Нийтлэл 07 сарын 27, 2017

ИРЭЭДҮЙН СУПЕРМАРКЕТ

Дэлхийн том сүлжээ супермаркет, хүнсний дэлгүүрүүд сүүлийн 50 гаруй жилд ямар ч онц сүртэй шинэчлэлт хийсэнгүй.  Нэг цэгийн үйлчилгээ, байршил сайтай газар, хямд үнэ, тухлаг орчинг хаана ч бүрдүүлэх зах зээл тийм ч амар зүйл биш. Тэгсэн хэдий ч судлаачид 1970-аад эхэн үетэй харьцуулахад дорвитой өөрчлөлтгүй гэж үзэж байгаа нь “Шинэчлэлт”-ийн тухай хөндөж буй хэрэг.

Харин одоогоос 50 жилийн дотор хэрхэн өөрчлөгдөх талаар их сургуулиудын профессор, маркет судлаач нар өөрсдийн сонирхолтой эрдэм шинжилгээний ажлуудаа танилцуулсаар байна. Массачүссэт технологийн их сургуулийн (MIT) профессор Карло Ратти-гийн “Senseable City Laboratory” нэртэй судалгаан дор, 2016 оны 12-р сарын сүүлээр Милан хотод “Ирээдүйн супермаркет” нэртэй төсөл нь олон нийтэд танилцуулагдсан. Үйлчлүүлэгч дэлгүүрээс помидор сонгож авахдаа барьж бас үнэрлэж үздэг бол ирээдүйд хэрэглэгчид мэдрэгч дэлгэцээр дамжуулан бүтээгдэхүүний уг гарал, химийн бүтэц, хоолны харшил, амин дэм гэхчлэн илүү дэлгэрэнгүй мэдээллүүдээр хангагдана гэж үзжээ.

2016 онд Милан хотод баригдсан “Ирээдүйн супермаркет” -н мэдрэгч дэлгэц

Мэдээж ганц помидор авахад түүний химийн бүтэц зэрэг мэдээлэл нь шал утгагүй мэт санагдах боловч 2065 оны хүмүүсийн хоол хүнсэнд хандах хандлага нь эрүүл мэндтэй холбоотойгоор нэлээн өөрчлөгдөх юм. Тиймдээ ч жил ирэх бүр органик хүнсний хэрэглээ тогтмол өсч, 2016 онд өмнөх жилээс 8 хувиар өссөнг АНУ-ын Хөдөө аж ахуйн эдийн засгийн судалгааны газраас гаргасан. Мөн Карло Ратти нь бараа бүтээгдэхүүнийг ижил төрлөөр ангилах бус аль болох ижил орцтой бүтээгдэхүүнүүдийг хамтад нь өрөх аргыг илүү өгөөжтэй гэж үзжээ. Усан үзэмний хажууд улаан дарс, харин шинэхэн помидорны хажууд лаазалсан помидор байх жишээний.

Бараа бүтээгдэхүүний өрөлт

Үнэхээр ч одоогоос 50 жилийн дотор хурдацтай технологийн хүчээр гайхалтай өөрчлөлтүүд хүлээгдэж буй. Дэлхийн дулаарал, ундны усны хомстол зэрэг өнөө үед тулгамдаж буй асуудлуудыг тойрч гарах учиргүй. Тиймдээ ч хөгжингүй орнуудын хэрэглэгчдийн худалдан авалт илүү байгальд ээлтэй, органик, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үрүү шилжиж байна. Барууны орнуудад 30-аад жилийн өмнөөс хүнсний уутнууд ч цаасан мөн даавуун байх нь олширсон. Мөн 2018 оны зун Нью-Йоркт шинээр “Ирээдүйн зах-2065” нэртэй хүнсний загвар дэлгүүр баригдах болсон нь олны анхаарлыг татаж байна.

Харин энэ оны 6-р сард дэлхийн сүлжээ дэлгүүрийн зах зээлд томд тооцогдох 13.7 тэрбум ам.долларын бэлэн мөнгөөр арилжаа хийгдсэн. Энэ нь Амазон.ком (Amazon.com) Хоул Фүүдс (Whole Foods)-г худалдаж авсан бөгөөд үүнийг дагаж хөрөнгийн зах зээлд бусад Таргет, Костко, СуперВалу, Спроут сүлжээ дэлгүүрүүдэд багагүй доргилт үзүүллээ. 13.7 тэрбум ам.доллар нь манайх шиг жижиг эдийн засагтай орны хуьд нэг жилийн ДНБ-тэй тэнцэх мөнгөн дүн.

Ойролцоогоор Монгол улсын нэг жилийн Дотоодын нийт бүтээгдэхүүн ( 2016 оны Монгол улсын ДНБ 11.76 тэрбум ам.доллар)-ээс 2 тэрбум ам.доллараар илүү мөнгөн дүн.

Амазон.ком нь 1994 онд номын худалдаанаас бизнесийн гараагаа эхэлж байсан бол өдгөө дэлхийн хамгийн том цахим худалдааны сайт болон өргөжжээ. Амазон.ком бол үнэхээр гайхалтай компани. Тэд хэрэглэгчдэд хурдан шуурхай, хямд үйлчилгээг үзүүлдэг бөгөөд дан ганц интернэтээр юм зардаг төдий биш билээ. Байнгын технологийн шинэчлэлийг хийж ирсэн бөгөөд цахим ном болох Киндлээс авхуулаад маш олон электрон бараа, софтваре, тоглоомнууд, нисэгч камер, хөгжмийн хэрэгслүүд, автомашины эд анги гэхчлэн үйлдвэрлэж ирсэн. Мөн Амазон.ком компанийн 2005 онд танилцуулсан “Амазон-Прайм” үйлчилгээ ( жилийн төлбөр 77-99 ам.доллар) нь АНУ, Герман, Англи, Японд нэвтэрч ердөө 2-хон хоногийн тээвэрлэлт болон, Амазон.комын видео сан дахь кино, дууг ямар ч нэмэлт төлбөргүй, мөн Киндле дэх цахим номын санд сард нэг удаа үнэгүй ном унших зэрэг гайхалтай үйлчилгээг үзүүлэх болсон нь 2015 оны 12-р сарын байдлаар хэдэн арван сая хэрэглэгчдийг жилд нэгтгэж чаджээ.

Амазон.ком компанийн агуулах

Хоул Фүүдс бол органик хүнсний сүлжээ дэлгүүр бөгөөд байгуулагдаад 36 жил болохдоо хэрэглэгчдэд амт, чанартай органик хүнсийг нийлүүлсээр ирсэн. Гагцхүү органик хүнс нь өртгийн хувьд зардал ихтэй учраас үнэтэй хэвээрээ байна. Ийнхүү Амазон.ком Хоул Фүүдс-ээр дамжуулж сүлжээ дэлгүүрийн зах зээлд технологийг ашиглан асар том өөрчлөлтийг эхлүүлэхээр зэхэж байна. Амазон.ком нь цаашид хүнсний дэлгүүрүүдийн үнийг бууруулж, онлайн хосолсон хэлбэрт шилжсэнээр ирээдүйн сүлжээ дэлгүүрийн зах зээлийг эзлэн авах төлөвлөгөөтэй ажээ. Гэвч Амазон.ком компанийн хувьд энэ нь маш том эрсдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хоул Фүүдсийн Мадисон дахь салбар

