Нийтлэл 07 сарын 23, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Дэлхийн шинэ хуваагдал

Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш дэлхийн хүчирхэг улсуудын хоорондын харилцаа ихээхэн өөрчлөгдөөд байна. Коммунист систем нуран унаснаас хойш дэлхийн улсууд олон улсын либерал системд нэгдэж ирээдүйн хөгжлийн түүхээ бичнэ гэж итгэсээр өнөөг хүрсэн боловч сүүлийн жилүүдэд болсон үйл явдлууд энэ итгэлийг бөхөөж эхлэв. Долдугаар 7-8-ны өдрүүдэд Германы Хамбург хотод болсон “ИХ 20”-ийн уулзалт дээрх нөхцөл байдлыг тольдон харуулж байлаа. Ингээд АНУ-ын бодлогын судалгааны Брүүкингс интститутийн судлаач Томас Врайт (Thomas Wright)-ын  өнөөгийн олон улсын харилцааны нөхцөл байдлыг тайлбарласан нийтлэлийг орчуулан хүргэе. 

Хамбург хотод “ИХ 20”-ийн уулзалтын үеэр болсон үйл явдлууд анхаарал татаж байна. Нэг талаас АНУ, нөгөө талаас Европын Холбоо болон дэлхийн 18 улс оролцов. Уулзалтад оролцсон улсууд уур амьсгалын асуудлаар зөрчилдсөн нь илүү том дүр зургийн нэг  л хэсэг юм. Австралийн телевизийн корпорацийн Крис Улман олны анхаарал татсан ул суурьтай видео тоймдоо  “ИХ 20 уулзалт ИХ 19 нэмэх нь 1” болжээ гэж дүгнэжээ. АНУ дэлхийн тэргүүлэгчийн үүргээ орхисон, бусад нь тэр чигтээ айдсаасаа болж нэгдсэн мэт харагдаж байна.

Үнэхээр анхаарал татахаар дүр зураг харагдаж  байгаа ч гэсэн нуугдмал зүйлс их байна. Үнэндээ “ИХ 19” гэж байхгүй, ямар нэг нэгдсэн фронт гэж ч байхгүй. Трамп уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бүр мөсөн хаясан. АНУ өөрөө манлайлан бүтээсэн, үр ашгийг нь хүртэж ирсэн олон улсын дэг журамдаа эргэлзсээр байна. Гэхдээ “ИХ 20”-ийн орнуудын хуваагдал Трампд дургүйцэхээс илүү гүн асуудлаас үүдэлтэй: "ИХ 20" гэдэг бүлэг өөрөө нэгэнт оршин тогтнохоо больсон ертөнцийн үлдэгдэл болчихоод байна.

“ИХ 20”-г зангидаж  байсан үндсэн шалтгаан нь дэлхийн бүх томоохон улс олон улсын либерал дэг журамд нэгдсэн явдал байв. Тэд хоорондоо худалдаа хийж, харилцаж мөн олон улсын харилцааны либерал дэг журамд “хариуцлагатай оролцогч”-ийн хувиар сорилтуудыг хамтдаа туулан, геополитикийн зөрөлдөөнөө хязгаарлаж чадна гэж итгэж байв. Хэдийгээр зарим улс либерал ардчиллыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй ч гэсэн цаашдаа тэд улс төр, эдийн засгийн системээ либералчилна гэж итгэж байлаа.

Либерал дэг журмын төлөөх нэгдэл 2008 оны сүүлээр оргилдоо хүрэв. 1930-аад оны санхүүгийн хямралаас хойших хамгийн горьгүй санхүүгийн хямралаас сэхэж ядаж байсан дэлхийд АНУ анхны “ИХ 20”-ийн уулзалтыг зохион байгуулсан юм. Бүх гишүүн орнууд эдийн засгийн сүйрлийг зогсоох сонирхолтой байв. Цаашдаа ИХ 20 орнууд олон улсын аюулгүй байдал, сорилтуудад анхаарч үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найджээ.

2008 оноос хойш болж өнгөрсөн геополитикийн үйл явдлууд олон улсын энэ зөвшилцлийн эсрэг өрнөв. Нэгдэл задралаар солигдов. Сүүлийн жилүүдэд Орос, Хятад хүчирхэгжихийн хэрээр либерал дэг журмыг аюултай гэж үзэн үүнийг дотооддоо болон олон улсад сөрж байна. Даяаршил дэлхийн улс орнуудыг хөгжилд хүргэнэ гэж найдаж байсан ч одоо зогсонги, ацаглах байдалд ороод байна. Иракийн дайн болон Арабын хаврын бүтэлгүйтэлийн дараа Ойрх Дорнод хөгжих найдвар алга болсон. Обамагийн удирдлагын үеэс эхлэн Америкчууд дэлхийн манлайлалын гол ачааг үүрэх хэрэгтэй эсэхдээ эргэлзэж эхэлсэн.

Илүү өргөн агуулгад хараад үзвэл өнөөгийн дэлхийн хүчирхэг улсууд гурван бүлэгт хуваагдаад байна. Нэгдүгээрт Сэргээн босгогчид (Restorationist) хуучнаа сэргээхийг хүсэж байна. Тэд АНУ-ыг дэлхийн манлайллын титмээ ахин зүүхийг, Европын улсууд интеграцаа цаашид гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Тийм орнууд глобалчлал болон олон талт хамтын ажиллагаанд итгэдэг. Энэ бүлэгт голдуу барууны орнуудын улс төрийн зүүн-төв, баруун-төвийн үзэл баримтлалтай хэсэг хамаардаг. Эммануэл Макрон, Ангела Меркел, Шинзо Абэ нарын удирдагчид энэ бүлэгт багтана.

Хоёрдугаар бүлэгт Ревизионистууд (Revisionist) хуучин дэг журмыг эвдэж ямар нэг шинэ дэг журмаар солихыг хүсэж байна. Оросууд бол нөлөөний бүс бүхий их хүчнүүд хоорондын 19-р зууны олон улсын харилцааны хэв маягийг хүсэж байна. Хятадууд нөлөөллийн бүстэй болохыг санаархаж байгаа ч Оросуудаас ялгаатай нь тэд дэлхийн эдийн засгийн дэг журамд бодит хувь, оролцоотой. Эдгээр улсууд дээр нэмээд барууны орнуудын хэт баруун, хэт зүүний бүлгийнхэн глобалчлалыг зогсоож, АНУ толгойтой холбоотны системийг задлахыг хүсэж байна.

Гуравдугаар бүлэгт Популистууд (Populist) олон улсын дэг журмыг тогтооход бага анхаарч, үндэсний сонирхолд илүүтэй анхаарч байна. Тэд үүссэн асуудлуудад бусад улсуудыг буруутгах хандлагатай. Худалдааны гэрээ, аюулгүй байдлын оролцоо зэрэг өмнөх дэглэмийн өвүүдийг халахыг дэмжих атал, оронд нь ямар шийдэл байгаа нь тодорхойгүй. Дэлхийн үндэсний үзлийн давалгааг ашиглан бага хийж, ихийг авахыг хүсдэг бүлэг. Доналд Трамп, “Brexit”-ийг дэмжигч Британий улс төрчид, авторитари Турк болон зүүний үзэлтэй Берни Сандерс, барууны үзэлтэй Тед Круз нар үүнд багтана.

Дэлхийн улсууд 2016 оны 11-р сарын наймнаас өмнө хэдийн дээрх бүлгүүдэд хуваагдаад эхэлчихсэн байв. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дөхөхтэй зэрэгцээд Номхон далайг дамнасан хамтын ажиллагааны гэрээ (TPP), Атлантын далайг дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ (TTIP) асуудалд ороод байв. Өмнөд Хятадын тэнгист Хятад нөлөөгөө өргөжүүлэхээр эрэлхийлж байв. Мөн Европын Холбоо орших эс орших дээрээ тулсан. АНУ байр сууриасаа бүтэлгүйхэн ухарч, Обамагийн Засгийн газар Путины Орост хориг тавьж, чөлөөт худалдааг дэмжиж, нөлөөллийн бүс тогтоохын эсрэг дуугарч байв. Энэ бүх үйл явц Трамп сонгогдсоноор төгсөв. Тэрээр Оростой нөхөрлөхийг хичээж, АНУ-ын холбоотнуудыг дарамталж, худалдааны дайн эхлүүлнэ гэж сүрдүүлж байв. Цаашлаад олон улсын дэг журамд Америк манлайлах өдрүүд эцэс болсон гэж байв.

Трамп сонгогдсоноор нэгдлийн эрин үе дуусгавар болов. Одоо дэлхийн орнууд олон улсын дэг журам ямар сул болсон, хэд наслахыг тааж ядаж байна. Тэд Трампыг шүүмжлэгч гэдгийг мэдэх ч түүний кабинетын гишүүд, янз бүрийн гэрээгээр оногдсон үүрэг, цэргийн баазуудаасаа шалтгаалан дураараа хөдөлж болохгүй байгааг мөн мэдэж байгаа. Тэд одоогийн байдлыг тогтворгүй гэж үзэж байгаа ч яг яаж алга болохыг нь мэдэхгүй. Ревизионистууд ганцаардах эрсдэл, сөрөг хариу үйлдэл, бүтэлгүйтлийг үл хүсэн болгоомжтой хөдөлж байна. АНУ хөнгөн хуумгай, тууштай биш ерөнхийлөгчтэй болсны анхны риакц нь болгоомжтой байдал. Гэхдээ эхний задралын үйл явц хэдийнээ эхэлжээ.

Хамбургт болсон “ИХ 20”-ийн уулзалт ирээдүйн дүр зургийг зурвас харуулж байна. Будаг хатахыг хүлээдэг шиг “ИХ 20”-ийн уулзалтыг хүлээж суух өдрүүд гэнэт алга болжээ. Энэ удаа дэлхийн удирдагчид дэлхийн эдийн засаг хаалттай эсвэл нээлттэй байх тухай суурь асуудлуудаар маргалдлаа. Тэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар маргалдав. Трампыг Путинтай хамтран ажиллах оролдлогыг сэрэмжтэй ажиглаж,  Путин тайзны голд байх үед БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн улсаа АНУ-аас илүү хариуцлагатай улс гэж харуулахыг оролдож байв. Харин Европчууд Атлантын далайг дамнасан ямар нэг нэгдэл байгааг харуулах гэж хичээж байв.

Уулзалтын үеэр илүү анхаарал татсан зүйл нь АНУ Трампын удирдлагын үед ердийн үеэсээ илүү чадавхиа алдсан харагдаж байв. Төрийн департмент, Пентагон дахь дээд албан тушаалтнуудын бүтэлгүй томилгоонууд болон Цагаан ордны үйл ажиллагааны доголдол их асуудал дагуулжээ. Эдгээрийн гор, үр дагавар гарч ирсээр байна. Трампын Засгийн газар Германд том, жижиг олон асуудал үүсгэж, засаглалын чадварт нь эргэлзэх уур амьсгал үүсгэж эхлэв. Трампын хамгийн цадиггүй үйлдэлд Путинтай уулзахдаа кибер аюулгүй байдлын талбарт АНУ-Оросын хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг дэмжсэн боловч тэр нь 24 цаг ч тэсээгүй явдал орно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны хэлэлцсэн бусад асуудлын талаар хэвлэлд уншсан мэдэгдэл байдал хэр муу байсныг санамсаргүй ичлилж өглөө. Тэрээр АНУ болон Орос ижил зорилготой тухай, өнгөрсөнд болсон сонгуулийн хакерын асуудлыг орхин ирээдүйдээ анхаарах, Сирид болж буй дайнд Путин зөв шийдэл санал болгож байж магадгүй гэж ярьж байв. Трамп болон Тиллерсон нар дэргэдээ Орос судлалын экспертүүд, үндэсний аюулгүй байдлын туршлагатай мэргэжилтнүүдтэй байсан хэдий ч тэднийг уулзалтад оролцуулаагүй аж.

