Нийтлэл 08 сарын 23, 2017

Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа

УИХ дахь МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Засгийн газрыг огцруулах бичгийг хүлээн авахдаа "УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байгаа ч гэсэн УИХ-ын даргатай холбогдон асуудлыг танилцуулна" гэв. Мөн тэрээр “АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдаагүй” гэж мэдэгдсэн бөгөөд АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих эсэхээр тодорхой хариулт өгсөнгүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр наймдугаар сарын 23-нд Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина гэж мэдэгдсэн. Тэрээр өнөөдөр бичгээ гардуулах үеэр хийсэн мэдэгдэлдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай харилцах, Хүүхдийн цэцэрлэг, Тавантолгойн асуудлыг хангалтгүй зохицуулж байна гээд “Дараагийн Засгийн газар элдэв фракц, бүлгийн эрх ашгаас ангид байх ёстой” гэж мэдэгдлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах эсэхийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Харин энэ асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүдийн 1/3 шаардсанаар эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулах зохицуулалттай юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon