Нийтлэл 06 сарын 15, 2017

Ядарч яваа Монголын нэр хүнд-1

Манай хоёр хөршид “Нэг бүс, Нэг зам” форум, “Санкт-Петербургийн эдийн засгийн форум” болж  өнгөрлөө. Монгол улсыг төлөөлж төрийн дээд түвшинд манай Ерөнхий сайд айлчиллаа. Манайхан ямар “олзтой” ирсэн бол гэж сонирхож байна. Олон улсын форумд зөвхөн юу олж ирсэнд биш яаж оролцсон нь бас чухал байдаг. Саяын форумуудаас Монголын олон улс дахь нэр хүнд ямар хэмжээнд хүртлээ унасныг харж болно.Ингээд цувралынхаа эхний хэсгийг хүргэж байна.

Өнгөрсөн 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо “Нэг бүс Нэг зам” олон улсын форум болов. БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинпин форумыг нээж лут илтгэл танилцуулав. Тэрээр торгоны замыг 2000 жилийн түүхтэй гээд түүхээс суралцан заасан замаар нь явахыг уриалав. Хятадууд 2013 онд “Торгоны замын эдийн засгийн бүс санаачлага”-ыг танилцуулсанаас хойш дөрвөн жил өнгөрөхөд олон ажил амжуулжээ. Юун түрүүнд нэн чухал санхүүгийн бүтцүүдийг бий болгов. Үүнд: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны зам санг байгуулан санхүүжүүлж мөн дотоодын банкуудыг торгоны зам дагуух төслүүдэд хөрөнгө оруулах, зээл өгөх хөтөлбөр боловсруулжээ. Цаашдаа “Нэг бүс Нэг зам” санаачлага санхүүжилт, улс орнуудын  оролцооны хувьд өөдрөг харагдаж байна.

Хятад түүхэндээ торгоны замын гол оролцогч байсаар ирсэн. Одоо түүхэн хувь заяагаа ашиглаж байна. Гэхдээ Хятад ганцаараа Торгоны замыг бүтээгээгүй гэдгийг мартаагүй биз?

Торгоны замын Монгол учиг

Торгоны зам нь олон улс дамнан улс орнууд хоорондоо харилцах сүлжээ болж байсан. Тодруулбал Европын Пап Хятад торго өмсөх, Монгол хүн Ойрхи Дорнодод төрийн ажил хийх, Перс хүн Монголын түүх бичиж, Европ хүн Хятадад аялаж байсан үе юм. Гэхдээ дэлхийн ингэж өөрчлөгдөж, олон улс Торгоны замд оролцох болсон нь ганц улсын хүчин чармайлтын үр билээ. Энэ бол Монголчууд.

Үнэндээ Монголчуудын байлдан дагуулалт Торгоны замын сүлжээг сэргээн, илүү өргөн болгожээ. Үүнд Хятадын үйлдвэрлэлд шинэ зах зээлүүдийг нээж өгсөн явдал чухал байв. Үүнийг тодруулан Оросын урлаг судлаач Н.Н.Соболев нэгэн баримтаар тайлбарлажээ: “Хятадын торго XIII зууны сүүлч хүртэл Баруун Европт нэвтрээгүй байсан. Санс, Ром, Аахен, Кёльн, Трир, Зигбур зэрэг хотуудын бөс барааны алдарт цуглуулгуудад антинойн, сасанидын болон византийн давууны дээж байдаг ч хятад даавууны нэг ч тасархай байгаагүй. Харин 1300 оноос эхлэн Перуджия, Берн болон Германы бусад хотуудын сүм хийдээс хятад даавууны том том хэсэг, түүгэр урласан хувцас ихээр илрэх болсон. Европт Хятадын даавуу ихээр орж ирсэн нь Чингис хааны удмынхан Ази тивийн улс орнуудыг эзлэн Ил хаант улсыг байгуулснаар тэднийг хязгаарлаж байсан хилийг үгүй болгож, Өрнө, Дорнын хоорондын идэвхитэй бараа солилцоог зохион байгуулсанд оршино” гэжээ.

