Интернэт хөгжихийн хирээр бэлэн мөнгө ашиглах, халаасандаа түрүүвчтэй явах, банкин дээр очиж байрны мөнгөө төлөх, өндөр шимтгэлтэй гадаад гүйлгээ гуйвуулах зэрэг бидний өдөр тутмын төлбөр тооцооны дадал өнгөрсөн түүх болон үлдэх цаг дөхсөөр
л. Энэ удаад уншигчид та бүхэндээ Энэтхэгт хүчээ авч буй “Paytm” төлбөр тооцооны тухай танилцуулж байна.
Энэтхэгийн хувьд, төлбөр тооцооны 70-80 хувийг бэлэн мөнгөөр хийдэг зах зээл бөгөөд сүүлийн үед электрон төлбөр тооцоо тэр дундаа гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийх нь асар эрчимтэй хөгжиж, бэлэн мөнгөгүй нийгмийг цогцлоон бүтээхээр Засгийн газраас нь хүртэл бодлого гарган дэмжиж байгаа нь олны анхаарлыг ихээр татаж байна.
2016 оны 11 сард Энэтхэгийн Ерөнхий сайд Наренди Моди авилгатай тэмцэх хөтөлбөрийнхөө хүрээнд нийт зах зээл дээр эргэлдэж буй цаасан тэмдэгтийн 86 хувийг эзэлж байсан 1,000 болон 500 рупигийн дэвсгэртийг ашиглалтнаас хасахаар шийдсэн. Бэлэн мөнгөний дутагдал газар авч, АТМ, банкны өмнө урт цуваа үүсгэн бэлэн мөнгө авч байсан энэхүү хүндхэн үед гар утасны төлбөр тооцооны компаниудад орон зайгаа тэлэх сайхан боломж бүрдсэн юм. Үүний нэг нь гар утасны төлбөр тооцооны акул “One97 Communications” компанийн “Paytm” төлбөрийн систем.
Дашрамд дурдахад, тус компанийн хөрөнгө оруулагчид нь Хятадын төлбөр тооцооны акул Алипэйн төлбөр тооцоог гүйцэтгэгч “Ant Financial”, “SAIF partners”, “Mediatek”, “Sapphire Venture”, цахиурын хөндийн вэнчюр компаниудыг дэмжигч “Silicon Valley Bank”юм.
“Paytm” нь өдгөө 200 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй бөгөөд такси, автобус, хувцас хунар, байрны мөнгө зэрэг төрөл бүрийн зориулалтанд ашиглаж болохуйц бөгөөд Энэтхэгийн том жижиг гэлтгүй дэлгүүрүүдэд “Paytm”-р төлбөр гүйцэтгэх боломжтой болсон. Хэрэглэгч нь ухаалаг гар утсандаа төлбөр тооцооны зориулалтын аппликэйшнг суулгаад, урьдчилаад банкны данснаасаа мөнгөн дүнг байршуулна. Улмаар дэлгүүрийн кассан дахь QR кодийг уншуулаад, тухайн дэлгүүрийн кодыг хийснээр төлбөр тооцоогоо гүйцэтгэх боломжтой болох юм.
Энэтхэгт гар утсаа ашиглан төлбөр тооцоо гүйцэтгэх нь сүүлийн үед ихсэж байгаа бөгөөд өнгөрсөн 11-12 сарын үед “Paytm”-н шилжүүлгийн тоо өдөрт дундажаар 6.5 сая болж, өмнөхөөсөө 3 дахин огцом өсч, кредит картны гүйлгээний тоог хүртэл давсан амжилт үзүүлсэн. Шинэ цаасан тэмдэгт гүйлгээнд гарч, бэлэн мөнгөний дутагдлаас ангижирсан 1 сарын үед ч уг тоо урьдын адил 6.5 сая байгаа нь гар утасны төлбөр тооцоо хэрхэн хэрэглэгчдийн дунд газар авсан нь харагдаж байгаа байх. Мөн “Paytm”-тэй зэрэгцээд “MobiKwick” (50 сая хэрэглэгчтэй), “ItzCash” зэрэг бусад гар утасны төлбөр тооцооны компаниуд ч мөн адил өндөр өсөлтийг үзүүлсээр.
“Paytm”-н хувьд хэрэглэгч нь заавал банк дамжилгүйгээр гудамжинд байрлах утасны урьдчилсан төлбөрт карт зардаг хүнд мөнгөө тушаагаад л цэнэглэх боломжтой болсноор энэ нь кредит карт, болон дебит картнаас амар болж байгаа юм. Хамгийн чухал нь гүйлгээний шимтгэлгүй. Хэзээ, хичнээн хэмжээний өртөг бүхий бараа зарсан тухайгаа утсан дээрээ хүртэл харах боломжтой тул гүйлгээгээ дараа хянахад тун хялбар.
Энэтхэгийн Засгийн газраас зөвхөн ухаалаг утсаар төлбөр тооцоо гүйцэтгэх бус, ухаалаг гар утасгүй орлого багатай иргэд ч хүртэл төлбөр тооцоог бэлэн бусаар хийх боломжоор хангаж, бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээхээр ажиллаж эхлээд байна. Өнгөрсөн 12 сарын сүүлээр Засгийн газрын санаачилгаар төлбөр тооцооны аппликэйшн бүтээсэн. Мөн хурууны хээ болон иргэний үнэмлэхээ ашиглаад бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой шинэ төлбөрийн системийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. Хурууны хээний мэдээллийн системийг хянах “Aadhaar”-г аль хэдийн бий болгож, ухаалаг гар утасгүйгээр төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой бэлэн мөнгөгүй нийгмийг бүтээхээр идэвтэй ажиллаж байна.
Манай Монгол улсын хувьд ч мөн адил ард иргэд төлбөр тооцоогоо зориулалтын аппликэйшнг ашиглан шилжүүлэх нь элбэг болж, олон нийтийн унаанд хүртэл бэлэн мөнгө ашиглахгүйгээр зориулалтын карт ашигладаг болж, удахгүй QR код, олон нийтийн сүлжээгээр төлбөр тооцоогоо хийж эхлэх гэж байна. Технологийн хүчээр бэлэн мөнгөгүй нийгэм рүү ийнхүү дэлхийн улс орнууд аажмаар шилжсээр
. Дараагийн нийтлэлээр Хятадын олон нийтийн сүлжээний акул “Tencent” группын “WeChat pay” болон сошиал медиа ашиглан төлбөр тооцоо хийж буй жишээг танилцуулах болно.
Сонирхолтой мэдээлэл байна, дараагийн нийтлэлийг тэсэн ядан хүлээж байна.