Дээрхтэй адилаар: Хойд Солонгосын түрэмгий үйлдлүүдийн тухай “ИХ 20” мэдэгдэл гаргасангүй. Хэрвээ Трамп үүнийг зүтгүүлсэн бол Кимийн дэглэмийг тусгаарлах тохиролцоонд хүрэх өндөр магадлалтай байсан. Гэвч тэрээр “ИХ 20”-ийн уулзалтад аюулгүй байдлын асуудлаар тохиролцохгүй гэсэн Орос, Хятадын саналтай маргалгүйгээр хүлээн зөвшөөрчээ.

Голдуу техникийн шинжтэй арай хөнгөн алдаанууд нь ч тэр уршиг тарьсаар. Хятад болон Тайванийг хольж хутгасан хэвлэлийн мэдээ; “ИХ 20”-ийн уулзалтад Иванка Трамп аавыгаа орлож суусан нь Трампын Засгийн газар бол  гэр бүлийн бизнес гэдэг ойлголтыг өөгшүүлж байна. Үүнээс ч чухал нь Трамп уулзалтын дараа хэвлэлийн хурал хийсэнгүй уламжлалыг зөрчлөө. Багийхан нь Трампыг ялангуяа Путинтай уулзсан тухайд юу хэлчих бол гэж санаа зовсон гэдгээр л үүнийг тайлбарлах боломжтой байж мэднэ.

Саудын Араб дахь Трампын айлчлал шиг АНУ-ын гэнэн ерөнхийлөгчийг манипуляцдах боломжтой гэсэн мессежийг Хамбургаас өгч байна. Түүнтэй хийсэн уулзалт бүр стратегийн боломж юм. Энэ бол бусад улсуудын тоглож буй тоглоом.

Ирэх таван жилд стратегийн өрсөлдөөний энэ шинэ үеийн онцлог, явц тодорч эхэлнэ. Олон хүний хэлж болгоомжилдог шиг дэлхийн хүчирхэг улсуудын хоорондын мөргөлдөөн болох нь юу л бол. Орос, Хятад АНУ-тай шууд дайтах зорилгогүй. Харин ч эсрэгээрээ. Яагаад гэвэл хэтэрхий их зардалтай. Бид ирээдүйд улс орнууд зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд дайнаас бусад бүх арга хэрэгслийг ашиглахыг харах болно. Үүнд санкци, тариф, худалдааны гэрээ зэрэг эдийн засгийн арга хэрэгсэлүүд; Орос, Хятадын үүсгэсэн кибер дайн; Сирид болж буй хязгаарлагдмал дайн; албан болон албан бус холбоотонууд; дээрэнгүй дипломат ажиллагаа; зөөлөн хүч зэрэг хамаарна. Дэлхийн улсууд харилцан холбогдсон учраас эдгээр зэвсгүүдийн олонхи нь өмнөхөөсөө ч илүү үр нөлөөтэй байх юм.

Өмнө дурдсан гурван бүлэг гол шийдвэрээ гаргах ёстой. Сэргээн босгогч Засгийн газрууд Трампын үлдээсэн хоосон зайг нөхөх эсэхээ шийдэх хэрэгтэй. Гэхдээ алдаж болохгүй: энэ нь маш хүнд ачаа болно. Ялангуяа Европ тив ирээдүйгээ яах эсэх дээрээ хуваагдаад байгаа үед. Амар ажил биш  ч АНУ-д Сэргээн босгогч улс төрч, гадаад бодлогын зөвлөхүүд яагаад уламжлалт гадаад бодлогоо баримтлах ёстой талаар Америкчуудад ойлгуулах хэрэгтэй. Гол нь тэд Америкийн Ерөнхийлөгчийг эргүүлж авбал үйл явцыг зөв голдиролд оруулж чадах юм. Сэргээн босгогчид өнгөрсөн арванд юун дээр алдсанаа тунгааж, ирээдүйн ерөнхийлөгч хэврэгшиж буй олон улсын дэг журмыг хэрхэн өөрчлөх магадлалтай тухай, олон улсын харилцаа зөвхөн элитүүдэд биш бүгдэд өгөөжтэй байх талаар бодох хэрэгтэй.

