Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Бэкфорс” компани "К-WINE" лоунжтай хамтран “Япон уран зохиолын тухай ярилцья” өдөрлөгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулж буйг сурвалжлахын хамт утга зохиолын тухай сонирхолтой яриа сонсох гэж догдолсоор “К-WINE” лоунжийн хаалгыг татлаа.
Хамар цоргим үнэртэх кофе болон сонгодог хэв маягийн модон тавилга, ухаан санаа, бодол оюунаа ганцхан тэр л зүгт хандуулмаар гайхалтай сайхан хөгжмийн эгшиг, сэтгэл сэргээм цэцэгсийн үнэр намайг угтаж, үгийн урлагийн гайхамшиг болсон алдарт хайку шүлгийн эх орон Япон уран зохиолын амтыг мэдрэх аз завшаан тохиосон юм.
Өдөрлөгийн хүндэт зочноор зохиолч Дарма Батбаяр,Орчуулагч О.Жаргалсайхан, “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат нар уригдан оролцсон бөгөөд Япон улсын элчин сайдын яамны атташе Ямада Ёохэй, твиттерт жиргэгч “20к клуб”-ын залуус, Буддын гүн ухааны багш гавж Д.Нямсамбуу болон төгөлдөр хуурч Оюу, “Trends.mn" сайтын ерөнхий эрхлэгч Б.Болор-Эрдэнэ нарын уран зохиолд дуртай олон залуус энд цуглажээ. Дуу хуур, уран уншлага, инээд хөөр цалгисан энэ үдэш зөвхөн Япон уран зохиолын тухай ярилцаад зогсохгүй Монголын уран зохиолын хандлага чиглэл болон ном хэвлэлийн салбарын хөгжил дэвшлийн тухай халуун яриа өрнүүлснийг хүргэж байна.
Өдөрлөгийг нээж Японы элчин сайдын яамны атташе Ямада Ёохэй үг хэлэхдээ "Уран зохиол гэдэг хүний амьдралын хамгийн чухал, үндсэн урлаг юм. Учир нь тухайн үндэстэн өөрийн хэлээрээ гайхамшигт урлагийн бүтээлийг туурвиж, өөрийн болон бусад орны түүх, ёс заншлыг мэдэх бүрэн боломжтой юм гэдгийг онцлон хэллээ.
Зохиолч Дарма Батбаяр: “Зоригтой бичиж сурах хэрэгтэй. Зориг дотор чинь авьяас нь багтдаг юм”
Японы уран зохиолыг ойлгохын тулд хамгийн түрүүнд хайкуг ойлгох хэрэгтэй. Хайкуг ойлгохын тулд зэн буддизмыг ойлгох хэрэгтэй. Япон уран зохиол гэдэг чинь тэр чигээрээ зэн буддизм юм шүү дээ. Бид дэлхийн уран зохиолын тухай ерөнхий юм сонсдог, ерөнхий дурладаг аа болиод аль болох нарийвчлал руу орох хэрэгтэй. Ингэхийн тулд маш сайн судалгаа хийх ёстой. Японы уран зохиолыг сонирхож уншиж байгаа хүмүүс нээрээ энэ чинь гоё юм гэж уншихаас илүү яагаад ийм байна гэж цаад утга учрыг нь ойлгоход тэмүүлэх нь чухал. Японы хайку шүлэг 1600 оны үеэс эхлэлтэй. Түүний үндэслэгч нь Мацүо Башо шүү дээ. Түүний нэг ийм гайхалтай шүлэг бий л дээ.
Нүцгэн мөчир дээр
Хэрээ сууна
Намрын орой
Энэ шүлгийг манай орчуулагч Жагдалын Лхагваа их сайхан орчуулсан. Хайкуг япон хэл мэддэг хүн бүр орчуулж чадахгүй ээ. Харин энэ орчуулга хүний сэтгэлийн тэр их уйтгар гунигийг илэрхийлж гаргаж чадсан байна. Башо шүлгээрээ дамжуулан хүний сэтгэлд учир шалтгааны нөхцөлийг зүгээр л хаячихаж байгаа юм. Хүний сэтгэлд тухайн зүйлийн дүрслэлийг шууд харуулж чадаж байгаа нь гайхамшигтай. Зөвхөн япон шүлэг төдийгүй яруу найраг гэдэг хүний сэтгэлд аливаа учир шалтгааны учгийг зүгээр л хаяж сурах хэрэгтэй. Түүнийг хүмүүс өөрсдийн зөн, мэдрэмжээрээ мэдэрдэг байх ёстой л доо.
Манай монгол яруу найрагчдын шүлгээс хайкугийн зарчмаар бичсэн гайгүй шүлэг бий л дээ. Цаанаа зэн буддизмын тэр гайхалтай мэдрэмж утга санааг агуулж бичсэн. Тухайлбал Эрдэнэцогт гэдэг залуугийн
Тэр өдөр бороо орсон
Тэргэл сарны гэрэлд
Би хөлөө дүрж үзсэн
Үүнийг хайку гэж хэлэхгүй ч хайкугийн зарчмаар бичсэн монгол шүлэг гэж нэрлэнэ. Хайку өөрөө тэр чигээрээ аугаа философи санаа. Японы хамгийн гайхалтай мөнх бус амьдралын философийг бичсэн шүлэг нь:
Хуучин цөөрмөөс
Мэлхий үсэрнэ
Ус цалгина
Нам гүм
Энэ шүлгэнд маш их гүн утга агуулга, философи нуугдаж байгаа юм. Мөнх бус оршихуйн тухай, уйтгар гунигийн тухай, хайр дурлалын тухай гайхалтай сайхан өгүүлж чаддаг юм шүү дээ хайку шүлэг чинь. Ер нь хайкуг ойлгох гол сэжим нь философи юм
. Сүүлийн үед япон шүлэг маш гайхалтай хөгжсөн. Үүний нэг жишээ нь:
Худгийг минь тойроод
Цэцэг ургачихаж
Айлаас ус авахаас даа
Эндээс япон хүний сэтгэлгээ харагдаж байгаа юм. Цэцгийг яаж хайрлаж байна вэ гэдэг харагдаж байна. Энэ чинь нөгөө нөхцөл байдлыг хүний сэтгэлд хаяж өгч байгаа нь шүү дээ. Үүгээрээ зэн буддизм, хайку шүлэг хоёр гайхалтай юм.
Д.Т. Сүзүки гэдэг хүн анх барууны орнуудад зэн буддизмыг дэлгэрүүлсэн. Залуус түүний “Зэн буддизмын үндэс” номыг унших хэрэгтэй. “Шөнө хаясан шоо” гээд их сайхан өгүүллэг бий. Үүнийг бас унших хэрэгтэй. Энд хайр дурлалын романс бий боловч цаана нь гайхалтай тансаг амьдралын философи бий шүү.
Тэр газрын хүмүүсийг би мэдэхгүй
Гэвч шувуу үргээдэг мануухайны мод нь
Муруй л байдаг юм даа.
Монголчуудын нүүдэлчин ахуйг цаагуураа ёжлон хэлсэн санаа шүү дээ. Энэ чинь л мэдрэмж, зөн. Мөн тайвшрал. Зэнгийн чухал зүйл нь тайвшрал төдийгүй аливаа зүйлээс өөрийгөө олж нээх явдал. Тухайлбал:
Зэнгийн сургаалд “Кон” гэх асуулт тавьдаг. Нэгэн багш шавиасаа чи хоёр алганы дууг мэднэ. Харин нэг алганы дууг мэдэх үү гэж асуужээ. Шавь нь хариулт хэлэх бүрт багшдаа цохиулаад гардаг байж. Гэвч хэсэг хугацааны дараа шавь нь ирэхээ болив. Багш хайж очтол шавь нь бясалгаж суухыг хараад өвдөгнөөс нь адис аваад, хариулт нь энэ байсан шүү дээ. Ухаанаар хайх, оюун бодлоо алжаах биш ердөө тайвшрал, энэ суудал шүү дээ гэсэн байдаг. Зэний ганц зорилго өөрийг нь нээх, өөрийнхөө доторхи бурханлаг чанарыг гаргаж ирэх явдал юм. Үүнийг ойлговол японы уран зохиолыг ойлгоно.
