Хятадын засгийн газар долдугаар сарын 30-ны Ням гарагт Өвөр Монголын Шилийн гол аймаг, Жүрих цэргийн сургуулилтын баазад Хятадын арми байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэх цэргийн параад зохион байгууллаа.
Хамгийн сүүлд Японтой хийсэн дайнд ялсныг тэмдэглэж 2015 оны есдүгээр сард цэргийн параад зохион байгуулагдсан ба энэ удаагийнх Хятадын арми байгуулагдсаныг тэмдэглэсэн анх удаагийн параад аж.
Мөн энэ удаагийн параадын онцлог нь ёслол, бэлэгдлийн чанартай жагсаал бус бодитоор дайны байдалтай сургуулилт хийж, цэрэг зэвсгийн дайтах хүчин чадлаа дотоод гадаадад бодитоор үзүүлэх хэлбэрээр хийсэн онцлогтой байлаа. Энэ намар Хятадын коммунист намын их хурал болохтой холбоотойгоор бүх Хятадын дарга, Армийн төв хорооны тэргүүн Ши Жиньпин арми дахь нөлөөгөө батлан харуулж, цаашид эрх мэдлээ бататгах зорилготой байх магадлалтай гэж зарим шинжээч үзэж байна.
Өнөөг хүртэл цэргийн параадыг Хятад улс байгуулагдсаны үндэсний баяр, аравдугаар сарын 1-нд зохион байгуулдаг байсан ба энэ удаагийн параадаар нийслэлээс хол бүс нутагт, шинэ төрлийн дайны зэвсэг, танк, пуужин, мэдээллийн технологи ашигласан дайны сургуулилт хийснээс гадна, гадаадын болон энгийн зочдыг уриагүй зэрэг урд өмнө байгаагүй хэлбэрээр зохион байгуулагдсан нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.
Жүрих бааз нь ойролцоогоор 2800 километр квадрат талбай эзэлдэг, Азид хамгийн томд тооцогдох баазын нэг аж.
Фото зургийн эх сурвалж: CNN