Нийтлэл 06 сарын 20, 2017

Цоодолын Хуланд хүргүүлэх захидал: Би шүлэг уншмаар байна

 Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг

Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?

Дун цагаан шүдээ яралзуулсхийн инээчихээд

Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?

Нэр зүс мэдэх ч нүүр тулж үзээгүй найрагч эгч танаа.  Эр хүний “гуниггүй цэвэрхэн”-ийг магтан дуулсан ардын дуу Юндэн Гөөгөөгөөс хойш “дуу шиг сайхан” эр хүнийг дүрсэлж чадсан нэгэн шадыг таталж чадсан эгчмэд уран бүтээлч билээ, Та.  

Эр хүнийг ийн харах нүдтэйдээ юм уу, нээрээ л дун цагаан шүд яралзуулан инээж духаараа харж хөмсгөө зангидсан шинэ цагийн "Юндэн Гөөгөө", дуу шиг биш юм гэхэд мафийн толгойлогч шиг царайтай бакь залууг Ерөнхийлөгчид дэмжсэн ил захидлыг чинь уншаад хувь хүний бус цаг үеийн тухай хэдэн үг сольё уу хэмээн санаж үзэг цаас нийлүүллээ. Өнөөдөр эдний хэн ялахаас илүүтэй нөлөөллийн үг ямар жинтэй, хариуцлагатай байх ёстойг, мэргэжлийн бус урлаг спортын хүмүүс мэдэх мэдэхгүй бүхэн рүүгээ орж монголчуудын хүндлэлд тархи угаалтаар хариу барьдаг трэнд зогсох ёстойг хөндөхөд тохиромжтой жишээ гэж үзэж байна.  Ингээд би Тантай уралдаж шүлэг бичихгүйтэй адил, Таныг надтай арсаж бодлого ярихгүй байгаасай гэсэн хүслээр хэдэн үг дайх нь:

Үүрэг

Нэг найз маань өөрт тохиосон инээдтэй түүхээсээ хуваалцсан нь: Мань хүн  нэг удаа -Би ердөө нүүрээ буддаггүй гэж онгирч л дээ. Сонсож суусан найз нь -Юун ч өөртөө итгэлтэй юм билээ дээ гэсэн гэдэг.  Бас нэг ийм эшлэл байдаг, их алдартай.

“Энэ ертөнцийн гол асуудал: ухаантнууд эргэлзээгээр дүүрэн байхад тэнэгүүд нь итгэлээр дүүрэн байдагт оршдог.” Ч.Буковски

Таны царай хэчнээн хөөрхнийг, шүлэг хэчнээн ярууг мэдэх тул хувь хүнийг чинь царай муутай, тэнэг гэх санаагүй. Гэхдээ та бидэнд дор бүрнээ өөртөө эргэлзэж, итгэлээ татаж амьдрах ёстой талбарууд байдаг. Би шүлэг бичвэл нүүрээ будаагүй царай муутын үлгэр буюу, та онол яривал эргэлзэхийг мэдэхгүй мунхагт тооцогдъюу.

Зөвийг гүйцэд мэдэлгүй магтах ч, бурууг мэдсээр байж үл дугарах ч аль аль нь үзгээр үйлдэх, эс үйлдэх нүгэл буйзаа.  Нөгөө хоёрыг нь өмөөрөх, магтах шаардлага надад алга, мэдээлэл ч алга.  Харин гурван нэр дэвшигчийн нэгнийх нь тарьж ирсэн асуудал, үнэн байдлыг мэддэгүйдээ юм уу мэдсээр байж уншигчдын тархийг угаах сэдлээр магтан дуулсан байгааг бичиг цаас нийлүүлдэг хэн нэг нь залруулж тэнцвэржүүлэх үүрэгтэй гэж үзээд бичиж байна.

Та МЭДЭХ үү?

Та өөртөө ямар итгэлтэй юм бэ? Тэнэж төөрсөн Монголын ард түмний өмнө бодлогын манлайлал, тогтолцооны дэвшил, гадаад харилцааны төлөөлөл хийх учиртай төрийн дээд эрх мэдэл, Ерөнхийлөгчийн суудалд хэн суухыг санал болгоход хүрэлцэх мэдлэг мэдээлэл танд байна уу? Байхгүйг чинь барагцаалахад ядах юм алга, бичсэн захидал нэртэй баахан хэрүүлийг гүйлгэж харвал андашгүй, хайран найрагч минь гэж.  Энэ улсад урлаг нь улстөрөөс ангид үлдэх боломж хүртэл дууссан нь харамсалтай. Эшлэхээс халшрам явган хэрүүл маягийн хэсгээс тойрсхийгээд зарим нэг зарчмын асуудал хөндвөл:

"Хөдөлмөрийн баатар"

Женко Баттулга гэх мэт бизнесмэнүүд тендер зардаг цагаан гартай сэхээтнүүдийн дэргэд  хөдөлмөрийн баатар гэнэ.  Тэр хөдөлмөрийн баатрууд чинь таны болоод бидний хөрөнгөнөөс ямар нөхцөлөөр тендер авч ирснийг та МЭДЭХГҮЙ бололтой. Мэдсээр байж ингэж ярих учиргүй гэж итгэж байгаа учраас мэдэхгүй байна гэж үзэв.  Эгэл ард, жирийн бизнесмэнүүдэд хэзээ ч олдохгүй хямд хүү, давуу нөхцөлөөр төрийн, төрийн ч гэж бидний өмч болон мөнгөнөөс цуслаж, тэндээс хийсэн ашгаа Баатарын авьяастай холиод баатар болж тодорсон улаан корруптыг хөдөлмөрийн баатар гэж цоллох чинь хийх бизнесгүй барих мөрөөдөлгүй болж ягтсан ард түмний  итгэл хүндлэлийг уландаа гишгэсэн увайгүй доромжлол байна. Онол судалгааны ертөнцөд тендерийн улстөр ба бизнесмэн лоббистууд төр барихын хор уршгийг судлах, тайлах ажил дуусаагүй. Энэ мэт шалтгаан үр дагавар, улстөр эдийн засгийн ярвигтай сэдэв таны шүлэг бичдэгээс арай өөр юм. Түүхий эмоц, тал татсан долдой үзлээр гэнэн цагаан ард түмний тархийг угаах хэчнээн уршигтайг тогтож тунгаагаасай гэж ганц танаас ч биш бусдаас нь ч хүсмээр байна.  Хөргөөр нь биш хийсэн бүтээснээр нь үнэлж хайрладаг гэж.  Дэлхий ертөнц бол төрийн хүнийг өөрөө овойж оцойсноор биш түмэн олноороо овойж оцойх боломж буюу хөгжлийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээр нь үнэлдэг юм. Монголын ард түмэн хүний барьсан хөшөө, бусдын авчирсан медальд баясаж суух амьгүй албат мэт ард түмэн болж хувирсан нь Женко Баттулгын ганцаараа сайн хүн болж тодрох, түүндээ та мэтийн поп уран бүтээлчийг ашиглах улстөрд л хамгийн хэрэгтэй.  Дээр нь айл айлын хоймор дэлгэцээр өвөл зун өглөө оройгүй “хөрөг”-өө харуулахад хамгийн их мөнгө хийдэг нь наад Баттулга чинь гэдгийг найрагчийн үзэг чинь мартсан бололтой.

"Төрсөн нутгаа хөгжүүлэгч" 

Хоёр хуудас захидал чинь хөх Монголын хөгжлийн тээг бүхнийг эмоорон магтахад зарцуулагджээ.  Төрсөн нутаг, сумаа хөгжүүлсэн Баттулгын хажууд тэр муу ер нь хэн юм бэ гэнэ. Сумыг хөгжүүл гэж сумын засаг дарга байдаг, аймгийг гэж аймгийн засаг дарга, харин улсыг хөгжүүл гэж төрийн түшээдийг, улсын тэргүүнийг сонгодог юм.  Монголын түшээд буцаж сонгогдох, хаяагаа манах адын хүслээр бүтэн улсын хөгжлийн боломжийг гаргууд гаргахаа болих цаг одоо болсон.  Баттулгын нэг л сумд цутгаж дуусгасан хөрөнгөөр бусад улсад нэг хөгжсөн бүс нутаг, нэг үйлдвэрлэлийн кластер хийдэг.  Баттулга сайд хийж, нам нь эрх барьсан хэдэн жилд Баянхонгорын хоёр сум башийсан ч бүхэл улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, олон улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл юу болж дэлбэрснийг найрагч та МЭДЭХГҮЙ байгаа бололтой, эндээс мэдэж аваарай. Түүнчлэн таны хэлэх муу үгээ олж ядаад байгаа нам чинь азаар засгийн эрх авснаас хойш энэ үзүүлэлтүүд олон улс, хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрөх хэмжээнд сэхэж, доллар бууж, экспорт өсч,  зээлжих зэрэглэл эргээд нэг хоёр шатаар ахиж байгааг зөвхөн өөрөө юм хийх мөрөөдөлгүй, өрөөлд алга ташиж амьдардаг, орчны сайн муу хамаагүй, төгрөг хэд болж байгааг ч анзаарахааргүй хүн л МЭДЭХГҮЙ байгаа болов уу.  

"Эх оронч үйлдвэрлэгч"

Таны бичиглэснээр Монголын үйлдвэрлэлийн салбарыг Баттулга ганцаараа бакь цээжээрээ хамгаалж яваа аж.  Үйлдвэрлэлд хямд өртөгтэй хөрөнгө нийлүүлэх учиртай үнэт цаасны зах зээл яагаад Монголд хөгжихгүй байгааг та МЭДЭХ үү? Үүнийг хийнэ гэж анх толгойлсон Золжаргал ямар аргаар Баянголыг Баттулгад хувьчилсан болохоор би биш, та биш Баттулгын сингапур найз ба түүний хүүхдүүд Баянголыг эзэмшдэгийг МЭДЭХ үү?  Эцэг өвгөд, ээж аавын минь хөдөлмөрлөж бүтээсэн энэ мэт баялаг бүх ард түмэнд зах зээлийн тогтолцоо дамжин хувьчлагдахгүй цөөн хэдэн хүний гарт яагаад төвлөрч ирснийг мэдэх үү?  Эгэл монгол хүмүүс өмчлөх эрхээ алдаж,  энхрий хэдэн хүүхэд нь улаан чулуут дээр хог түүж идэж байхад, шүтээн Баттулгын чинь найзын хүүхдүүд Баянголоос хүртсэн ашгаараа баар хэсэн баярхаж, энэ улсын эзэн нь байх учиртай эгэл монгол хүмүүст ихэрхэж тохуурхаж явдгийг МЭДЭХ үү?  Таны халагласанчлан Монгол орон Африкын араас байтугай дор нь явж,  монголчууд гадагшилж байгаа цаад учир нь Женко Баттулга, түүний жолооч асан Худалдаа Хөгжлийн банкны сахал Эрдэнэбилэг, түүний амин найз, төрийн индрээс түмэнд биш тэдэнд үйлчилж байгаагаа улайм цайм зарлан доромжлогч Элбэгдорж, эртний анд Золжаргал, Сайханбилэг тэргүүтэй хүмүүсийн 90-өөд онд Баянгол, Мах Импекс, Талх Чихэрээс авахуулаад 21-р зуунд Хөтөл, Дархан, ГОК 49 хувийн давуу эрх хүртэл Монголын ард түмний бүтээсэн, өвлөсөн бүхнийг шударга бус, ил тод бус, өрсөлдөөнгүй өмч хувьчлал, концесс, төсөв зарцуулалтад ашигладгаас, түүнээс үүдэлтэй тэгш бус боломж, бүтээмжгүй эдийн засгаас үүдэж байгааг МЭДЭХ үү?  МЭДЭХГҮЙ бол гадуурхагдсан хүүхдүүд, ядуурсан эцэг эхийг нь бодоод бүрэн мэдлэггүй дурлалаа бидний толгойд залахаар улайрахаа зогсоож хайрла. Мэдсээр байж ингэж байгаа бол муулаад байгаа хүмүүсээсээ ялгарах ялгаа танд огт алга.

