Нийтлэл 07 сарын 28, 2017

Чагтлагдсан сэдэв: ПАНАМЫН ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифтай холбоотой оффшор дансны хэргийг өнөөдөр Пакистаны Дээд шүүх шийдвэрлэн түүнийг албан тушаалаас нь огцруулахаар болжээ. Ерөнхий сайд Наваз Шарифын хүүхдүүд Панамын хуулийн фирмээр дамжуулан Лондонд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан нь 2015 онд дэлгэгдсэн Панамын баримтуудаас ил болжээ. Наваз Шариф болон түүний гэр бүлийнхэн буруу зүйл хийгээгүй учраас “ял шийтгэл авах ёсгүй” гэж мэдэгдэж байв.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ хэргийг шүүх шалгаж эхэлсэн бөгөөд энэ сард 254 хуудас бүхий шинжилгээний дүн гарсан байна. 2015 онд оффшорын баримтууд дэлгэгдсэнээс хойш Пакистаны сөрөг хүчнийхэн Наваз Шарифыг огцрохыг шаардсаар ирсэн бөгөөд шүүх хурал болж байгаад Пакистанчууд таатай хүлээж авч байгаа аж. Наваз Шариф өмнө нь Пакистаны Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байсан  юм.

2018 онд болох парламентын сонгууль хүртэл хэн Ерөнхий сайдын албыг хашихыг Пакистаны Муслимуудын холбоо нам шийдэх аж.

Жиргээчид энэ хэргийн талаар #PanamaVerdict гэсэн хаштагтай жиргэж байна. Пакистаны жиргээчид шүүхийн шийдвэрийг дэмжиж жиргэж байна.

Aftab Iqbal “Залуучууд авилгатай тэмцэх үүрэгтэй. Пакистаны залуучууд тэмцэж чадлаа.” гэв.

Asad Kharal “Маргааш Ерөнхий сайд Наваз Шариф, Сангийн сайд Ишак Дар нар албан тушаалдаа үлдэхгүй.” гэжээ.

Ihtisham UL Haq “Зууны хамгийн их хүлээлттэй шийдвэр гарлаа. Энэ шийдвэр үйл явцыг өөрчилж чадна. Энэ шийдвэр авилгыг үүрд зогсооно эсвэл хүлээн зөвшөөрүүлнэ.” хэмээн жиргэжээ.

Пакистаны Хууль зүйн сайд асан Babar Awan “2 жилийн тэмцэл 30 жилийн мөнгө угаалт, 40 жилийн статус куогоос илүү хүчтэй байна” хэмээн оффшорын эсрэг тэмцлийг тайлбарласан байна.

Hajra Ibrahim Баяртай авилгачин гэр бүл хэмээн Наваз Шарифын гэр бүлийн зургийг жиргэжээ.

Pakistan Defence “Ерөнхий сайд, түүний хөвгүүд, охин Маряам Шариф болон Сангийн сайд Ишак Дар нарыг Үндэсний авилгатай тэмцэх товчоогоор шүүх болно.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon