Манай улсын ДНБ-ий ердөө 0.2 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг. Энэ тоо өчүүхэнтэй зэрэгцээд манай ДНБ-ий хэмжээ ч өөрөө бага. Шинжлэх ухааны салбарын санхүүжилт, үнэлэмж, хүндрэлтэй асуудлын талаар тоочих зүйл мундашгүй. Хэдий тийм ч бидэнд шинийг хайж эрэлхийлж, алхам тутамдаа суралцах, мэргэших, хийж бүтээх их хүсэл зорилго бас боломж бий. Сурсан мэдсэнээ ажил, амьдралдаа ашиглаж өөрт болон нийгэмдээ холбогдсон оюун дүгнэлт хийж, тулгарсан асуудалд хүчээ төвлөрүүлж, шийдвэрлэхэд бид эрмэлзэх хэрэгтэй.
Хийсэн, хариуцсан ажлуудаа хав дараад, ширээгээ тэгнээд хэвтээд байх хүсэлгүй тул нийтэд сонирхуулъя гэж бодоод төсөл, захиалгат ажлын хүрээнд болон өөрийн сонирхлоор хийсэн зарим зүйлээсээ ойлгоход хялбар байдлаар товчлон танилцуулж байна. Гэхдээ ажлыг хийсэн аргачлал, арга зүй талыг биш тухайн асуудлууд дээр фокусалж байна.
Академик өгүүллийг нийт уншихад уйтгартай, шууд ойлгоход хүнд байдаг тул мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн, академик ажлуудаас маань сонирхвол researchgate рүү ороорой. Өмнө хэвлэгдсэн ажлаа орчуулж хэвлэх нь эзэмших эрхийн хувьд ёс зүйгүй, нэг ажлаа шинэчилж сайжруулалгүй давтан танилцуулаад явах нь улиг болдгийг аль ч мэргэжлийн судлаачид санаж явбал зохино.
- Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийн үнэр
Өвлийн агаарын бохирдлын асуудлын дараа хамар сэтлэм үнэрийг нийслэлчүүд андахгүй. Тэр нь Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн үнэр, түүнчлэн суурин соёлд дасаагүйчүүд, ухамсар дорой улсуудын байшин, хашааны булан тохойд үүсгэдэг үнэр юм.
Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжаас нэг хоногт 500-600 метр куб лаг гардаг ба үүнийг 15 га талбайд ээлжлэн ил, гар аргаар хатаадаг. Байгууламжаас гарсан ус цөөрөмд цутгадаг, Туул гол хүртэлх сувагт лаг хуримтлагддаг зэрэг нь нь агаар, хөрс, усыг бохирдуулах гол нөхцөл болдог. Лаг шаврыг одоогоор 44 хэсэгт ил хатаадаг ба нэг хэсгийн хатаах явц 4-6 жил үргэлжилдэг байна. Цэвэрлэх байгууламжийн ойр амьдардаг 163 айлын иргэдийн дунд судалгаа хийхэд 40 гаруй хувь нь элэг бөөрний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчтэй гэсэн дүн гарсан байдаг.
Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хэрхэн тархахыг тоон загварчлалын аргаар гаргаж болно. Үнэрийн тархалтанд цаг агаарын байдал буюу салхины чиг, хурд, агаарын тогтворшил, хур тунадас зэрэг ихээхэн нөлөөлнө. Хур тунадасгүй, салхи баруун, баруун өмнөөс чиглэлтэй байгаад цаашид агаарын тогтворшил нэмэгдсэн нэг тохиолдлыг авч үзвэл, Төв цэвэрлэх байгууламжийн талбайгаас гарах үнэр хэрхэн тархахыг 1-р зурагт харуулж байна. Эхний зурагт улаан талбайгаас үнэр гарч, салхиар зөөгдөж, цааш хөндийд хэрхэн тархаж буйг харуулна. Үнэр нийслэлийг бүхэлд нь хамарч буй нь харагдана.
Зураг 1. Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийн тархалт.
Төв цэвэрлэх байгууламж 2030 он хүртэл ажиллаад түүнээс цааш ажиллах боломжгүй юм байна. Арьс ширний үйлдвэрүүд хэрэглэсэн усаа зөвхөн механик цэвэрлэгээ хийн ус цэвэрлэх байгууламжид шахаж хүндрэл үүсгэдэг. Энэ нь зөвхөн байгаль орчны асуудал биш, цаашлаад төв цэвэрлэх байгууламж арьс ширний үйлдвэрүүдийн усыг хүлээн авч цэвэрлэж чадахаа болиход хүрвэл үйлдвэрүүдийг хотоос гаргах, жижиг үйлдвэрүүд хаагдахтай уялдаад нийгэм, эдийн засгийн бусад асуудал дагалдана. Шинэ технологитой, шинэ цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийг төсөвт суулгаж, ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр болсон нь чихэнд чимэгтэй сайн хэрэг. Нийслэлчүүд эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах юмсан даа
.
- Шороон шуурга
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор шороон шуурганы давтамж өөрчлөгдөж, хамрах хүрээ ч нэмэгдсээр байна. Зураг 2а-д өөрийн нүдээр үзсэн шар шороон шуурганы нэгийг харуулав – Монгол, Хятадын нутгаас гаралтай шар шороо Сөүлийг хэдэн өдөр нөмөрсөн. Шороог зөөсөн агаар хаанаас эхтэй байсныг Зураг 2б-д харуулж байна.
Зураг 2. (a) Монгол, Хятадын нутгаас гаралтай шар шороо 2011 оны 3-р сарын 20-нд Сөүлийг нөмрөх оргил үед Сөүлийн Үндэсний Их Сургуулийн кампуст авсан зураг (эффектгүй). (b) Тус шороон шуурганы үеийн агаар хаанаас эхтэй байсныг харуулах агаарын замнал
Монгол улсын нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилт, хөрсний доройтолд өртсөн. Хөрсний шинж чанар, тухайлбал механик бүрэлдэхүүн буюу элс, тоосонцор, шаварлагийн хувь өөрчлөгдсөнөөр хөрс нэг төрлөөс нөгөө төрөл болон хувирдаг. Чийг барих чадвараар муу элсний хувь хэмжээ ихэссэнээр салхиар зөөгдөх ширхэгүүд нэмэгдэнэ. 3-р зурагт хөрсний элсний эзлэх хувь бага, их үед салхиар босох шороон ширхэглэгийн хэмжээг харьцуулж харуулж байна. Энгийнээр тайлбарлавал, хөрсний доройтол цөлжилтийн улмаас босох шороо, улмаар шороон шуурга нэмэгдэх нь харагдаж байна. Саяхан 4-р сарын 18-нд олон аймагт тэнгэр газар нийлэм улаан шороогоор шуурч, нийслэл маань жинхэнээсээ “Улаан” баатар болсон. Цөлжилт үүсгэх олон хүчин зүйл байх ч байгалийн баялгийн замбараагүй хэрэглээ (ойн нөөцийн зүй бус хэрэглээ, замбараагүй газар ашиглалт, нөхөн сэргээлт муу хийх зэрэг хүний үйл ажиллагаа) ихээхэн үүрэгтэй. Амьдралын хэв маяг, амьдарч буй орчин, байгалтай хандах эерэг хандлагыг зүгшрүүлэхгүй бол бид өвөлдөө “утаан” (баатарын) агаараар амьсгалж, хавартаа “улаан” (баатарын) шороог үнэртсээр л байх
вий!
Зураг 3. Цөлжилтийн улмаас хөрсний элсний хувь хэмжээ (a) бага, (b) их үед салхиар босох ширхэглэгийн хэмжээ.
Тооцон бодох шинжлэх ухаан, тоон загварын ойлголтыг эндээс харж болно. Энэ нийтлэлд оруулсан тооцоолол, ажлуудыг хийсэн тоон загварууд бүгд нээлттэй эхтэй (open source). Анхан шатны ойлголттой хэн ч татаж аваад кодыг өөрчилж, сайжруулж, хөгжүүлж болно. Өндөр хөгжилтэй орнуудын оюутнууд болон анхлан суралцагсад сонирхогчийн түвшинд шууд хэрэглэдэг, оюутнууд курсийн ажил хийж суралцаад явдаг. Хөгжлийн араас, хөгжилтэй хөл зэрэгцэж явъя, өөрөөр хэлбэл түвшин ахиулж ажил судалгаа хийе гэвэл курсийн ажлаар өөрийгөө хязгаарлалгүй, шинэ зүйл оролдож, бусдад нийгэмд улсад хэрэгтэй зүйлд гар бие оролцох хэрэгтэй. Шинжлэх ухааны судалгаанд орон зай хангалттай, хийх зүйл хязгааргүй учир таны юу хийх, хаа хүрэх өөрөөс тань л хамаарна
, боломжийг хүлээх биш боломжийг бий болговол сайн
.
- Гал түймэр
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас чийг дулааны горим өөрчлөгдөж байгаа. Мөнх цэвдэг, мөстөл, усны нөөц, цөлжилт, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн давтамжид өөрчлөлт илэрч байна. Уур амьсгалын өөрчлөлт цаг агаарыг улам таагүй, хатуу ширүүнд хүргэснээр, тухайлбал, түймрийн тохиолдлыг нэмэгдүүлнэ. 2015 онд гэхэд манай улсад 354 удаагийн ой хээрийн түймэр гарч ард иргэд, аж ахуйн нэгжид 3.3 тэрбум, экологид 60-аад тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өнгөрсөн жил Сибирийн тайгад гарсан түймрийн улмаас хэдэн өдрийн турш хаана ямар байсныг хүмүүс мартаагүй байх.
Нэгэнт түймэр эхэлсэн бол түнийг хэрхэн яаж тархахыг тогтоосноор унтраах арга хэмжээг авахад чухал алхам болно. Олдсон мэдээллээр, түймрийг унтраахаар очсон хүмүүс салхи, газрын байдлыг ажиглаж байгаад, туршлагаараа угтуулсан байдлаар арга хэмжээ авдаг. Аз, багцаа давхцвал түймрийн тархах чиглэлийг онож баримжаалж арга хэмжээг зөв авч, тархалтыг зогсоож унтрааж амждаг байх нь. Энэ чиглэлд газрын байдал, цаг агаарын нөхцлийг тооцсон загвар ажиллуулах, өөрөөр хэлбэл тооцон бодох шинжлэх ухааныг ашиглаж болно.
Тал хээрийн түймрийн тархалт үндсэн 3 үзүүлэлтээс хамаардаг. Үүнд, ЦАГ АГААР (салхины чиглэл, хурд, чийг, агаарын тогтворшил зэрэг), ШАТАХ МАТЕРИАЛЫН шинж чанар (өвс, бут, ой зэрэг), ГАЗАР ОРНЫ БАЙДАЛ (тухайн газар орны топограф буюу тал газар, уулын налуу гүдгэр, хөндий зэрэг). Түймрийн тархалт салхины хурд болон топографаас хэрхэн хамаарахыг харуулсан ажлын маань нэг хэсэг 4-р зурагт байна. Түймэр (улаан контур) тал газраас уул (саарал хүрээ зурсан) руу хэрхэн тархаж буйг харуулна. Манай улсад агаар мандал-газар-түймэр хосолсон тоон загвар урьд өмнө нь туршигдаж байгаагүй ба энэ ажил эхнийх гэж хэлж болохоор оролдлого байсан. Цаашид түймрийн тархалтыг урьдчилан мэдээлэхэд ашиглахаар зоривол ач тус их гарна.
Зураг 4. Түймрийн тархалт (улаан), салхины вектор. Уулын хүрээ – саарал.
Хавар, намрын улиралд ой, хээрийн түймрийн тохиолдол ихэсдэг, тэр нь дийлэнхдээ иргэдийн болгоомжгүй, хайхрамжгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Хөдөө хээр явахдаа ухамсартай байж, түлсэн гал цог, шидсэн тамхи шүдэнзээ анхаарах ёстойг сануулахад илүүдэхгүй буй за. Эндээс, мөн эндээс хаана түймэртэй байгааг харж болно.
Дараагийн цувралыг эндээс үзнэ үү.
Yoooo yanztai!