1304 онд Перуджийд нас барсан Бенедикт XI Папын оршуулгын хувцасыг бадам лянхуа цэцэг бүхий хатгамалтай цагаан торгон Хятад даавуугаар хийсэн байжээ. Ромын Пап байна гэдэг Европд дээдсийн хүрээлэлд багтан нийгмийн тогтолцоонд өндөр байр суурь эзэлнэ гэсэн үг. Түүний оршуулга шашны хувьд хамгийн хүндтэй үйл ажиллагааны нэг учраас хамгийн уран тансаг бүтээгдэхүүн ашиглах нь дамжиггүй. Үүнээс дүгнээд үзвэл Хятадууд Европын дээдсийн тансаг барааны зах зээл буюу даавууны зах зээлийг эзэлчихсэн байсан гэсэн үг. Харин Европчуудын гарт Хятад торгыг Монголчууд авчирчээ. Өөрөөр хэлбэл Монголчууд зах зээлийг “холбогч”, “нээгч” байжээ. Өнөөдөр ч ийм байх бүрэн боломжтой. Хятад түүхэндээ хамгийн том үйлдвэрлэгч байсан одоо ч хамгийн том үйлдвэрлэгч байсаар байна. Нийлүүлэх зах зээл дэлхийн хаа саагүй байна. Монголын цаана Орос, Европын том зах зээл байна. Одоо Монгол түүхэн “хувь заяагаа” ашиглаад холбох уу эсвэл...

“Гуйлгачин” Монгол

БНХАУ-д Монгол улсыг төлөөлж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлан “Нэг бүс, Нэг зам” форумд   оролцов. Гэхдээ айлчлалын гол сэдэв нь Торгоны зам биш зээлийн асуудал байв. Айчлалын үеэр:

БНХАУ-ын олгосон 1 тэрбум ам.долларын зээлийн Хятадын талын хариуцах хувийг 95     хувь болгох, Монгол банк Хятадын Ардын банк хооронд байгуулсан своп хэлэлцээрийг сунгах,  БНХАУ-аас Монгол улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгох, ирэх 3 жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох зэрэг асуудлуудыг шийджээ.

2014 онд Си Жинпин Монгол улсад айлчлах үед Монголд ямар тусламж үзүүлж, хичнээн мөнгө зээлэх бол гэж горьдож байж билээ. Тэр үеэс хойш Монголын төрийн дээд албан тушаалтнууд Хятадад айлчлах бүртээ мөнгө гуйсаар ирсэн. Хэрвээ Монгол улс Торгоны замын санаачлагыг ашиглая гэж байгаа бол бодитой оролцоогоо илэрхийлэх хэрэгтэй. Дэмжиж байгаа гэдэг “амаараа балешиглах” биш, Монгол улс өөрсдийн зүгээс төслөө санаачилан,  үр ашгаа бүрэн судалж, түүнийгээ хэрэгжүүлэхэд хамтран хөрөнгө мөнгө гаргах нь бодитой оролцоо мөн. Яг одоо Торгоны замын санаачлагын хүрээнд Беларус, Пакистан, Шри Ланка, Индонези, Лаос, Тайланд, Кени, Этиоп зэрэг улсуудад болон Еврази дамнасан Хятад-Европын хурдны төмөр замын төслийг оролцуулаад нийт 10 төсөл хэрэгжиж байна.

Хэдийгээр Монголоор дамжуулан тодорхой дэд бүтцүүдийг барихаар тохиролцсон ч үүнд онцгой анхаарах асуудлууд бий. Орос-Хятадыг холбосон дэд бүтэц буюу Торгоны замын нэг салаа болохуйц Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам нааштайгаар шийдэгдэж байна. Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барих санхүүжилтийг Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк гаргахаар болж байна. УИХ-аас 2014 онд Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замыг бүдүүн цариг буюу 1520 мм царигтайгаар Хятадын Шэнхуа групптэй хамтран барьж байгуулахаар болж буй бололтой.

Харин энэ зүүн чиглэлийн босоо төмөр зам буюу Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ойролцоо орших уурхайнуудын лицензийг Хятадын компаниуд эзэмшиж байна.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улаан хар тугалга, цайрын ордны лицензийг БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК эзэмшиж байна. Энэ ордны геологи хайгуулын ажлыг 1986 онд ЗХУ-ын Уул уурхайн яамны харьяа Геологи хайгуулын газар хийн 1989 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Уул уурхайн нөөцийн Улсын комисс нөөцийг баталсан байдаг. Батлагдсан нөөцийн дагуу энэ ордод:

“…38826.5 мянган тонн цайрын хүдэр бий гэх бөгөөд үүнээс 50 хувийн агуулгатай 738 мянган тонн цайрын баяжмал гаргаж авах тооцоо хийжээ. Хар тугалга 165-424 мянган тонн, мөнгө 652-2047 тонн, алт 3661-8069 кг, зэс 8953-28601 орчим тонн бий. Мөн газрын ховор элементэд орох кадми 1124-3867 тонн, селен 91-272 тонн, теллур тэргүүтнvvд 98-272 тонн бийг тухайн үед геологчид тогтоож байжээ. Бас ураны 250 гаруй тонн нөөцийг баталгаажуулсан байдаг.”  

Мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Гурванбулагийн ураны ордын лицензэд Хятадын Үндэсний Цөмийн корпораци хувь эзэмшиж байна. 2015 оны 11-р сараас хойш ордын ашиглалтын лицензийг авахаар хүлээгдэж буй гэсэн мэдээлэл байдаг. Энэ ордод Монголын Засгийн газар 51%, Хятадын Үндэсний Цөмийн корпораци 49%-ийн эзэмшилтэй орно гэсэн мэдээ бий. 1988 оны судалгаагаар энэ ордод 5449,4 мянган тонн хүдэр, 0,188 хувийн ураны агуулгатай 10270 тонн ураны нөөц байдаг гэж батлагдсан байдаг.

Дээрх ордуудаас гадна Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Цавын цайр, хар тугалгын орд бий. Мөн л социализмын үед нөөцийг нь тогтоосон. Ордын лицензийг 2003 оноос Хятадын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Шанлун” компани эзэмшиж байна. Тогтоогдсон нөөц нь 3.5 сая тонн хүдэр, 226.2 мянган тонн хар тугалга, 123.3 мянган тонн цайр, 881.9 тонн мөнгө, 5.6 тонн зэс байдаг аж. Мөн энэ ордод LCD дэглэцний үндсэн түүхий эд Индий байдгийг тогтоожээ.

Чухам Тавантолгойн төмөр замтай харьцуулахад энэ чиглэлд төмөр зам барих болсон нь хэрүүл, шуугиан багатай ба төмөр замын ойролцоо ажиллаж буй ордууд Хятад руу саад, тотгоргүй экспортолж байгаа таатай нөхцөлтэй холбоотой юм. Нөгөө талаас энэ чиглэлээр дамжин Орос-Хятадын худалдааны эргэлт нэмэгдэх боломжтой өөрөөр хэлбэл 25 сая тонн орчим ачаа тээвэрлэх боломжтой гэж байна.

Мөн энэ чиглэлийн төмөр замд Хөөтийн нүүрсний бүлэг орд бий. Зарим мэдээгээр энд 300 сая тонн хүрэн нүүрс бий гэжээ. Одоогоор энэ ордод “Буман олз” хэмээх Монголын 100%-ийн компани олборлолт хийж Хятад руу экспортолж байна. Энэ чиглэлийн төмөр замыг 2018-2020 оны хооронд барьж дуусгана гэж буй. Төмөр зам баригдахтай зэрэгцээд Хөөтийн бүлэг ордод Хятадын компаниуд ажиллаж эхлэж магадгүй. Хятадууд өөрсдөө замаа бариад, олборлоод, тээвэрлээд Монголчуудад амар ч юм уудаа. Гэхдээ ашиг нь хэнд очих юм бол доо?

Санкт-Петербургийн эдийн засгийн форум

Энэ сарын 1-3-ны хооронд болж өнгөрсөн Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд манай Ерөнхий сайд оролцов. 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй энэ форум анх Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд буюу хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг голдуу багтаасан бүс нутгийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцдэг байв. Владимир Путин 2000 онд ерөнхийлөгч болсоноосоо хойш бүс нутгийн гэхээсээ илүүтэй олон улсын форум болж өргөжиж эхэлсэн. Энэ форумыг Оросын “Давос” гэж нэрлэх нь ч бий.

Энэ жилийн форумд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Австрийн канцлер Кристиан Керн зэрэг нийт 130 орны 11,000 төлөөлөгч, 250 орчим гадаадын бизнесийн болон олон улсын байгууллагууд оролцсон аж. Форумын үеэр нийт 35,3 тэрбум ам.долларын дүнтэй 386 гэрээг байгуулагдсан байна.

Форумын гол эдийн засгийн асуудлууд нь Орост Францын Renault болон Японы Nissan зэрэг компаниуд электрон машин үйлдвэрлэх, Оросын хийг Өмнөдын урсгалаар буюу Хар далайгаар дамжуулах, Оросын банкууд криптовалют (үүний нэг хэлбэр нь Bitcoin) ашиглах, Made in Russia (Сделано в России) төслийн хүрээнд Орост үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг олон улсад сурталчилж, экспортлох зэрэг байв.

Манайхан форумд оролцож “нөгөө л” гуйлгаа: манайд хөрөнгө оруулаачээ Оросуудаа гэж. Ийм үг бол боловсоноор бид улсаа хөгжүүлж чадахгүй байна, та нар ирж мөнгөө хийгээд бүтээн босгоод өгөөч гэж буй юм. Хариуд нь Оросууд “бэлэн мөнгө” өгсөнгүй. Бодвол бусад улсуудаас хангалттай их мөнгө зээлсэн дээрээс нь манайханд мөнгө өгвөл яаж үрэн таран хийдгийг мэдэх учраас бодит ажлууд дээр нэр заан туслалцаа үзүүлэхээр болжээ. Бээжинд болсон форумд оролцсонтой адилаар форумын үндсэн асуудлуудад Монголчууд “чимээгүй”. Ингээд хоёр хөршдөө гуйлгачилж яваад ирэв. Үнэндээ “гуйлгачин” гэж бичихээс ичиж байна. Гэхдээ үнэн нь ийм юм даа.

Хос морио алдсан Монгол

Хөтөлгөө морьтой байвал хол замыг туулна гэж Монголчууд ярилцдаг. Монгол улсын хөгжлийн хөтөлгөө морь нь Орос, Хятад хоёр хөрш билээ. Улаанбаатар хотыг хөршүүдийн тусламжаар хэрхэн босгосон, Оросууд Монголыг орчин үеийн соёл, шинжлэх ухаантай золгуулсан түүхийг бүгд мэднэ. Нэг нь цуцахаар нөгөөд нь морддог байсан Монгол улс хөтөлгөө морьдоо алджээ.

Олон улсын эдийн засгийн форумуудад улс орнууд тодорхой төсөл, хамтран хийх тодорхой ажлуудыг харилцан санал болгодог. Гэтэл Монгол улс зөвхөн гуйлга гуйх л бөлгөө.  Санал болгох бодит “ажилгүй” байгаад зогссонгүй Монгол улсыг дааж давшгүй их өрөнд оруулж гуйлгачин царайлуулсан нь хоёр хөршийнхөө хөгжлөөс хоцрон чирэгдэж үлдэх нөхцөл бий болгож байна. Уг нь социализм байгуулна гэж мөр зэрэгцэж явсан улсууд шүү дээ. Одоо бол бодит ажил ярихаасаа илүүтэй өрөө төлөх мөнгө гуйж хөршүүдтэйгээ харилцаж байна. Ингэвэл юун хөгжил ярих. Энгийн хэлээр бол: Хөршүүд болохоор бид олон улстай хамтарч байна, Торгоны зам байгуулж байна шдээ гэхээр манайхан тэр яах вэ хөгшиндөө хэдэн төгрөг зээлээч гэж буйтай л адил.

Дүгнээд хэлбэл Монгол улсын нэр төр олон улсын хэмжээнд шалдаа унаж “гуйлгачны” хэмжээнд очсон бөгөөд хөршүүд нь ирээдүйн олон улсын хөгжил ярьж байхад ирээдүйн өрөө яриад үлдэх нь. Бид Хятадаас, Японоос, Өмнөд Солонгосоос, ОУВС-аас гээд “бэлэн мөнгө” өгч чадах бүх зээлдэгч нараас зээлж чадлаа. Хэрвээ 2020 оноос хойших Засгийн газрууд ахиад зээл авна гэвэл манайхан биш зээлдэгч нар ичих байх, арай ч дээ одоо болоогүй юу гэж

Үргэлжлэл бий...

 

Сэтгэгдэл бичих

arrow icon