Бидний амьдарч буй үе шинжлэх ухаан, мэдээлэл мэдлэгийн эринд хамаарах ба шинэ зүйл хийх, шинэ мэдлэг бүтээх, танин мэдэх, түүнийгээ амьдрал нийгэмд ашиглахын тулд шинжлэх ухаанд их анхаарч байна. Мэргэжлийн чиглэлүүдэд өөрчлөлт орж, шинэ ажил мэргэжлүүд төрсөөр. Манайхны сонгож суралцах дуртай хүмүүнлэг, нийгмийн талын мэргэжлүүд хөдөлмөрийн зах зээлд эрэлт нь цаашид ихсэхгүй, харин эрин үеийн шаардлагаар шинжлэх ухаан, нарийн мэргэжлийн инженер, технологийн мэргэжилтнүүд эрэлттэй болохыг уншигч Та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
Мэдлэгийн эринд боловсон хүчин, боловсролын асуудал нэн чухал. Дээд сургууль төгссөн хүн амьдралаа аваад явчихна, дээд мэргэжилтэй л бол болоо гэх ойлголт өмнө нь түгээмэл байсан, одоо ч оршсоор байгааг зуугаад их дээд сургуулийн олон төгсөгч гудамж метрлэгчид болдгоор харж болно. Техник технологийн хөгжлийн хурдтай уялдаад мэдээлэл, мэдлэгийн шинэчлэлийн хурд мөн нэмэгдсээр байна. 20, 30 жилийн өмнөхийг битгий хэл хэдхэн жилийн өмнө ачит багшаас авсан мэдлэг өнөөдөр хоцрогдохтой таарч болно. Өөрийгөө тогтмол хөгжүүлж, update хийж л байхгүй бол дипломны голтон болж зэвэрч хуучрахад бэлэн, улмаар лааз өшиглөгчийн орон тоонд залагдах вий. Манай сургуулиудад мэдлэгт хүрэх аргыг эзэмшүүлэх болон өөрийгөө хөгжүүлэх чадвар суулгах талыг орхигдуулан, мэдлэгжүүлэх процессийг өмнөө тавих нь элбэг. Мэдлэгжүүлэхийг л голлодог багш, сургуулийн бүтээгдэхүүн болох оюутан төгсөгчид хүний гар харсан зогсонги, бие даан мэдлэг эзэмших, өөрийгөө хөгжүүлэх чадвар дутмаг байх нь бий. “Юм” сураад л байдаг, толгойдоо “юм” хийгээд л байдаг, хэсэг хугацааны дараа нөгөө “юм” нь өөрт болон нийгэмд баялаг, мэдлэг бүтээхэд хангалтгүй болж мэднэ. Сурууштай “юм” бол дан мэдлэг биш мэдлэг суурьтай чадвар байх ёстой
. Энэ бол мэдлэгийн эриний хүний эзэмшсэн байх ёстой нэг чанар юм.
Мэдлэг улирч, шинжлэх ухааны хөгжлийн хурд саарч доройтон, нийгмийн оюун санааны хөтөч байх ёстой боловсрол шинжлэх ухааны үүрэг таягдсан нийгэмд орон зайг нь “чоно борооноор” гэдэгчлэн заримдаг шинжлэх ухааныхан (заримдаг шинжлэх ухааны талаар эндээс) болон мухар сүсэг эзэлнэ. Улмаар шинжлэх ухаан биеэ даасан нийгмийн институц байхаа больж адлагдаж орхигдохын хирээр нийгмийн оюун санааны хөгжлийг сааруулах хүчтэй сөрөг эргэх холбоо үүснэ.
Тооцон бодох шинжлэх ухааныг хүрээлэн буй байгаль орчны асуудалд хэрэглэсэн зарим ажлыг өмнөх “ШИНЖЛЭХ УХААНЫГ ЭНГИЙНЭЭР: Тооцон бодох шинжлэх ухааны зарим хэрэглээ” (энд) нийтлэлийн үргэлжлэл болгон танилцуулъя. Мөн л аргазүй талаас бус тухайн асуудалд төвлөрч, хялбаршуулсан байдлаар нийтэд хүргэн танилцуулж байна. Академик өгүүлэл бишийг дурдъя, судалгааны өгүүллүүдийг маань researchgate руу орж харж болно.
- Умард Солонгосын нийслэл
Дэлхийн нийтийн анхаарлыг эрхгүй татдаг газар бол Хойд Солонгос. Тэднийг хиймэл дагуул, радараар зайнаас тандаж (тодорхой түвшинд хангалттай хийгддэг), мөн тоон загварчлалын аргаар цаг агаар, агаар мандлыг судлах боломжтой. Тэнд дэлхийн бусад газартай л адил байгалийн хууль үйлчилж, хил хязгааргүй агаар мандлын процессууд ном журмаараа л явагддаг учир агаар мандлын судлагдахуун талаасаа хаалттай ертөнц биш. Заавал тэнд хөл тавилгүйгээр, тэндхийн судлаач гэлгүйгээр алсаас судалж болно.
Хотжилт байгаль орчин, агаар мандалд тодорхой нөлөөлөл үзүүлэх ба цаг агаарт үзүүлэх нөлөөллийг тоон загварчлалын аргаар судалж болно. Хойд Солонгосын хэсэг газар нутгийг сонгон (1-р зураг), хотууд байрлах газрыг ургамал, ногоогоор орлуулсан буюу хотгүй байна хэмээн төсөөлж өнөөгийн хоттой болон хийсвэрээр төсөөлсөн хотгүй үеүдийн цаг агаарыг харьцуулан харж болно. Хотуудыг “бут ниргэж” үгүй болгоод хотуудын цаг агаарт үзүүлэх нөлөөг харна гэж ойлгож болохгүй, эсрэгээр хотжилт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг сонирхъё гэвэл зохилтой. Хотжилтын улмаас хамгийн том хот болох нийслэл орчимд температур 2°С хүртэл нэмэгдэж, салхины чиглэл өөрчлөгдөж, салхины хурдны өөрчлөлт 4 м/с хүртэл, агаарын чийг багасч салхины уруу хуурай агаар зөөгдөх зэрэг өөрчлөлт харагдаж байна.
Зураг 1. (a) Хойд Солонгосын хэсэг нутгийн өндөршил, улаан хүрээнүүд нь хотожсон газрууд. (b) Хоттой болон хот байхгүй үеийн температур, салхины зөрөө, (c) чийгийн зөрөө, салхи.
Энэ төрлийн ажил өмнө нь хийгдэж байсан эсэх, үр дүнгийн талаар хайгаад олдохгүй. Ер нь шинжлэх ухааны аль ч салбарын судлаачид хийсэн ажлаа олон улсын мэргэжлийн сэтгүүлд гаргахыг зорьж байх хэрэгтэй, ядахдаа дэлхийн шинжлэх ухааны хэл – англи хэлээр гаргахыг хичээвэл зохино. Эс бөгөөс, хатуухнаар хэлэхэд, тэр ажлаа хийгдээгүйд тооцож болно. Учир нь гадны судлаач таны дотоодын түвшинд хийсэн ажлыг ойлгох гэж монгол хэл сурахын оронд тэр цагаа дэлхийн түвшний мянга, мянган бусад ажилтай танилцахад зарцуулж, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулан хөгжлийг урагшлуулахад зориулах болов уу.
- Салхин сэнс
Манай улс Парисын хэлэлцээрт нэгдэн орж дэлхийн дулаарлыг сааруулах, зогсооход хувь нэмрээ оруулахаа амалсан. Хүлэмжийн хийн үйлдвэрлэлийг бууруулахад салхи, нар, усны сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний нэг болох салхины эрчим хүч хүлэмжийн хий үйлдвэрлэдэггүй, байгаль орчинд хорт хаягдал гаргадаггүй давуу талтай.
2-р зургийн голынх нь нэг ширхэг салхин турбин салхины уруу газар багадаа 400 метрийн зайд салхийг хэрхэн өөрчилж буйг харуулж байна. Салхин парк ганц биш олон арван турбинтэй, тэдгээр нь орчиндоо тодорхой хэмжээгээр нөлөөлөл үзүүлэх нь жамаараа тохиолдох зүйл. Энд энгийн байдлаар ганц сэнс байрлуулж симуляц хийж туршсан ба цаашид тухайн газар нутаг, цаг агаар, турбинуудын шинж чанар, байршил зэргийг нарийн тооцож цаг агаар, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг тооцон бодох шинжлэх ухааны аргаар нарийвчилж хийх боломжтой.
Зураг 2. Салхин турбин ба турбин нь салхийг өөрчилж буй байдал.
- Хотын доторх агаарын урсгал
Улаанбаатарт жилийн хагастаа агаарын чанар маш муу байдаг ч агаарын бохирдлын асуудал өвлийн хугацаанд яригдаад, дулаарахаар мартагнадаг нь уламжлал шахуу болжээ. Ноднин телевизүүдээр нэгэн залуу судлаач гадны хотын жишээн дээр хийгдсэн youtube-н видеог харуулж, “... тоон загварын судалгаа хийж, Улаанбаатар хотын агаарын урсгалыг тооцоолох хэрэгтэй, үүнийг манайхан өөрсдөө хийж чадахгүй, Германы судалгааны багаар захиалж хийлгүүлнэ, үүнд 100 сая хэрэгтэй ...” гээд нилээн ярьсан. Агаарын бохирдол болон хотжилтын хөндүүр асуудалд санаа тавьж буй нь, мөн сурсан мэдсэнээ нийгмийн сайн сайханд зориулъя гэж шийдэл эрж буйг сайшаагаад баршгүй. Анхаарах зүйл бол аливаа хийхийг хүсч буй зүйлийнхээ ул суурьтай, шинжлэх ухаанч мэдлэг, ойлголт сайн байх хэрэгтэйг тэр үед бодож байлаа. Учир нь, Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлыг нөхцөлдүүлэгч цаг агаарын нөхцөл болох Сибирийн их даралтын орон, температурын инверстэй холбоотойгоор агаар маш тогтвортой нөхцөлд оршдог (энд хялбараар тайлбарласан байгаа), өвөлдөө турбулент бага, конвектив бус агаартай байдаг гэсэн үг. Харин түүний харуулсан загвар нь турбулент ихтэй, конвектив шинжтэй агаарын урсгалыг загварчлахад зориулагдсан юм. Тиймээс өвлийн агаарын бохирдлын асуудал ярихад тэр загварыг ашиглах үр дүнгүй, харин зуны улирлын цаг агаарын нөхцөлд ашиглавал болох юм. Өөрөөр хэлбэл морины эмээлийг ямаанд тохчихоод сунгаанд тавихтай зүйрлэж болно.
Дараах 3, 4-р зургуудад 11-р хороолол, Сэлбэ голын орчмыг сонгон авч гэр хорооллоос бохирдол хэрхэн тархаж буйг загварчилсан (ШУТИС-ийн оюутан Э.Бямбадоржийн гүйцэтгэсэн ажил). 3 хэмжээст загварыг босгож, тухайн хэсэг газарт өгөгдсөн нөхцөлд гэр хорооллоос бохирдолтой агаарын тархалтыг тооцоолсон нь манайд шинэлэг ажил болсон.
Энэ ажлаас жилийн өмнө оюутан Э.Эрдэнэтөгс Улаанбаатарын төв талбай орчмын газрын 3 хэмжээст загвар босгож агаарын урсгалыг загварчилсан ба барилгын шилэн фасаданд үйлчлэх салхины нөлөөг судалсан (Зураг 5). Харахад зарим хүнд жижиг, амархан ажил санагдавч өмнө нь ийм ажил манайд хийгдэж байгаагүй, эхлэл гэдгээрээ онцлог. Эдгээр ажлуудыг заавал хий гэж албадсангүй, гэрээ байгуулж хийлгэсэнгүй, бүгд сэтгэлийн дуудлагаар эхэлж зорьсон зүйлдээ тодорхой амжилттай хүрцгээсэн. Улаанбаатар хотын хэсэгчилсэн газрын агаарын урсгалын тооцоог хийх, газар хөдлөлтөд барилгын тэсвэрлэх байдлыг загварчлах, хот үерт автах зэргийн тооцооллыг хийх гэж 7 хоног бүр тодорхой өдөр ажлын цаг дуусгаад уулзана, ажлын явц, ололт, хүндрэл бэрхшээлээ ярилцана, заримдаа бүтэн сайны өглөө 8 цагт уулзах гэх мэтээр тасралтгүй хэдэн сар зарцуулсан. Үр дүн төсөөлснөөс муу гарах, ердөө болохгүй, арга мухардах, бас бус элдэв саад тотгор зөндөө байсан. Уйгагүй хөдөлмөрөөр амжилтанд хүрнэ. 99 удаа бүдэрнэ, шороонд хутгалдана, босно
. Бүдэрсэндээ босолгүй эхнээсээ урвайж хэвтээд байвал 100 дах бүдрэлтийн дараах амжилтанд хэзээ ч хүрэхгүй
.
Манай олон оюутан залуус тэтгэлэг тэтгэмж, унаа унашны хөнгөлөлт, халамж урамшуулал гэж гомдоллож жагсалгүй, спорт урлагийн үзлэг гээд урдах хичээлээ цалгардуулалгүй, цагийг бүтээлчээр ашиглахыг ухамсарлаж, бусдаас болон өөрөөсөө суралцан, “Залуудаа махаа идвэл өтөлсөн хойноо шөл ууна
” гэх нэрт эрдэмтний үгийг санаж, мэдлэг чадварыг эрхэмлэн эрүүл сайхан ирээдүйд тэмүүлж явдаг байх аа.
Зураг 3. Сэлбийн голын хөндий дагуух сонгож авсан тооцоолол хийх муж.
Зураг 4. Тооцооллын муж дахь бохирдолтой агаарын тархалт.
Зураг 5. Улаанбаатарын төв хэсгийн агаарын урсгалыг загварчилсан нь.
Холбоотой нийтлэл:
“ШИНЖЛЭХ УХААНЫГ ЭНГИЙНЭЭР: Тооцон бодох шинжлэх ухааны зарим хэрэглээ” (http://www.trends.mn/n/6342)
Хаштагууд: #шинжлэхухаан, #байгальорчин, #судалгаа
гайхалтай нийтлэл болжээ баярлалаа