Гэвч яагаад Хоул фүүдс гэж, мөн яагаад Хоул фүүдс 13.7 тэрбум ам.доллараар худалдагдав гэдэгт хэд хэдэн шалтгаан бий. Нэгт Амазон.комын хувьд цахим худалдааны сайт болохоос сүлжээ дэлгүүр, хүнсний мухлагын салбарт хараахан туршлага байхгүй. Гэвч нэгэнт технологийн өөрчлөлт хийх тул Хоул фүүдсийн өмнөх туршлага тийм айхтар нөлөөгүй байж мэднэ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол цаг хугацаа хожиж буй явдал. Сүлжээ дэлгүүрийн хаан гэгдэх Валмарт (Walmart) Амазон.ком болохоос өмнө Амазон.ком хурдлах хэрэгтэй. Нөгөө талаас Хоул Фүүдсийн хувьд яагаад ганцхан жилийнхээ нийт орлоготой (цэвэр орлого нь 507 сая ам.доллар 2016 оны эхний хагас) тэнцэхүйц үнийн дүнгээр худалдаалагдав. Дан ганц 13.7 тэрбум ам.доллараас гадна компанийн өрийг ч мөн тэглэсэн. Ямар ч компанийн нийт хөрөнгийн багагүй хэсгийг өр эзэлдэг. Тиймээс Хоул Фүүдс өр ширэндээ баригдсан юм байхгүй. Тэгэхээр эндээс авч үзвэл 2 компанийн “ВИШИОН” (алсын хараа) нэг цэгт огтлолцсон хэрэг. Ялангуяа том компаниудын арилжаа нь жирийн нэг наймаа биш бөгөөд үүнд асар том итгэлцэл, алсын хараатай бодлого байх учиртай. Байгууллагыг уулын оргил уруу авирч буй уулчинтай зүйрлэвэл алсын хараа нь тухайн уулын хаана хүрэхийг зорьж буйг илтгэнэ. Тиймдээ ч Хоул Фүүдсийн хувьд тэд өөрсдийн органик бүтээгдэхүүнүүдээ дэлхийн хаана ч зөөвөрлөх боломжтой болж байна. Амазон.комын хувьд Хоул фүүдсийн АНУ, Их Британи, Канад дахь 460 гаруй салбаруудыг эзэмсшинээр, 800 гаруй тэрбум ам.долларын зах зээлд нэвтэрч байна. Мөн Хоул Фүүдсийн салбарууд нь хүмүүсийн гэртээ ойрхон зэрэг өдий хүртэл Амазонд байгаагүй боломжуудыг олгож байна. Хоул Фүүдсийн 36 жилийн туршлага, компанийн соёлыг Амазон.ком компанийн захирал Жефф Безос (Jeff Bezos) хэвээр үлдээхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Мөн Хоул Фүүдсийн 91000 ажилчдыг цомхтгохгүй ч, цаашид технологийн өөрчлөлтөд үүнийг хэрхэн шийдэх асуудалтай тулгарч байна.

Учир нь өнгөрсөн оны 12-р сард “Амазон Гоү” хүнсний дэлгүүрийг олон нийтэд танилцуулж, 2017 оны эхээр ажилчиддаа зориулсан анхны дэлгүүрээ Сэттлэ-д (Seattle) нээсэн. Уг дэлгүүрт үйлчлүүлэгч орохдоо гар утаснаасаа тусгай апп-г ашиглаж код уншуулахад л хангалттай. Дэлгүүр ороод хүссэн юмаа аваад зүгээр л гарч явахад (Check-out Free) бүрэн тооцоо дуусах нь кассан дээр очирлох, мөнгө төлөх, карт уншуулах шаардлагагүй болж байгаа юм. Энэхүү технологи нь хиймэл оюун ухаанд (Artificial intelligence) тулгуурласан ба Amazon’s machine learning technology гэж нэрлэж байна. Амазоны энэхүү технологийг ашиглах хүнсний дэлгүүр нь ойролцоогоор 167м квадрат байх бөгөөд том супермаркетаас харьцангүй жижиг байх юм. Үүнийг дагаад зарим ажлын байрууд хэрэггүй болж байгаа юм. Шинэчлэлтийг дагасан золиос гэх хэлэх эсэх нь тодорхойгүй ч, өнгөрсөн жилийн Амазон.ком компанийн дотоодын төлөвлөгөөнөөс харахад ойрын 12 жилийн дотор АНУ-ын нутаг дэвсгэр дээр ийм 2000 орчим хүнсний дэлгүүрүүдийг барих юм.

“Амазон-Гоү” дэлгүүр
Зүгээр л алхаад гарах буюу Check-Out Free үйлчилгээ.

