Нийтлэл 09 сарын 14, 2017

Чагтлагдсан сэдэв: ЯПОН УЛС ЭНЭТХЭГТ ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ БАРИНА

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Энэтхэг улсад айлчлах үеэрээ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Ахмедабад хотоос Энэтхэгийн санхүүгийн төв Мумбай хүртэл хурдны галт тэрэгний систем байгуулахаар тохирчээ.

Уг хурдны галт тэрэгний системийг Японы алдарт Шинкансен хурдны галт тэрэгний систем, тенхологийн дагуу байгуулах ба Японы ЖАЙКА (JICA) энэ бүтээн байгуулалтын санхүүжилтын 81% буюу 19 тэрбум ам.долларыг 50 жилийн хугацаатай, жилийн 0.1%-ийн хүүтэй зээлээр санхүүжүүлэхээр болсон байна.

Хэдийгээр БНХАУ сүүлийн жилүүдэд хурдны галт тэрэгний системээ эрчимтэй хөгжүүлж, дэлхийн хамгийн хурдан Фүшин галт тэргийг ашиглалтанд оруулсан ч Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди БНХАУ-аас илүү Японтой хамтрахыг илүүд үзжээ. 2016 оны 11-р сард Ерөнхий сайд Нарендра Моди Япон улсад айлчлах үеэрээ Шинкансен галт тэрэгтэй биечлэн танилцаж байсан юм.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Токиогийн галт тэрэгний буудлын Шинкансен галт тэргэнд суух гэж байна, 2016 он. Эх сурвалж: Asia Times

Шинкансен галт тэрэг аюулгүй байдал, цаг барих менежментээрээ алдартай ба галт тэрэг 320 км/цаг хүртэл хурдлах боломжтой юм.

Ахмедабад-Мумбай чиглэлийн төслөөс гадна Мумбай-Дели зэрэг чиглэлийг багтаасан зургаан төсөл байгаа аж. Гэхдээ Энэтхэгийн төмөр замын зөвлөлийн дарга асан Вивек Сахай эдгээр төслүүдийг гүйцэтгэхэд хүндрэлтэй гэдгийг тайлбарлан “Энэтхэгт өдөр бүр 10,000 гаруй галт тэрэг ажиллаж, Австралийн хүн амтай тэнцэх хүмүүс зорчдог.” гэсэн юм. Цаашлаад гол нь санхүүжилтийн “асуудал шийдэгдвэл” олон хурдны галт тэрэг ажиллуулж болно гэжээ.

Энэтхэгийн төмөр замын системийг шинэчлэхэд зориулан Энэтхэгийн Засгийн газар ирэх таван жилд 137 тэрбум ам.долларыг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд төмөр зам ослыг бууруулах, замын бүтцийг сайжруулахаар төлөвлөсөн байна.

Энэтхэгийн төмөр зам сүлжээ нь Азийн хамгийн хөгшин төмөр замын сүлжээ бөгөөд 67,000 км урттай аж.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon