Зуугаад жилийн өмнө нийгэм судлалын шинжлэх ухаанд “соёлын хожимдол” (culture lag) гэх нэршил орж иржээ.
Соёлын хожимдол гэдэг нь өөрчлөгдөн буй нийгэмд цагаасаа түрүүлж ирсэн өөрчлөлтийн улмаас гажуудал, ямарваа нэг асуудал үүсэхийг хэлдэг
аж. Хялбаршуулж адилтгаваас, эхнэр нөхөр хоёр харганы толгойд наалдсан ноосоор эсгий хийгээд бэлгэнд ирэх гүүгээр эсгийгээ татуулах талаар ярингаа гүү хээл хаяна, хээл хаяхгүй дээр маргалдаж хэрэлддэгийн үлгэр аж. Өнөөгийн манайхны олонхид буй эдийн засгийн боломжоосоо хэтэрсэн материаллаг хэрэглээ, хэрэглээний зохисгүй хэв маяг “соёлын хожимдлын” сонгодог жишээ болно. Өөрт зохисон зохиогүй, таалагдсан таалагдаагүй ч бодит боломжоосоо давуу, бусдаас илүү харагдах гэсэн гажуудал нь сэтгэлгээний болоод халаасны (эдийн засгийн) хямрал дагуулна.
Материаллаг бус орчинд “соёлын хожимдлын” жишээ татвал, хүүхдийнхээ бусдаас арай илүү чадвар, онцлогийг харалгүйгээр бусад хүүхэдтэй харьцуулан хүүхдийн сэтгэлзүйд эмгэг үүсгэж, атаархуу, хорсуу хүн болгон хүмүүжүүлж буйг дурдаж болно
. Эндээс л манайхны “тамын тогооны” үлгэр үүдэлтэй. Материаллаг бус орчинд бүрэлдэн, тархинд бат тогтсон “соёлын хожимдол” хожмоо материаллаг орчинд ч шууд илэрдэг. Энэ хэлбэрийн “соёлын хожимдлыг” өнөө цагт маркетингийнхан маш сайн мэддэг ба бараа, үйлчилгээний борлуулалтанд маш амжилттай ашигладаг. Материаллаг орчны “соёлын хожимдлыг” үүсгэх сэтгэлзүйн онцлог хэзээ ч ханаж дуусахгүй, үргэлжийн сэтгэл дундуур, шунаж, донтсон хэлбэртэй байх ч хүмүүсийн боловсролын түвшингээс хамаарч хүн бүрт адил биш. Багадаа эд хэрэглэлээр дутуухан өсч, түүгээрээ бусдаас дорой гундуу гэсэн ойлголтыг тархиндаа суулгасан хүүхэд томроод материаллаг хэрэглээг эрхэмлэгч, бусадтай хувцас, эд хэрэглэл, унаа тэргээрээ өрсөлдөгч, гаднаа гяланцаг болох төдийгүй үр хүүхдээ ч мөн үлгэрлэн дагуулагч болох нь бий. Өмнөх нийгмийн болон картын барааны үеийн эд бараа хомсдуухан, хүртээмжтэй бус байдлаас үүдэлтэй “хоосон, дутуу” гэх ойлголт олонхид суусан байдаг. Хэрэглээнд хүрэх нээлттэй боломж гарсантай зэрэгцээд дутуугаа нөхөх ёстой гэсэн далд сэтгэхүй нь боломжоосоо хэтрүүлэн хэрэглэхтэй хамт сад тавьсан бөлгөө. Материаллаг хэрэглээний “соёлын хожимдол” атаархалтай хамтран манайхны хэрээсээ хэтэрсэн тансаглалыг өдөөнө.
“Тамын тогооны” үлгэр буюу манайхны дотор нийтлэг байх шинж – атаархлын талаар товч өгүүлсү.
Атаархал бол өрөөлийн давуу байдлыг өөрийнхтэйгээ харьцуулан мөчөөрхөх мэдрэмж
, хорсох санаа сэтгэл юм. Атаархал үүсэхэд үндсэн хэдэн нөхцөл байна:
(1) Атаархагч этгээд атаархал өдөөгч нөхрөөс тухайн зүйлд чадвар бага, амжилт гаргаагүй, тухайн зүйлийг эзэмшээгүй. Үүнд эд хөрөнгө, хандлага, гэр бүл, ажлын амжилт, нэр хүнд зэрэг юу ч байж болно.
(2) Атаархагч этгээд атаархлын эзний давуу чадварыг өөртөө (эсвэл үр хүүхэд, ойр дотныхондоо) байсансан бол гэж санаархаж хүссэн.
(3) Атаархлын эзний амжилттай явааг нь харахад сэтгэл дундуур, сэтгэл зовиуртай мэдрэмж авсан.
(4) Атаархлын эзэнтэй ямар нэг байдлаар төстэй. Үүнд ихэнхдээ нийгмийн адилавтар түвшин, төстэй гарал байдал зэрэг хамарна. Тухайлбал, хамт сурч эсвэл ажиллаж байсан Батааг, Цэцгээг хараад өөртэйгээ харьцуулж атаархал цухалзана уу гэхээс Англи, Японы ханхүү нарт мөчөөрхөж цухалдахгүй.
Эерэг цагаан ба сөрөг хар атаархал байна. Эерэг цагаан атаархагч этгээд өөрийн дутууг мэдрэхийн сацуу тухайн чадвар, амжилтыг өөртөө бий болгохын төлөө зүтгэж, хөдөлмөрлөж давуу чанарт хүрэхийг эрмэлзэнэ. Өөрөөр хэлбэл шинэ нөхцөлд хүрэх хөшүүрэг мотивацтай болж, боломжийг шинээр харж нээж, өөрийгөө зөв залснаар амжилтанд хүрч болно. Энэ тохиолдолд зүг чиг болсон алтангадаст талархууштай.
Сөргөөр хараар атаархагч этгээд цаад хүний тэр хэмжээнд хүрч чадахгүй гашуун үнэнтэй эвлэнгээ сэтгэл санаа нь хямарч хорсоно. Улмаар атаархсан нөхцөл байдлыг атаархуулагч эзнээс ангижруулах, ямар нэг байдлаар амжилт ололтыг бууруулах, ямар нэг азгүйтэл харахыг эрмэлзэнэ. Энэ эрмэлзэл нь хүсэл хэлбэрээр дотор хадгалагдах ч гутаан буулгах, барьцаж мөчөөрхөн илүү мэт харагдахыг хүсэх, баллаж доройтуулах хүсэл цухалзана. Түүнчлэн, хов жив цуурхалд хамруулах, далдуур муулах, бусдын дэргэд гутаан доромжлох үйлдэл улбаална. Халуунд ам их цангаж яваад юм уугаад цангаагаа тайлсны дараа сайхан мэдрэмж төрдөгтэй адилаар атаархдаг хүн нь бүтэлгүйтэхийг хараад тааламжтай сэтгэгдэл төрөхийг шинжлэх ухаанд schadenfreude гэдэг
байна. Атаархдаг хүний бүтэлгүйтлийг харах тусам тархины тодорхой хэсэг илүү эрчимждэгийг тархины зургаар баталж харуулсан судалгаа Science сэтгүүлд хэвлэгджээ (http://science.sciencemag.org/content/323/5916/937.long).
Хов жив хөөцөлдөгчдийг ажвал хов таригч, тараагчид цаад хүний давуу байдалд ил эсвэл далд байдлаар атаархах нь бий. Тодорхой хүрээнд атаархлыг хов жив дагалдана. Хов жив хөөцөлдөгчдийн сэтгэлзүйг ажвал, бага насных нь хүмүүжил, төлөвшлөөс үүдэлтэй ба оюун санаанд нь “соёлын хожимдол” суусан байх нь бий. Эцэг эхчүүд хүүхдийнхээ бусдаас давуу ямар нэг чадварыг олж үнэлэлгүй, бусдаас ямар нэг зүйлээр дутуу байдлыг нь хэн нэг хүүхэдтэй байнга харьцуулснаар хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлж өөрийгөө дутуу үнэлж, өөртөө итгэлгүй болж ирдэг байна, энэ нь эмэгтэй хүүхдэд тохиолдох нь элбэг. “Дутуугаа” мэдэрсэн хүүхэд “илүү” хүүхдийн чадвар, юмст аяандаа атаархаж, бусадтай өөрийгөө байнга харьцуулж сэтгэл дундуур, өөр бусдын “илүүд” хорсох, тэчьяадах сэтгэхүй далдхан, аажмаар сууна. “Илүүг” хүлээн зөвшөөрч чадахгүй сэтгэхгүй нь “муу” байлгахыг эрмэлзэж далдуур муугаар ярих, хорсон хоосон өрсөлдөх санаатай болгоно. Харин бие бялдрын сул дорой, хүчгүй байдлаас бусдад дээрэлхүүлж өссөн эрэгтэй хүүхдийн өөрийгөө хамгаалах, давах хүсэл инстинкт нь далдуур муулах, ховлох чадвар сайжирдгаар илрэх нь бий. Гэвч энэ нь хүүхэд бүр, хүн бүрт адил байх албагүй, тухайн хүний сэтгэхүй, ёс суртахуунаас хамаарна. Бусдын сайн сайханд атаархан төвлөрснөөр өөрийн боломжит потенциалыг мэдэхгүй, дайчлахгүй голоо зогоогч нэгэн, эсвэл үүнийгээ сайн далдлагч, хий савсганагч их мэдэгч болгодог аж. Аль ч анги, хамт олон, масс дунд чадвар, амжилтаараа гялайж гийгүүлсэн нь бага ч бусдын хэрэгт дурлан асуудал болгон дэврээн яригч, далдуур муулагч, хов жив хөөцөлдөгч, “шалчганасан” улсууд байж л байдаг. Аливааг бодож тунгааж төвөг удалгүй, бэлэн зүйлд дуртай хүн бишгүй олон тул өөрийн үзэл бодол, харьцуулан жишилт, аналитик дүгнэлт, шүүмжлэлт сэтгэлгээ дутуугийн улмаас тэдгээр атаархагч-ховчдын яриа, тархи угаалт, нөлөөнд хялбархан автах нь бий. Боловсрол нимгэнчүүд, зүүн тархины өлсгөлөнд нэрвэгдэгсэд тэрхүү шуурганд амархан өртөнө.
Өмнөх ОЮУНЫ ӨЛСГӨЛӨН ба НИЙГМИЙН МААЗРАА нийтлэлд баруун тархины хэт ажиллагааны зарим үр дагаврын талаар оруулсан билээ. Баруун тархины хэт хөгжил “соёлын хожимдолтой” хослоод хувь хүний зан байдал, ухамсар, төлөвшил, боловсрол, цаашлаад нийгмийн оюун санаа, соёлын институцэд нөлөөлөх нь дамжиггүй. Энэ тохиолдолд нийгмийн оюун санааг эрүүлжүүлж сэлбэх, хөтлөх ёстой боловсрол, шинжлэх ухааны институц үүргээ гүйцэтгэх боломжгүй болохын сацуу “соёлын хожимдлын” гайгаар баруун тархитангууд заримдаг шинжлэх ухаан (энд), мухар сүсгийг эрхэмлэж хар массыг бүрдүүлэн харанхуй руу улам тэмүүлнэ, мунхагийн намагт улам шигдэнэ. Сэхээтнүүд, шинжлэх ухааныхан ард түмнийг сэхээрүүлэхгүй аваас нийгмээрээ улам мунхарна.
Холбоотой нийтлэл:
ОЮУНЫ ӨЛСГӨЛӨН ба НИЙГМИЙН МААЗРАА (http://www.trends.mn/n/6557)
ОЮУНЫ ЯДУУРАЛ ба ЗАРИМДАГ ШИНЖЛЭХ УХААН (http://www.trends.mn/n/6239)
Хожимдлын жишээнд хаамархгүй вэ?
manaihan dund ch odoo ene taliin asuudliig anhaaraad baidag bol.mani metiin uyd ch tegeed eruul usuj hun bolno gedeg mani metiin uursduus l hamaardag bailaa shdee. etest ni helehed ene buhen ch tegeed etseg ehiin bolovsrol humuujil, niigmiin baidalaas l hamaardag yum shgi baigaamoo
Үнэхээрийн сайхан нийтлэл байна аа. Дээрээс нь нэмээд харсан бүхэндээ гарах гарцыг нь сайн тусгаж өгч байвал олонд илүү тустай болов уу? Хэмээн санал нэмэрлэлээ өршөөгөөрэй