Монсудар хэвлэлийн газраас жил бүр “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 6-р сарын 12-ноос 18-г дуустал 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд:
-
Ном унших яг ямар хэрэгтэй юм бэ?
-
Ном уншихгүй сайхан амьдарч болоод байгаа юм биш үү?
-
Би ном уншмаар байна, гэхдээ юу унших вэ?
гэх мэт энгийн юм шиг хэрнээ шууд хариулахад түвэгтэй сэдвүүдээр ярилцахаар бүтэн 7 хоногийн хөтөлбөр бэлтгэжээ.
“Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээ бол сайн ном унших нь хамгийн сайхан амралт болдог гэдгийг уншигчдад таниулах, аялал зугаалгаар хол замд явах, унаа унш хүлээн олон цагаар саатахдаа ном авч явдаг хэвшил бий болгох зорилготой арга хэмжээ юм.
Энэ жилийн хувьд урд өмнөх жилүүдээс ялгаатай нь ном хэрэглээ болж эхэлж байгааг тодорхой номоор жишээлэн ярилцахаас гадна дээр дурдсан асуултуудын талаар харилцан ярилцсан, нээлттэй, чөлөөт ярилцлагууд олон болох ажээ.
Тухайлбал, 7 хоног үргэлжлэх арга хэмжээний нэг өдөр нь л гэхэд зөвхөн Японы уран зохиолын талаар ярилцахаар төлөвлөөд байгаа
бөгөөд Мүраками Харүкиг яагаад дэлхий дахин уншиж байна вэ?, Японы уран зохиолыг орчин үежүүлсэн (манайхаар бол Д.Нацагдорж хэмээн ойлгож болох) Нацүмэ Соосэкигийн тухай гэх мэт сонирхолтой, хамгийн гол нь үр өгөөжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
Бас нэгэн онцлох үйл ажиллагаа бол Испани зохиолч Элана Алонзо Фрэйлэгийн удирдан явуулах "ТЭСРЭЛТ - ТЭСРЭЛТИЙН ДАРААХ ҮЕ - УНАЛТ” нэртэй лекц, ярилцлага
. Энэ лекц, ярилцлагаар Габриель Гарсиа Маркесээс Роберто Боланьо хүртэлх Латин Америкийн уран зохиолын 40 жил буюу Латин Америкийн уран зохиолын тэсрэлтийн талаар ярилцана. Гэхдээ хаа холын ямар нэгэн үйл явдлын тухай ярьж буй мэт дурдаад өнгөрөх биш уран зохиолын тэсрэлт гарахад нийгмийн нөлөө ямар байдаг, бидэнд энэ цаг хэр ойрхон байгаа бол? гэх мэтээр өөрсдийнхөө өнөөдөртэй холбосон, уран зохиол сонирхогч хийгээд зохиол бүтээл бичигч нарт тусгайлан зориулсан үйл ажиллагаа болно.
Энэ мэтээр хүүхэд, эцэг эх, залуучууд, уншигчид гээд бүх л хүмүүст зориулсан цогц арга хэмжээ явагдаж, зааж сургасан биш янз бүрийн номыг хэрхэн, яаж уншиж хэрэглэх талаар өөр хоорондоо харилцан ярилцсан байдлаар явагдахаараа онцлогтой юм байна.
Арга хэмжээний хөтөлбөрийг дараах холбоосоор орж авна уу: https://goo.gl/1rZSZm
Сэтгэгдэл бичих