Харин дэлхийн том сүлжээ дэлгүүр болох Валмарт нь 2016 онд Жэт.ком цахим худалдааны сайтыг 3.3 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Энд сонирхолтой нэг зүйл нь Жет.комын үүсгэн байгуулагч Марк Лоре нь 2010 онд Диаперс.ком цахим худалдааны сайтаа Амазонд зарж байжээ. Сүүлийн 2 жилд Амазон.ком, Валмартын өрсөлдөөн ч нэлээн ширүүсэж эхэлсэн. Валмарт нь АНУ-ын урдаа барьдаг том компани бөгөөд байгуулагдаад 56 жил болж байна. Валмартын хувьцаа “Дов Жонес Индастриал 30” (Dow Jones Industrial average ) хувьцааны чарт-д багтдаг бөгөөд үүнд АНУ-ын шилдэг гэсэн 30 том компаниудын үзүүлэлтийг харуулдаг. Валмарт нь өөрсдөө электрон бараа, хувцас, гэр ахуйн бараа, тоглоом, гоёл чимэглэл, гоо сайхны бараа, спорт хэрэглэл гэхчлэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. 2017 оны байдлаар дэлхий даяар 11695 сүлжээ дэлгүүрүүдтэй, 2.3 сая ажилчинтай. 2016 оны жилийн нийт орлого 485.87 тэрбум доллар бөгөөд цэвэр орлого нь 13.6 тэрбум доллар. Энд компаниудын орлогыг цэвэр орлоготой харьцуулах нь чухал. Мөн Валлмартын ажилтнуудын дийлэнх хэсгийг цалин багатай дундаж давхаргынхан бүрдүүлдэг гэдгээс АНУ-ын эдийн засагт тодорхой хэсгийг дангаараа бүрдүүлэгч компани билээ. Валлмартын үндсэн зорилго нь “Save money, live better” буюу “Хүмүүсийн мөнгийг хэмнэснээр, илүү сайхан амьдрах боломжийг олгож байна” гэсэн агуулгатай. Тиймдээ ч Валлмарт үйл ажиллагааны зардлаа тасралтгүй бууруулж, танасаар ирсэн. Тиймээс ажилчид олон цагаар цалин багатай ажилладаг. Валтартыг тойрсон асуудал, шүүмжлэл, иргэдийн бослого хөдөлгөөн олон. Мөн цалингийн асуудлаас гадна АНУ-ын нийгэмд нас, хүйс, арьс өнгөний ялгавар гээд олон асуудал бий. Тэгсэн хэдий ч эдгээр бүх асуудлуудыг даван туулж байгаа нь сайшаалтай. Тэдний компанийн дотоод үнэт зүйлс нь өдийг хүртэл оршин тогтнуулсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Валлмарт дан ганц хүмүүсийн хоол хүнсийг зөөж ирсэн бол аль хэдийн дампуурах байсан биз. Тиймээс нүдэнд үл үзэгдэх баялагыг тооцох ёстой. Харин Амазон.ком технолгийн шинэчлэлийн хамт эдгээр асуудлуудыг шийдэж чадах болов уу. Ямартай ч цаашдаа Валмарт оршин тогтнох эсэх эргэлзээтэй болж буй бөгөөд дахин шинэчлэх ажлууд удаа дараа хүлээж байна. Тэгэхээр сүлжээ дэлгүүрүүд болон Амазон.ком цаашдаа хэрхэх вэ гэдэг маш их сонирхол татаж байна. Амазон.ком болон сүлжээ дэлгүүрүүдийн өнгө төрх өөрчлөгдөж, илүү амар, тухлаг, органик хэв маяг үрүү шилжих тусам хэрэглэгчид хожно. Гэвч үүнд цаашдаа зах зээлийг хэн эзэлж, хэн нь хожих вэ гэдэг талаас бус нийгэмд үнэт зүйлсийг хэн бүтээж чадах вэ гэдэг нь хамгийн чухал. Зах зээлийн онол, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн муруй гээд эдийн засгийн чухал онолууд ч мөн адил шинэчлэгдэх шаардлагатай биз ээ. Мөн нийтлэлч миний зүгээс энэ их хөгжингүй үед залуус бид технологийн хөгжлийг ямагт нийгмийн баялагтай холбож харах нь чухал хэмээн бодож байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon