Улаанбаатар хот маань жил ирэх тусам өнгө засаж, хүмүүсийн хандлага болоод соёл, сэтгэлгээ өөрчлөгдсөөр байна. Нийслэл хотод маань содон сонирхолтой үзвэр, үйлчилгээний газрууд нээгдэж иргэд тав тухтай чөлөөт цагаа өнгөрөөх газар олон болж Чингисийн талбай минь моодноос гараа юу гэлтэй эзгүйрч харагддаг байлаа. Харин энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Чингисийн талбайд "Үндэсний номын баяр" болж, эдгээр өдрүүдэд олны хөл тасарсангүй. Энэ жилийн номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор "Ерөнхийлөгчийн Тамгын Газар", "БСШУСЯ", "Соёл, урлагийн газар", “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулсан байна.
Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүлээдэг номын баяр нээлтээ хийсэн цагаасаа олны хөл хөдөлгөөн тасарсангүй. Өнгө алагласан тод өнгийн зурагтай, эрээн мяраан хавтастай хүүхдэд зориулсан ном, товхимол, шашин, зурхай, шинжлэх ухаан, эдийн засаг, гадаад хэл, уран зохиолын шинэ боть, түүвэр, амтархан унших тууж, роман, Монголын төдийгүй дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэл дээрээ уншихыг хорхойсох олны сэтгэлийг баясгаж буй нь илт. Жил ирэх тусам оролцогч, уншигч, зохиолчдоор хүрээгээ тэлсээр буй “Номын баяр”-т хүмүүс зорин ирэхдээ багадаа 3 ном авна хэмээн зорилго тавьж ирдэг болсон тухайгаа ярилцсаар асар болгоныг зорино. Дөнгөж хэвлэлтээс гарсан, будаг нь ханхалсан номнууд
ширээн дээр эзнээ хүлээхийн зэрэгцээ хуучны ховор ном мэр сэр харагдаж хайж байсан нэг нь эрдэнэс олсон мэт баярлацгаана.
Номын баяр-т Монголын ном хэвлэлийн салбарынхан өргөнөөр чуулдаг.
Энэ жилийн баярт улсын болон хувийн 40 гаруй байгууллага оролцож байна. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн зохиолчид ном, бүтээлээ дэлгэн тавьж, "Мир ном", "Интер ном", "Тагтаа паблишинг", "Эмпати" зэрэг номын дэлгүүрүүдээс гадна “Сэлэнгэ пресс”, “Өнгөт хэвлэл”, “Шидэт өнгө” "Монсудар" зэрэг хэвлэлийн компаниуд оролцож тус бүрдээ номын хорхойтнуудад гэнэтийн бэлэг барьж байлаа. Зөвхөн энэхүү номын баярын өдөр ном хэвлэлийн байгууллагууд, ном эрхлэн гаргагчид бүтээлээ 10-50 хувиар хямдруулан худалдаалж, уншигчдыг баярлуулдаг. Мөн зохиолчийн гарын үсэгтэй худалдаа, ховор номын худалдаа, уншигч зохиолчийн уулзалт, номын нээлт, сугалаат худалдаа зэрэг номын эргэн тойронд олон сайхан арга хэмжээ болдог. Тухайлбал: "Өнгөт хэвлэл" компани 1000 төгрөгний сугалаа сугалуулан ном бэлэглэж, Нацагдоржийн номын сангийн зүгээс тэргүүний уншигчдаа "Нацагдорж" тэмдэгийг гардууллаа.
Мөн Тагтаа паблишинг “Пигийн амьдрал” хэмээх шинэ романыхаа нээлтийг хийж, зохиолчдын зурагтай тор, номын хавчуурга зэргийг худалдаалсныг олон нийт таашааж байлаа.
Түүнчлэн "Интерном" болон “Монсудар” хэвлэлийн газрын номууд нэг асарт байрласан төдийгүй англи хэл дээрх номыг 3,000-25,000 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой төдийгүй "Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй шинэ романуудыг хөнгөлттэй үнээр худалдан авах боломжтойг иргэд олзуурхаж байсан юм.
Зохиолч Д.Цэнджавын "Хөх жавар" Цагаагчин гахай жил" "Хөх нуурын домог" зэрэг бүх номууд 25 хувийн хямдралтай, гарын үсэгтэй худалдаалагдаж байлаа.. Мөн бусад нэрт зохиолчдын шилмэл бүтээлийг зохиолчийн гараас нь авч байлаа.
Мөн зарим их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бичиг, судалгааны материалууд худалдаалагдаж, олон улс орны түүх, соёлын асруудаар зочлон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцон ялагч болон шагнал авах ч боломжтой байв.
Энэ жилийн номын баяр нь гэр бүлийн уншлагыг дэмжиж буйгаараа онцлог юм. Үүний хүрээнд “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя”
аяны өрнүүлж хүүхдийг номд дуртай болгох, уншсан номоо бусдад ярьж ойлгуулах аяныг зохион байгуулж байгаа юм. Энэхүү аяныг зохион байгуулж буй нь дэлгэцэнд донтох өвчтэй хүүхдүүдийг номд сонирхолтой болгох ухаалаг утас, компютер тоглоомын хор хөнөөлийг таниулах зэрэг олон давуу талтай юм.
Сэтгэгдэл бичих