Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн эхний санал хураалтын дүнг танилцууллаа. Өчигдөр 22:00 цагт сонгуулийн санал авах хугацаа дууссанаас сонгуулийн хэсгийн хороодийн мэдээлэл ирсээр өглөөний 9 цаг орчимд хамгийн сүүлчийн хэсгийн мэдээлэл ирсэн байна. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллэхдээ Говь-Алтай аймгийн Цогт сумын сонгуулийн санал авах 428-р хэсгийн санал хамгийн сүүлд ирсэн гэв. Уг хэсгийн санал хураалтын дүн оройтож ирсэн нь Цогт сум дахь Юнител, Мобикомын шилэн кабелыг тасалсан
хэрэг гарсантай холбоотой гэж тайлбарлалаа.
Эхний санал хураалтын дүнгээр сонгуулийн насны иргэдийн 68,27% нь саналаа өгсөн байна
. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517,478 санал авч нийт санал өгсөн сонгогчдын 38,11%-ийн саналыг авсан байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411,748 санал авч сонгогчдын 30,32%-ийн саналыг авчээ. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409,899 сонгогчын дэмжлэгийг авч нийт сонгогчдын 30,19% түүнд саналаа өгсөн байна.
Дахин санал хураах товыг 7-р сарын 9-нд тогтоосон
байна. Харин гадаадад оршин суугаа сонгогчид 7-р сарын 4-нд дахин санал хураалтад оролцох аж. СЕХ-ноос дахин санал хураах үйл ажиллагааг зохион байгуулахад 7,2 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гаргажээ.
Сэтгэгдэл бичих