Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы эдийн засаг нилээд суларч хүн ам нь ядуурч, бүр өлсгөлөнгөөр үхэж байсан түүх бий. Энэ үед Японы төрийн удирдлагууд шийдвэртэй алхам хийхийг хичээж олон төрлийн бодлого баримталсан байдаг. Ялангуяа Японыг дахин сэргээх бодлого нь АНУ-тай нягт холбоотойгоор хэрэгжсэн юм. АНУ-ын томоохон компаниуд болон Засгийн газраас асар их хэмжээний зээл, буцалтгүй тусламж Японы дайнд сүйдсэн болон шинээр хөгжиж буй аж үйлдвэрт санхүүжилтээр орж ирсэн. Японы Засгийн газар энэ үед төрийн зардлыг танаж, ажилчдын цалин хөлсийг багасган, ард иргэд нь хоосон хонож, өлсгөлөнгийн хүнд үеийг туулсан юм. Япон болон бусад оронд хэрэгжсэн дайны дараах “Маршалын төлөвлөгөөгөө”-ний дагуу аж үйлдвэржсэн шинэ Япон орныг байгуулах зорилго нь маш амжилттай хэрэгжсэн.
Энэ үед Япон улсад дэлхийн зах зээлд өрсөлдөж чадах боловсон хүчин байгаагүй учраас хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийн эдийн засгийг биш Германы хамтын зах зээлийн эдийн засагт (social market economy) суурилсан үндэсний капитализмыг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлжээ. Үүний үндсэн дээр "Toyota", "Sony", "Honda" зэрэг нийтийн өмчийн хэлбэртэй корпорациудыг байгуулж, түүний үр ашгийг Японы нийт хүн ардын эрүүл мэнд, ажлын байр, боловсрол зэрэгт зориулан ирээдүйг харсан хөгжлийн хөтөлбөрийг маш амжилттай эхлүүлсэн юм. Эдийн засгийн өсөлтөөс олсон орлого нь зөвхөн тухайн үндэстний сайн сайхны төлөө зориулагдах ёстой
гэдгийг маш сайн ойлгож авилга болон хувийн ашиг сонирхлоос хамгаалж чадсан юм.
1950–1953 оны үед болсон Солонгосын хойгийн дайн Японы эдийн засагт их тэсрэлтийг авчиржээ. АНУ энэ дайнд Японыг гол түшиц газраа болгон японы боомт, аж үйлдвэр зэргийг ашиглан асар их хөрөнгө оруулалт хийсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япончууд аж үйлдвэрийн цогцолборуудаа дахин сэргээх, илүү орчин үеийн болгож шинэчлэх ажлыг өрнүүлсэн юм. Батлан хамгаалах салбарын хувьд Вашингтон Япон улсыг хамгаалж, Япон цэрэг зэвсгийн зардлаа бүтээн байгуулалтад, эдийн засгийн үсрэнгүй хөгжилдөө зарцуулсан байдаг. 1951 онд буюу дайнаас зургаахан жилийн дараа Японы ҮНБ дайны өмнөх түвшиндөө очиж, асар богинохон хугацааны дотор сэргэсэн юм.
Гэхдээ дан ганц гадаадын тусламж улс орон хөгжихөд хангалтгүй болохыг бид сүүлийн 27 жил маш сайн ойлгосон. Японы сэргэлт, хөгжлийн суурь нь япончуудын морал дээр үндэслэн цэцэглэсэн байдаг. Менежментийн эцэг гэгдэх Петер Дракер японы нийгмийн этик, япон хүний моралыг ихэд хүндэтгэж, Япон улсад олон жил ажиллаж амьдрангаа Япон улсын хөгжлийн нууцыг ойлгохыг хичээжээ. Тэрээр “Management:Task, Responsibilities, Practices” номондоо Япон улсыг дүгнэхдээ:
“Япон хуучинсаг, хаалттай, ядуу буурайгаасаа салж, орчин үеийн аж үйлдвэржсэн, эдийн засгийн хөгжингүй орон болох суурийг аль зуун жилийн өмнө тавьсан ба ингэхдээ өөрийн уламжлалт этик, моралын онолуудыг япон хүн орчин үеийн нийгэмд өсч дэвжих боломжтойгоор шинэчилж чадсанд байдаг. Улсаа хөгжүүлнэ гэвэл нийгмийн этик, хувь хүний моралын хөрсийг сайн услах хэрэгтэй” гэжээ.
Японы хөгжлийн нэг нууц болох Самурайн этик, моралын системийг дэлхий дахинд Нитобэ Иназо 1900 онд “Бүшидо: Япон Улсын Амин Сүнс” (Bushido: The Soul of Japan) гэх номоороо танилцуулсан байдаг. Тэрээр бага наснаасаа Христийн шашны Протестант урсгалын этик, моралын системд суралцаж, Япон улс орчин үеийн капитализмыг байгуулахад өөрийн уламжлалт самурайн этикийн онолоо шинэчлэн, орчин үеийн нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд япон хүн, Япон улс тэргүүлэх байр суурьтай оршиход нийцүүлэн зохиох ёстойг ухааран туурвисан бүтээл нь энэ ном юм. Тэрээр номондоо япон хүн бүрт байх ёстой 8 цөм морал, тэдгээрийг тойрсон дэд моралуудыг дараах байдлаар томьёолсон:
- Зөв байх (Righteousness)
- Баатар байх эсвэл зоригтой байх (Heroic Courage)
- Нигүүлсэнгүй байх (Benevolence, Compassion)
- Хүндэтгэлтэй байх (Respect)
- Япон хүн бүр амласнаа биелүүлдэг, хариуцлагатай байх (Integrity )
- Япон хүн бүр Самурайн соёл, түүний үнэт зүйлээр бахархаж явах, нэр төрийг нь өндөрт өргөж явах (Honour)
- Үүрэг хариуцлагатай байх (Duty and Loyalty)
- Өөрийгөө, сэтгэлийн хөдлөлөө хянаж чадах (Self-Control)
- Бусад дэд моралууд (хөдөлмөрч, цаг барих зэрэг бидний сайн мэдэх Япончуудын зан чанарууд энд багтана)
Дээрх моралын тогтолцоог амьдралд хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг нь Эйичи Шибусава юм. Түүнийг Япон загварын капитализмын эцэг гэж ч нэрлэдэг. Эйичи Шибүсава Японы компаниуд нь нийтийн өмчит байж, нийт үндэстний сайн сайхны төлөө байх ёстойг байнга анхааруулж байсан ба энэхүү шинэчлэлийг гардан хэрэгжүүлсэн. Түүний үүсгэн байгуулсан Мизүхо банк нь өнөөдрийн олон зуун нийтийн өмчит хувьцаат корпорациудыг байгуулах эхлэлийг тавьсан байдаг. Улс орны хөгжлийн төлөө бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс, төр хүртэл моралын, этикийн өндөр стандартыг баримталж ажиллахыг тэрээр сургаж, залуу үеэ хүмүүжүүлснийг нь үнэлэн Японы төр түүнийг “Япон Үндэстний Ариун Эрдэнэс”-ийн жагсаалтад оруулжээ.
Японы хөгжлийн бас нэг нууц бол Япон хэл дээр дэлхийн мэдлэг боловсролд суралцах боломж байхгүй байсан тул (Бүшидо ном анх Англи хэл дээр бичигдсэн) японы залуу үеийг барууны өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг эзэмшүүлэхээр явуулж, тэдний эзэмшсэн барууны мэдлэг боловсролын ачаар өнөөгийн Япон улс жинхэнэ үсрэнгүй хөгжсөн гэдэг. Энэ нь Япончууд хүн амын олон, газар нутаг нь баялагтайдаа биш гагцхүү ард иргэдээ боловсруулж, мэдлэг боловсролтой болгох нь ямагт хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл
гэдгийг ойлгосонд байгаа юм.
Япончууд ирээдүйг харсан хөгжлийн бодлогыг баримталж, ирээдүйд ямар мэргэжил, технологи, шинжлэх ухаан хөгжихийг урьдчилан харж,тэр чиглэлд боловсон хүчнээ бэлддэг нь дэлхийн хөгжлөөс ямагт түрүүлж явдгийнх нь илрэл юм. Японы эдийн засаг нь хамтын зах зээлийн эдийн засаг дээр суурилж чадсан нь эдийн засгийн жинхэнэ үсрэнгүй хөгжлийг авчирсан. Хамтын зах зээлийн эдийн засаг нь нийт улс үндэстнийг нэг ч хүн орхилгүйгээр хангалуун амьдруулах чухал сайн бодлого юм. Хамтын зах зээлийн эдийн засаг иргэн бүрт, өрх бүрт, компани бүхэнд үр ашгаа өгч чаддаг.
Өнөөгийн Япон орон:
Нэг ч уурхайгүй, байгалийн баялаг олборлох ордгүй Япон орон яаж дэлхийн хэмжээний аж үйлдвэр, технологижсон, өндөр мэдлэгтэй улс болсныг Монголчууд бид хараад гайхах биш харин Япон орны туршлагаас суралцаж, хөгжих шаардлагатай байх. Өнөөдөр Япон улс эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 3-т ДНБ 5.4 триллион ам доллар, эдийн засгийг бүрдүүлэгч салбарууд нь аж үйлдвэр 22.8%, ХАА 1.5%, үйлчилгээний салбар 75.7%, хүн ам 127,960,000 үүнээс 98.5% Япон, 0.5% БНСУ, 0.4% БНХАУ, 0.6% бусад үндэстнээс бүрддэг. “Bloomberg”-ийн мэдээлснээр Япон улс нэг сая ам доллараас дээш хөрөнгөтэй хүн амын тоо 3 орчим сая байх ба энэ нь АНУ-ын дараа 2-т орох үзүүлэлт
, БНХАУ болон ХБНГУ-ын хөрөнгө чинээтэй хүмүүсийн тоог нийлүүлснээс их тоо юм. Японы баячуудын дийлэнх нь хувийн бизнес эрхэлдэг хүмүүс биш харин жирийн цалингаас цалингийн хооронд нэг компанид насаараа ажил хийсэн, дундаж давхаргынхан байдаг.
Японы эдийн засгийн хөгжил 3 үед хуваагддаг:
- Эхний үе шат үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэх: чулуу, нүүрс, гангийн үйлдвэр, хөлөг онгоц, модон материал зэрэг хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх байсан. Энэ үед ирээдүйн техник, технологи хөгжих эхлэл тавигдаж бүтээгдэхүүний зах зээл нь хөгжсөн байдаг.
- Хоёрдугаар үе шатанд буюу 1960-1970 онд үйлчилгээний салбар, автомашин, цахилгаан хэрэгсэл. Дэлхийн зах зээлд Японы корпорациуд хүч түрэн гарч ирж, хамгийн хүчирхэг корпарацуудыг төлөвлөгөөтэйгөөр бий болгосон.
- Гуравдугаар үе шат мэдлэгийн хөгжил дээр суурилдаг. Мэдлэгийн эдийн засаг, инновац, мэдээллийн технологи, технологийн хөгжил зэргийг хөгжүүлж байна.
Аливаа хөгжил заавал урт хугацааных байх ёстой гэсэн ташаа бодлогыг Японы хөгжлийн загвар халж хаясныг бид ойлгох ёстой. Япон орон хөгжихдөө ердөө 6-7 жил (Японы эдийн засаг бол төлөвлөгөөт эдийн засаг) зарцуулсан. Яагаад гэхээр эдийн засгийн хөгжлийг урьтаж ард иргэдийн морал, улс орны удирдагчдын моралыг хөгжүүлэхгүйгээр хөгжил яриад ч хэрэггүй болохыг тэд эрт ухаарсанд байгаа юм. Хүнлэг, ёс суртахуунтай байх зэрэг нь моралын нэг л хэлбэр. Капитализмд хүртэл өөрийн морал байдгийг Японы хөгжил харуулна
.
Жич: Өнөөдөр Монголд боловсролын салбарыг хөгжүүлэхэд л улс орон хөгжих мэт ташаа яриа газар авч байна. Моралын системгүй боловсролын тогтолцоо ямар ч амин сүнсгүй, үхээнц байдгийг бид сүүлийн 27 жил харлаа. Монголчууд бид 1990 онд чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээр, хувийн хэвшлийн дураараа авирлагч, луйварчид, төрийн нэрийг барьж ард иргэдийнхээ халаасыг хоослох арга ухаанд нарийн суралцсан байна. Монголд өнөөдөр ямар ч хөгжлийн хөтөлбөр, стратегийн бодлого, ирээдүйн төлөвлөгөө гэж алга. Бүх аж үйлдвэрээ, хийж бүтээж байсан бүтээн босголтоо ардчилсан хувьсгал нэрийн дор ор мөр үлдэхгүй болтол шахуу устгачихсан учраас феодалын үеийн ХАА, уул уурхай гэсэн хүн төрөлхтний хоцрогдсон эдийн засгийн салбарыг хөгжлийн гарцаа гэж үзэж байна. Хүн төрөлхтөн өгссөөр, монголчууд бид уруудсаар л байх уу. Моралгүй удирдагчид зөвхөн хар амиа, өнөөдрөө л бодохоос монголын залуу үе, ирээдүйн төлөө төлөвлөж чадахгүй байгаа нь бусад орнуудын туршлагаас харахад илхэн байна. Монгол улсын, Монгол хүний моралын тогтолцоо хаана байна вэ?
“Эрдэмтэй Монгол” Сан
Өмнөх цувралууд:
Моралтай ард түмэн, улс орон хөгждөг
Моралтай ард түмэн, улс орон хөгждөг: Өмнөд Солонгосын хөгжил
Zuw zuil hij. Bgaa humuus bna
Saihan medeelel ihtei niitlel bna.
Saihan niitlel. Tsuvraliin daraagiin dugaar huleej baina.
Bayarlalaa.
Manaihan yaponchudig budaanii huuhduud geed doromjlood bdag teneg ym meddegguigee l gaihuulj dee. Daichin humuus bsan bnshd.
BAYARLALAA. SAIHAN NIITLEL BOLJE.