АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ОХУ-ын Засгийн газрынхантай хуйвалдсан байж болзошгүй гэх хэргийг 2017 оны тавдугаар сараас хойш АНУ-ын Хууль зүйн яам Тусгай төлөөлөгч томилон шалгаж байгаа билээ. Харин өнгөрсөн Пүрэв гарагт хэргийг шалгаж буй Тусгай төлөөлөгч Роберт Мюллер “Тангарагтны шүүх”-д хандан хэргийг шийдвэрлэхийг хүссэн байна. Хэдийгээр Роберт Мюллер хуулийн салбарын мэргэшсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт хэргийг шалгаж байгаа. “Тангарагтны шүүх” рүү хэргийг шилжүүлсэн нь хэргийн талаар илүү баримт илрүүлэх гэсэнтэй холбоотой байж магадгүй аж.
“Тангарагтны шүүх” нь гэрчүүдийн мэдэгдэлийг сонсон хэрэгт ял оноон шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд бусад шатны шүүхээс ялгаатай нь хэргийн гэрчийг ганцаарчлан оролцуулж, зөвхөн үнэнийг өчихийг шаарддаг. "Тангарагтны шүүх" аливаа хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоон шийдвэрлэх эрхтэй юм.
Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийгөө аварч үлдэхийн тулд Роберт Мюллерийг ажлаас нь халж магадгүй хэмээн АНУ-ын Сенат дахь Бүгд найрамдах нам ба Ардчилсан намын гишүүд хамтран Тусгай төлөөлөгчийг шууд халах боломжгүй болгох хуулийн төсөл батлуулахаар ажиллаж байгаа аж. Мөн Хууль зүйн яамны дэд сайд Род Росенштэйн хэрвээ Роберт Мюллерийг халах бол “үнэмшилтэй шалтгаан” хэрэгтэй гэж мэдэгдэж байв.
Доналд Трамп өөрөө “Оростой хуйвалдсан” хэргийг үгүйсгэн Ардчилсан намын зохиосон “үлгэр” гэж хэлж байсан ч түүний хүү Оросын хуульчтай уулзсан, түүнчлэн хүргэн Жаред Кушнер нь ОХУ-ын элчин сайд, Оросын банкны төлөөлөгчтэй уулзсан баримтууд дэлгэгдсэн учир Америкийн олон нийт, улс төрийн хүрээллийнхэн үл тоох хэрэг биш гэж үзэж ихээхэн анхаарал хандуулж байна.
Жиргээчид энэ үйл явдлын талаар #TrumpRussia, #Russiaprobe гэсэн хаштагтай жиргэж байна.
Сенатын гишүүн Richard Blumenthal “Трамп Роберт Мюллерийг халж үндсэн хуулийн хямралыг өдөөж болзошгүй учир Конгресс яаралтай үүнээс сэргийлэх хэрэгтэй.” гэв.
Areva Martin, Esq. “Тангарагтаны шүүхэд гэрчүүд ганцаараа оролцож, үнэнийг өчих эсвэл тавдугаар нэмэлтийг хэрэгжүүлэх ёстой. Одоо Трамп эндээс яаж сугарч гарна даа.” хэмээн жиргэжээ.
David Shuster “Гэмт хэрэгт буруутгагдахад ул үндэстэй шалтгаанаас илүү нотолгоо хэрэгтэй. Харин “Тангарагтны шүүх”-д боломжит тайлбарыг үндэслэн шийдвэр гаргадаг.” гэжээ.
Дээрх үйл явдалтай зэрэгцэн АНУ-аас ОХУ-ын эсрэг хэрэгжүүлэхээр болсон хориг арга хэмжээнд дургүйцэн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч Трампыг Конгрессийг зогсоож чадаагүй “сул дорой” хэмээн тодорхойлсон юм.
АНУ-аас ОХУ-д сууж байсан элчин сайд Michael McFaul энэ талаар “Путин Ерөнхийлөгч Трамптай хамтрахаас татгалзаж буй нь тод илэрхийлэл бол энэ. Манай Ерөнхийлөгч энэ мессежийг ойлгосон болов уу?” гэв.
АНУ-ын улс төр судлаач Ian Bremmer “Энэ бол Путин Трамп руу буудсан хамгийн эхний сум. Энэ зүйл сайнаар төгсөхгүй л болов уу.” хэмээн жиргэжээ.
Сэтгэгдэл бичих