Нийтлэл 07 сарын 31, 2017

О.Мөнхсайхан: Ерөнхийлөгчид хуулиар нэмж бүрэн эрх олгох заалтыг Үндсэн хуулиас хасахад л Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдана

Ярилцлагын нэгдүгээр хэсгийг эндээс үзнэ үү

Ярилцлагын хоёрдугаар хэсэг

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж чадаж байгаа юу?

-Шийдэх гэж үзсэн юм шиг байгаа юм. Гэхдээ дутуу шийдээд байна. Яахав, төсөлд хууль санаачлах, засгийн газарт чиглэл өгөх гэсэн Парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчид төдийлөн байдаггүй бүрэн эрхийг нь хассан байна. Ерөнхийлөгч энэ хоёр эрх мэдлээрээ дамжуулан Засгийн газартай давхардуулсан, заримдаа зөрчилдсөн бодлого санаачилж, гүйцэтгэх эрх мэдэл рүү хэт орж, эцэстээ хэн нь хариуцлага хүлээх ч тодорхойгүй болгоод байгаа. Түүнчлэн, төсөлд Ерөнхийлөгч шүүгчдийг томилдгийг нь ёсчилдог болгосон байна. Уг нь Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн шүүгч томилох эрх мэдлийг маш тодорхой заагаад өгсөн байдаг ч энэ нь сүүлийн 25 жил зөрчигдөөд явж байгаа. Яагаад гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэсэн байдаг. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно гэж байгаа юм. Томилно гэж байгаа нь үүрэгжүүлсэн утгыг хуульд илэрхийлдэг. Татгалзах эрхгүй гэсэн үг л дээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Дээд шүүхээс гараад ирсэн нэрийг Ерөнхийлөгч томилох л үүрэгтэй, татгалзах эрхгүй гэсэн үг. Гэтэл сүүлийн 25 жил Ерөнхийлөгч татгалзаж ирсэн. Энэ асуудлаар Цэцэд хандсан эсэх нь тодорхойгүй. Хандсан бол Цэц зөв тайлбарлаад тодорхой болгочих боломжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвшигчээс татгалзах эрхгүй гэдгийг нь ёсчилно гээд тодруулжээ. Харамсалтай нь, төсөлд яаж байна гэхээр УИХ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гарч ирсэн Дээд шүүхэд нэр дэвшигчийг дэмжих эсэх санал хураадаг болгоод оруулж ирж байна. Ингэвэл УИХ дахь олонх болсон нам хэн Дээд шүүхийн шүүгч байх вэ гэдгийг шийддэг болж, Дээд шүүхийн шүүгчийн томилгоог улстөржүүлэх явдал одоогийнхоос гаарна. Ерөнхийлөгч улс төрийн намрын харьяаллаас татгалздаг учраас харьцангуй бие даан ажилладаг бөгөөд шүүгчийн томилгоо дээр улс төржих нь УИХ-тай харьцуулахад бага байх боломжтой. Тэрний оронд Шүүхийн ерөнхий зөвлөлийг зохистой тэнцвэртэй төлөөллөөр бүрдүүлж, үйл ажиллагааг нь харийн журамж өгөөд, эндээс нэр дэвшсэн хүнийг Ерөнхийлөгч ёсчилдог болох хэрэгтэй. Тэгэхгүйгээр УИХ өөр дээрээ эрх мэдлийг овоолох шаардлага байхгүй. Төсөлд үүн шиг Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхий сайдын саналаар УИХ томилдог болж байгаа. Прокурорын ажил гүйцэтгэх эрх мэдэлд хамаардаг учир Ерөнхий прокурор, түүний орлогчийн томилгоог Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайд руу шилжүүлж болно. Гэтэл Ерөнхий сайдын саналаар УИХ томилох гээд байна. УИХ өөрийн эрх мэдлээ тэлээд байгаа юм. Манай УИХ бол бусад парламентын засаглалтай улсын парламентаас хамаагүй илүү эрх мэдэлтэй, зарим судлаач супер парламент гэж нэрлэдэг. Ийм байхад Ерөнхийлөгчийн эдэлж байсан эрхийг парламент өөртөө авж эрх мэдлээ өргөжүүлэх гэж байна. Төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг цөөлөх ийм  оролдлого байгаа ч асуудал үүсгэж буй гол шалтгааныг нь шийдээгүй байна.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой өөр ямар асуудал байна вэ?

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, Ерөнхий прокурор, түүний орлогч, шүүгч томилдгийг хасаж байна. Түүнээс бусад бүх эрх мэдэл нь хэвээрээ байна. Одоогийн Үндсэн хуульд Ерөнхийлөгчид хуулиар тодорхой бүрэн эрх олгож болно гэсэн байдаг. Үүнийг хасаагүй байгаа нь хачирхалтай. Ерөнхийлөгчийн эрх мэдэл томроод байгаагийн гол шалтгаан Үндсэн хуульд заасан эрх мэдлээс болоод байгаа юм биш. Харин чиг үүрэгт нь үл хамаарах эрх мэдлийг хуулиар нэмж өгөөд байгаа учраас л томроод байгаа юм. Өнөөдөр Ерөнхийлөгч АТГ-ын даргыг дэвшүүлж байна, энэ ажиллагаан дээр хяналт тавих, цаашид яллаад явдаг прокурорын дээд удирдлагыг томилж байна, бүх шүүгчдийг томилж байна, шүүгчдийг нэр дэвшүүлдэг Ерөнхий зөвлөлийн бүх гишүүнийг томилж байна. Эрх мэдлийн энэ төвлөрөл нь хонгил үүсгэж хүмүүсийг ялладаг болгочихлоо гэж зарим улс төрч хэлж байна. Яг ийм болсон эсэхийг мэдэхгүй ч ийм байдлаар урвуулан ашиглах эрсдэл бол харагдаж байна. Ерөнхийлөгчид хуулиар нэмж бүрэн эрх олгох заалтыг Үндсэн хуулиас хасахад л Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдана. Жишээлбэл, одоогийн Ерөнхийлөгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох, АТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргыг нэр дэвшүүлэх эрх мэдэл хасагдана. Эрх мэдлийг нэмж олгодог Үндсэн хуулийн заалтыг хасах талаар төсөлд тусгаагүй учир Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдахгүй, магадгүй илүү тэлэх боломжтой. Үе үеийн Ерөнхийлөгч нарын эрх мэдлийг судлаад үзэхээр эрх мэдэл нь уулаас өнхөрч байгаа цас шиг л улам л томроод, хүчирхэгжээд байгаа. Үүнийг засах ёстой юу гэвэл засах ёстой. Парламентын засаглалтай гэчхээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хуулиар тэлээд, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулаад байж болохгүй шүү дээ. Тэрийг хязгаарлах хамгийн чухал зүйл нь Ерөнхийлөгчид хуулиар эрх мэдэл олгож болно гэдэг заалтыг Үндсэн хуулиас хасах эсхүл Ерөнхийлөгчид байх ёсгүй бүрэн эрхүүдийг хуулиас хасах явдал.

-Яамдын нэрийг Үндсэн хуульдаа тусгахаар төсөл боловсруулжээ. Энэ нь эерэг хийгээд сөрөг тал нь хэр байх бол?

-Гол үндэслэл нь Засгийн газар шинээр байгуулагдах тоолонд яамдын тоо, нэр өөрчлөгддөг, далимдуулж төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ажлаас халдаг гэж байгаа юм л даа. Гэхдээ энэ нь Үндсэн хуулиас болоод байгаа юм биш шүү дээ. Яамны нэр, тоог Үндсэн хуульд заасан ч улс төрийн шалтгаанаар халья гэвэл дотоод бүтцийг өөрчлөөд ч юм уу, нэг шалтаг олоод халчхаж мэднэ. Гагцхүү ийм хууль бусаар халсан асуудлыг шүүх шударгаар тогтоогоод явдаг ч шүүхийн шийдвэрийг Засгийн газар, яам, агентлаг биелүүлдэггүй. Үүнийг л шийдэх ёстой. Түүнчлэн, ардчилсан улсууд, ялангуяа парламентын засаглалтай улсуудын Үндсэн хуульд яамдынхаа нэрийг жагсаасныг олж хараагүй. Харин, Үндсэн хуульдаа ингэж яамдын нэрийг оруулдаг улсууд ихэнхдээ социалист тогтолцоотой байдаг. Манайх ч мөн 1940 оны Үндсэн хуульдаа яамдын нэрийг зааж байсан. Яамныхаа нэрийг өөрчлөх гээд л Үндсэн хуульдаа байн байн өөрчлөлт оруулдаг байсан. 15 сар тутам өөрчлөлт орж байсан гэдэг судалгаа бий. Бүх юмыг ингэж нэг бүрчлэн нэрлэж заах нь Үндсэн хуулийн тогтворгүй байдал руу түлхдэг. Нөгөө талаас, яамны нэрийг Үндсэн хуульд нэрлэн заах нь тухайн УИХ-ын сонгуулиар ялсан олонх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтцийг бий болгоход саад болж, уян хатан бус байдлыг үүсгэж, нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж магадгүй гэдгийг бодох л хэрэгтэй.

-Хуулийн төслийг батлах ирцийн босгыг өндөрсгөсөн нь ямар учиртай вэ?

-УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн ч дийлэнх олонхын саналаар хуулийг эцэслэн батална гэж төсөлд тусгажээ. Дийлэнх олонх буюу гуравны хоёр гэдэг бол өндөр босго л доо. Хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр гэхээр заримдаа шийдвэр гаргаж чадахгүйд хүрч магадгүй. Хуулийн эцсийн найруулга явж байлаа гэхэд УИХ-ын 76 гишүүн бүгд байвал 51-ээс дээш гишүүн санал өгч байж хуулиа батлах нь байна. Яахав одоогийнх шиг нэг нам 65 суудалтай байх үед бол асуудал бараг гарахгүй. Дараагийн сонгуулиар нэг нам дийлэнх олонх бус ердийн олонх болбол яах вэ. Төслийг УИХ-аар хэлэлцээд явж байтал эцсийн хэлэлцүүлэг дээр цөөнх дэмжихгүй бойкотлоод эхэлбэл яах вэ. 1996-2000 оны хооронд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны ирц 51-ээс дээш тоогоор бүрдэг байсан тул 25 суудалтай цөөнх, бас УНН-аас нэр дэвшиж сонгогдсон нэг гишүүнтэй тохироод хуралдаандаа суухгүй байхад шийдвэр гаргаж чадахгүй болчихдог байсан. Үндсэн хуульд дордуулсан гэгдэх долоон өөрчлөлт оруулах болсон нэг шалтгаан энэ байсан шүү дээ. Үүнийг шийдэх нэг гарц бол ирцээр оролдох биш, парламентын гишүүдийнхээ тоог өсгөх юм.

-УИХ-ын гишүүдийн тоог өсгөнө гэхээр иргэд дургүйцэхгүй юу?

-Үүнийг шийдье гэвэл УИХ-д 65 суудалтай олонх шийдэж чадна. Мөн, сайн мэдээлэл өгвөл иргэд гишүүдийн тоог нэмэх учир шалтгааныг ойлгоно. Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын протоколыг уншиж байхад 76 гишүүний тоо яаж гарсан гэхээр 15-20 мянган сонгогчид нэг УИХ-ын гишүүн гэж тооцоод гаргасан юм билээ. Одоо бол тэр томьёоллоор бол гурван сая хүнд 150 орчим гишүүн байж болно. Парламент хууль тогтоох, иргэдийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих чиг үүргээ чанартай хэрэгжүүлье гэвэл хэдэн гишүүдтэй байх вэ гэдгийг бодож гаргадаг томьёо ч бий, үүгээр бодохоор гурван сая хүнтэй Монгол шиг улсын нэг танхимт парламент 140-өөс доошгүй гишүүнтэй байх ёстой гэж гардаг. Хэдэн танхимтай эсэхээс үл хамаараад бусад ардчилсан орны парламент ч ер нь зуугаас дээш гишүүнтэй байдаг. Жишээ нь, 1.3 сая хүн амтай Эстоны парламент 101, 2 сая хүн амтай Латвийн парламент 100, 2.9 сая хүн амтай Литвийн парламент 141 гишүүнтэй л дээ. 2015 онд УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмлэт, өөрчлөлтийн төслөөр УИХ-ын гишүүдийн тоог өсгөх гэж оруулж ирсэн нь уг нь зөв байсан ч бэлэгдэлд тулгуурлан тайлбарлаж хүмүүсийн дургүйг хүргэчихсэн.

-УИХ-ын гишүүдийн тоог өгсөх жинхэнэ шалтгаан юу вэ?

- Дээрх томьёо, харьцуулалтаас гадна өөр бодитой үндэслэлүүд бий.

