Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад 53.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулсан юм.
Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы энэ оны 02 дугаар сарын 09-ний нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулан 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилтын үүднээс “Цалинтай ээж” хөтөлбөр, Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн хамгааллын тухай хуулийг тус тус баталж хэрэгжүүлэхээр тусгасны дагуу Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд жирэмсэн эхэд 5 сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэл хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн тэтгэмж, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгохоор тусгажээ. Тухайлбал, төсөлд тусгагдсан жирэмсэн эхэд сар бүр 40 мянга, 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянга, 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өор толгойлсон эцэг,эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олохоор тусгасныг Байнгын хороо бүхэлд нь дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад хариулт өгсөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасны дагуу хүүхэдтэй эхчүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж үзүүлж дэмжлэг үзүүлэхэд энэ хуулийн төсөл чиглэгдэж байгаа. Мөн улс орны эдийн засаг, санхүүгийн байдалтай уялдуулан залуу эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт хийсэн байгаа. Тухайлбал, өрхийн үйлдвэрлэлийг гэртээ хэрэгжүүлэх үүднээс хөнгөлөлттэй зээл олгохоор зохицуулж байгаа гэдгийг хэллээ. Харин Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хуулийн нэрийг Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гэж өөрчлөх асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэж шийдвэрлэх боломжтой. Энэ хуулийн төсөл нь зөвхөн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдээс гадна 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг бас хамаарч байгаа гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн “0-3 насны” гэснийг “0-3 хүртэлх насны” гэж тохиолдол бүрт нь өөрчлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхэд төрүүлэн өсгөж байгаа” гэснийг “хүүхэдтэй” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсгийн “асран хамгаалагч” гэснийг “хууль ёсны асран хамгаалагч” гэж тус тус өөрчлөхөөр болов. Түүнчлэн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй” гэж өөрчлөхийг дэмжлээ. Харин төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “төрүүлсэн” гэснийг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.1 дэх хэсэгт заасан мэдээллийн санд бүртгэгдсэн нийт өрхөөс амьжиргааны түвшин нь 80 хүртэлх хувьд багтах өрхийн” гэж өөрчлөх саналаа Ажлын хэсэг татаж авсан юм.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр шилжүүлллээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих