Сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх зорилгоор санал авах технологи ашиглахыг сүүлийн жилүүдэд сурталчлах болсон. Гэвч технологийн шийдлүүд зорьсон үр дүнд хүргэнэ гэсэн баталгаагүй аж. Технологийг ашиглан сонгуулийн зардлыг бууруулснаар ойр ойрхон сонгууль зохион байгуулах боломжтой болж “сонгуулийн улс төр” ихсэх нөхцөл үүсдэг. Ингээд эдийн засагч Дамбиса Моёо (Dambisa Moyo) дээрх үйл явц төрийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг тайлбарласан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Өнгөрсөн 11-р сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө авсан албан бус судалгаагаар Америкийн хамгийн том бүлгүүдийн нэг Латин Америкчуудын 95% нь Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтонг дэмжиж байв. Гэвч тэдгээр сонгогчдын ердөө 3% нь сонгуулиа өгөхөөр төлөвлөсөн байжээ. Үүний шалтгаан нь эдийн засагтай холбоотой.
Судалгаанд оролцсон хүмүүсийн олонхи нь ажлаасаа чөлөө авч цалингаа алдах, сонгуулийн байр руу явах зардал, иргэний үнэмлэхтэй байх зэрэг сонгууль өгөх зардал нь хэтэрхий өндөр гэж байв. Эндээс АНУ-д ядуу Америкчууд улсынхаа ардчилалд бүрэн оролцож чадахгүй байгааг харж болно.
АНУ-ын Статистикийн товчооны судалгааны дагуу 2012 онд 20,000 ам.доллараас бага орлоготой гэр бүл дэх сонгогчдийн 50% хүрэхгүй хэсэг нь саналаа өгсөн бол 75,000 ам.доллараас их орлоготой гэр бүл дэх сонгогчдын 77% нь саналаа өгсөн байна. Demos тинк танк 2014 оны АНУ-ын парламентын сонгуулийн үеэр хийсэн судалгаагаар жилд 30,000 ам.доллараас бага орлоготой гэр бүл дэх сонгогчдын 68,5% нь саналаа өгөөгүй
байна.
Энэ бол ноцтой асуудал. Гэхдээ үүний шийдэл ч мөн ноцтой аюултай. Дижитал технологийг ашиглаж санал өгөх зардлыг бууруулан сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхийг олон хүн санал болгодог. Жишээ нь гар утасны аппликейшн сонгогчдын ирцийг нэмэгдүүлж чадна гэж сурталчилдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс ажлынхаа завсарлагаар эсвэл гэртээ амарч байхдаа саналаа өгнө гэдэг.
Энэ санаа үнэхээр сэтгэл татам сонсогддог. Эстони улсыг сонгуулийн технологиор тэргүүлдэг гэж үздэг бөгөөд 2011 оны парламентын сонгуульд саналаа өгсөн хүмүүсийн ¼ нь онлайнаар саналаа өгчээ
.
Гэвч иймэрхүү технологийн шийдлүүдийн жинхэнэ үр дүн эргэлзээ дагуулсаар байна. Хэдийгээр 2007 оноос 2011 оны хооронд онлайнаар саналаа өгсөн сонгогчдын тоо 20%-иар нэмэгдсэн ч нийт сонгуулийн ирц хоёр хүрэхгүй (61.9%-иас 63.5% болсон) нэмэгджээ. Үүнээс дүгнээд үзвэл онлайнаар саналаа өгөх нь жирийн сонгогчдын санал өгөх хэлбэрийг өөрчилж байгаа болохоос сонгуулийн ирцийг төдийлөн нэмэгдүүлэхгүй байгаа аж.
Санал өгөх технологи үр дүнгүй байгаад зогсохгүй аюултай талтай. Ийм технологи сонгогчдын сонгууль өгөх зардлыг бууруулахын хамт сонгууль зохион байгуулах төрийн зардлыг бууруулдаг. Сонгууль бага зардалтай болсноор ойр ойрхон сонгууль, референдум явуулах боломжтой
болж төрийн үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг алдагдуулна.
Дэлхийн эдийн засгийн тогтворгүй өсөлт болон олон хүний амьдралын стандарт унаж буй энэ үед үр дүнтэй ажиллах төрөөс илүү чухал зүйл гэж үгүй. АНУ-ын Мянганы сорилтын корпорациас төрийн үйл ажиллагаа үр дүнтэй байх нь ядуурлыг бууруулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, байгаль орчны доройтол, авилгатай тэмцэх зэрэгт нөлөөтэй гэдгийг мэдэгджээ.
Үр дүнтэй ажилладаг төрийн гол шинж нь алсын хараа юм. Бодлого боловсруулагчид дараагийн сонгуульдаа ялахын төлөө бодлого хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ төлөвлөгдсөн бодлогоос гадна шинэ нөхцөл байдалд дасан зохицох улс төрийн орон зай үлдээх хэрэгтэй.
Хэрвээ ойр ойрхон сонгууль, референдум явуулаад байвал дээрх сонголт үлдэхгүй. Эсрэгээр бодлого боловсруулагчид өдөр хоногоо аргацаасан бодлого гаргах, сонгогчдын хүчтэй шахалтанд орох эсвэл сонгуульд ялагдах сонголттой тулгарна. Улс төрийн гэнэтийн өөрчлөлтийн үр дүнд нь харалган шийдвэрүүд гарна
. Улс төрийн найдвартай байдал, зах зээлийн тогтвортой байдлыг эвдэхээс гадна үүнээс шалтгаалж сонгогчдсон улс төрчид болон төрийн албаны технократуудын хооронд зөрчилдөөн үүсгэнэ. Ийм нөхцөлд алсын хараатай, үр дүнтэй, баримтад суурилсан шийдвэр гаргах хэцүү.
Тодорхой бодлогын шийдвэрүүдэд энгийн иргэд шууд саналаа илэрхийлдэг референдум нь ардчиллын хамгийн төгс илэрхийлэл гэж дэмжигчид нь үздэг. Гэхдээ төлөөллийн ардчилалд референдум явуулах нь иргэдийг төлөөлж сонгогдсон улс төрийн лидер болон сонгогч хоорондын харилцааг доройтуулдаг.
Цаашдаа Барууны ертөнцөд бодлого боловсруулах үйл явцын түгээмэл, онцлог шинж нь референдум болох нь байна. Их Британи түүхэндээ гурван удаа референдум явуулсан
. Тэдгээрийн хоёр нь өнгөрсөн 6 жилд болсон аж. Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Франсуа Фийон хэрвээ сонгуульд ялвал хоёр референдум явуулна гэж амласан
ба цаашдаа нийт 5 референдум явуулах хэрэгтэй гэж байв.
Сонгуулиуд ойр ойрхон болж байна. “G20”-ийн орнуудын удирдагчдын албан тушаалд байх дундаж хугацаа 1946 онд 6 жил байсан бол одоо 3.7 жил болтлоо буурсан
байна. Энэ өөрчлөлт Засгийн газрууд харалган бодлого гаргахыг дэмжиж байна.
Сонгуулийн технологи сонгуулийн ирцийг нэмэгдүүлдэг эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Юу тодорхой байна вэ гэвэл хэрвээ энэ технологи өргөн дэлгэрвэл эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төрийн чадавхи зэргийг доройтуулах болно.
Ядуу хүмүүсийг ардчилалд оролцоход тулгарч буй саад тотгорыг зайлуулах нь чухал зорилго мөн. Гэхдээ эдгээр иргэдийн эрх ашиг үр дүнд нь хохирч байхад үүнийг ямар сайхан зорилго гэх юм бэ?
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: www.project-syndicate.org