"Хөлсөө дуслуулж үзсэн хөх захтай тамирчин"

Оёдлын машинаар өмд оёдог, хөлсөө дуслуулдаг тамирчин Баттулгыг магтан дуулахдаа намын түүх заадаг эцгийн гэрт сууж, дунд сургуулиасаа эхлээд дарга хийсэн улстөрчийг миалан шүүмжилсэн байгаа чинь хөгжлийн бодлого хийж, хүн удирдах сэхээтнүүдээ дулаан сургуульд “гар цагаан” боловсруулж, хөх захтай ажилтнууд нь тэдний бодлогоос төрсөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж , оюун ба хөдөлмөр тийн хуваарилагддаг болохоор өрх гэр бүрэн бүтэн өөдөлж явдаг дэлхийн чиг хандлагын эсрэг зүтгэсэн, хүн бүрийг хог түү хандив өг хар ажил хий хэмээн хүний түүхэнд луужингийн үүрэг гүйцэтгэж ирсэн цэвэр оюуны боловсрол мэдлэгийн  үнэ цэнийг үгүйсгэх хоцрогдсон мунхралт сэтгэлгээ мөн. Ард түмний хайртай найрагч, аавын охин Ц.Хулан та ямар муйхар хоцрогдсон сэтгэлгээгээр төрийн тэргүүний сонголтод хандаж, түүнийгээ ард түмэнд орон даяар нялзааж зүрхэлж байгаа нь Хятадын төрийн тэргүүнийг ирэхэд  Баттулгын зам дагуу явган гүйж сөрөг урсгал үүсгэж дуулиан дэгдээснийг магтан өөгшүүлж байгаагаас чинь илэрхий. Харилцаа нэг муудахад, хил нэг хаагдахад тан шиг хүүхдээ гадагш нь явуулчих боломж олдоогүй эгэл жирийн иргэдийн амьдрал ямар цохилт амсахыг, “Монгол ялах” байтугай балчир үрсийнх нь бантан байхгүй болох эрсдэлийг та МЭДЭХ үү, Баттулга та хоёр тооцож чадах уу?

"Сэтгэлтэй"

Их хэлмэгдүүлэлтээс хойш өнөөг хүртэл монголчуудын зүрхэнд хурсан хамгийн том айдсууд мүүн, танктай хужаа, гаднын түрэмгийлэл, үл итгэл, үл хүлцлийг өөрийн мөнгөний медиагаар тасралтгүй явуулж,  энэ цагийн аль өнгөтэй, сэхээтэй улстөрчдийн эсрэг хар пиар хийж, засаг төр хутгаж, ялгаварлал, айдас, хүчирхийлэл, зөрчил, талцал, үл хүлцлийн үзэл тарааж ирсэн улстөрчийг  ард олноо хайрлах сэтгэлийн өндөр дээд боловсролтой хэмээн “согтуурсан”  байхыг чинь үзвэл уран бүтээлч, яруу найрагчийн өнгөт линзээр харж бичдэг ардын дууны шүлэгтэй андуураа юу гэлтэй. Ер нь тийм бололтой агаад Женко Баттулгыг дурлаж чаддаг халуун сэтгэлт, бие сэтгэлийн булчингаар та муу муусайнууд яаж гүйцэх юм бэ гэхчлэн эмоорчээ.  За тэгээд түүнийг тойрсон баг, тагнуул, станцчин, туршуул, сайн эр, иргэний дайн гэх мэтийг тайлбарласан байдал нь 200 толгой тасдах ёстой иргэний дайн хийж байгаадаа үзтэл итгэж мансуурсан үлгэрийн зохиол л гэсэн үг. Дээр эшлэснээ дахин нэг давтъя, хүйтэн мэдлэггүй халуун сэтгэлээ татаж өгөөч, дархлаагүй цайлган олныг түлж алах гээгүй бол.

 "Манж ба МАН" 

Түүнчлэн таныхаар Манжийн дарлалаас гарсан ард түмэн Баттулгыг сонговол МАН-ын дарлалаас бас  гарах аж.  МАНАН-гийн дарлал гэвэл илүү зохилтой. Гэхдээ Манжийн дарлалаас хэн гаргасныг та бас МЭДЭХ үү? Ард түмэн үү? Цаг үеийн нүргээнээр Түвд угсааны Богд хаан, түүнийг тойрсон буриад гаралтай хэдэн сэхээтний дипломат бодлого гаргасныг цэвэр цусны халх ард түмэн нэг их талархан дурсахгүй.  Тэр үеийн тэдний манлайлал байгаагүйсэн бол “цэвэр цус”-ны ард түмэн тэнд эндээс шидсэн хэрүүлийн яс булаалдаж, тэр түвд, энэ буриад гэлцэн талцаж суусаар тусгаар тогтнол дашийн шог болох байсан болов уу, яах байсан бол?  Үндэсний үзэл гээч нь махан биеэр эргэх мянга мянган дамнан холилдсон цусаар биш Баттулга та нарын үгүйсгэдэг боловсрол, оюун сэтгэлээр олддогийг Монголын түүх өөрөө батлана.

Эцэст нь,

Цаг үе, соёл иргэншлийн нүүдэлд цуцсан ард түмэн бөхийн барилдаанаа үзэн баясаж, найрагчийн дуугаа сонсон илааршил эрсэн гурван арван өнгөрөх гэж байна. Харин тэр хүндэлтгэл, хайрынх нь хариуд  та нар ямар их оодордог юм бэ? Онолгүй эмоц, судлаагүй сэтгэл, нягтлаагүй хилэн, шүүлтүүргүй нөхөрлөлөөр түмний сонголтод нөлөөлөх оролдлого хийж, эгээ төрийн эргэлт хийнэ гэх нь холгүй нэг нь дээлээ халхалзуулан, нөгөө нь шүлэг уншин турхирах нь жигтэй. Хайрлаад харж тэсэхгүй байгааг ойлговч юу хэрэгтэйг мэдэхгүй юм бүхнийг ам руу нь цутгасаар хайран сармагчнаа хордуулж алахын үлгэр болоход ойрхон байнам, энэ улс. 

Тэгэхээр та Баттулгын бакийг, гоо сайхныг магтан дуулах уран бүтээлчийн ажлаа хийж, бид түүний төрийн бодлогыг, тогтолцооны алдаа оноог нь шүүх ажлаа хийх маягаар ажлаа хуваарилбал ямар вэ?  Хөдөлмөр, үүрэг хуваарилах нь хөгжлийн алтан дүрэм билээ.  Таныг би тоодон юбкатай(магтаал шүү, их гоё зохидог) Болорцомд шүлэг уншиж байхад хөгжил хаанаас ирдэгт суралцаж, хөлс гоождоггүй булчин зангирдаггүй харагдах биегүй оюуны хөдөлмөрт залуу насаа зарсан юм. Хөдөлмөрч даруу арлын орноос хойд эгнээнд зогсох дурыг нь бас шингээж авсантайгаа зөрчилдөн байж бичлээ, бид  даруу царайлж ханалаа, та нар ч оодорч боллоо.  Нэгэнтээ та өөрөө хүссэнчлэн зүлгэн дээр гэрээ барьж, зүгээр нэг шүлгээ бичээд бодлогоос хол, гоо зүйн ертөнцөд байх ёстой газраа оршиж хайрлаа, Хулан эгчээ, би шүлэг уншмаар байна. Ер нь их урлаг чинь улстөр онол гэх мэт усан нүд цусан зүрхтэй мань мэтийн ертөнцөөс алсад эрхэмсэг оршиж, Янжинлхам бурхны адисаар ядарч буртаглагдсан сэтгэл, мэдрэмжийг ариусгаж илааршуулах үүрэг гүйцэтгэдэггүйсэн билүү, шинэ цагийн “мафи”-ийн бие сэтгэлийг халууран магтаж суухын оронд?

 Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг найрагч та хүснэ.

Цэцдийн өмнүүр хөндөлсдөггүй найрагчтай байхыг уншигч би хүснэ.

 

 

 

Б.Болор-Эрдэнэ, элдэв тодотголгүй, нам бус.

2017/06/20

arrow icon