Нийтлэл 08 сарын 07, 2017

SYNDICATE TALK: Шүтэлцээ

Энэ удаагийн дугаараар бид улс орнуудын шүтэлцээ, харилцан хамаарал, даяаршил, дэд бүтцийн сүлжээ, тэдгээрийн ач холбогдол болон эрсдлийн талаар ярилцлаа. Яриа маань явсаар өмнөх олон дугаарт давтагдан дурдагдсан үндэсний ижилслийн асуудал дээр очоод зогсов. Дараах эрхэм зочид оролцлоо:

  • Параг Ханна. Сингапурын үндэсний их сургуулийн ахлах судлаач, гео-стратегич, Connectography, Technocracy in America, The Second World, How to Run the World номын зохиогч
  • Б.Эрдэнэсанаа. “Хархорин” бодлого судалгааны хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга
  • Ж.Адъяасүрэн. “Улстөрийн боловсролын академи”-ийн гүйцэтгэх захирал
  • Б.Бямбасайхан. “Нова Терра” компанийн захирал, ”Монголын бизнесийн зөвлөл”-ийн тэргүүн

В.ГАНЗОРИГ: Сүүлийн үед Connectivity буюу шүтэлцээ, уялдаа холбоо гэж их яригдах боллоо. Энэ нь бидний ярьдаг даяаршил гэдгээс өөр ойлголт уу? Улс орнуудын шүтэлцээ, дэд бүтцийн уялдаа холбоо дэлхий дахин, түүнчлэн Монголд ямар нөлөө үзүүлж байна вэ?

Б.БЯМБАСАЙХАН: Миний хувьд Connectivity буюу шүтэлцээ гэсэн ойлголт нь далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд хавчигдсан Монгол Улсын сул талыг давуу тал болгох зүйл. Бид мөнхийн хоёр хөршөөсөө цаана орших улсуудтай, цаашилбал тэнгис алгасч бусад тивийн улсуудтай ч мөн адил холбогдох ёстой. Үүнийг зөвхөн дэд бүтэцтэй холбож ойлгож болохгүй. Хэдий Монгол Улсын хөгжлийн ирээдүйн зураглалыг дэд бүтэцгүйгээр төсөөлөх хэцүү ч хүмүүс хоорондын харилцаа бол энэ шүтэлцээ гэдэг ойлголтыг цөм нь юм. Гуч орчим жилийн өмнөхөн л Монгол Улс хаалттай улс байлаа шүү дээ. Гадаад орчноос мэдээ, мэдээлэл авах эрхгүй байсан. Одоо бид ийм шалтаг хэлэх ямар ч боломжгүй, мэдээлэл технологийн урс чөлөөтэй нийгэмд амьдарч байна. Өнгөрсөн 25 жилд монголчуудын амьдралыг хоёр зүйл өөрчилсөн. Үүний нэг нь эрчим хүч, нөгөө нь мэдээллийн технологи. Жишээ нь, малчин айл бүрийн гадаа байгаа нарны зай, бидний авч бас түгээж байгаа энэ их мэдээ, мэдээлэл.

П.ХАННА: Сonnectivity буюу шүтэлцээг тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо гэсэн гурван үндсэн бүлэгт хувааж болно. Б.Бямбасайхан та бараг бүгдийг нь дурдаж хэллээ. Энэ гурван зүйл бол улс орнуудын газарзүйн байршлаас үүдэлтэй хувь тавиланг орвонгоор нь өөрчлөх хүчин зүйлс юм. Ирээдүйд дэлхийн улс орнууд тээвэр, эрчим хүч, харилцаа холбоогоороо хоорондоо улам нягт холбогдох болно. Өөрөөр хэлбэл улс орнуудын далайд гарцгүй, хэдхэн улстай хиллэдэг зэрэг асуудлууд нь огт асуудал биш болно. Харин дээр хэлсэн гурван зүйлээр бусад улстай хэрхэн холбогдсон, энэ холбоогоо яаж өгөөжтэй ашиглаж байгаагаар тухайн улсын хөгжил хэмжигдэнэ. Зөв ашиглаж чадсан улс нь хүчирхэг байдлаа улам нэмэгдүүлж, буруу ашигласан эсвэл огт ашиглаж чадаагүй нь хөгжлийн тойргийн гадна үлдэнэ. Энэ асуудлаар Монголд яг одоо хүчтэй мэтгэлцээн өрнөж байгаа гэж бодож байна. Жижиг улсууд том улсуудад зарим тохиолдолд заадаг. Жишээ нь, Сингапур улс газар нутгийн хэмжээгээрээ өчүүхэн жижиг боловч дэлхийтэй хамгийн их шүтэлцээг үүсгэж, дэлхийн хамгийн өргөн уялдаа холбоо бүхий дэд бүтцийг бий болгож чадсан газар. Үүгээрээ Сингапур улс бүс нутгийнхаа хөгжлийн татах хүч болоод удаж байна. Зүүн өмнөд Азийн 700 сая хүн ам бүхий зах зээл рүү цутгаж буй гадаадын нийт хөрөнгө оруулалтын тал нь Сингапурын 5 сая хүнд очиж байна. Энэ бол шүтэлцээний гайхамшиг юм. Иймээс Сингапур улстай адилхан стратеги хэрэгжүүлж, өөрсөддөө ашигтай схем хийж чадвал Монгол Улс хамаагүй хурдацтай хөгжих боломжтой гэж би хардаг.  

В.ГАНЗОРИГ: Шүтэлцээ гэдэг нь хатуу болон зөөлөн дэд бүтцийг бүхэлд нь багтаана гэж ойлголоо. Энэ дунд хүмүүс хоорондын, соёл хоорондын шүтэлцээг яаж харж байна вэ?

П.ХАННА: Сonnectivity буюу шүтэлцээгүйгээр энэ дэлхийд ямар ч даяаршил явагдах боломжгүй. Хүмүүсийн урсгал, мэдлэг мэдээллийн шилжилт, шинэ санаа, шилдэг санаачлагын нээлт, бараа бүтээгдэхүүний чөлөөт худалдаа зэрэг нь чухам улс орнуудын харилцан шүтэлцээ, уялдаа холбооны үр дүнд л үүсдэг. Интернэтийн шилэн кабель, төмөр замгүйгээр даяаршлыг төсөөлөх ямар ч боломжгүй шүү дээ. Иймээс монголчууд даяаршилд итгэж байгаа бол шүтэлцээний амин зүрх болсон дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Б.ЭРДЭНЭСАНАА: Миний хувьд Connectivity буюу шүтэлцээ нь бидний сонголт байхаа аль хэдийн больсон. Энэ бол бидний сонголтгүй хувь тавилан болсон. Газарзүйн хувьд далайд гарцгүй, хоёрхон том хөрштэй хиллэдэг манай улсын хувьд аль болох олон улстай холбогдож гэмээн нь газарзүйн сул талаа давуу тал болгох боломжтой. Параг сая хэлсэн. Шүтэлцээ гэдэг бол газарзүйн байршил биш. Энэ бол заяа төөрөг.   

П.ХАННА: Хуучин бол газарзүйн байршил улс орнуудын заяа төөрөг байсан. Одоо бол үгүй!

Б.ЭРДЭНЭСАНАА: Тийм учраас бид газарзүйн саадаа шүтэлцээ, дэд бүтцийн хэлбээ холбоогоор дамжуулан үгүй хийх ёстой. Хоёр төрлийн шүтэлцээг бид сайтар анхаарч хамтран ажиллах хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт тээвэр, дэд бүтэц, ложистикоор дамжуулан материаллаг бараа бүтээгдэхүүний урсгал; хоёрдугаарт технологиор дамжуулан мэдлэг мэдээлэл, шинэ санааны чөлөөт урсгал. Хүмүүс мэдээ, мэдээлэл авах бүрэн эрхтэй. Хэдхэн жилийн өмнө Монгол Улс Б.Бямбасайханы хэлснээр хаалттай улс байлаа шүү дээ. Одоо монголчууд хүссэн мэдээллээ авахыг, дуртай улс руугаа аялахыг, таалагдсан бараа бүтээгдэхүүнээ худалдаж авахыг хүсч байна. Тэгэхээр бидэнд сонголт үлдээгүй байгаа биз? Бид тэртээ тэргүй бусад улстай харилцан шүтэлцээтэй нийгэмд амьдарч байна.  

Ж.АДЪЯАСҮРЭН: Газарзүйн байршил улс орны хувь тавилан мөн боловч цаг ирэх тусам энэ ойлголт өөрчлөгдөж байгаа нь үнэн. Даяаршил, шүтэлцээний ялгааг та асууж байсан. Миний хувьд даяаршил гэдгийг илүүтэйгээр үнэ цэнэ, шинэ санаа гэж хардаг бол шүтэлцээг тэдгээрийг, хүмүүсийг, улс орнуудыг холбож буй холбоос, хэлхээ, уялдаа гэж ойлгож байна. Бид саяхныг хүртэл “Даяаршил 3.0” гэж ярьж байсантай харьцуулахад Connectivity буюу шүтэлцээ нь бидний тэрхүү ойлголтыг дэд бүтцээр дамжуулан дараагийн шинэ түвшинд авч ирж байгаа зүйл юм.

Б.ЭРДЭНЭСАНАА: Миний бодлоор даяаршил, шүтэлцээ хоёр ялгаатай ойлголт. Даяаршил нь трэнд буюу гадаад хүчин зүйл. Энэ трэндэд багтахын тулд, энэ трэндээс өгөөж авахын тулд бид өөрсдийн хэлхээ холбоо, уялдаа сүлжээгээ сайжруулах ёстой. Гадаад ертөнцтэй, бусадтай холбогдож, харилцан шүтэлцээтэй ажиллаж, амьдарч чадахгүй бол бид тэрхүү трэнд, дэлхийн хөгжлөөс хүртэж чадахгүй нь ойлгомжтой.

В.ГАНЗОРИГ: Шүтэлцээ, улс орнуудын дэд бүтцийн магадгүй хамгийн том жишээ нь Хятадын “Нэг зам, Нэг бүс” төсөл болов уу. Энэ төслийг та бүхэн хэрхэн харж байна вэ, Монголд ямар нөлөө үзүүлэх бол?

П.ХАННА: Монгол Улс анхнаасаа өөрийн байр сууриа маш тодорхой болгох хэрэгтэй. Энэ төсөл бол хүн төрөлхтний түүхэнд тохиож буй дэд бүтцийн агуу, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн том төсөл. Дэлхийн хүн амын дийлэнх нь угаасаа Евроазийн бүс нутгийн зүүн хэсэгт тухайлбал, Сибириэс эхлүүлээд Монгол, Сингапур, Индонез, Энэтхэг зэрэг улсыг багтаан төвлөрч байна.

Япон, Өмнөд Солонгос, Хятад улсуудыг эс тооцвол энэ бүс нутгийн дэд бүтцэд маш бага хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Колонийн үе, коммунист системийг дамжин хэдэн тэрбум хүн энэ бүс нутагт амьдарч байгаа ч дэд бүтцийн сул хөгжлөөс болж эдгээр хүмүүс бүс нутгийнхаа хөгжлөөс хэрчим ч хүртэж чадаагүй. Гэтэл дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий Хятад улсын хаяанд бүгдээрээ шахуу байгаа атлаа дэд бүтэц сулаасаа болж энэ боломжийг ашиглаж чадахгүй байна гэдэг нь байж боломгүй зүйл.

Цаашилбал Өрнө Дорныг, Европ Азийг холбосон том худалдааны корридорын тэг дунд байгаа улсууд нь чөлөөт худалдааны гэрээнд нь багтаж чадахгүй, өөрсдөө жил бүр хамгийн багадаа 2-3 ихнаяд ам.доллар эргэлдэж байдаг Европ ба Зүүн Азийн худалдааны сүлжээнээс ангид үлдэх нь утгагүй юм. Худалдааг дагаад тээвэр ложистик, цаашилбал хотжилт, эрчим хүчний том бүтээн байгуулалтууд хийгддэг. Монголын хувьд ийм байдлаар том зургаа харж, Шинэ торгоны замын трэндээс хоцрохгүй шүтэлцээтэй явах нь чухал болов уу.  

Б.БЯМБАСАЙХАН: Бидэнд байгалийн баялаг бий. Энэ баялгийг бид үр өгөөжтэй ашиглах ёстой. Параг та хэдхэн жилийн өмнө Монголыг Minegolia гэж цоллож байсан. АХБ-ны гаргасан саяхны нэг судалгаанд Ази тивийн дэд бүтцийн төслүүдэд ирэх 15 жилд 27 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж дурдсан байсан. Эдгээр төслүүд цаг хугацаандаа хэрэгжвэл Ази тив маань улам бүр хоорондоо харилцан амин шүтэлцээтэй болно. Өнөөгийн Монголын эдийн засгийг товч дүгнэвэл бидний хөгжлийг хойш татаж буй гол хүчин зүйл нь дэд бүтцийн сул хөгжил. Үүнд эрчим хүч, зам тээвэр, усны дэд бүтэц гэх мэт. Хятад “Нэг зам, нэг бүс” төслийг дэд бүтцийг ялгаатай байдлыг арилгахад Монголд хэрэгтэй төсөл гэж харж байгаа. Арван тэрбум ам.долларын эдийн засгаа бид үйлдвэрлэл, тээвэр, дэд бүтцээ улам сайн хөгжүүлж байж гэмээнэ өрсөлдөх чадвараа сайжруулж, ирэх 10, 20 жилд 30, 40, 50 тэрбум ам.долларын эдийн засаг бий болгох боломжтой. Сэргээгдэх эрчим хүчийг би хувиараа асар дэмжиж, судалдаг. Нөгөө талаасаа бид үүнийг дэлхийд зарж чадна гэдэгт итгэдэг. Манай бүс нутгийн хөгжил тасралтгүй урагшлахын хэрээр эрчим хүчний хэрэглээ ч дагаад өсч байна. Ирэх жилүүдэд энэ бүс нутагт хамгийн эрэлттэй зүйл нь эрчим хүч байх болно.

Ж.АДЪЯАСҮРЭН: “Нэг зам, нэг бүс” төсөл нь Монголын экспортод эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний экспортын голлох бүтээгдэхүүн зэс, нүүрсээр эргээд бүс нутгийн улс орнууд зам, хоолой, интернэтийг шугам хийнэ. Хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч өмнө нь хэрэгжүүлж байгаагүй энэ том төсөлд Монгол оролцсноор зөвхөн бараа бүтээгдэхүүнээ зараад зогсохгүй, дэд бүтцийн төслүүдээр дамжуулан бүс нутагтайгаа харилцан шүтэлцээгээ улам сайжруулж, аль нэг улсын хэт хамаарлыг багасгах боломжтой.

Б.ЭРДЭНЭСАНАА: Энэ төсөл бол Хятадын санаачилсан үнэхээр том төсөл. Бидний үүсгэн байгуулсан “Хархорин” бодлого судалгааны хүрээлэн энэ том төслийн Монголтой холбогдох хэсгүүд дээр нь төвлөрөн ажиллаж байгаа. 2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж, гурван улсын хамтарсан 32 төслийг хэрэгжүүлэхээр тохирсон. Харамсалтай нь өнөөг хүртэл шийдвэр гаргагчид, ард иргэдийн дунд энэ төслийн мэдээлэл, ач холбогдлын талаар хангалттай мэдээлэл байхгүй байсаар байна. Иймээс манай тинк танк байгууллага олон нийтэд цэгцтэй мэдлэг, мэдээлэл өгөх, цаашилбал шийдвэр гаргагчдад зөвлөмж өгөх замаар эдгээр төслүүдийг сурталчлах, ач холбогдол, бодит хөгжлийн боломжуудыг нь нийгэмд таниулах зорилготой ажиллаж байна. Монгол улс “Нэг зам, нэг бүс” төсөлд нилээд том үнэ цэнэтэй оролцох боломжтой. Үүнээс би гурвыг нь онцолж дурдмаар байна. Нэгдүгээрт, бидний газарзүйн байршил болон түүх. Монголоор дайран Хятадаас Европ орох нь хамгийн дөт зам. Хэрэв бид Монголоор дайрч буй Транссибирийн төмөр замаа өргөтгөж чадвал, үүнийг дагасан Транссибирийн хурдны авто зам, эрчим хүчний шугам барьж чадвал Манжуураар дайран Хятадаас Европд явж буй шугамаас дор хаяж 1000 км хэмнэж дэд бүтцийн сувгуудаа дөтлөх боломжтой. Хоёрдугаарт, Монголын улстөрийн систем, ард түмний нэгдмэл соёл. Түүхээсээ монголчууд Торгоны замын худалдаачдын аюулгүй байдлыг хангадаг байсан. “Нэг зам, нэг бүс” төслийн зургаан эдийн засгийн корридороос Монголыг дайраад Хятадаас Орос руу орж байгаа корридор нь аюулгүй байдлын хувьд хамгийн таатай нь гэж хэлж болно. Учир нь Монголд бослого хөдөлгөөн, эсэргүүцэл, иргэний дайн, терроризм зэрэг эрсдэл харьцангүй бага. Гуравдугаарт, монголчууд биднээс өөрсдөөс шууд хамаарсан нөхцөл байдал. Бид энэ төслийн найдвартай, чадвартай оператор нь болох ёстой. Хүссэн хүсээгүй Монгол үлдсэн таван эдийн засгийн корридор дайран өнгөрч буй улсуудтай өрсөлдөж таарна. Тиймээс орон зай, газарзүй, хүний хүчин зүйлсээс хамаарсан давуу талуудаа улам сайжруулан өрсөлдөх чадвараа дээшлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, монголчууд мэдлэгтэй, боловсролтой, чадвартай тээвэр, худалдаа, ложистикийн оператор болох хэрэгтэй.

В.ГАНЗОРИГ: Шүтэлцээ гээд ярихаар алсдаа зарим улсын Гурав дахь хөршийн бодлого, мөн төвийг сахисан улс гэдэг статуст өөрчлөлт орох уу? Яаж эдгээр бодлогоо бүс нутгийн шүтэлцээтэй уялдуулах ёстой юм бол?

П.ХАННА: Төвийг сахисан улс гэдэг ойлголт байхгүй болно. Арав орчим жилийн өмнөөс энэ асуудал сөхөгдөж эхэлсэн. Улс орнууд аль болох олон түнш улстай л байхыг хүснэ. Тэрнээс бус сонгож найзалдаг, эсвэл бусдаас дөлж, хаалттай оршихыг хүсдэг улс бараг байхгүй. Үүнийг ухаалаг дипломат харилцаа гэж хэлж байна. Энэ харилцаа нь Гурав дахь хөршийн бодлоготой шууд уялддаг. Тухайлбал Монгол Улсыг энэ жишээн дээр хэлж болно. Өнөө цагт Гурав дахь хөршийн бодлого ч хангалттай тооцогдохгүй. Европын холбоо, Энэтхэг, АНУ-тай 4, 5, 6, 7 дахь хөршийн бодлогоо гаргаж ярьж, хэрэгжүүлэх ёстой болчихоод байна. Санхүү, худалдаа, дэд бүтэц, батлан хамгаалах салбарт зөндөө улс гүрнүүд multi буюу олон хөршийн бодлого баримтлаад эхэлсэн. Нөгөө талаас шүтэлцээ нь гео-улстөрийн асуудалд яах аргагүй тооцогдоно. Тиймээс бусад улсуудтай харилцан шүтэлцээгээ ухаалаг удирдахгүй бол бусдад ашиглуулах, салбарын, бүс нутгийн хөгжлөөс хүртэх боломжгүй болох эрсдэл бий.

Б.БЯМБАСАЙХАН: Монгол шиг улсад Гурав дахь хөршийн бодлого үнэхээр хэрэгтэй. Гэхдээ энэ бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл нь Сonnectivity буюу шүтэлцээ юм. Бид ардчиллын хувьд бусдад үлгэр жишээ улс байхаас гадна дэд бүтцийн хувьд нээлттэй улс байх хэрэгтэй. Эрчим хүчний салбараар жишээ авъя. Бид сэргээгдэх эрчим хүчээ Энэтхэг, Орос, Хятад, Япон, Солонгос руу экспортлоод эхэлсэн үед Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал бүс нутгийн хэмжээнд бүрэн хангагдах боломжтой. Энэ бол цоо шинэ концепц юм.

Ж.АДЪЯАСҮРЭН: Хэрэв бид Гурав дахь хөршийн бодлогоо түүхийн жимээс эхэлж харвал 1910-аад оны үед худалдааны төлөөлөгчид, элч нараа бусад улстай харилцан солилцож эхэлсэн байдаг.

Зуу гаруй жилийн өмнө бид Гурав дахь хөршийн бодлого гэж ярьж байхдаа ч эдийн засгийн ашиг сонирхлоо хамгийн эхэнд тавьж байсан нь харагддаг. Хятад, Оросоос гадна барууны улсууд, Япон, Солонгос, АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг Монголд оруулах бодлого одоо ч байсаар байна.

Тэгэхээр шүтэлцээ нь яах аргагүй Монгол Улсын Гурав дахь хөршийн бодлогын гол тулгуур хэрэгсэл болно. Төвийг сахисан улсын статус ч гэсэн шүтэлцээтэй шууд уялдана. Монгол Улсын хувьд улстөр ба батлан хамгаалахаас бусад салбарт төвийг сахисан байр суурьтай байх тухай манай өмнөх ерөнхийлөгч хэлсэн байдаг. Харин эдийн засгийн хувьд бүхий л улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэхийг хичээх нь зүйтэй.

Б.ЭРДЭНЭСАНАА: Монголыг Хятад, Орос гэсэн ялгаатай улстөрийн систем бүхий аварга гүрний дунд орших “Ардчиллын баянбүрд” гэж зарим улс дүгнэдэг. Тэр ч утгаараа бид хоёр хөршөөсөө гадна бусад улстай улстөр, соёлын тогтвортой дипломат харилцаагаа барьж явах ёстой. Ардчилсан улс гэдэг утгаараа бид энд хүний эрхийг онцолж дурдах хэрэгтэй. Параг Ханнагийн хэлснээр Connectivity буюу шүтэлцээ нь тухайн улс орны хүний эрхийн салшгүй нэг хэсэг юм.

П.ХАННА: Дэлхийн олон улс шүтэлцээ бол хүний эрх юмаа гээд тунхаглаад мөрдөөд эхэлсэн. Жишээ нь, хүний мэдээлэл авах эрх, интернэтийн дэд бүтэц гэх мэт. Энэ утгаараа Монгол Улс дэлхий дээр “чөлөөт дата бүхий диваажин” болж стратегийн хувьд байрших бас боломж байна. Зарим улсад харамсалтай нь иргэдийнхээ мэдээ, мэдээлэл авах эрхэд бүдүүлгээр халдаж, эрхийг нь хязгаарласан байдаг. Иймээс Монгол бүс нутгийнхаа дата хадгалалт ба хамгаалалтын том төв болох боломж бий.

В.ГАНЗОРИГ: Та бүхэн улс хоорондын харилцан шүтэлцээг хүний эрхийн нэг хэсэг гэж хэлж байгаа нь маш сонирхолтой байлаа. Гэвч зарим хүмүүс үүнийг бодлого болгож ярьж байхад зарим хүмүүс улстөр хийж бужигнуулаад байх шиг. Зарим хүмүүс шүтэлцээг эрхэмлэж байхад зарим хүмүүс бусадтай холбогдохоос ч айж байх шиг. Нийгмийн энэ ялгаатай ойлголт, байр суурийг хэрхэн багасгах вэ?

Б.БЯМБАСАЙХАН: Эдийн засгийн хөгжил байхгүйгээр Монгол Улс маань бахархаад байдаг ардчилсан нийгмээ тордож авч явах бараг боломжгүй. Улам нээлттэй болж, улам олон найз улстай болох тусмаа нь Монгол Улсын аюулгүй байдал улам сайн хангагддаг ертөнцөд бид амьдарч байна. Нээлттэй байхын хирээр бид бусадтай худалдаа хийнэ, бидний өрсөлдөх чадвар сайжирна. Орчин цагийн технологийн хурдтай хөгжлөөс бид нуугдах, зугтах ямар ч боломжгүй болсон. Иймээс бидэнд шүтэлцээгүй амьдрах сонголт аль хэдийн байхгүй болсон.

Ж.АДЪЯАСҮРЭН: Аюулгүй байдлын үүднээс яривал “Нэг зам, нэг бүс” мэтийн том төслүүдийн үр дүнг бүрэн хэмжээгээр нь бид урьдчилан харах боломжгүй. Иймээс бид боломж, чадлынхаа хирээр эрсдлийн үнэлгээг хийх ёстой. Физикийн хичээлээ би буруу санаагүй бол эд зүйлс хоорондоо ойртож холбогдох тусам гэнэтийн хаус орчин үүсэх эрсдэл буурдаг. Бид энэ системд холбогдож чадахгүй бол ганцаараа, өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж чадах уу гэдэг асуулт гарна. Улстөр, эдийн засаг, нийгмийн харилцаа гээд бүгдэд нь энэ асуулт тавигдана. Магадгүй өнөө маргаашаа харвал зарим хүмүүст бусадтай холбогдохгүй байх, шүтэлцээ огт хэрэггүй мэт ойлгогдож болох ч урт хугацаагаар алсын зураглалаа харвал бид ”амьд” үлдэхийн тулд энэ системийн нэг хэсэг болж явахаас өөр аргагүйгээ ойлгох байх.

В.ГАНЗОРИГ: Зарим улс орнууд шүтэлцээ, харилцан уялдаа холбооны эсрэг явж байгаа тухай та бүхний зарим нь дурдсан. Яагаад тэр улсууд ийм үйлдэл гаргаад байна вэ?

П.ХАННА: Тэр улсууд Connectivity шүтэлцээний эсрэг огт яваагүй. Харин хангалттай шүтэлцээний орчил бүрдүүлж чадахгүйгээсээ болоод бүтэлгүйтээд байгаа юм. Газрын тосоор баялаг орон атлаа баялаг нь оффшор данс руу яваад байдаг. Улсдаа олсон орлого, ашгаасаа эргээд хөрөнгө оруулалт хийж, өөрийн улсын дэд бүтцээ хөгжүүлдэггүй, эдийн засаг нь нэг салбараас хэт их хамаарсан гэх мэт асуудалтай улсууд бий. Хүн амын өсөлттэй эдгээр улсуудад даруй арга хэмжээ авахгүй бол ийм улс дампуурдаг. Ийм улс голцуу дотроо овог аймаг, фракцийн дайнтай, даяаршлын харшилтай байдаг. Энэ нь гол шалтгаан биш шалтаг юм. Гол шалтгаан нь эдгээр улс дэлхийн хөгжлийн чиг хандлагатай, даяаршилтай, шүтэлцээтэй хөл нийлүүлж алхаж чадаагүйд л байгаа. Хэрэв эдгээр улс дотооддоо жаахан ч гэсэн ухаалаг хөрөнгө оруулалт хийсэн бол ийм байдалд хүрэхгүй байх байсан. Аз болоход Монгол Улсад би ийм дүр зураг олж харахгүй байгаа. Монгол зөвхөн байгалийн баялагаар арвин төдийгүй хүмүүс нь мэдрэмжтэй, нийгэм нь цул, ардчиллыг эрхэмлэдэг улс. Та бүхэн улстөрийн хувьд өөр өөр үзэл бодолтой юу гэвэл бодолтой. Гэлээ гээд та бүхнийг цул байлгадаг эртнээсээ уламжлан ирсэн үндэсний ижилсэл чинь их хүчтэй мэдрэгддэг. Мянган жилийн өмнөх Арабын улсуудыг судлахад тэдэнд тэр үед үндэсний ижилсэл гэдэг зүйл байгаагүй байдаг. Хэдий уул уурхайн салбар уналттай байгаа ч Монголын ирээдүй, эдийн засгийн солонгорол, зөв хөрөнгө оруулалт хийх чадварыг нь би өөдрөгөөр харж байгаа.

В.ГАНЗОРИГ: Хоорондоо харилцан шүтэлцээтэй оршихоос өөр сонголтгүй болсон өнөө үед улс орнууд өөрийн үндэсний ижилслээ хэрхэн хадгалах ёстой вэ? Ер нь хадгалах, ялгарах хэрэг байгаа юм уу?

Б.БЯМБАСАЙХАН: Монгол Улс хүчтэй, өөрийн өвөрмөц соёлтой үндэстэн. Хамгаална гэдэг нь хайрлахын нэр биш. Би өөрийн хүүхдээ хамгийн багадаа дөрвөн гадаад хэлээр ярьдаг болгохыг хүсдэг. Би өөрөө гурван хэлээр ярьдаг боловч өнөөдөр надад үнэхээр хангалтгүй санагддаг. Бусдад нээлттэй болохын хэрээр улс орны ижилсэл, айдендити нь улам баталгаатай, улам ялгаатай болж төгөлдөршдөг гэж би хувьдаа боддог.

Ж.АДЪЯАСҮРЭН: Санал нэг байна. Бусдад нээлттэй болохын хэрээр бид өөрийгөө бусадтай харьцуулж ялгаагаа тод мэдэрч чадна. Бусад улсын үндэсний ижилсэл эсвэл ондоошлыг бид судлахын хэрээр өөрийнхөө ижилсэл, ондоошлыг хамгийн сайн ойлгодог. Өөрөөр хэлбэл гадаад орчинтой холбогдохгүйгээр бид үндэснийхээ ижилслийг хадгалах боломжгүй.

Б.ЭРДЭНЭСАНАА: Монголчуудын угсаа нүүдэлчид гэдэг утгаараа янз бүрийн өөрчлөлтөд амархан дасах чадвартай гэгддэг. Бид бусад соёл, бусад улстай харьцах, холбогдохдоо маш нээлттэй байх ёстой гэж би хувьдаа итгэдэг. Бусадтай харьцсанаар бид өөрсдийн үндэсний ижилслээ алдана гэдгээс бид айх, болгоомжлох ямар ч шаардлагагүй. Бид өөрсдийн онцлог өв уламжлал, соёлоо хайрлан хамгаалахаас гадна дэлхийд танилцуулж, бусдад гайхуулах ёстой шүү дээ. Бусад гадны хүмүүс бидний ондоошил, үндэсний ижилслийг ойлгож мэдэхийн хэрээр манай үндэстний дархлаа улам хүчтэй болно. Хэнтэй ч хуваалцахгүй хав дараад, бусдаас зожгирох тусам бид өөрсдийгөө алдана гэж би боддог.

П.ХАННА: Даяаршил улс үндэстнүүдийн ижилслийг хадгалах, бусдад таниулахад тусалдаг. Монголын аялал жуучлалын салбарыг хар л даа. Монгол нээлттэй болох тусам Монголыг таньж мэдье гэсэн хүмүүс улам их болж байгаа. Жуулчид ирээд сайхан сэтгэгдэлтэй буцах тусам тэдгээр хүмүүс Монголыг дэлхийд сурталчлах ардын элчин сайдууд болоод буцаж байгаа шүү дээ.

В.ГАНЗОРИГ: Өнөөдрийн нэвтрүүлгийн цорын ганц гадаад зочны хувьд Параг Ханнагаас би асуумаар байна. Монгол Улсын айдентити буюу үндэсний ижилслийг хоёрхон англи үгээр илэрхийлээч!

П.ХАННА: Нууц товчоо, Чингис хаан. Дэлхийн талыг эзэлсэн ч Төв Азийн цээж болсон энэ нутаг хэзээнээс Монголын гал голомт байсаар ирсэн.  Хэн ч одоогийн байгаа газар нутгийг Монголынх биш гэж маргаж чадахгүй. Иймээс газарзүйн онцлог орсон үгс байх ёстой. Нэмж хэлэхэд Монголын өв уламжлал байх ёстойг хэлэх нь илүүц байх. Миний уулзсан монгол хүн бүр эх түүхээ маш сайн мэддэг. Улсынхаа түүхийг мэддэг, түүгээрээ бахархдаг байх нь үндэсний ижилслийн маш чухал элемент юм шүү.

В.ГАНЗОРИГ: Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа! Та бүхний ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

arrow icon