Нийтлэл 08 сарын 02, 2017

ТОМ АХ 2.0. Хятад хэрхэн тоон диктатурыг байгуулж байна вэ?

Орчин үеийн Хятадыг бусдын бүтээлийг зөвхөн бага зэрэг өөрчилж, хуулбарладаг асар том олшруулагч машин гэсэн имижтэйгээр бид хардаг. Гэвч одоо хятад ард түмэн нэгэн цагт дэлхийд цаас, луужин, дарь бэлэглэсэн шигээ өөрсдийн бүтээлээ таниулах цаг нь ирсэн бололтой. Хятад тоон диктатурыг зохион бүтээж байна.

Хэн санаачлав?

Чиний тухай чамаас ч илүү мэддэг дээд оюун ухаан, бүхнийг харагч мэлмий бүхий ертөнцийг төсөөлөөд үз дээ. Чиний хийсэн үйлдэл бүхэн чинь шинжлэгдэж, жижиг гэм нүгэл ч орхигдолгүй дэнслэгдэж, хийсэн буян бүхэн чинь сайн үйлийн үр болон ирнэ. Хүн төрөлхтөн энэ талаар эртнээс эргэцүүлж ирсэн билээ. Дурын шашны номлолд чи бусдыг хуурч, хууртагдаж болно гэхдээ тэнгэр бурхан бүгдийг хардаг учир үйлийн үр нь заавал ирнэ гэсэн сургааль байдаг. Ийм дүр зураг олон мянганы турш зөвхөн итгэл үнэмшлийн хэмжээнд л байлаа. Гэвч шинэ технологийн ачаар энэ төсөөлөл бодит болж байна. 21-р зууны бүхнийг тольдогч мэлмий Хятад Улсад бий болжээ. Түүний нэрийг “нийгмийн зээлийн систем” (社会信用体系) гэнэ.

Илүү оновчтой, утгаар нь орчуулвал “нийгмийн итгэлцлийн систем” юм. Энэ системийг бий болгох талаар бүр өмнө нь 2002-2012 оны үед БНХАУ-ын КН-ын дарга асан Ху Зинтао бодож байсан. 2007 онд “Нийгмийн зээлийн системийг бий болгох талаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн тамгын газарт өгөх зарим зөвлөгөө” гэх баримт бичиг хэвлэгдэн гарсан байдаг. Тэр үед энэ төсөл нь АНУ-ын FICO компаний хийдэг шиг зээлдэгчийн төлбөрийн чадварыг үнэлдэг үнэлгээний өргөжүүлсэн системэрхүү байсан юм. Баримт бичигт “Олон Улсын туршлагыг ашиглан зээл, татвар, гэрээний биелэлт, бүтээгдэхүүний чанарыг үнэлэх системийг боловсронгуй болгох” гэсэн зорилт тавигдсан байна. Си Зинпинийг дарга болсны дараа 2014 онд Төрийн Зөвлөл “Нийгмийн зээлийн системийг бий болгох хөтөлбөр” гэсэн нэртэй шинэ баримт бичиг гаргасан. Энд нөгөө систем маань танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд эх газрын Хятадын бүх компаниар зогсохгүй бүх иргэд нь энэ системийн дагуу үнэлэгдэж, мөрдөгдөх учиртай гэнэ. Хувь хүний итгэлцлийн рэйтингийг дотоод пасспортонд нь холбож өгөөд нэгдсэн мэдээллийн баазад оруулж интернетэд чөлөөтэй тавих юм байна. Өндөр рейтингтэй иргэд янз бүрийн нийгмийн болон эдийн засгийн хөнгөлөлт эдлэх юм. Харин муу рейтингтэй этгээдүүд төрийн машины хүчинд автаж янз бүрийн хориг, хязгаарлалтад орох юм.      

“Төрийн Зөвлөлийн хөтөлбөрт” “итгэл хүлээсэн этгээдүүд бүхий л урамшууллыг хүртэж харин итгэл алдсан этгээдүүд нэг ч алхаж чадахгүй байх” хэмээн шууд заажээ. 2016 оны 12-р сарын дундуур болсон Улс төрийн товчооны хурал дээр Си Зинпин “Нийгэмд итгэлцэл дутагдаж байгаа хурц асуудалтай тэмцэхийн тулд бүх нийгмийг хамарсан найдвартай байдлыг үнэлдэг системийг бий болгох шаардлагатай байна. Хуулиа мөрддөг, сайн иргэдийг урамшуулдаг болон хууль зөрчдөг, итгэл алддаг хүмүүсийг дахин зориглохгүй болтол нь шийтгэдэг тийм механизм бий болгох хэрэгтэй ” гэсэн байна.

Ийм системийг бий болгох санаа Хятадын удирдагчдын яг хэнд нь төрснийг хэлэхэд мэдээж хэцүү. Гэхдээ энэ систем хятадын удирдлагын шинэ үе гарч ирснээс хойш өөрчлөгдөн шинэчлэгдсэн болон одоогийн Хятадын удирдагчийн авилгатай тэмцэх явдалд өгч буй ач холбогдлоос харахад үүнийг санаачлагч нь Си Зинпин өөрөө байх магадлалтай. 

Системийг амьдралд нэвтрүүлэх асуудлыг БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн асуудал хариуцсан улсын хороо удирдахаар болсон бололтой. Учир нь энэ байгууллага нийгмийн зээлийн системийг бий болгох ажлын явцын талаар янз бүрийн тайлангууд гаргаж байна. Ажлын хэсгийг тус хорооны орлогч дарга Лянь Вэйлан (连维良) ахалж байна. Мөн тэрбээр улсын дээд удирдлагуудаас ирсэн чиглэлийг бусад төрийн салбар байгууллагад дамжуулах хурал зөвлөгөөнийг удирддаг.

Үлгэрийн хот

Энэ систем Хятадын 30 гаруй хотод туршилтын байдлаар ажиллаад байна. Эдгээрээс хамгийн амжилттай яваа нь Шандун мужийн Жүнчэн хот юм. Хотын бүх иргэдэд (670 мянган хүн ам) эхлэлийн 1000 баллын рейтинг өгөгдсөн бөгөөд цаашдаа тэдний үйлдлээс хамаарч рейтинг нь өсөж буурч байна. Иргэний амьдрал, үйл ажиллагааны талаарх мэдээлэл орон нутгийн захиргаа, хувийн хэвшил, хууль тогтоох, шүүх байгууллагаас нэгдсэн мэдээллийн төвд цугларч тэндээ big data технологийн дагуу боловсруулагдаж үр дүнд нь түүний рейтинг өсөх юм уу буурах юм. Жүнчэний нэгдсэн мэдээллийн төв нь их ч үгүй бага ч үгүй 142 байгууллагаас ирсэн 160 000 өгөгдлийг боловсруулдаг. Хөршийнхөө зохисгүй үйлдлийг матсан иргэнд дор хаяж 5 балл нэмэх жишээтэй. Системд яг юу хийж болох юу хийж болохгүй талаар нэгдсэн бичиг баримт байхгүй. Тодорхой зүйл бол 1050-аас дээш баллтай иргэнийг үлгэр жишээ хэмээн ААА зэрэглэл өгдөг. 1000 баллтай бол АА, 900 бол В, харин 849-с доош баллтай бол С зэрэглэлтэй болж чамайг сэжигтэй иргэн хэмээн төрийн болон орон нутгийн захиргааны ажлаас хөөх болно. 599 болон түүнээс доош баллтай хүмүүс нар үзэхгүй дээ. Тэднийг D зэрэглэлтэй хэмээн нийгмээс гадуурхаж түүнд зээл өгөхгүй, түүнийг ажилд авахгүй (ийм зэрэглэлтэй хүнийг зарим такси компани ч ажилд авахгүй), түүнд хурдан галт тэрэг, онгоцны билет худалдахгүйн зэрэгцээ автомашин түрээслэхгүй бас барьцаагүйгээр дугуй түрээслэхгүй. D зэрэглэлтэй иргэнтэй харьцаж байгаад матагдвал рейтинг нь унах учир хөршүүд чинь чамаас чөтгөр харсан юм шиг зугтаах болно. Жүнчений иргэд янз бүрийн рейтингтэйгээр хэрхэн амьдарч буй талаар зарим жишээ авъя. АА болон түүнээс дээш зэрэглэлтэй иргэдэд 200 000 хүртэлх юаний зээлийг барьцаа, батлан даагчгүйгээр, багасгасан хүүтэй өгнө. А рейтингтэй хүний эмчилгээний зардал 10 000 юаниас хэтрэхээргүй бол эмнэлэгт хэвтэхдээ барьцаа төлөхгүй. Харин АА болон ААА зэрэглэлтэй бол барьцаагүй эмчилгээний зардал 20 000 болон 50 000 юань байх жишээтэй. ААА зэрэглэлтэй бараг гэгээрсэн хүмүүсийг эмнэлгийн ажилтан үнэгүйгээр угтан авч бүх л төрлийн тусламж үзүүлнэ. Хэрэгтэй бол барьцаагүйгээр тэргэнцэр өгч, эмэгтэйчүүдэд ямар нэгэн дараалал дугааргүйгээр умайн хүзүүний хавдрын оношилгоо хийж өгнө.  

А+ зэрэглэлтэй эрүүл Жүнчэн хүнд унадаг дугуй барьцаагүй өгөхөөс гадна эхний цаг хагас үнэгүй унаж болно. Харьцуулахад С зэрэглэлтэй хүнд дугуйг зөвхөн 200 юаний барьцаатайгаар түрээслэдэг. Рейтингээ хэрхэн өсгөх, ядаж оноо алдахгүйн тулд юу хийх ёстой вэ гэсэн асуулт гарч байна. Жүнчэний удирдлагууд үүнийг маш энгийн зүйл, зөвхөн хуулийн дагуу амьдарч, зээлээ цагт нь барагдуулж, татвараа төлж, замын хөдөлгөөний дүрмээ дагаж (торгуулиас бусад бүх зөрчилд 5 оноог рейтингээс хасдаг), нийгмийн ёс зүйн дүрмийг баримталж байхад л асуудалгүй гэж хэлж байгаа юм. Хятадын мэдээллийн «Хуаньцюван» (环球网) агентлагийн бичсэнээр нохойныхоо баасыг цэвэрлээгүй бол 5 балл хасаж, настай хөршөө зам гарахад нь туслахад 5 балл нэмдэг гэнэ.

Яг юу болох, юу болохгүй талаар тодорхой зүйл байхгүй учир засаг захиргааны зүгээс завхрал гаргаж болох талтай. Огт гэмгүй иргэд хохирч болно. Зүгээр нэг жишээ авъя: нэг хүн машиндаа стандарт бус дугуй тавиад Жүнчэнээс Гуанжоу орлоо гэж бодъё. Дугуйнаас болоод хурд хэмжигч нь буруу зааж, замдаа 15 удаа хурд хэтрүүлж камерт өртсөн байвал хармаанаас чинь 75 оноо хийсээд явчихна. Аяллаас ирээд санаагаар унасан амьтан аптекаас тайвшруулах эм аваад гар утсаараа төлбөр төлөхөд тэр мэдээлэл нь цааш дамжуулагдан түүнийг сэтгэл санааны тогтворгүй этгээд хэмээн систем үзэж рейтинг нь дахин буурах жишээтэй. Үр дүнд нь үлгэр жишээ эх оронч иргэн хүн таксины жолоочид ч тэнцэхээргүй болно.

Систем хэрхэн ажилладаг вэ?

Хуулийн этгээдүүдэд тоглоомын дүрэм илүү тодорхой. Компаний үйл ажиллагааг экологи, хууль журам, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, санхүүгийн тайлагнах байдал зэрэг хэд хэдэн стандартад тохирч буй эсэхийг шалгадаг. Ямар ч асуудалгүй бол компанид өндөр рейтинг өгч түүнд татварын хөнгөлөлт эдлүүлж, хөнгөлөлттэй зээл өгч захиргааны аливаа процесс нь “бүрэн бус хүлээн авах” зарчмаар ханддаг. Энэ нь төрийн захиргааны байгууллагад компани хандахад бичиг баримт нь дутуу байсан ч хүлээн авч, дутуу зүйлээ дараа нь авчирч өгөх, эсвэл хуулбарлаад явуулах боломжоор хангахыг хэлж байгаа юм.

Рейтинг муутай бол зээлийн хүү, татвар өндөр болж, үнэт цаас гаргахыг хориглож, бирж дээрээс бусад компаний хувьцаа авахыг хориглож, аливаа хориг тавигдаагүй салбаруудад ч хөрөнгө оруулалт хийхдээ төрөөс заавал зөвшөөрөл авдаг болно. Харин хувь хүний үнэлгээг нийгмийн итгэлцлийн системд хэрхэн хийх нь оньсого хэвээрээ байна. Өнөөдрийн байдлаар юу мэдэгдэж байна вэ? Хувь хүний мэдээллийг нэг талаас бүх төрлийн төрийн болон орон нутгийн байгууллагууд, хууль хүчний байгууллагуудаас авахаас гадна Төрийн зөвлөлийн хөтөлбөрт заасны дагуу нөгөө талаас найман хувийн компаниас авч байна.

Дараа нь энэ бүх мэдээлэл Бүх Хятадын зээлийн нэгдсэн мэдээллийн платформд (全国信用信息共享平台), илгээгддэг. Энэ платформ нь ирсэн мэдээлэлд үндэслэн рейтинг гаргадаг. Компаний рейтингийг Компаниудад зориулсан Үндэсний олон нийтийн зээлийн мэдээллийн системээс (全家企业信用信息公示系统), харин хувь хүний мэдээллийг Credit China мэдээллийн порталаас(信用中国网) авч болно.  Мэдээлэл цуглуулах эрхтэй найман компаний эхний хоёр нь Alibaba болон Tencent юм. Энэ хоёрыг яагаад сонгосон нь ойлгомжтой. Tencent бол 500 сая хүн ашигладаг WeChat мессенжерийн эзэмшигч бол Alibaba нь 448 сая хятад хэрэглэдэг, 23 тэрбум долларын худалдаа явагддаг интернет худалдааны платформ юм. Энэ хоёр компани финтех салбарыг мөн адил өөрийн болгож гар утсаараа төлбөр тооцоо хийх Alipay, WeChatPay үйлчилгээг нэвтрүүлсэн нь одоо Хятадын гар утасны нийт төлбөрийн 90 хувийг эзэлж нийт 5,5 их наяд долларын гүйлгээ хийгдээд байна.

Энэ компаниуд ямар мэдээллийг цуглуулж чадах вэ? Хамгийн үнэтэй мэдээллүүдийг. Гар утасны аппликэйшний зах зээл тэдэнд дуусашгүй боломж өгч байна. Чиний хаанаас юу худалдаж авч буй, хаана хэзээ явсан зэргийг чинь мэдэж болно. Чиний бодит орлого, чиний сонирхол, чатаар хэнтэй харьцдаг, юу ярьдаг, юу уншдаг, сошиалд юу постолдог,  ямар контент таалдгийг мэдэж болно. Alibaba нь зөвхөн Alipay-ээр тогтохгүй 340 сая хэрэглэгчтэй хятадын хамгийн том микроблог болох Weibo-ын 31 хувийг эзэмшдэг учир хятадуудын тухай Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас (中华人民共和国国家安全部) илүү мэдээлэлтэй гэхэд болно.

 Alibaba нь өөрийн рейтингийн үйлчилгээ болох Sesame Credit-г (芝麻信用管理有限公司) ажиллуулдаг бөгөөд ямар алгоритмаар рейтингийг тодорхойлдгоо тун сайн чандалдаг. Сошиалд жинхэнэ нэрээрээ бүртгүүлсэн эсэх, юу бичиж, юу уншиж, хэнтэй найзалж байгаа нь рейтингэд нөлөөлдөг болох нь одоогоор тодорхой байна. Рейтинг багатай хүмүүстэй найзалж байвал чиний рейтинг бас унах учир найдвар муутай хүмүүсээс хол байх хэрэгтэй. 

Sesame Credit-ын техникийн захирал Ли Инъюняны (李颖赟) хэлснээр худалдан авалт нь рейтингд нөлөөлдөг. Түүний Caixin (财新) хэвлэлд өгсөн ярилцлагад “өдөрт 10 цагаар компьютер тоглоом тоглодог хүмүүсийг найдваргүй этгээдүүд хэмээн тооцдог бол байнга живх авдаг хариуцлагатай эцэг эхчүүдийн рейтинг өсдөг” гэсэн нь интернетэд ихээхэн тарсан байна. Энэ сэдвийг Twitter-ийн ижил хувилбар болох Weibo-ын хэрэглэгчид хоорондоо маш их хэлэлцээд рейтингээ өсгөх өөрсдийн стратеги гаргасан байна. Тэдний хэлж байгаагаар бол Alipay дансандаа 1000-аас доошгүй юань хадгалж, 3-5 хоног бүр жижиг худалдан авалт хийж, p2p зээл авч байвал чиний Sesame Credit рейтинг өсөх юм. Тэгэхээр найдвартай байдлын нэг гол үзүүлэлт нь консюмеризм байж болох юм.

 Дугуйн дор

Sesame Credit бол туршилтийн төсөл бөгөөд сайн дурын зүйл хэмээн компани мэдэгдэж байгаа юм. Гэвч нэгдүгээрт, компани нь өөрийн рейтингдээ хамруулах зорилгоор хүмүүсийг хувийн мэдээллээ өгөхийг янз бүрийн аргаар шахаж байгаа юм. Жишээ нь Хятадын танилцах үйлчилгээ болох «Байхэ» (百合网) нь бүртгүүлсэн  Sesame рейтинг өндөр ганц бие хүмүүсийн анкетийг хамгийн эхэнд гарч ирдэг болгох, профайл нь үндсэн хуудсан дээр олон гарч ирдэг болгоно хэмээн амлаад байна. Хоёрдугаарт, хүмүүс энэ машин аль хэдийн ажиллаад эхэлсэн, өөрсдөө дугуйн дор нь орсноо мэдэхгүй байгаа юм. Жишээ нь Хятадад газар аваад байгаа янз бүрийн шэйрингийн (богино хугацааны түрээсийн) үйлчилгээг авж үзье. Дэлхий дээр каршэйринг (машины түрээс), байкшэйринг (дугуйн түрээс) гэсэн 2 төрлийн л шэйринг голлодог бол Хятадад түрээсээр дугуй, нарны хаалт, утасны цэнэглэгч, сагсны бөмбөг хүртэл авч болно. Ийм түрээсийн бизнес модель үр ашиггүй мэт харагдаж болно. Байкшэйрингийн хамгийн том платформ Ofo (ofo小黄车)-с дугуйг цагийн 1,5 юаниар, Zhulegeqiu (猪了个球)-с сагсны бөмбөг цагийн 1 юаниар, Molisan (魔力伞)-с нарны хаалтыг мөн үнээр түрээсэлж болно. Ихэнхдээ эдгээр эд зүйлс нь ямар нэгэн датчикгүй, хулгайн хамгаалалтгүй байдаг. Тиймээс ихэнх компаниуд шуудхан дампуурдаг нь гайхаад байх зүйл биш. Жишээ нь Чүнцины (重庆)Wukong Bicycle (悟空单车) компаний дугуйны 90 хувь нь хулгайлагдсан учир хаагдахаас өөр аргагүй болсон.

Гэхдээ тэдний зорилт ашиг биш харин шал ондоо зүйл юм биш биз? Эдгээр бүтээгдэхүүнүүдийг гар утсаар дамжуулан түрээслэнэ. Хэрэглэгчийн мэдээлэл компаний гарт орж ямар ч шийтгэлгүй гэж эндүүрч сагсны бөмбөг, нарны хаалт хулгайлсан хүмүүс дээр хавтаст хэрэг нээчихсэн байгаа. Ингээд 2020 онд систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд бүхнийг тольдогч мэлмий тэдний өмнөх нүглийг асуух болно.

Шүүгчид нь хэн бэ?

Нийгмийн зээлийн системийн талаарх хууль зүйн болон бусад асуудлууд зөндөө байна. Жишээ нь компани хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээд буюу энэ тохиолдолд төрд ашиглуулах нь хэр хууль зүйн үндэстэй эсэх. Мэдээж барууны технологийн компаниуд ч мэдээллийг өөрийнхөө зорилгодоо ашигладаг л даа. Гэхдээ дараа нь үүнийхээ төлөө шүүхэд дуудагддаг. Жишээ нь саяхан даа Орос дахь Google-ийн салбар электрон шуудан уншсан учир шүүхийн шийдвэрээр торгууль төлсөн. Екатеринбургийн иргэн өөрийнх нь захиаг уншсаны үндсэн дээр шуудан руу нь зохих реклам явуулсан гэж үзээд Google-ийг шүүхэд өгсөн. Шүүх Google компанийг иргэний хувийн нууц, харилцааны нууцын эрхийг зөрчсөн гэж үзсэн. Харин Хятадад Alibaba, Tencent компаниуд хувийн мэдээллийг төрийн байгууллагад рейтинг гаргах зорилгоор ашиглуулна гэдгээ ил тод мэдэгдэж байна.

Хоёр дахь асуудал: өндөр болон нам рейтингтэй хүмүүст ямар урамшуулал, шийтгэл хүлээлгэх вэ? Албан ёсны бичиг баримтад тодорхой хариулт алга. “Итгэлцлийн өндөр рейтингтэй этгээдүүдэд үзүүлэх урамшуулал, итгэл алдсан этгээдүүдэд хүлээлгэх шийтгэлийн механизмийг сайжруулах, бий болгох талаарх Төрийн Зөвлөлийн өгсөн тэргүүлэх чиглэлүүд” (国务院关于建立完善守信联合激励和失信联合惩戒制度加快推进社会诚信建设的指导意见) бичиг баримтад энэ талаар тун бүдэг томъёолсон байгаа юм.Өндөр рейтингтэй хүмүүст дээр дурьдсанаар “бүрэн бус хүлээн авах” тогтолцоо, “бүх төр захиргааны хэрэгт ногоон гэрэл” амласнаас гадна боловсрол, хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх, нийгмийн халамж зэрэгт том харж үзэхээр заажээ. Харин доогуур рейтингтэй хүмүүст бүх төрлийн захиргааны дарамт, үл хөдлөх, онгоц, хурдны галт тэрэгний билет авахад хязгаарлалт тавихаас гадна гадаадад гарахыг, люкс зочид буудалд амьдрахыг хязгаарлахаар байна.

Дээд удирдлага энэ талаар тодорхой арга хэмжээ авах хүртэл орон нутгийн удирдлагууд өөрсдийн санаандаа орсон дүрэм журамтай байхаар байна. Одоогийн байдлаар Бээжинд галт тэрэгний билет шаглахыг хатуу шийтгэж байгаа бол, Зянсу (江苏) мужид эцэг эхээ хангалттай эргэдэггүй хүмүүсийг (хэд эргэх нь хангалттай тухай хаана ч бичигдээгүй байгаа), Шанхайд өмнөх гэрлэлтээ нуусан эсвэл машины сигналыг үндэслэлгүй хэрэглэсэн хүмүүсийг, Шинжэнд(深圳)  гарцгүй газраар зам гарсан хүмүүсийг чанга шийтгэж байна.  

Эцэст нь хамгийн гол асуудал нь хэн шүүх юм бэ гэдэг байна. Юу болох, юу болохгүйг хэн шийдэх вэ? Ямар үндэслэлээр хувийн компани рейтинг тооцох вэ? Систем хэр найдвартай? Хэрвээ сошиалын аккаунтаа алдсан, хакердуулсан, хууль бусаар өөрчлүүлсэн бол яах вэ? Энэ бүхнийг хэн хариуцах вэ? Sesame Credit-ийн супер компьютерд алдаа гарч рейтинг будилсан бол яах вэ? Гэтэл энэ рейтингийн үндсэн дээр хүний хувь заяа шийдэгдэж, шүүхийн шийдвэр гарах болно. 2015 онд БНХАУ-ын Дээд шүүх Sesame Credit-ийн рейтингийг үндэслэн Төрийн зөвлөлийн өгсөн чиглэлийн дагуу 5300 хүнд санкц тавьсан. Энэ оны 6 дугаар сар гэхэд ийм хүмүүсийн тоо 7,3 сая болох юм.

Хятад мөрөөдлийн нийгэм

Хятадын эрх баригчдын үзэж байгаагаар БНХАУ-ын эдийн засаг эрчимтэй өсөж буй энэ үед зээлийн тогтолцоо, түүнийг дагаад зээлийн үнэлгээний тогтолцоо бий болгох нь ядаж л эдийн засгийн үүднээс чухал юм. Түүнээс гадна нийгэм, улс төрийн хүчин зүйлүүд ч тэдний хувьд багагүй ач холбогдолтой. Хятадын алдарт улс төр судлаач Дэн Юйвэнь (邓聿文) “ёс зүйн хил хязгаар нь байнга бүдгэрч байдаг, хувь хүмүүс ёс зүйн уналттай, хэн нь сайн хэн нь муу талаар энгийн ойлголт байхгүй, зөвхөн ашиг сонирхлоороо удирдагдсан нийгэм нь сүүлдээ зөвхөн амь гарах тэмцэл болтлоо доошоо орж, амьтны зэрэгт очно” гэсэн байна.

Эрх баригчдад ойр хэд хэдэн сэтгэгчдийн үзэж байгаагаар шударга хүн нь лүзерт тооцогддог, хүнсний болон бусад барааг хуурамчаар үйлдвэрлэдэг, хандив цуглуулдаг хуурамч лам нартай, авилга бүх түвшинд газар авсан, санхүүгийн луйвар амьдралын энгийн норм болсон нийгмийг яаралтай цэгцлэх, ёс зүйг сэргээн тогтоох шаардлагатай юм. Тэгэхгүй бол нийгмийн тогтвортой байдал, цаашлаад намын эрх мэдэлд аюул учрах юм.

Си Зинпин үүнийг маш сайн ойлгосон учраас намын доторх авилгачидтай ширүүн тэмцэж эхэлсэн бөгөөд одоо бүхэл нийгмийг цэвэрлэхээр шийджээ. 2012 онд Си Ерөнхий нарийн бичгийн дарга болохдоо л хятадын мөрөөдлийг (中国梦) биелүүлнэ хэмээн зорилтоо зарласан байдаг. Хятадын мөрөөдөл гэж юу вэ? Зохист нийгэм ямар байх ёстой вэ гэсэн эдгээр асуултуудад Хятадын удирдлагууд түүхээсээ хариулт хайж байгаа бололтой.

МЭӨ 400 онд Хятадын алдарт шинэчлэгч Шан Ян ард түмнээ 5-10 өрхөөр хуваагдахыг тушаажээ. Тэд нэг нэгнээ хянаж, гэм буруугаа хамтдаа хүлээх ёстой. Хуулийн дагуу айл бүрийн хаалган дээр өрхийн гишүүн бүрийн жагсаалт байхаас гадна тэдний ахлах нь хүн бүрийн явдал суудлын талаар даргадаа байнга илтгэдэг байжээ. Энэ системийг «баоцзя» (保甲) гэж нэрлэдэг байжээ. Үүний дараа 2000 гаруй жил ард түмнийг хатуу хянаж сайныг нь урамшуулж саарыг нь шийтгэх замаар нийгмийг удирдах үзэлтэй Шан Яныг баримтлагсад болох легистууд (法家) болон багаас нь ёс зүйг зааж сургах, удирдагчийн үлгэр дууриаллыг чухалчилдаг Күнзийн үзэлтнүүдийн (儒家хоорондын маргаан нь Хятадын удирдлагын ухааныг хөгжүүлж иржээ. 

Жүнчэний эрх баригчид мянга мянган жил туршигдсан аргуудыг нийгмийн итгэлцлийн системдээ ашиглахаар шийджээ. Хотын бүх ард иргэд 5-10 өрх биш харин 400 өрхөөс тогтсон бүлгүүдэд хуваагджээ. Тэд мөн адил нэг нэгнээ хянах үүрэгтэй. Түүнээс гадна байнга хянаж, зохисгүй үйлдлийн талаар фото болон видео баримт цуглуулж зохих газар нь илгээдэг тусгай ажиглагчдыг томилжээ.

Ийм маягтай нийгмийн хяналтын улс төрийн нөлөөг дээр үеэс л бичиж үлдээж байж. МЭӨ 2-1 зуунд амьдарч байсан Хятадын сонгодог түүхч Сым Цяны бичиж үлдээснээр, энэхүү баоцзя зохион байгуулалтыг төрөөс сөрөг хүчинтэй тэмцэх, ард түмнээс татвар цуглуулахад өргөнөөр ашиглаж байжээ.

Албаны бичиг баримтууд дээр дээд удирдлага нь энэхүү шинэ системд үлгэр дууриал, түүчээ болно гэж байгаа боловч туршилтын төслүүд дэх тодорхой арга хэмжээнүүд нь зөвхөн намын доод түшмэдүүдийг хамруулахаар байгаа юм. Жишээ нь Сычуан мужийн КН-ын дэргэдэх сургууль нь Хятадын электроник, технологийн их сургуультай хамтран улсдаа анх удаа доод түшмэдүүдийн найдвартай байдлыг үнэлэх үнэлгээний рейтингийн системийг бий болгохоор гэрээ хийжээ. Энэ системээ “ухаантай улаан алим” гэж нэрлэсэн байна (智慧红云).

Хиймэл оюун ухаан болон big data ашиглан түшмэдийн намын цуглаанд ирсэн ирц, боловсрол, гэр бүлийн байдал зэргийг систем боловсруулах юм. Мөн түшмэлийн болон гэр бүлийн орлогыг түүний үл хөдлөх болон тансаг эд хөрөнгийн байдалтай харьцуулсны дээр түүний сошиал дахь идэвхийг үндэслэн улс төрийн найдвартай байдлыг тодорхойлох юм. Ийм байдлаар тухайн түшмэлийн үйл байдал, ёс зүйн төрхийг урьдчилан гаргаж ирээдүйн авилгачаас сэргийлэх юм гэжээ.

БНСУ-ын Asan их сургуулийн улс төрийн судалгааны сургууль нь энэхүү нийгмийн итгэлцлийн системийг “Жорж Орвелийн аймшиг” гэж нэрлэсэн. Үнэхээр энэ систем нь хүн бүрийг хянагч 21-р зууны тоон диктатур, Том Ах болох эсэхийг цаг хугацаа харуулах биз. Түүнээс гадна Том ахыг өөрийг нь хэн хянах, хязгаарлах нь тодорхойгүй байна. Одоохондоо жирийн Хятад иргэдэд Орвелийн “1984” зохиолд гардагчлан нууцаа хадгалъя гэвэл өөрөөсөө нуу гэдэг зөвлөгөөг өгч болохоор байна. 

 Эхсурвалж: http://carnegie.ru/commentary/71546

 

 

Сэтгэгдэл бичих

    • KEL CHAMBERS
    • 2021-09-14

    BARNESHACK INTEL is a Group of Multinational Hackers. An affiliate of Evil Corp. We make sure by all means necessary that our clients get the best of services on a

    • Ардын зочин
    • 2018-11-25

    яалт ч үгүй 1984 санаанд бууж байна.

    • Ардын зочин
    • 2018-11-25

    яалт ч үгүй 1984 санаанд бууж байна.

    • SARAH WILLIAMS
    • 2017-12-08

    Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. [email protected]   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000 ам. Долларын зээлийн хоорондох зээлийн хэмжээг тодорхойлохдоо бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын тулд өнөөдөр бидэнд и-мэйл явуулна уу [email protected] [email protected] Сара Уильямс.

    • SARAH WILLIAMS
    • 2017-12-08

    Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. [email protected]   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000 ам. Долларын зээлийн хоорондох зээлийн хэмжээг тодорхойлохдоо бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын тулд өнөөдөр бидэнд и-мэйл явуулна уу [email protected] [email protected] Сара Уильямс.

    • SARAH WILLIAMS
    • 2017-11-29

    Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. [email protected]   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам.долларын зээлийн заалтыг 100 сая долларын зээлээр тодорхойлоход бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын тулд өнөөдөр бидэнд и-мэйл явуулна уу [email protected] [email protected] Сара Уильямс.

    • SARAH WILLIAMS
    • 2017-11-29

    Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. [email protected]   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам.долларын зээлийн заалтыг 100 сая долларын зээлээр тодорхойлоход бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэл, лавлагаа авахын тулд өнөөдөр бидэнд и-мэйл явуулна уу [email protected] [email protected] Сара Уильямс.

arrow icon