Ревизионистууд Америкийн тууштай байдлыг  шалгахыг хэр их хүсч байгаагаа шийдэх хэрэгтэй. Ши Жиньпин 19-р Намын Их хурал хүртэл аюулгүй байна гэж олон хүн итгэж байна. Гэхдээ тэрээр 2018 онд илүү түрэмгий болж магадгүй. Гэхдээ Ази дахь АНУ-ын холбоотны систем задраагүй, Хятадын эсрэг үзэл Цагаан ордонд хүчтэй байсаар байна. Хятадад чиглэсэн ямар нэг болгоомжгүй үйлдэл сөрөг хариу үйлдэл дагуулах болно. Гэсэн ч Путин хамгийн том асуулт хэвээрээ байна. Путин Хамбургт зорилгоо биелүүлсэн ч АНУ-тай жинхэнэ хамтын ажиллагаатай болох хол байна. Үүний учир ньТрамп Путинд эргэлзэж байгаад биш харин тэрээр хамтын ажиллагаанд хүрэхэд дэндүү сул байгаад байна. 2018 онд дахин сонгогдсоныхоо дараа Путин олон улсын дэг журам дахь Трампын тодорхойгүй байр суурийг ашиглан “НАТО”-г задлах зэрэг ирээдүйн АНУ-ын Ерөнхийлөгч нар эргүүлж эвлүүлж чадахгүй ямар нэг том тоглоом амжуулах эсэхээ шийдэх хэрэгтэй.

Популистуудад мөн сонголт бий. Тэд хохирол амсалгүйгээр бялуугаа идээд, бага ажил хийхийг хүсэж байна. Гэхдээ амьдралд үнэгүй бялуу гэж байхгүй. Хэрвээ Трамп  гадаад бодлогодоо “Америк Нэгдүгээрт” гэсэн өөрийн үзлээ амжилттай хэрэгжүүлж чадвал олон улсын дэг журамд ээлж дараалан ан цав үүсэхийг өөрөө харах болно. Харин батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөх, эдийн засгийн ахлах зөвлөх нараа сонсох илүү хялбар аргыг сонгож бас болох юм. Мөн тэд Оросыг АНУ-ын геополитикийн өрсөлдөгч гэж хүлээн зөвшөөрөх эсвэл хамтын ажиллагаанд хүрэхээр хөөцөлдөх эсэхээ шийдэх хэрэгтэй. Зарим талаар Трамп эдийн засгийн талбарт хатуу сорилттой тулгарна. 21-р зуунд эрүүл дэлхийн эдийн засаггүйгээр эрүүл үндэсний эдийн засагтай байх боломжгүй. Бусдыг хохироон өөрөө хожих бодлого үр дүнгүй, ялангуяа эдийн засгийн хямралын үед.

Юун түрүүнд Америкчууд Хүйтэн дайны дараах эрин үе дууссан гэдгийг ойлгох хэрэгтэй. Асуудлын гол нь Трампын үндэсний үзэл биш. “ИХ 20”-ийн үндэс болсон нэгдлийн үзэл санаа дэлхийн зогсонги байдал, Арабын хаврын бүтэлгүйтэл, Орос болон Хятадын ревизионизм, барууны орнууд дахь популизмд гишгэгдээд байна. Олон улсын дэг журмыг ямар ирээдүй хүлээж байгаа тухай суурь асуултууд ширээн дээр эргэн тавигдаж эхэллээ. Дэлхийн хамгийн том улсууд хамтран ажиллах шаардлагатай ч өмнөхөөсөө илүү хэцүү байх болно. Хамбург бол дөнгөж эхлэл нь.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.brookings.edu

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon