Монголд элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхтэй зэрэгцээд Хятадад ч бас элсэлтийн ерөнхий шалгалт авдаг. Энэ шалгалт өрсөлдөөнтэй, хатуу стандарттай учраас сурагчид шаргуу бэлддэг. Нөгөө талаас дээд боловсрол эзэмшиж мэргэжилтэй болох нь амьдралаа дээшлүүлэх цорын ганц боломж гэх үзэл түгээмэл хэвээр байгаатай холбоотой. Дэн Сяопинг 1977 онд энэ шалгалтын системийг сэргээсэн нь өнөөгийн Хятадын хөгжлийг бүтээх сэхээтэн, боловсон хүчнийг бий болгосон гэж үздэг. Тухайн үед шалгалтанд нийт бүртгүүлсэн хүмүүсийн дөнгөж 4,7% нь тэнцдэг байв. Одоогийн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, нэрт кино найруулагч Жан Имоу нар 1978 онд энэ шалгалтаар дамжсан байдаг. Ингээд Хятадын элсэлтийн ерөнхий шалгалтын тухай бичсэн Жиаюун Фенгийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Энэ 6-р сарын 7-ноос эхлэн Хятадын ахлах ангийн төгсөгчид улс даяар болдог коллеж, их сургуульд элсэх шалгалт өгч байна. Шинхуа агентлагийн мэдээллэж буйгаар энэ жил 9,4 сая орчим сурагчид шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Энэ нь 2010 онд 10,5 сая сурагч шалгалт өгч байсантай харьцуулахад буурсан тоо юм. Жил бүрийн 6-р сард Хятадын медиа салбар шалтгалтын мэдээлэлээр дүүрч, баяр хөөр бага, дарамт ихтэй үндэсний баяр шиг өдрийг өнгөрөөдөг.
Энэ жил гаокао системийн (шалгалт Орч.) 40 жилийн ой тохиож байна. Өөрөөр хэлбэл энэ 2017 онд Соёлын хувьсгал дууссанаас хойш гаокао системийг бий болгосон. Гэхдээ энэ шалгалтын системийн үүслийг хөөвөл Сүй улсын (НТ 581-618 он)[1] үе рүү очно. Тухайн үед энэ системийг көжү буюу Улсын шалгалт эсвэл Төрийн албаны шалгалт гэж нэрлэдэг байв. Энэ шалгалтыг энгийн ардуудаас авъяас, чадвартай хүмүүсийг сонгохын тулд төрөөс санаачилжээ. Зарим нэгэн хүн көжүг Хятадын тав дахь инноваци гэж тунхагладаг. Көжү 1300 жилийнхээ түүхэнд Хятадын эзэнт гүрний хүний нөөцийг өргөсгөх мөн энгийн Хятадууд нийгмийн элит ангид дэвших бараг цорийн ганц зам
байв. 1905 онд көжү системийг халав. Гэвч энэ системийн амин сүнс орчин үеийн Хятад байгуулагдаад гурван жил болж байсан 1952 онд бий болсон гаокао системийн дотор оршсоор байна.
Соёлын хувьсгалын эмх замбараагүй 10 жилд Хятадын боловсролын систем бүрэн зогсонги байдалд орсон
. Дунд сургуулиуд хаагдаж, их сургуулиуд оюутан элсүүлэхээ больсон байв. Мао 1977 онд нас бараад удаагүй байх үед Дэн Сяопин ерөнхий сайдын албан тушаалд томилогдож боловсрол, соёлын асуудал хариуцаж байсны хувьд гаокао системийг сэргээсэн юм. Гаокао системийг сэргээх үед нас, угсаа гарал үл харгалзан олон хүн боловсрол олохын тулд элсэж байв. Албан мэдээгээр 1977 оны шалгалтанд 5,7 сая хүн бүртгүүлсэнээс 272,971 хүн буюу нийт бүртгүүлсэн хүмүүсийн 4,78% нь тэнцсэн
байна.
Үүний дараагийн арванд хүн амын бүтцийн өөрчлөлтөд тохируулан шалгалтын системд олон өөрчлөлт оруулжээ. 1985 онд Боловсролын яам зарим ахлах сургуулиудыг сайн суралцсан сурагчдаа шалгалтанд оруулахгүйгээр их сургуульд элсүүлэхийг зөвшөөрөв. Үүнээс 14 жилийн дараа нийт элсэлтийн хэмжээг нэмэгдүүлж хүнд амьдралтай залуучуудыг дээд боловсрол эзэмших боломж олгож байв. 2000 онд өөр нэгэн томоохон өөрчлөлт хийгдэв. Бээжин, Шанхай зэрэг хотууд “хаврын гаокао” гэх шалгалтын өөр хувилбарыг санаачлав. Энэ шалгалтыг зуны шалгалтанд тааруу дүн авсан боловч коллежд элсэх хүсэлтэй сурагчдад зориулан санаачилжээ.
Шалгалтын хичээлүүд өөрчлөгдсөөр иржээ. 1977 онд гаокао системийг сэргээх үед байгалийн шинжлэх ухаанаар сурах оюутнууд 7 хичээлээр шалгалт өгөх ёстой байсан. Харин хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцах оюутнууд 6 хичээлээр шалгалт өгөх ёстой байсан
аж. Шалгалтын хичээлийн тоо сурагчдад хэтэрхий их дарамт болж байна гэдэг гомдол хурах үед Боловсролын яам шалгалтын квотын тоог багасгажээ. Одоогийн шалгалт “3+Х” гэсэн хувилбараар буюу бүх сурагч Математик, Хятад хэл, Англи хэл гэсэн 3 хичээлээр шалгалт өгөх ёстой
бөгөөд цааш шинжлэх ухааны эсвэл бусад хичээлүүдийг хүссэнээрээ сонгох боломжтой байдаг.
Сүүлийн жилүүдэд хот-хөдөөд боловсрол эзэмших ялгааг шийдвэрлэх зорилгоор оршин суугаа газраа бүртгэлгүй сурагчдыг шалгалтанд орох эрх олгох, зарим их сургууль, коллежууд хөдөөний сурагчдыг илүү олон тоогоор элсүүлэх зохицуулалт зэргийг багтаасан цогц бодлогыг төрөөс дэвшүүлсэн.
Хэдийгээр гаокао системийг бүгдэд боловсрол эзэмших тэгш боломж олгодог гэж үздэг ч үүнд олон асуудлууд бий. Үүний нэг нь булхайцах (хуулах. Орч). Үүнээс сэргийлэхийн тулд зохион байгуулагчид камер, метал илрүүлэгч зэргийг шалгалт өгөх газарт суурьлуулсан. Эдгээр уламжлалт аргуудаас гадна радио долгион илрүүлэгч дрон, хурууны хээ шалгагч, царай таних төхөөрөмжүүдийг хэрэглэж байна.
Орчуулсан: Ш.Билгүүн
Эх сурвалж: www.supchina.com
[1] Энэ шалгалтын систем Хан улсын (НТӨ 206- НТ 226 он) үед үүссэн гэдэг ч Сүй улсын үед үндсэн бүтэцээ олсон гэдэг.
Сэтгэгдэл бичих