Нийтлэл 08 сарын 07, 2017

Иргэд бид нэгдмэл хүчтэй байх уу, сул дорой хэвээр үлдэх үү? #Facebook #trending

Их дэлгүүрийн өмнөх фонтан нэрээр хоногшсон Цэрэндоржийн гудамж бол зөвхөн Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд байгаа хот суурин газарт орших 2 км хиртэй үргэлжилж буй цорын ганц бульвар буюу олон нийтийн зориулалттай, хотын өвийн гарал үүсэлтэй зүрхэн хэсэг билээ.

Нийслэл хотод хууль бус газрын наймаа ил тод цэцэглэсэн цагаас эхлэн бид үй олон увайгүй газар булаалтын хэргийн хохирогчид болсоор, үүндээ дасал болон чимээгүй, сул дорой явсаар ирсэн нь эрх баригчдын дураар дургин оодрох таатай хөрсийг цэцэглүүлэхэд хувь нэмэр болсон гэхэд хилсдэхгүй бөлгөө.

Сүүлийн 10 гаруй жилд бидний нүдэн дээр Хүүхдийн парк, Ялалтын талбай, Барилгачдын талбай, Сүхбаатарын талбай, Хүүхдийн урлан бүтээх төв гэхчлэн олон нийтийн дундын эзэмшлийн орон зай, ногоон бүсүүд замхран алга болж бид ч хий ам амандаа халаглан хоцорсоор ирлээ.

Гэсэн хэдий ч бидний нэрлэж заншнаар Битлзын хөшөөний талбай руу шүлс урсуулан дайрахдаа хүртэл улайрахым чинээ хэний ч сэтгэлд багтаагүй.

Нэг л их олон сайхан зураг үзүүлж байгаад өндөр барилга болдог жишгийн нэгэн адилаар хэнд ч мэдэгдэлгүй нэг л шөнийн дотор тус гудамжны маань 60-70 жил ургуулж, арчилж ирсэн ногоон байгууламжийг нүд ирмэхийн зуур устгаж, тайлбар хүссэн иргэдэд ганц ч баримт, шийдвэр үзүүлэхгүй гүрийсээр иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэв.

Бидэнд олон асуулт байна? Бид мэдэх эрхтэй. Иргэдийн оролцоог төр хангах үүрэгтэй.

  1. Олон нийтийн амралт, зугаалгын зориулалттай талбайд барилга, байгууламж барьж ашиглахыг хориглодог хууль, эрх зүйн заалтууд яагаад үйлчилсэнгүй вэ?
  2. Ерөнхийлөгчийн зарлигын дагуу улирлын бус цаг үед буюу агрономийн судлагааны үндэслэлгүй хавар 5 сар, намар 10 сараас өмнө мод шилжүүлэн суулгахыг хориглосоор байтал ШУ-ны хувьд ургах боломжгүй болгож 50-60 жил болсон экологийн өндөр үнэлгээтэй моднуудыг яагаад хууль зөрчин булгалав?
  3. Захиргааны ерөнхий хуульд зааснаар төрөөс олон нийтийн эзэмшлийн талбайд аливаа, өөрчлөлт, дахин төлөвлөлт явуулах бол иргэдийн дунд сонсгол явуулж, төсөл хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцуулж, нийт оршин суугчдын 80-с дээш хувийн зөвшөөрлийг авсаны дагуу барилгын ажлын албан даалгавар гаргах байтал яагаад зураг төсөл нь ч гараагүй байхад ердөө л нэг фотошопдсон рендер зургийн нооргоор, хэл чимээгүй газар, хөрсний ажлыг шөнө дунд эхлүүлэв?
  4. Бухимдсан иргэд 3 өдөр дараалан цуглаж, тайлбар шаардан эсэргүүцсээр байтал яагаад эрх бүхий албаны хүмүүс өдгөө хүртэл нэг ч албан ёсны мэдээлэл, тайлбар гаргаж өгөхгүй байна? Тэгсэн хэр нь өнөөх фотошопдсон рендерийн нооргоо энүүхэн хугацаанд хэд хэд өөрчлөн ногоон байгууламж, хөшөөг хэвээр нь үлдээнэ гэж хуурч, рендерийн зургийн нооргоо олон дахин өөрчилж нийтэд тараав. Нэгэнт сүйтгэсэн олон жилийн настай мод, сэтэлсэн хөшөөг яаж хэвээр үлдээх гэв? Яагаад архитектурын зураг төсөл гараагүй байхад барилгын ажил эхлүүлэв?
  5. Иргэдэд газар эзэмшүүлдэг хувилбараар хот өөрийнхөө тамгын газарт газраа эзэмшүүлэх захирамж гаргаж гэнээ. Ийм хуулийн үндэслэл байдаг уу? Хэрэв хот тухайн төсөлд нэг ч төгрөг гаргахгуй, хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх гэж байгаа бол тухайн барилгын компанид ямар ЭЗ-н үр өгөөжийг амлав? Газар доорхи байгууламжид өмчийн гэрчилгээ гарах бол хэний нэр дээр гарах вэ? Дахиад Хүүхдийн парк болон бусад газрын жишгээр төсөлийн ажлын дараа газар хувийн мэдэлд шилжсэн гэсэн нэрийдлээр тухайн газрын захиран зарцуулах эрх хувийн компанид шилжиж, иргэд, төрийн оролцоо бүрмөсөн хязгаарлагдах уу?
  6. Аль ч улсын нийслэл үүсэл гарал, өв соёл, таних тэмдэгээрээ ялгагдах газруудаа дархлан, хуулиараа хамгаалсан байдаг. Урагшаа Богд Уулаа тал ч болов харах боломжтой үлдсэн, хүний харааны орчны бохирдолд хамгийн бага өртсөн энэ гудамж 1,3 сая иргэний өмч үү, 1 компанийн өмч болох уу?
  7. Тэртээ тэргүй суурин иргэншлийн түүхэн өвийн зүрхэн тушаа орших энэ гудамж өөрөө жуулчдын цуглаж, бэлчдэг газар. Бүх хэсэг рүүгээ явган болон машин замын холбоостой, аливаа зүйлд блоклогдоогүй цөөхөн үлдсэн газрын нэг. Гэтэл хотын соёлыг тэлж, аялал жуулчлал хөгжөөгүй хэсэгт шинэ сувагчлал, жим гаргах тулгамдсан олон асуудал байсаар байтал заавал болж бүтэж байгаа, эдийн засаг-соёлын хамгийн үр өгөөжтэй бүсээрээ тоглох ямар нэн тулгамдсан шаардлага байгаа вэ? Замын хөдөлгөөн, цахилгаан дулааны даац хэтэрчээд байхад улам ачааллыг нэмэх энэ мэт төсөлийн мэргэжлийн судалгааны тайланг хаанаас үзэж болох вэ?
  8. Эцэст нь хотын иргэд бид ямарч хууль бус үйл ажиллагаанд өрцлүүлсэн хонь шиг байсаар нийтийн эзэмшлийн талбайгаа нэг нэгээр нь алдсаар байх уу эсхүл энэ удаагийн увайгүй үйлдлийг эсрэг нэгдэж зөв, шударга, хууль ёсны шаардлага гаргаж иргэдийн оролцоогоор аливаа шийдвэр гаргах жишгийг тогтоох уу?

Дээрхийг уншаад Та бүхэн мэргэн оюундаа тунгаах ажаамуу...

 

Сэтгэгдэл бичих

    • Irgen
    • 2017-08-07

    Mash zuv, uneheer setgel shimshirch baina, tuviin heden modiig ingej tsum tairna gej henii sanaand oroh bile??? Bid yamar geechiin niigemd amidraad bainaa???? Ene baliar uvaigui gazar deeremdegchidtei hatuu temtseh tsag ni boljee! Bid uls tur yarij, mungunii tuluu ulairah erh barigchdiig umuurun heden heseg bolon hoorondoo hagaraldaj baisnaa ene met oligtoihon, sanaachlagataihan tedentei temtsehgui bol Uls bish Jorlon boloh ni oirtloo!

arrow icon