Нийтлэл 08 сарын 21, 2017

ХУУЛЬЧ О.АЛТАНГЭРЭЛ: Гүтгэсэн бол нэг нь хариуцлага хүлээгээд буруутай бол нөгөө нь хариуцлага хүлээх ёстой

 

“МАН-ынхаан, одоо бүр сайн хэрэлдээрэй” гэсэн гарчигтай бичлэг энэ сарын 15-16-нд шилжих шөнө нийгмийн сүлжээгээр цацагдсан бөгөөд тус бичлэгт Шадар сайд У.Хүрэлсүх, “Hero” студийн найруулагч Б.Баатар нарын утсаар ярьж буй яриа байсан билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүх АН-д “ажилласан” гэх утгатай энэхүү бичлэгийг хэн тараасан нь тодорхойгүй ч Шадар сайд болон Б.Баатар нар өөрсдийн яриа гэдгээ батлаад буй. Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр “Энэ яриа Ерөнхий­лөгчийн сонгуулийн дараа болсон. Тэгж яривал эрлийз адууны талаарх шийдвэрийг гарга гэж таны хүү Анар надад бичиж өгсөн. М.Энхболд дарга та үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа” хэмээн тайлбарласан. Харин Б.Баатар “Намайг байхгүй зурганд явсныг мэдэж байж. Халдунд явах зуур бичлэг цацжээ. ТЕГ бичлэг тарааж. Бүх гар утастай хүн эрх чөлөөгүй юм байна” гэсэн байр сууриа илэрхийлэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт өргөдөл гаргасан. Энэхүү асуудалтай холбогдон хамгийн аюултай  нь хэн нэгэнтэй утсаар ярих, уулзаж учрахдаа айж, болгоомжлохгүй бол хэн, хэзээ ямар байдлаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, эргээд түүнийгээ ямар ч замаар ашиглаж, хүний нууцад халдаж болдог гэсэн ойлголт нийгэмд газар аваад байгаа билээ.

Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг хуульч О.Алтангэрэлээс тодрууллаа. 

 1. Гүйцэтгэх ажиллагааг ямар үндэслэлээр аль байгууллагаас явуулах эрхтэй байдаг вэ?

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т зааснаар бол цагдаагийн байгууллага далд аргаар үйлдэгдсэн, эсхүл тодорхой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох... прокурор, шүүхээс даалгасан бусад хүнийг эрэн сурвалжлах, алдагдсан галт зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх, мансууруулах хордуулах бодис, түүх соёлын дурсгалт болон бусад үнэт зүйлийг эрж олох зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулж болдог. Харин Үндсэн хууль болон бусад хууль зөрчин тусгай ажиллагаа явуулах эрх хувь хүнд байтугай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч, хуулийнханд ч байхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл дээра аливаа Мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэй хийдэг гэж байдаг. Хэрвээ прокурорын зөвшөөрөлтэй мөрдөн шалгах ажиллагаа байгаад гүйцэтгэх ажиллагаа явуулсан хүний мэдээлэл задарвал тухайн прокурор өөрөө хариуцлага хүлээдэг.

2. Тухайн хүн дээр хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулаад эргээд өөрийнх нь эсрэг ашиглаж, сүрдүүлэн дарамт учруулвал яах ёстой вэ? Хэнд, ямар байгуллагад хандах вэ?

Манай нийгэмд нэг нэгнээ тагнаж, чагнах асуудал хэрээс хэтэрлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ талаар “Та нар Монгол Улсын Их Хурлын гишүүнийг тагнаад байгаа чинь үнэн биздээ” гэж чуулган дээр хэлсэн үгээс нь харж болно. Тухайн хүний нууцыг хууль бусаар олж мэдээд эргээд өөрийнх нь эсрэг ашиглавал харьяа дүүргийнхээ прокурорт хандах хэрэгтэй. Жишээ нь, Шадар сайд У.Хүрэлсүхийн яриаг чагнасан нь тагнуулынхан хийсэн гүйцэтгэх ажиллагаа юу, Б.Баатарын хийсэн хэрэг үү гэдгийг л хууль хяналтынхан олж тогтоож, хэний хийсэн ажил вэ гэдэгт хариуцлага тооцох хэрэгтэй. Хэн ч хариуцлага хүлээхгүй бол хууль үйлчлэхгүй байна гэсэн үг. Гүтгэсэн бол нэг нь хариуцлага хүлээгээд буруутай бол нөгөө нь хариуцлагаа хүлээх ёстой. Хэрэв У.Хүрэлсүх дээр тагнуулынхан гүйцэтгэх ажиллагаа явуулсан бол гэмт хэрэг болно. Тэгвэл хэний тушаалаар хэн явуулсан бэ гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Харин Б.Баатар утсаараа бичиж авсан бичлэгээ дэлгэсэн бол ёс зүйн асуудал энд яригдана. Хуулиараа хувь хүн өөртэйгөө холбоотой аливаа мэдээллийг баримтжуулж, бичлэг хийж болдог. Хоёр хүний ярьсан яриа гуравдагч этгээдийн гарт орвол энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.

3. Монголын нийгэмд Иргэн хүн яагаад захидал харилцаа, хувийн нууцаа хамгаалах боломжгүй байна вэ? 

Монгол Улсын иргэн хүний захидал харилцаа болон хувийн нууц нь хуулиар хамгаалагдсан байдаг. Харамсалтай нь манай нийгэмд иргэн хүн захидал харилцаа, хувийн нууц мэдээллээ хамгаалах боломжгүй байна. УИХ, Засгийн газрын гишүүнийг хүссэн үедээ тагнаж чагнаж болж байхад жирийн иргэн хүний мэдээллийг яаж ч тагнаж чагнах боломжтой байгаа юм. Бидэнд уг нь хангалттай хууль байна. Хуулиа дагаж мөрдөхгүй байгаад л хамаг учир оршиж байна. Хэн ч хариуцлага хүлээхгүй байна.

4. МУ-ын иргэн ТЕГ-тай шүүхдээд ялах боломжтой юу? 

Энэ өөрөө их эмзэг сэдэв л дээ. Дэлхий дахинд зөвхөн улс төрчид ч гэхгүй хувь хүний эрх чөлөөнд халдах нь бүдүүлэг үйлдэл гэж үздэг. Өнөөдөр манай нөхцөлд ТЕГ-ыг сайн шалгах ёстой байгууллага нь прокурор. Прокурор, хууль хүчний байгууллагуудыг шалгах ёстой субъект нь Улсын Их Хурал байдаг. Харамсалтай нь Улсын Их Хурал энэ чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй, хэрэгжүүлэхийг хүсэхгүй их олон жил болж байна. Тагнуул гэдэг нь зөвхөн тагнуулын байгууллага биш шүү дээ. Мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа бүх л байгууллагад хяналт тавих чиг үүргээ Улсын Их Хурал хангалтгүй явуулж байна гэж хэлж болно. Үүнийг би таамгаар хэлээгүй. УИХ нь хууль сахиулах буюу нууц ажиллагаа явуулдаг байгууллагад хэрхэн, яаж хяналт тавих ёстой талаар би судалгаа  хийсэн. Энэ судалгааныхаа хэсгээс удахгүй УИХ дахь хоёр намын бүлэг болон төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх бодолтой байна.

Ярилцсанд баярлалаа. 

УИХ-аас прокурор, хууль хяналтын байгууллагад хэрхэн хяналт тавих тухай судалгаанаас www.trends.mn удахгүй хүргэх болно.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon