Улсын их дэлгүүрийн урд талбай буюу залуучуудын нэрлэж заншснаар фонтан орчмыг Нийслэлийн засаг даргын Тамгын газрын шийдвэрийн дагуу “Автомашингүй гудамж” болгох төсөл хэрэгжихээр болсон. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11,000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс доош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж.
Фонтан орчим нь хүүхэд залуус, хөгшдийн чөлөөт цагаа өнгөрөөдөг цөөхөн талбайн нэг
учраас уг газрыг хууль бусаар худалдааны төв болгохоор шийдвэр гаргасанд иргэд, оршин суугчид эрс эсэргүүцээд байгаа билээ.
Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд 12-15 цагийн хооронд олон нийтэд нээлттэйгээр зохиогдох энэхүү үйл ажиллагаанд MAGNOLIAN, BAZO, KRIS SCHROEDER зэрэг залуу уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлээсээ толилуулах юм.
Зохион байгуулагчдын зүгээс залуус эвлэлдэн нэгдэж, нийгэмд дуу хоолойгоо соёлтойгоор хүргэн, эерэг нөлөөллийг авчирна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд ногоон байгууламж, нийтийн талбайг дэмжих зорилготой тул боломжоороо цэцэг ногоотой болон ногоон өнгийн хувцас өмсөж нэгдэцгээе хэмээн залууст уриалж байна.
Сэтгэгдэл бичих