Нийтлэл 06 сарын 19, 2017

Би улс төржих дургүй #Facebook #trending

Угаасаа аль нэг намын хүн ч биш бас миний найзууд дотор бүх л намын гишүүд эсвэл дэмжигчид байгаа. Тэр хүмүүс хэнийг сонгох, яах нь тухайн хүмүүсийн сонголт учир би элдэв янзаар өөрийнхөө үзэл бодол, логикийг тулгахгүй. Гэхдээ нэг удаа жоохон улс төржчихье.
Энэ удаагийн сонгууль үнэхээр совьестгүй, муухай болж байгаатай хүн болгон санал нэгдэх байх. Телевиз, фэйсбүүкээр дүүрэн сөрөг Пи Ар, худлаа цуу яриа, бие биенээ гүтгэсэн увайгүй байдал...
Миний найзуудын нэг нь "Очирбат, Багабанди нарын үед сонгууль гоё болдог байж дээ" гээд бичсэн байв. Үнэний хувьтай, гэхдээ би энд сонгуульд оролцож байгаа хүмүүсийг буруутгахыг хүсэхгүй байна. Харин Ерөнхийлөгч гэдэг албан тушаалын үнэ цэнийг хэт хөөрөгдсөн системийн гажуудлыг шүүмжилмээр байна. Яагаад энэ хүмүүс бүгд ерөнхийлөгч болох гээд ингээд улайраад байна вэ? Муу хүн гэж байдаггүй, муу систем гэж л байдаг гэж би хувьдаа боддог.
Жишээ нь М.Энхболд намын даргын хувьд ерөнхий сайд болж одоо мөрийн хөтөлбөрт байгаа зүйлээ хэрэгжүүлэх бүрэн боломж байсан. Гэтэл Ерөнхий сайд болсонгүй. УИХ-ын даргаараа үлдээд хууль зүйн орчноо сайжруулаад мөрийн хөтөлбөрт байгаа зүйлээ хэрэгжүүлэх боломж ч байгаа. Гэтэл яагаад Ерөнхийлөгчид зүтгээд байна вэ? Тэнд нэг их бал бурам байгаа юм болов уу?
Сайнаар төсөөлбөл УИХ, Засгийн газар болон Ерөнхийлөгч нь нэг намаас болвол бодлого нь эсэргүүцэл багатай явах учир улс эх орны хөгжилд хэрэгтэй гэж үзээд ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүнээ сонгосон гэж дүгнэж болох.
Харин, саараар бодвол...
Монгол улсын Ерөнхийлөгчийн ХАНШ хэт өндөр болсонд учир байгаа мэт. Бод л доо. Уг нь манай Монгол улс хуулиараа цагдаагийн байгууллагыг Хууль зүйн яам болон улсын прокурор хянаж, прокурорын хийсэн ажил зөв эсэхийг шүүх шийдэх хуультай улс. Өөрөөр хэлбэл Цагдаа / АТГ - Ажлаа зөв хийж байгааг прокурор хянана.
Харин прокурор ажлаа зөв хийсэн эсэхийг Шүүх ялгаж салгана. Олон улсад дээд шүүх нь Засгийн газраасаа илүү эрх мэдэлтэй байдаг. Ингэж байж эрүүл тогтолцоо, бие биеэ хянасан систем бий болно.
Гэтэл одоогийн Монгол улсын хуулиар Цагдаагийн даргыг Ерөнхийлөгч томилно. Улсын Прокурорын даргыг Ерөнхийлөгч санал гаргаж УИХ батална. Шүүхийн удирдлагыг мөн Ерөнхийлөгч томилно. Хэрвээ нэг хүн гурван байгууллагын хүмүүсийг томилбол тэд яаж бие биенээ хянах билээ? Ерөнхийлөгчийн эрх дархан цаазтай болно биз дээ? Тэгэхээр Ерөнхийлөгч болохын төлөө үхэн хатан өрсөлдөх нь аргагүй.

Жишээ нь, яагаад дараах байдлаар томилж болдоггүй юм бол?

ЦЕГ / АТГ-ын дарга -- Хууль Зүйн Яам нь санал гаргаж УИХ батлах
Улсын Прокурор -- Хууль зөв хэрэгжиж байгааг хянах гэдэг утгаараа Үндсэн Хуулийн Цэцээс санал гаргаж, УИХ батлах
Шүүхийн дарга -- Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс томилох.
Ингэснээр 3 өөр байгууллагаас томилогдож, харилцан бие биеэ хянах систем үүснэ шүү дээ?
Мөн дээрх байгууллагуудад Ерөнхийлөгчийн оролцоо угаасаа байх учраас Ерөнхийлөгч ажилгүй, үүрэггүй, хариуцлагагүй, үнэгүй болох асуудал үүсэхгүй.
Зүгээр л зарим бодол.

А.З

arrow icon