Юуны өмнө, парламент хэт цөөхөн гишүүнтэй байхад парламентад зүй бус нөлөө орчих гээд байдаг. 76-гийн талаар ирц бүрдээд 20 гишүүн хууль баталдаг тохиолдолд гадаадын аль нэг улс, компани 20-25 гишүүнийг лоббидоод л дуртай хуулиа батлуулж мэдэх эрсдэлтэй байна.

Үүнээс болж нийтийн биш явцуу ашиг сонирхолд үйлчилсэн хууль, шийдвэр гарах, бүр цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч аюул учруулж мэднэ. Түүнчлэн, цөөхөн гишүүнтэй байх нь хуулийн чанарт сөргөөр нөлөөлдөг. УИХ 76хан гишүүнтэй учраас нэг гишүүн хоёроос гурван байнгын хороонд харьяалагддаг. Дээрээс нь намын бүлгийн хурал байна. Нэг байнгын хороо нэг том салбарын асуудлыг авч хэлэлцдэг тул УИХ-ын гишүүн тодорхой салбараар мэргэших, асуудал руугаа гүнзгий орох боломж бага. Нэг гишүүн хэзээ ч ийм олон байнгын хорооны хуралдаанд оролцоод асуудал бүр дээр оролцоод явж чаддаггүй. Цалгарддаг. Бас, олон байнгын хороонд хамраад ирэхээр ачаалал ихдэж Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт сулардаг. Мөн, хэт цөөн хүн байнгын хороо дээр хуулийн төсөл хэлэлцдэг, чуулган дээр баталдаг байдлыг шийдэхийн тулд арга ядаж хуулийг эцэслэн батлах босгыг дийлэнх олонх болгох санаа төсөлд орсон байгаа нь яагаад оновчгүй талаар дээр хэлсэн. Уг нь, гишүүдийн тоог 140 болгоход л энэ болон бусад олон асуудал шийдвэрлэгдэнэ. 

-Давхар дээлийг бас л хязгаарлаад Үндсэн хуульд тусгахаар төсөлд оруулжээ. Давхар дээл гэдэг тийм муу зүйл үү. Бусад улс орон үүнийг яаж зохицуулдаг вэ. Үндсэн хуульдаа тусгасан нь хэр олон байдаг вэ?

- Парламентын засаглалтай улсуудад парламентын гишүүн засгийн газрын гишүүн байхыг нэг бол зөвшөөрдөг, нэг бол хориглодог. Хориглодог улс гэвэл Австри, Нидерланд, Норвеги, Бельги. Тайланд, Люксенбург. Татгалзаж байгаагийн гол шалтгаан төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хангах явдал. Парламентын гишүүн нь цөөн тоотой бол хориглох хандлагатай.

-Ямар тохиолдолд давхар дээлийг зөвшөөрдөг вэ?

-УУл нь энэ нь парламентын тогтолцооны үндсэн хэв шинж юм. Гэхдээ манайхаас ялгаатай нь парламентын засаглалтай улсуудад гишүүдийнх нь тоо олон байгаа юм. Энэ нь засгийн газар парламентад хэт нөлөөтэй болохоос сэргийлдэг. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байхын давуу тал бас бий. Парламентын засаглалтай улсууд гүйцэтгэх болоод хууль тогтоох эрх мэдлийг хатуу зааглахаас илүү хооронд нь хамтран ажиллуулахыг чухалчилдаг. Үүнийг эрх мэдлийн уусал ч гэж нэрлэдэг. Парламентын засаглалтай улсын Ерөнхийлөгчийн засаглалтай улсаас ялгагдах гол шинж бол парламентын олонх Засгийн газраа эмхлэн байгуулдагт оршдог. Парламент Ерөнхий сайдаа сонгодог, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлдэг ч Ерөнхий сайд нь эргээд парламентынхаа өмнө хариуцлага хүлээдэг. Парламент, Засгийн газар иргэдийн олонхын дэмжлэг авсан нэг мөрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ерөнхий сайд томилогдоод мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогоо батлуулах шаардлага гардаг. Засгийн газар үйл ажиллагаагаа дэмжүүлэхийн тулд парламентад тодорхой хэмжээнд нөлөөллийн ажиллагаа явуулах хэрэгтэй болдог. Улс төрийн нам парламентын сонгуульд ялахын тулд, засгийн эрхийг авахын тулд сонгуульд хамаг лидерүүдээ л оруулдаг. Тэр лидерүүд нь парламентад сонгогдож намаа олонх болоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ Засгийн газарт орж ажиллан бодлогын уялдаа, хамтын ажиллагааг явуулдаг. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглосон тохиолдолд парламентад олонх болсон намын лидерүүд Засгийн газартаа орох боломжгүй болдог. 1996 онд Ардчилсан холбоо эвслийн бүх лидер парламентад сонгогдчихсон, гэтэл Цэцийн шийдвэр гараад давхар дээлийг хориглочихсон. Гэтэл хамаг лидерүүд нь Засгийн газарт орж чадаагүй. Тэгэхээр сонгуульд ялагдсан, эсвэл улс төрч биш хүмүүс сайд болж эхэлсэн. Ард түмнээс мандат аваагүй, улс төрийн хариуцлага хүлээхгүй хүмүүс сайд болоод эхэлсэн. Парламентын гишүүд засгийн газрын гишүүн болчхоор парламентаас засгийн газарт тавих хяналт суларна гэдэг. Гэвч, парламентын засаглалтай улсад засгийн газар парламент дахь олонхоос эрхлэн байгуулагддаг учраас тэр олонх нь өөрийн засгийн газраа хангалттай хянах сэдэл бага, харин ийм хяналтыг цөөнх хэрэгжүүлдэг. Жишээ нь, ярилцлагын эхэнд ярьсан Байцаан шалгах хороо байгуулах боломжийг цөөнхөд өгөх зэргээр засгийн газарт тавих хяналтыг сайжруулж болно. 

Төсөлд давхар дээлийн асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан байна вэ?

-Засгийн газрын нийт гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт төсөлд орсон байна. Ийм байдлаар зохицуулсан улс хараагүй. Бараг хаана ч байдаггүй ийм зүйлийг Үндсэн хуульд заах нь хэтэрхий эрсдэлтэй туршилт болж мэднэ. Сайд нь УИХ-ын гишүүн байгаа салбарын бодлого илүү батлагдаж, гишүүн биш сайдтай яамны хариуцдаг салбар хоцрох уу, салбар хоорондын тэгш биш байдал үүсэх үү гэдгийг бодох л хэрэгтэй. Одоо ямар асуудал тулгараад байна гэхээр 76 гишүүнтэй, арван хэдэн гишүүн сайд сайд болчихдог, Засгийн газрын УИХ-д нөлөөлөх нөлөөлөл хэтэрхий их болчхоод байгаа юм л даа. Энэ хоёр эрх мэдэл бие биендээ ууссан байх ёстой болохоос биш бүр сүлэлдчихэж болохгүй л дээ. УИХ-ын гишүүдийн тоо 76 хэвээрээ байна гэвэл УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг бүрэн хориглох хэрэгтэй. Хэрэв УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх хэрэгтэй гэж үзвэл зөвшөөрөх хэрэгтэй. Үүний тулд дээр хэлсэн үндэслэлээр УИХ-ын гишүүдийн тоог наад зах нь 140 болгох шаардлагатай.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай өөрчлөлт байсан, энэ талаар ямар бодолтой байна?

-Энэ сэдвийн хүрээнд төсөлд тусгасан хоёр том өөрчлөлтийн аль аль нь шаардлагагүй юм. Нэгд, хотыг Үндсэн хуульд нэрлэн заая гэжээ. 1992 онд Үндсэн хуультай хамт баталсан, түүнтэй адил хүчин чадалтай Үндсэн хуулийн хавсралт хуулийн 4.3-т “Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоож, түүний дагуу тэдгээрийн өөрийн удирдлагыг зохион байгуулах хүртэл Дархан, Чойр, Эрдэнэт хот одоогийн нутаг дэвсгэртээ аймагтай адилсах засаг захиргааны, нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай байна” гэж заасан байдаг. Хотуудыг аймаг болгосон нь түр зуурын шинжтэй бөгөөд хотуудын өөрийн удирдлагыг хуулиар тогтоож  зохицуулж болохыг илэрхийлдэг. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зөвхөн орон нутгийн чанартай хотуудын эрх зүйн үндсийг тогтоосон нь дээрх заалтыг зөрчиж, энэ хууль одоог хүртэл хэрэгжихгүй байгаагийн шалтгаан. Энэ хуулиа шинэчлэн найруулж батлахад л болно, Үндсэн хуульд заавал хот гэж бичээд байх хэрэг байхгүй. Ихэнх ардчилсан улсуудын Үндсэн хуульд хотыг ингэж заадаггүй. Хоёрт, баг, тосгон, хорооны засаг даргыг харьяалах сум, дүүргийн засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно гэж төсөлд бичиж. Цэцээс баг, хорооны засаг даргыг улс төрийн албан тушаалтан гэж шийдсэнтэй холбоотой ийм заалт оруулсан юм шиг байна. Сум, дүүргийн засаг дарга томилдог боллоо гээд баг, хорооны засаг даргын томилгоо улс төрөөс ангид болохгүй, тэнд ялсан намын хүмүүсийг л томилно. Ер нь харьцангуй бага судлагдсан, яаж хөгжүүлэх тал дээр зөвшилцөл үүсээгүй, хаа хаанаа сайн ойлгоогүй байгаа нэг инститүц бол нутгийн удирдлага. Товчдоо нутгийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг хэсэгчилсэн байдлаар ингэж өөрчлөх хэрэггүй гэж хэлмээр байна.

-Эцэст нь та төслийг юу гэж дүгнэх вэ?

-1992 оны Үндсэн хууль сайн Үндсэн хууль, манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа болж ирсэн. Монгол ардчилсан дэглэмтэйгээ байгаагийн гол шалтгаан бол энэ Үндсэн хууль. Иймд Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх гэхээсээ илүү судлагдсан, практикт харагдсан цөөн асуудлыг шийдэх нэмэлт, өөрчлөлт хийж болно. Жишээлбэл, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулж байгаа учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих, хязгаарлах зайлшгүй шаардлага байна. Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүндээ хэн байх вэ гэдгийг шийдвэрлэдэг, төсвөө мэддэг болох, УИХ-аас Ерөнхий сайдыг сонгоход хариуцлагатай ханддаг болох, гүйцэтгэх эрх мэдлийг илүү тогтвортой ажиллах боломж бүрдүүлэх, эргээд УИХ-аас гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулах өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Давхар дээлийн асуудлыг бүрэн хориглох эсхүл УИХ-ын гишүүдийнхээ тоог 140 болгох нь зүйтэй. Эдгээр цөөхөн асуудлыг л шийдэх хэрэгтэй. Үгүй бол ардчилалд хүмүүс хоорондоо маргалдаад шийдвэр гаргаж чаддаггүй, хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголт газар авч сүүлдээ дарангуй дэглэмтэй болох санаа цөөн хүнээс гарахад хүргэж байна. ХБНГУ, Их Британи, Япон зэрэг парламентын ардчилалтай ч эдийн засгийн хувьд хамгийн сайн хөгжиж чадсан улсуудад гүйцэтгэх эрх мэдэл нь тогтвортой, хариуцлагатай байдаг, энэ жишгийг авч парламентын засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй. Эдгээр өөрчлөлтийн хамт өөр шаардлагагүй, эсхүл аюултай олон өөрчлөлт төсөлд орсон талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Манай улсыг хөгжүүлэхэд хамгийн их гай болж буй нэг зүйл бол зарим улс төрчид хэн нэгнээс сонссон зүйл эсхүл толгойдоо орж ирсэн нэг бодлыг хуульчилдаг, хуульчлах гэж улайрдаг. Хаа ч хэрэгжиж байгаагүй эсхүл аль нэг улсад олон хүчин зүйлийн нөлөөнд амжилттай хэрэгжсэн ч Монголд тохирохгүй зүйлийг хэдий болтол туршиж улс орон, хүн ардаа хохироох юм бэ

Ийм дур зоргын хандлага Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт рүү халдварлаж байгаа нь бүр илүү аюултай. Бараг хаана ч байхгүй ийм шинэ юм сэдэж туршаад, дараа нь түүнийгээ засах гэж Үндсэн хуулиа дахин дахин өөрчлөх нөхцөл үүсгэх нь 1992 оноос хойш үйлчилж ирсэн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг үгүй хийнэ. Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг эвдсэн өөрчлөлтийг огт хийж болохгүй.

 

[1] http://www.parliament.mn/n/nhoo

[1] http://www.judcouncil.mn/main/5746--.html

Сэтгэгдэл бичих

arrow icon