Нийтлэл 08 сарын 30, 2017

Чагтлагдсан сэдэв: ЭНЭТХЭГ-ХЯТАДЫН ХИЛИЙН МАРГААН НАМЖИВ

Өнгөрсөн зургадугаар сараас хойш үргэлжилсэн Энэтхэг-Хятадын хилийн маргаан намжиж, хоёр улс харилцаагаа сайжруулж байна. Зургадугаар сарын 16-нд БНЭУ-ын цэргүүд БНХАУ-ын нутаг дэвсгэр буюу Доклам руу хууль бусаар нэвтрэн Хятадын замын барилгын ажлыг зогсоосон явдал гарсан юм. Энэ явдлыг БНХАУ-аас буруушаан БНХАУ-ын бүрэн эрхэд халдлаа гэж мэдэгдэж байсан.

Докламын бүс. Эх сурвалж: SCMP

Докламын маргаанд Бутан улс маргалдагч улсуудад чухал дэмжлэг болох боломжтой боловч зургадугаар сарын 29-нд БНХАУ-ыг зам барьж буйг буруутгаснаас өөр мэдэгдэл хийгээгүй юм.  Гэхдээ Энэтхэг, Бутан улсууд 1947 оноос хойш ойр дотно харилцаатай байсаар ирсэн ба 1949 онд хоёр орон Нөхөрлөлийн гэрээ байгуулж, Бутан улс Энэтхэгээс гадаад бодлогын заавар, зөвлөгөө авах болсон. Харин Бутан улс БНХАУ-тай албан ёсны дипломат харилцаагүй юм. Энэтхэг-Хятадын хооронд Докламаар зогсохгүй Аруначал Прадеш, Аксай Чин зэрэг томоохон газар нутгийн маргаан бий.

Докламд үүссэн маргаан хоёр сар орчим үргэлжилж энэ сарын 28-нд БНЭУ цэргүүдээ буцаан татсанаар хоёр орны харилцаа сайжирч байна. Үүний илрэл болж БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди ирэх есдүгээр сарын 3-наас 5-ны хооронд БНХАУ-д болох “БРИКС”-ийн уулзалтад оролцохоо энэ сарын 29-нд мэдэгджээ.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #IndiaChinaStandoff, #Doklam гэсэн хаштагтай жиргэж байна.

Nitin A.Gokhale “Энэтхэг болон Хятадын мэдэгдэлийг харвал нэг дүгнэлт хийж болохоор байна: Хятад зам барихаа зогсоосон (гэхдээ түүнийгээ мэдэгдэхгүй). Харин Энэтхэг цэргээ татаж болсон.” гэжээ.

Цааш тэрээр “Энэтхэгийн цэргүүд газар нутаг руу нь нэвтэрч, замын ажлыг зогсоосон гэж Хятад мэдэгдсэн. Энэтхэг зам барихаа зогсоо, тэгвэл цэргээ татна гэсэн. Ийм л учиртай.” гэж жиргэсэн байна.

Anit Gosh “Энэтхэг болон Ерөнхий сайд Модигийн хувьд том дипломат ялалт боллоо.” хэмээн өнгөрсөн саруудад болсон Энэтхэг-Хятадын хилийн маргааны тухай шог зургийг жиргэжээ. Шог зурагт Хятадын сүр хүч аажмаар буурсан гэдгийг харуулжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon