог, уялдааг хангах хороог уялдуулах хороо гэх ухааны асар марзан, данхар бүтэц угсарсан.  Намайг намд хаягдаад ингэж бичлээ гэхчлэн марзан юм ярихаар инээд хүрдэг. Нийгмийн оюун санааг залгих замд Болорэрдэнэд санал ирэхгүй байна гэж байхгүй. Гол нь би олон жил харилцсан тул 1, ерөөсөө уг хүн нь оюун ухаанаар хамтран ажиллах потенциалгүй ба үзэл санаа нийлэхгүй 2, гол зорилго нь бидний амыг хамхиж, нийгмийн оюун санааг хязгаарлах гэдгийг туршлагаар мэдэх болсон тул зам замаа хөөх сонголт хийсэн гэдгээ хаана ч хэлнэ. Ийм сонголт хийсний төлөө зөвхөн сүүлийн хэдэн өдөр гэхэд миний дугаараар биеэ үнэлэх зар тавих, худал зохион бичлэг бичиж гүтгэх зэрэг хүний ёсноос гажууд элдэв дайралт, дарамтад өртөж амьдарч байна. Ганц Болорэрдэнэ ч биш, өөрийг нь шүүмжилсэн хүн болгоныг хар пиарын махны машинд эргүүлж байна. Нэг гараар махны машин эргүүлэнгээ нөгөө гараараа бүх сувгаар коммунист Хятадаас ч давсан их үзэл суртал, магтаал шахаж байна. Энэ бол оюун санааны дарангуйлал, харанхуйн засаглал!!!

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийн засагласан 4 жилд манай нийгэм уураг тархигүй гэрэл гэгээгүй болж, 4 жилийн турш өдөр болгон нүүрсний хэрүүл хийж, агаар ч нүүрслэг, ухаан ч нүүрслэг харанхуй болж, дарга нарыг үй олноор суулгасан данхар бүтэц дор арай ядан амьдрах болов. Өчигдөр 4 жилийн засаглал гэсэн сурталчилгаа явж байхад эдийн засгаар тоймтой шүүмж хийх толгой ч алга, суваг ч алга. Ядаж энд хоёр тоо хэлж өгье. Энэ дөрвөн жилд 1280₮ байсан талх 2500 болж яг хоёр дахин үнэ нэмэгдсэн байна. 2 бизнес тутмын нэг нь зогсож байсан бол 5 бизнес тутмын 3 нь зогсонги байдалд орсон байна. Дээр дурдсанчлан 23 сайдтай, 230 мянган төрийн албан хаагчтай, 30 их наядын төсөвтэй болж төр, зах зээлийн баланс урвуу харсан байна.

Ингэж бүхнийг урвуулсан Ерөнхий сайд өөрийн сайнд 4 жил тогтвортой засаглах угаасаа боломжгүй. Үндсэн хууль, ардчилал, төр, залуу үе, оюун санаа гээд үндэсний үнэт зүйл болгоныг залгих замаар буюу өөрийн МУУДАА 4 жил тогтсон байна. Үүнээс цааш газаргүй тул төд удалгүй огцрох нь миний хүслээс үл хамаарсан улстөрийн логик, жам ёсны үр дагавар юм. Эцэст нь тэгээд 4 жилийн ойн мэнд хүргээд you are welcome гэж хэлмээр байна. Одоо болно, Оюук аа!

arrow icon