Буддын гүн ухааны багш Д.Нямсамбуу: “Чимээгүй байна гэдэг зэн буддизмын үндэс”
Бурхан багш гурван өөр агуулгатай ном сургаал айлдсан байдаг. Харин сүүлд дөрөв дэх сургаал нь Buddha nature буюу бурханлаг чанарын тухай сургаал айлдсан байдаг нь "Зэн буддизм" юм. Бурхан багш айлдахдаа хүн болгонд бурханлаг чанар байдаг гээд хүн бүр өөрийн дотоод руу нэвтэрч өөрийн сайн чанарыг гаргахыг эрмэлз гэсэн байдаг.
Зэн буддизмын үүсэл нь Хятадын Чан буддизм. Энэ ерөөсөө өөрийн дотор бурхан байна гэж үздэг. Тиймээс гэгээрэх шаардлага байхгүй гэдэг. Харин Энэтхэг болон Монголд байгаа буддизм бол өөрийн сайн чанарыг хөгжүүлээд явахыг эрмэлзэж өөрөө хичээснээр гэгээрэлд хүрэх боломжтой гэж номлодог. Товчхондоо эдгээр буддизм огт бодохгүйгээр зөнгөөрөө хийж байгаа зүйл хамгийн төгс мэдрэмж гэж үзэж болно. Тэгэхээр зэн буддизм мэдрэмж дээр суурилж цаашид гэгээрлийн замд хөтөлдөг. Аливаа зүйлсийг тайлбарлах биш мэдрэх хэрэгтэй. Сайхан амттай зүйлийг сайхан гэж тайлбарлахын аргагүй учир зүгээр тэр зүйлийг амталж мэдрэх хэрэгтэй. Сая ярьсан “Кон” асуултын хариулт нь чимээгүй байдал. Чимээгүй байж бодолдоо төвлөрнө гэдэг зэн буддизмын үндэс юм шүү.
“Монсудар” хэвлэлийн газрын захирал Р. Энхбат: “Бодлоосоо ичихгүй байх нь их сайн тал”
Зохиолч хүмүүс бодлоосоо ч ичдэггүй танхай хүмүүс байдаг юм шиг байгаа юм. Ичих зовох зүйлгүйгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж чөлөөтэй амьдардаг.. Ер нь хүн хүний амьдралаар амьдарна гэдэг их гоё. Тэгээд амьдралын сайхны тухай хоорондоо ярилцах бүр ч гоё. Би та бүхэнд япон уран зохиолын тухай тодорхой зүйл ярьж чадахгүй ч хэвлэлийн салбарын хүний хувьд номны үнэ цэнэ болоод залуусын хандлагын талаар жаахан ярилцъя.
Бид уншсан номныхоо амт шимтийг дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэй гэж боддог юм. Би уран зохиолын болон аливаа номыг уншиж дууссаных нь дараа хүмүүсээс номных нь тухай асуухаар хөөрхөн ном болсон байна гэж хэлдэг. Тэгээд чухам хөөрхөн нь юундаа байна гэхээр дажгүй гэх ерөнхий хариулт өгдөг. Тэгэхээр бид хэзээ ч уншсан номоо задалж ярихыг хүсдэггүй арван жилийн сургуульд ном уншуулаад түүнийг задалж салгаж ярилцдагүй нь харагдаж байгаа юм. Уг нь уран зохиол гэдэг өөрөө нийгмийн тусгал. Түүнд залуусын үзэл бодол хандлага шингэж байх ёстой. Сайн уншигч байж сайн зохиол төрнө.
Тэгэхээр уран зохиолд судлал шүүмж зайлшгүй хэрэгтэй. Тиймээс бид аль болох залуусын хандлага чиглэлд тохируулан номоо хэвлэхийг хичээдэг.
Мэдээж хэрэг манайх хэвлэлийн компани учир хэвлэлийн бодлого гэж зүйл байгаа. Нэгдүгээрт, бид хамгийн сайн номыг биш, хамгийн гоёыг нь ч биш, уншихад ойлгомжтой, залууст хүртээмжтэй, богино зохиолуудыг эхний ээлжинд орчуулан хэвлэхийг чухалчлан үздэг.
Хоёрдугаарт, агуулгын хувьд өнөөдөр Монгол хүнд юу хэрэгтэй байна вэ? юуг унших ёстой вэ? гэж судалгаа хийсний дүнд номоо сонгож орчуулдаг. Орчин үеийн залуус үйл явдал хөөж зохиол уншдаг болсон байна. Үйл явдал хөөсөөр зохиолын яруу, тансаг өгүүлэмжийг анзааралгүй унших болсон нь харамсалтай. Би үйл явдал хөөж уншихыг буруу гэж хэлсэн юм биш л дээ гэхдээ зохиолын яруу сайхныг мэдэрч уншаасай гэж хүсдэг.
Бид япон уран зохиолын ном хэвлэх тал дээр дэмжиж ажиллаж байгаа. Норвегийн ой, 1Q84, гэх мэт бестселлер болж байгаа номуудыг залуус их уншиж байна. Сайн хэрэг. Гэхдээ уншиж дууссаныхаа дараа өөрсдийн санал, шүүмжийг маш сайн дамжуулж бие биетэйгээ ярилцдаг байгаасай гэж хүсэж байна.
Орчуулагч О.Жаргалсайхан: “Мүракамиг өөрөөсөө сэгсэрч хаяна”
Би 1991 онд анх орчуулгын бүтээлээ гаргаснаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Анхны орчуулгын ном маань “Тал нутгийн тэмдэглэл”, “Гэнжийн туульс” байсан. Ингээд Мүраками руу орсон. Энэ бол цаг хугацааны хувьд ч утга агуулгын хувьд ч маш их ялгаатай. Энэ хоёрын хооронд хөрвөж чаддаг орчуулагч болохын тулд би 30 жилийг зарцуулсан. Энэ хөрвөлт 9 дүгээр зуунаас 21 дүгээр зууны шилдэг зохиолч руу хөрвөх хүндхэн даваа. Ер нь орчуулагч хүн бусдын номонд донтдоггүй. Өөрөөр хэлбэл тухайн ном нэг их хоосон газар цор ганц цэцэг ургасан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэр ганц цэцгийн гоё сайхныг бишрэхээс илүү яагаад энд ургасан юм гэдгийг мэдрэхийг хүсч зохиолын агуулга, өгүүлэмж бүрийг мэдэрдэг болно л доо.
Мүраками бол яах аргагүй орчин үеийн шилдэг зохиолч түүний гаргасан зохиол бүр баруунд маш их хувиар зарагддаг. Энэ хүний тэр сонин өгүүлэмж утга агуулгын гайхамшиг нь өмнөх үеийнхний хойч үедээ үлдээсэн тэрхүү суурь их нөлөөтэй. Би хувьдаа Дазай Осаму, Кавабата, Акутава, Нацуми Соосэки зэрэг энэ бүх хүмүүс Харуки Мүракамиг бий болгосон гэж боддог. Мүраками бодлоосоо ичдэггүй.
Ихэнхи хүмүүс бодлоосоо ичдэг, харин Мүраками бол ёстой Энхбат захирлын хэлсэнээр бодлоосоо ичдэггүй бодохоосоо ч айдаггүй байх. Түүний зохиолын гол дүрүүд нь ихэвчлэн 15-17 настай хүмүүс байдаг. Товчхондоо бол Японы нийгмийн төлөөлөл болсон зохиолч. Түүний зохиолоос эрэгтэй хүн эр хүн болох тухай, эмэгтэй хүн эзэгтэй болох тухай болон өсвөр үеийн залуусын хайр дурлал зэрэг олон зүйлсийг харж болно. Би гэхдээ удахгүй Мүракамиг өөрөөсөө сэгсэрч орхино.
Аливаа зүйлсийг цөөн үгээр гайхалтай уран яруу, гүн ухаан талаас нь илэрхийлж чаддаг япон уран зохиолын тухай өөрсдийн мэддэг бүхнээ хуваалцан ярилцсан энэхүү өдөрлөг маань Японы зохиолч Үдо Тошиогийн “Анхны дурлал” хэмээх сайхан өгүүллэг сонссоноор өндөрлөсөн юм.
Ийм сайхан уцлзалтууд миний чихний хаагуур өнгөрдөгийм бол доо
Ийм сайхан нийтлэл бичсэнд баярлаа.
Сайхан нийтлэл болж ээ. Маш их баярлалаа.