Нийтлэл 08 сарын 10, 2017

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хөндөхгүй байя

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар хуульч Г.Ганбаатарын байр суурь цуврал-2

Цувралын нэгдүгээр хэсгийг эндээс үзнэ үү

УИХ-ын чуулганы давтамж, Хууль батлахад шаардагдах ирц болон Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах талаар

Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх бүрэн эрхийг хүчингүй болгох асуудал /Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт/  

Үндсэн хуулийн утга агуулгаар дэнслэхэд улс төрийн эрх мэдлийн ноён их оргил нь Улсын Их хурал, нам дор цэг нь Улсын Ерөнхийлөгч юм. Гэтэл УИХ Ерөнхийлөгчийн тухайн 2 бүрэн эрхийн юунд эмзэглэв, айн сандрав?   

Ард түмний олонхийн саналаар сонгогддог цорын ганц албан тушаалтны хувьд Улсын Ерөнхийлөгчид ийм эрх яагаад байж болдоггүй юм бэ ? Хэний төлөө, юуны тулд тийнхүү хүчингүй болгох гээд байна вэ? Үе үеийн Ерөнхийлөгч нарын санаачилсан хуулиуд, өгсөн чиглэлүүдээс Үндсэн хуульд заасан нийтлэг эрх ашиг, үнэт зүйлст харшилсан нь хэд байгаа юм бэ ? Хаана, хэнд ямар судалгаа, нотолгоо байна вэ ?  

Ерөнхийлөгч хууль санаачилсан, Засгийн газарт чиглэл өгснөөс болоод Монголын олон улсын нэр хүнд унаж, хууль гууль болж, авилга цэцэглэж, эдийн засаг нь дефолт болж, иргэдийнх нь амьдрал ядуурч, эрхэмлэх бүх зүйл нь аюулд өртөн балраад, балартан сүйдчих гээд байгаа асуудлууд байгаа юм уу?    

Улс орны язгуур эрх ашиг, аюулгүй байдал, төрийн эрх мэдлийн холилдоон, хуйвалдаан, барьцаалагдсан байдал, авилга, албан тушаалтнуудын сахилга, хариуцлага зэрэгтэй холбоотой олон асуудлаар эрх баригчдын санаж сэдээгүй, мэдэж байгаа ч мэдэхгүй дүр эсгэсэн, зөнд нь орхисон үхмэл байдлыг сэрээхэд, анхааруулахад чиглэгдсэн хууль санаачлах, чиглэл өгөх бүрэн эрх яагаад байж болдоггүй юм бэ ?

Харин Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, чиглэл нь улс орны нийтлэг эрх ашиг, Үндсэн хууль, бусад хуульд харшлахаар байгаа бол батлах эсэх, хүлээн авах эсэх нь УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн асуудал учраас Ерөнхийлөгчийн тухайн бүрэн эрхээс айж сандраад, эмзэглээд байх үндэслэлгүй юм.

Хэрэв Ерөнхийлөгч өөрт Үндсэн хуулиар олгогдоогүй бүрэн эрхийн эзэн болсон, дур зоргоор авирлагч болсон гэж үзэж байгаа бол эсрэгээр хууль санаачлаад өөрчлөх, хүчингүй болгох, Үндсэн хуулийн цэцээр хянуулах зохицуулалт бий.  

Монголын төр бол улс төрийн намуудынх биш, ард түмний төлөөх зохион байгуулалт тул ард түмний дээд элчийн хувьд Ерөнхийлөгч хууль санаачлах, чиглэл өгөх эрхтэй байх нь засгийн бүх эрх ард түмний мэдэл, хяналтад байх ардчилсан агуулгын бодит илрэл буюу ард түмний хяналтыг төрд  тавих, хэрэгжүүлэх онцгой  бодлого, зохицуулалтын үндсэн арга, хэлбэр гэж ойлгож болно.

Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:  

Тогтсон хэллэгээр анхны Үндсэн хуулийг дордуулсан 7 өөрчлөлтийн нэгийг хүчингүй болгох буюу “75-аас доошгүй ажлын өдөр чуулахаар заасан байсныг бууруулж 50-с доошгүй болгосоныг” хүчингүй болохоор байгаа нь зүйн хэрэг.  

 Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

Үндсэн хуулийн анхны бичвэрийг өөрчилсөн шалтгааныг мэдэх учраас “анхны бичвэр”-ийг нь бага зэрэг өөрчилж буюу “УИХ-ын нийт гишүүдийн олонх нь ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж цомхон, яг таг ойлгомжтой байдлаар, харин байнгын хорооны хуралдааныг холбогдох хуулиар зохицуулах боломжтой.    

Хэрэв одоогийнхоор УИХ-ын 20 гишүүн, төслөөр 26 гишүүн ард түмний өмнөөс хууль батлах боломжтой бол УИХ-ын гишүүний тоо 76 байх шаардлага байна уу, ихэсгэх бүр ч шаардлага байхгүй.

Ер нь УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй, хууль батлахад оролцохгүй юм бол яах гэж УИХ-ын гишүүн болсон юм бэ? УИХ-ын 20 гишүүн ард түмний өмнөөс хууль батлах боломжтой болсон нь ардчилсан бусаас гадна амьд үйлчлэлгүй, хийтэй хуулиуд олноор гарах үүдийг нээснийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, судлаачдын бүтээлд анхааруулсаар ирсэн.

Яг таг ойлгомжтой байдал гэж Үндсэн хуульд “хуульд өөрөөр заагаагүй” бол гэж байх ёсгүйг хэлж байна. Үндсэн хууль өөрөө дээд эрэмбийн хэм хэмжээ учраас яаж ч болохоор салаа утгатай, доод эрэмбийн хэм хэмжээнд захирагдмал, боломж олгосон утгыг илэрхийлж болохгүй.  

Хэрэв Үндсэн хуульд “хуульд өөрөөр заагаагүй” гэж оруулсан тохиолдолд хууль тогтоомжийн тухай, УИХ-ын хуралдааны дэгийн тухай эсхүл холбогдох бусад хуульд “хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар эцэслэн батална” гээд заачихвал “Үндсэн хууль дахь хуульд өөрөөр заагаагүй бол дийлэнх олонхоор хуулийг батална” гэх заалт амьд үйлчлэлгүй болно. Өөрөөр хэлбэл, нүглийн нүдээ гурилаар хуурна гэдэг шиг энэ бол жинхэнэ цэвэр биш дүр эсгэсэн, халхавчилсан бодлогын илрэл болно.   

УИХ 60 гишүүнтэй, эдгээрийн дийлэнх олонх /эсхүл олонх/ нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон гишүүдийн олонхийн/ эсхүл дийлэнх олонхийн/ саналаар асуудлыг шийдвэрлэх нь эцсийн дүндээ 76 ба 60 гишүүний хооронд чанарын ямар ч ялгаа байхгүй, харин ч төсвийн зардал хэмнэгдэхээр байгааг бас бодолцох ёстой.     

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээс илүүтэй УИХ-аас амьд үйлчлэлтэй, хийгүй хууль гаргахын тулд чуулганд оролцож, хуулийг батлах гишүүдийн доод хязгаарыг зохистойгоор ихэсгэн нэмэгдүүлэх нь илүү чухал ач холбогдолтой, үр нөлөөтэй юм.    

 

Сэтгэгдэл бичих

    • Баагий
    • 2017-08-14

    Хуульч хүн гэхэд арай тэнэг үү үгүй юу? 3 толгойтой мангас л баймааргүй байна. Ерөөсөө урагшилж, дэвшиж байгаа юм алга. Парламентын засаглалтай улс юм бол ерөнхий сайдын эрх мэдлийг тултал нэмээд ерөнхийллөгчийг хуульд гарын үсэг зурахаас бусад эрхийг хасах хэрэгтэй. Эсвэл эсрэгээр шууд ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Одоо монголд байгаа шиг хачин засаглал дэлхийн хаана ч байхгүй.

arrow icon