V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V” телевиз телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Өнөөдөр бид нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг “Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх нь зөв эсэх” асуудлаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор С.Мөнхбат болон СЭЗИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн ахлах багш Б.Эрдэнэдалай нартай тухайн сэдвийн хүрээнд суурь судалгаан дээр үндэслэн мэтгэлцсэнийг trends.mn тоймлон хүргэж байна.
С.Мөнхбат: Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх зөв
Улс төрийн орчинд мөнгө санхүүгийн ил тод байгаа эсэх асуудлууд маш ихээр анхаарал татдаг. Тэр тусмаа сонгуулийн үеийн хандив, улс төрийн намуудын болон сонгуулийн компаниудын санхүүжилт Монголын нийгэмд тулгамдсан асуудал болж байна. Миний хувьд улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх нь зөв
гэсэн байр суурьтай байгаа. Учир нь авилгын индексийн судалгаанаас Монголын улс төрийн намуудад ил тод бус санхүүжилт их байгаа нь харагдаж байна. Тиймээс намуудын санхүүжилтыг ил тод болгох эрх зүйн орчныг сайжруулахад тодорхой бодлогын алхамууд хийх хэрэгтэй.
Энэ нь улс төрийн намууд сонгуулийн компанид зарцуулж байгаа хөрөнгө мөнгө, нэр дэвшиж буй хүмүүсийн дэнчин, сонгуулийн компанид зарцуулж байгаа мөнгө нь яг хуулийн хүрээнд явж байгаа эсэх нь эргэлзээтэй байдаг. Мөн улс төрийн явуулж буй үйл ажиллагаа түүний хэрэгжилт сул байгаатай холбоотойгоор нийгмийн зүгээс улс төрийн намуудын санхүүжилтыг ил тод байлгах асуудлыг шаардаж байна. Тиймээс улс төрийн намуудын санхүүжүүлтийн асуудлыг эрх зүйн үүднээс ил тод байлгах орчин бүрдлүүлэхгүй энэ хэвээр сул байвал улс төрийн энэ инстүүц маань хэзээ ч төлөвшиж чадахгүй.
Ер нь гадны хөгжингүй орнууд улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг ил тод байлгах тал дээр тодорхой бодлогын алхамууд хийснээр улс төрийн нам,сонгуулийн компанийн санхүүжилтыг ил тод болгож улс төрийн намуудад хяналтын механизмийг тогтоож чадсан байдаг. Нэгэнт улс төрийн нам гэдэг иргэний нийгэм төр хоёрын дунд холбогч гүүр болдог гэдэг утгаараа улс төрийн намууд төлөвшиж хөгжихгүйгээр улс төрийн төлөвшилт, шударга сонгууль, тэгш зарчмын талаар ярих боломжгүй болж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж чадсан цорын ганц алхам бол улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх чиглэлд эрх зүйн болон бодлогын том өөрчлөлтүүдийг хийсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Ингэснээр намууд шударгаар, бодлого төлөвлөлтөөрөө өрсөлдөж чаддаг болох юм.
Б.Эрдэнэдалай: Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх нь эрсдэл ихтэй
Дэлхий маш олон орнууд улс төрийн намын санхүүжүүлтийн асуудал дээр анхаарлаа хандуулж байна. Улс төрийн намуудын санхүүжилтийг дагаад нийгэмд авилга, хээл хахууль үүсдэг. Мөн хэсэг бүлэг хүмүүст эрх мэдэл очсноор нийгэмд тэгш бус байдал бий болно.
Ингэснээр улс орны эдийн засаг болон иргэдийн амьдрал маш их дорддог. Тиймээс дэлхий нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж яаж шийдэх тухайд бодлого төлөвлөлтийг хэлэлцдэг. Үүнийг шийдвэрлэж болох маш олон хувилбар байна. Нэгдүгээрт, гишүүдийн татвар, намуудын өөрсдийн эд хөрөнгийн түрээснээс, хоёрдугаарт, олон нийтийн хандив дэмжлэгээс гуравдугаарт, төрөөс санхүүжүүлэх гэх мэт арга замууд байна л даа. Өнөөдөр бид улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх асуудлаар хэлэлцэж байна. Энэ хувилбарыг хэрэгжүүлж болох ч энэ тохиолдолд эрсдэл бий болж байдаг. Тухайлбал ард түмний буюу татвар төлөгчдийн мөнгөөр улс төрийн намууд санхүүжиж байгаа нь хэр шударга, ёс зүйтэй вэ гэдэгт асуудал үүснэ. Өөрөөр хэлбэл иргэн өөрийн төлсөн татварынхаа тодорхой хувийг улс төрийн намд зарцуулахад эргээд нам хариуцлагагүй бодлогогүй шийдвэр гаргах тохиолдолд төрөөс санхүүжүүлэх нь буруу
юм гэж үздэг. Улс төрийн нам нь төрөөс санхүүждэг гадны улсуудын иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд хэрвээ энэ санхүүжилтийг олгоод санхүүжилт нь тодорхой бус далд хэлбэрт байвал төрийн санхүүжилт олгохгүй гэсэн хандлага байдаг. Хэдий энэ асуудалд хяналт тавих боломжтой ч үүнээс үүдэн гарах эрсдлүүдийг шийдвэрлэх тал дээр тодорхой бодлого хараахан байхгүй. Мөн улс төрийн намуудын санхүүжилтэд хяналт, хууль эрх зүйн орчин бүрдээд ирэхээр бүх зүйл далд, нууц хэлбэр лүү шилждэг.
Энэ эргээд маш олон эрсдлүүдийг араасаа дагуулдаг.
Сэтгэгдэл бичих