Нийтлэл 09 сарын 11, 2017

“Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтаас УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргалаа

“Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтаас УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргах нь

 

УИХ-ын эрхэм гишүүн .........................................танаа

Монгол Улсын экспортын баримжаатай үйлдвэрлэл эрхэлдэг нүүрсний уурхайнуудын нийлбэр хүчин чадал 60 сая тоннд хүрлээ. Энэ хэрээр нүүрсний салбар улсын экспортын орлогын дийлэнхийг дангаар бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийн гол хөшүүргийн үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 25.6 сая тонн нүүрс экспортолсон нь Монгол Улсын түүхэн дээд амжилт байсан хэдий ч энэ нь нийт олборлолтын хүчин чадалтай харьцуулахад дөнгөж 43 хувьтай байна. Гол шалтгаан нь тээвэр, ложистикийн хамгийн бүдүүлэг схемтэй, хил гаалийн нэвтрүүлэх чадвар туйлын дутмаг байгаа явдал юм. Улсын нүүрс экспортын гол гарц Гашуун сухайтын авто зам дээр 150 км хүртэл түгжрэл үүссэн нь асуудал хэр хүндэрснийг нотлон харуулж байна. Үүний цаана эдийн засгийн гэхээсээ илүүтэй нийгмийн олон асуудал даамжирч байгааг анхаарах цаг нь болжээ. Тухайлбал он гарсаар 20 гаруй жолооч ослоор нас барж, мансууруулах бодисын хэрэглээ, архидалт, биеэ үнэлэлт, гэмт хэргийн гаралт гэх мэт дам сөрөг нөлөөнүүд хэрээс хэтэрлээ. 

Түүнчлэн хэдэн зуун жил ашиглах ёстой гэгддэг Тавантолгойн ордын нөөцийг  өнөө маргаашийн төлөө сорчлон олборлож, түүхийгээр нь, их хэмжээгээр дэлхийн зах зээлийн үнээс хэт багаар зарж буйд салбарын мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандсаар удаж байна. Энэ бүхэн Монгол Улсын нүүрсний экспортын далайц, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг олон жил хойш татаж, Монголд орж ирэх боломжтой экспортын орлогын хэмжээг илт бууруулж ирлээ. Улсын эдийн засагт бодит үүрэгтэй нүүрсний салбарт шийдэл хүлээж буй эдгээр чухал асуудлууд долоо дахь удаагийн Coal Mongolia чуулга уулзалтаар урьдын нэгэн адил гол сэдэв болон хөндөгдлөө. Иймд асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн таньд хандан дараах уриалгыг гаргаж байна. 

  • Олон жил яригдан, гацаж буй Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын дэд бүтцийг яаралтай барьж, 2019 оноос өмнө дуусган бүрэн ашиглалтанд оруулах;
  • Япон, Солонгос гэх мэт гуравдагч зах зээлд коксжих нүүрс нийлүүлэхэд хамгийн дөт гарц буюу БНХАУ-ын зүүн эргийн далайн боомтуудад хүрэх боломжийг нээх, транзит тээврийн болон холбогдох бусад нөхцлийг хоёр орны түвшинд ярилцаж шийдвэрлэх;
  • Гашуун сухайтын боомтыг олон улсын статустай болгох, нэвтрүүлэх хүчин чадлыг өргөтгөн, үйл ажиллагааг нь бүрэн автоматжуулах, хил гаалийн хүнд суртлыг арилгах;
  • Коксжих нүүрсний ордуудын ашиглалтын хугацааг уртасгах, нөхөгдөшгүй баялаг нүүрсний нөөцийг урт хугацааны төлөвлөлттэйгээр иж бүрэн, сорчлохгүй олборлох асуудлыг шийдвэрлэх. Үүний тулд нүүрсний хаягдал бохирдолд өндөр хэмжээний торгууль тавьдаг болох, мөн түүнчлэн ордын технологийн горим зөрчих, ТЭЗҮ, зураг төслийн дагуу үйлдвэрлэл эрхлээгүй уурхайн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг болох;
  • Дэлхийн зах зээлийн жишгээр нүүрсийг дотооддоо баяжуулж боловсруулан, нэмүү өртөг шингээж экспортлох, түүхийгээр нүүрс экспортлохыг бүрэн хорих буюу эсвэл өндөр хэмжээний татвар тавих зохицуулалтыг чанд мөрдлөг болгох. 

 

“Coal Mongolia-2017” олон улсын чуулга уулзалт, зөвлөгөөнд оролцогчид

2017 оны 9 дүгээр сарын 8

Улаанбаатар хот

 

Сэтгэгдэл бичих

arrow icon